Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2025/0740

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ГК ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Одмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М

Нэхэмжлэгч: “ГК ” ХХК

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, Д.Х

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-34240000116 дугаар нөхөн ногдуулалтын актын 4-т нөхөн татвар 23.895.910.09 төгрөг, торгууль 9.558.364.36 төгрөг, алдангиа 13.890.931.97 төгрөг нийт 47.345.207 төгрөг, 5-д нөхөн татвар 23.895.910.09 төгрөг, торгууль 7.168.773.27 төгрөг, алданги 13.564.991.75 төгрөг, нийт 44.629.675.93 төгрөг, нийт 91.974.883.17 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 591 дүгээр,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, хариуцагч Д.Х, Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2025/0407/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 591 дүгээр шийдвэрээр:

Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1-д заасныг тус тус баримтлан “ГК ” ХХК-аас гаргасан “Татварын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-34240000116 дугаар нөхөн ногдуулалтын актын 4-т нөхөн татвар 23.895.910.09 төгрөг, торгууль 9.558.364.36 төгрөг, алдангиа 13.890.931.97 төгрөг нийт 47.345.207 төгрөг, 5-д нөхөн татвар 23.895.910.09 төгрөг, торгууль 7.168.773.27 төгрөг, алданги 13.564.991.75 төгрөг, нийт 44.629.675.93 төгрөг, нийт 91.974.883.17 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга:

2.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл 7.1, 8.1, 11.1, 14.1 "Хувь хүн хуулийн этгээдийг албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно", 14.1.1 "Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн" гэж зохицуулсан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд иргэн хуулийн этгээд аливаа нэг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа ажил үйлчилгээнд борлуулалтын үнэлгээнд 10 хувиар татвар ногдуулахаар зохицуулж өгсөн ба хэрэв албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсны, ажил үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварыг хасалт хийж болохоор зохицуулж өгсөн байна.

Гэвч шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй, мөн нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг 34 дүгээр зүйл 34.2-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Тодруулбал худалдагч "ДБ" ХХК нь бараагаа бэлтгэн нийлүүлэхдээ компанийн тамга, тэмдэг бүхий анхан шатны баримт болох зарлагын баримтуудыг манай компанид өгч, манай компанийн зүгээс материалыг тонн, жинг тулган хүлээн авдаг байсан. Энэ хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болон шүүх хуралдааны мэтгэлцээний явцад гэрч Э.Оюунсүрэн мэдүүлсэн байдаг.

Мөн манай компанийн зүгээс ДБ” ХХК-аас ирүүлсэн материалыг барилгын ерөнхий инженер хүлээн авч өөрийн нягтлан Д.Туяад тухай бүрд нь Facebook-ээр илгээдэг байсан талаар чатад үзлэг хийж бэхжүүлсэн байдаг.

Худалдагч "ДБ" ХХК-ийн зүгээс 2020 онд нийт 4 удаагийн үйлдлээр нийт 172 тонн арматурыг манай компанид нийлүүлсэн байдаг. Тодруулбал:

2020 оны 03 сарын 17-ны өдөр "ДБ" ХХК-ийн зарлагын 049 дугаартай баримтаар 51644 кг арматур,

2020 оны 04 сарын 05-ны өдөр "ДБ" ХХК-ийн зарлагын 043 дугаартай баримтаар 26940 кг арматур 2020 оны 04 сарын 26-ны өдөр "ДБ" ХХК-ийн зарлагын 181 дугаартай баримтаар 53242 кг арматур 2020 оны 08 сарын 15-ны өдөр "ДБ" ХХК-ийн зарлагын 209 дугаартай баримтаар 40503 кг арматур тус тус нийлүүлсэн.

2.2. Харин манай компанийн зүгээс "ДБ" ХХК-д арматурын төлбөрийг Хаан банкны 52********* тоот дансанд дараах байдлаар 248,355,020 төгрөг шилжүүлсэн. Үүнд:

2020 оны 01 сарын 22-ны өдөр 50,000,000 төгрөгийг Хаан банкны кассын бэлэн орлогоор,

2020 оны 01 сарын 22-ны өдөр 27,855,190 төгрөгийг Хаан банкны кассын бэлэн орлогоор 2020 оны 01 сарын 24-ны өдөр 60,499,830 төгрөгийг Хаан банкны кассын бэлэн орлогоор 2020 оны 03 сарын 17-ны өдөр 30,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 473006300 тоот дансанд кассын бэлэн орлогоор 2020 оны 04 сарын 24-ны өдөр 10,000,000 төгрөгийг Хаан банкны51****** тоот дансанд кассын бэлэн орлогоор,

2020 оны 04 сарын 27-ны өдөр 40,000,000 төгрөгийг Хаан банкны51****** тоот дансанд кассын бэлэн орлогоор 2020 оны 05 сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөгийг Хаан банкны51****** тоот дансанд кассын бэлэн орлогоор,

2020 оны 07 сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөгийг Хаан банкны51****** тоот дансанд кассын бэлэн орлогоор буюу нийт 248,355,020 төгрөгийг худалдагч "ДБ" ХХК-д шилжүүлсэн байдаг.

2.3. Ийнхүү талууд хоёр талаас нийлүүлсэн болон буцаасан арматур, мөн төлбөр төлсөн баримт зэргээ харилцан тооцож худалдагч "ДБ" ХХК-аас манай компанид нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг дараах байдлаар шивсэн болно.

2020 оны 01 сарын 20-ны өдөр 31,009,830 төгрөг

2020 оны 01 сарын 20-ны өдөр 25,750,190 төгрөг

2020 оны 01 сарын 20-ны өдөр 24,805,000 төгрөг

2020 оны 01 сарын 20-ны өдөр 27,300,000 төгрөг

2020 оны 01 сарын 20-ны өдөр 29,490,000 төгрөг

2020 оны 03 сарын 17-ны өдөр 30,000,000 төгрөг

2020 оны 03 сарын 31-ны өдөр 20,000,000 төгрөг

2020 оны 04 сарын 24-ны өдөр 10,000,000 төгрөг

2020 оны 04 сарын 27-ны өдөр 44,500,000 төгрөг

2020 оны 05 сарын 31-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 262,855,020 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримт тус тус шивсэн байдаг.

Мөн Хэрлэн апартментийн А блокыг "Барилгын бүтээцийн зургийг" С ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд ийнхүү тухайн барилгыг барьж гүйцэтгэхэд нийт 172 тонн арматур орохоор зураг төсөлд тусгагдсаны дагуу бид ДБ ХХК-аас арматур худалдан авч барилгад оруулсан ба Улсын комисс тухайн барилгыг 2021 оны 07 сарын 28-ны өдрийн БА- 139/2021 тоот дүгнэлтээр хүлээн авсан байдаг. Түүнчлэн ДБ ХХК-ийн захирал Б.М манай компанид арматур нийлүүлсэн болохоо баталж албан бичиг хүргүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан үүргээ бүрэн биелүүлсэн буюу хэрэгт гаргаж өгсөн баримт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3, 13.1, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1.1, 13.1.2, 13.1.3, 13.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.1, 14.4 дэх хэсэгт заасантай нийцсэн болно.

Түүнчлэн манай байгууллага нь ДБ ХХК-аас бараа бүтээгдэхүүн худалдан авч, үйл ажиллагаа явуулсан болох нь дээр дурдсан Зарлагын падан, Дансны хуулга, мөнгөн хөрөнгө шилжүүлсэн баримт, гэрчийн мэдүүлэг, тухайн цаг үед харилцсан мессеж чат,  Д-н гүйцэтгэх захирлын албан бичиг, Улсын комиссын дүгнэлт зэргээр нотлогдох ба энэ талаар хариуцагч маргаагүй. Харин ДБ ХХК нь тухайн арматурыг хаанаас худалдан авсныг бид шалган тогтоох боломжгүй, мөн манай компаниас барах бүтээгдэхүүнд зориулж шилжүүлсэн мөнгөн төлбөрийг хэрхэн, ямар агуулгаар зарлага гаргаж ашигласан эсэх нь энэхүү маргаанд ач холбогдолгүй бөгөөд энэ үндэслэлээр манай компанид нөхөн ногдуулалтын акт үйлдэж хариуцлага ногдуулаагүй болно.

2.4. Өөрөөр хэлбэл Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй, гэж заасан. Хуулийн дээрх заалтын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хэмжээг худалдан авалтаас хамаарч өөрчлөх бол энэ тохиолдолд уг зөрүү дүнгээр татвар төлүүлэх үндэслэл болно. Харин үүнтэй холбоотой ямарваа хариуцлага тооцох хууль зүйн үндэслэл байхгүй байна. Ногоо талаас нэхэмжлэгчийн худалдан авалтыг зөвшөөрөхгүй, түүний төлбөрийн баримт нь зөрчилтэй бол уг хариуцлага нь нэхэмжлэгчийн бус харин түүнд бараа, үйлчилгээ борлуулсан этгээдийн зөрчил юм. Энэхүү зөрчилтэй холбоотойгоор уг нэхэмжлэгчид бараа борлуулсан этгээд нь хуулийн хариуцлага хүлээж холбогдох нөхөн татвар, торгууль, алдангийг төсөвт төлдөг. Иймээс ч өөр бусад этгээдийн буруутай үйлдлээс хамаарч нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироох нь энэхүү хуулийн гол үзэл санаа биш юм.

Нөгөөтэйгүүр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйл 16.1. 16.1.1-д заасны дагуу "ДБ" ХХК нь холбогдох татварыг төлөх, тайлагнах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгаж нөхөн татвар, торгууль, алданги оногдуулсан нь үндэслэлгүй хууль бус гэж үзэхээр байна.

2.5. Хууль хэрэглээний хувьд: Шүүхийн шийдвэрийн үндэслэж нь хэсэгт: хариуцагч нарын гаргасан нөхөн ногдуулалтын актад Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр Түүнчлэн зүйлийн 11.19.1-д заасныг баримталсан нь хууль зөрчөөгүй гэж шүүх үзсэн" гэх дүгнэлт нь үндэслэлгүй байна.

Шүүхээс дүгнэлт хийхдээ маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын аль хэсэг нь Зөрчлийн хуульд заасан зөрчил болсон, аль хэсэг нь Татварын ерөнхий хуулийг зөрчиж нөхөн ногдуулалтын акт ногдуулсан болох нь тодорхойгүй. Энэ талаар шүүх дүгнээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйл 107.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

2.6. Хариуцагч татварын байцаагч нар хяналт шалгалтын явцад Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1-т заасан зөрчил илэрсэн гэж үзсэн тохиолдолд тухайн зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу шалган шийдвэрлэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасанчлан шийдвэр нь "шийтгэх хуудас" хэлбэртэй гарах хуулийн зохицуулалттай ба энэ нь эрх зүйн өөр үр дагаврыг үүсгэх юм. Тухайлбал:

А) Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.15-д заасны дагуу Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх ба холбогдсон хуулийн этгээд буюу манай байгууллага Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхээ эдэлж зөрчлийн хэрэгтэй танилцах болон нотлох баримт гаргаж өгөх, шалгуулах болон бусад эрхүүдээ хэрэгжүүлэх ёстой байсан.

Б) Зөрчлийг зөрчил гэж тооцох, хянан шалгах ажиллагаа нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдах шаардлага тавигддаг. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно хэмээн заасан ба мөн зүйлийн 4 дэх хэсэгт энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй хэмээн заасан зэргээс үзэхэд хариуцагчдын зүгээс нэхэмжлэгч байгууллагын татвар ногдуулалт, төлөлтийг шалгаад "зөрчил үйлдсэн" хэмээн үзэж шийтгэл оногдуулж байгаа тохиолдолд Татварын хуульд заасан хариуцлага бус тухайлан Зөрчлийн хуульд заасан шийтгэл, хариуцлагын хүрээнд шийдвэр гаргах ба хариуцлага хүлээлгэх хуулийн зарчим үйлчилнэ.

В) Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу оногдуулах шийтгэл, албадлын арга хэмжээг хөнгөрүүлсэн, хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх учиртай. Энэхүү зохицуулалт нь Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр байгаа тохиолдолд буцаан хэрэглэх боломжтой байдаг. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд 2019 оны 03-р сард нэмэлт өөрчлөлт орсон нь 2020 оны 01 сараас хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй зохицуулалт буюу Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон "тайлбар" хэсэгт зааснаас үзвэл татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох бөгөөд тухайн торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байхаар заасан ба алданги гэж хариуцлага байхгүй байх тул гомдол гаргагч хуулийн этгээдийн хувьд хариуцлагыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.

Гэвч энэ талаар шүүх “хуулийг зөрчөөгүй" гэж дүгнэсэн атлаа яагаад зөрчөөгүй, яагаад зөрчлийн тухай хуулийг хэрэглэхгүй байгаа нь зөв гэж үзсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн үндсэн зарчим болох "Хуульд үндэслэх", "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" зарчмуудыг хангаж чадаагүй, мөн Шүүхийн шийдвэр "Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" шаардлагыг хангаж чадаагүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, Д.Х нар нь “ГК ” ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-34240000116 дугаар  дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар 82.513.069.08 төгрөгийн нөхөн татвар, 31.753.422.63 төгрөгийн торгууль, 40.342.867.85 төгрөгийн алданги, нийт 154.609.359.56 төгрөгийн төлбөр ногдуулж шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс зарим хэсгийг буюу актын 4, 5 дахь хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

2.1. Тус нөхөн ногдуулалтын актын 4, 5 дахь хэсэгт нэхэмжлэгч “ГК ” ХХК-ийг Татварын тухай хууль, тогтоомжийг дараах байдлаар зөрчсөн гэж үзжээ. Үүнд:

-Актын 4-т “2020 онд 6130232 тоот регистрийн дугаартай "ДБ" ХХК-аас 10 ширхэг 238,959,109 09 төгрөгийн үнийн дүн бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанаар хасалт хийж төлөх татвараа бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасныг”,

-Актын 5-д “2020 онд бодит худалдан авалт хийгээгүй атлаа хийсэн мэтээр 238,959,109.09 төгрөгийн дүнгээр төлбөрийн баримт үйлдүүлж, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын татвар ногдох орлогоос хасагдах зардал хэсэгт тайлагнан, татвар ногдуулах орлогоо бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй:, 16.1.1 энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал, 13.1.3. зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасныг зөрчсөн” гэж дүгнэн Татварын ерөнхий хуулийн 42.1, 79.1, 79.4.3, 73 дугаар зүйлийн 73 2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2 болон Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1-д заасныг тус тус үндэслэн 23,895,910.09 төгрөг, торгууль 9,558,364.36 төгрөг, алданги 13,890,931.97 төгрөг нийт 47,345,207.24 төгрөг, 5-д нөхөн татвар 23,895,910.09 төгрөг, торгууль 7,168,773.27 төгрөг, алданги 13,564,991.75 төгрөг нийт 44,629,675.93 төгрөг, нийт 91,974,883.17 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоож шийдвэрлэсэн байна.

            2.2. Тус нөхөн ногдуулалтын актыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор хэвээр баталсан байна.

3. Анхан шатны шүүх “... Татварын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-34240000116 дугаар нөхөн ногдуулалтын актын 4-т нөхөн татвар 23.895.910.09 төгрөг, торгууль 9.558.364.36 төгрөг, алдангиа 13.890.931.97 төгрөг нийт 47.345.207 төгрөг, 5-д нөхөн татвар 23.895.910.09 төгрөг, торгууль 7.168.773.27 төгрөг, алданги 13.564.991.75 төгрөг, нийт 44.629.675.93 төгрөг, нийт 91.974.883.17 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй байна. Учир нь:

3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн 08/594 дүгээр албан тоотоор “... бодит бус хий бичилттэй газруудаас нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаан авсан, борлуулалтаа тайлагнаагүй ... татвар төлөгчдөд эрсдэлийн үнэлгээ тооцож, хялбаршуулсан хяналт шалгалтад хамруулах” чиглэл өгч, Татварын хяналт шалгалт хийх 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3424301451 дугаар томилолтоор Татварын улсын байцаагч Ч.Мянганжаргал, М.Энхбаяр нар “ГК ” ХХК-ийн 2020.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний өдрийн татварын тайланд хэсэгчилсэн хяналт шалгалт хийхээр томилогдсон байна.

3.2. “НӨАТ-ын хий бичилттэй падаан худалдан авсан татвар төлөгчдийг татварын хяналт шалгалтад хамруулах судалгаа”-нд Худалдан авагч “ГК ” ХХК, Борлуулагч “Дайчинбаатар” ХХК хий бичилттэй падаан нь “2020-05-31-ний өдрийн 4082754767, 2020-04-27-ны өдрийн 4080323817, 2020-04-24-ны өдрийн 4080244762, 2020-03-31-ны өдрийн 4079106715, 2020-03-17-ны өдрийн 4078408499, 2020-01-21-ны өдрийн 4076164054, 2020-01-21-ны өдрийн 4076164039, 2020-01-20-ны өдрийн 4076128210, 2020-01-20-ны өдрийн 4076128166, 2020-01-20-ны өдрийн 4076127782 дугаар падаан” гэж тэмдэглэсэн байна.

3.3. Түүнчлэн “НӨАТ-ын падааны хий бичилт /хуурамч падаан/ үйлдэж худалдан авагчийг татварын эрсдэлд оруулан татварын хууль тогтоомж зөрчсөн болохыг хууль хяналтын байгууллагаас тогтоосон”[1] гэх нэр бүхий 320 татвар төлөгчийн жагсаалтын 91 дүгээрт “ДБ” ХХК бичигдсэн байна.

3.4. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын хий бичилттэй падаан худалдан авсан байж болзошгүй талаар Татварын ерөнхий газрын Эрсдлийн газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 07/2996 дугаартай албан бичгийн хавсралтад дурдсан 50 саяас дээш дүнгээр бичүүлсэн аж ахуйн нэгжийн нэрсийн[2] 15-д “ДБ” ХХК бичигдсэн байх бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11и-з/6732 дугаар албан бичигт[3] “... 07/2996 дугаартай албан бичгийг хүлээн авч хэрэг бүртгэлтийн 200200545 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэсэн хариуг Татварын ерөнхий газарт хүргүүлсэн байна.

3.5. Хэрэгт авагдсан 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “ДБ” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаар танилцуулга[4]-аар Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Б.Сугармөнх, Т.Бат-Өлзий нар нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 07/2996 тоот албан бичгийг үндэслэн " ... ДБ" ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд нягтлан шалгах ажиллагаа явуулж 10,341,445,145.00 төгрөгийн үнийн дүн бүхий 495 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын падаан үйлдэж бусад татвар төлөгчдийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулах боломж олгосон зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй ...” гэж үзэж танилцуулга бичсэн, энд дурдсан 495 ширхэг падаан дотор нэхэмжлэгч “ГК ” ХХК-д өгсөн хий бичилттэй гэх падаанууд багтсан талаарх үйл баримттай холбогдуулан хэргийн оролцогчид маргаагүй байна.

4. Анхан шатны шүүхээс “... нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй бөгөөд бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримт, түүнчлэн худалдан авагч талын...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, ажил, гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредит бичилт, журнал, бүртгэл гэх мэт санхүүгийн анхан шатны баримт, бүртгэлд уг гүйлгээ гарсан нь тусгагдсан тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцох журамтай, … Улсын байцаагчийн акт хуульд нийцсэн …” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

4.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцно”, 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасан.

4.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд татварын улсын байцаагч нар хяналт шалгалтын явцад Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас "ДБ" ХХК-ийн Хаан банк дахь 52********* тоот харилцах дансны хуулгыг авч хянахад дансаар орсон орлого нь тухайн өдөртөө болон маргааш нь тухайн дүнгээрээ УХ9***** регистрийн дугаартай иргэн Ба овогтой М-н 516***** тоот данс руу болон бэлнээр арматурын үнэ, буцаалт гэсэн зориулалтаар зарлагын гүйлгээ хийгдсэн, мөн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш гүйлгээ хийгдээгүй, компанийн үйл ажиллагаатай холбоотой бусад зардлууд огт гараагүй болохыг тогтоосон байна.

4.3. Мөн нэхэмжлэгчээс "ДБ" ХХК-ийн Хаан банк дахь 52********* тоот харилцах дансанд 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 50,000,000.00 төгрөг, мөн өдөр 27,855,190.00 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 60,499,830.00 төгрөг, нийт 138,355,020.00 төгрөгийг бэлнээр, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 30,000,000.00 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 10,000,000.00 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 40,000,000.00 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000.00 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000.00 төгрөг, нийт 110,000,000.00 төгрөгийг бэлэн бусаар, нийт 248,355,020.00 төгрөг шилжүүлснийг нотлох Хаан банкны орлогын мэдүүлэг, "ГК " ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 309,036,350.00 төгрөгийн дүн бүхий Бараа материалын зарлагын баримтыг ирүүлсэн ба 2020 оны 2,411,761,661.60 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний дүнд "ДБ" ХХК-ийн үйлдсэн 238,959,109.09 төгрөгийн дүнтэй маргаан бүхий 10 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг тусгасан болох нь тогтоогдсон байна.

4.4. Хэдийгээр нэхэмжлэгч “ГК ” ХХК-аас “... арматур нийлүүлснийг хүлээн авсан болохыг нотлох анхан шатны баримт, төлбөр төлсөн баримт манай компани НӨАТ-н бичилт хийсэн баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгөөд байхад дээрх баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж судлаагүй, ... тухайн компанийг хий бичилт хийдэг эсэхийг нэхэмжлэгчийн зүгээс мэдэх боломжгүй ...” гэж тайлбарлан маргаж байх боловч “ДБ” ХХК-аас олгосон падааныг хуурамч гэдгийг үгүйсгэх баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байх тул шүүхээс хариуцагчийн шийдвэрийг буруу гэж үзэх боломжгүй байна.

4.5. Хэрэв “ДБ” ХХК-тай холбоотой хэрэг нь эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэгдэж, нэхэмжлэгч компанид хамаарах падаанууд нь хуурамч падаан биш байсан болох нь эрх бүхий этгээдийн хууль ёсны шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгч “ГК ” ХХК-аас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлт гаргах эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй байна.

5. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно”, 13.1.1-д “тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх”, 13.1.2-т “албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдох гарсан байх”, 13.1.3-д “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх”, 13.1.4-т “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх", 16 дугаар зүйлийн 16.1-д “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй:”, 16.1.1-д “энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал” гэж тус тус заасан

5.1. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд албан татвар ногдох орлогоос хасаж тооцохдоо дээрх хуульд заасан нөхцөлийг нэгэн зэрэг хангаагүй зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй байхаар тусгайлан заасан байна.

5.2. Нэгэнт нэхэмжлэгч “ГК ” ХХК-ийн 2020 онд “ДБ” ХХК-аас худалдан авалт хийсэн гэх падаанууд нь хуурамч болох нь тогтоогдсон байх тул хариуцагчаас “... 2020 онд бодит худалдан авалт хийгээгүй атлаа хийсэн мэтээр 238.959.109.09 төгрөгийн дүнгээр төлбөрийн баримт үйлдүүлж, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын татвар ногдох орлогоос хасагдах зардал хэсэгт тайлагнан, татвар ногдуулах орлогоо бууруулсан” гэж дүгнэн акт тогтоосныг шүүхээс буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

6. Түүнчлэн нэхэмжлэгчээс маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын 4 болон 5 дахь хэсгийг эс зөвшөөрөн маргасан бөгөөд актын 6 дахь хэсэг болох “... Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын тайлан ногдуулсан”-тай холбогдуулан маргаагүй байх тул нэхэмжлэгчийн “... Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ ...” гэсэн агуулга бүхий гомдлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Ийнхүү анхан шатны шүүх эдгээр болон бусад үндэслэлээр хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гомдлын шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 591 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ШҮҮГЧ                                                                    Ц.ОДМАА

   ШҮҮГЧ                                                                   О.ОЮУНГЭРЭЛ

   ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

[1] Хэргийн 1 дэх хавтас, 137 дахь тал

[2] Хэргийн 1 дэх хавтас, 163 дахь тал

[3] Хэргийн 1 дэх хавтас, 162 дахь тал

[4] Хэргийн 1 дэх хавтас, 165 дахь тал