Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2017/0058/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, Хохирогч П.Доржравдан, Шүүгдэгч Д.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Мэргэн Дагвадоржийн Алтанзулд холбогдох эрүүгийн 201609000629 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Мэргэн Дагвадоржийн Алтанзул, 1981 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Алтангадасын 2-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд: Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар 7 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэгдсэнийг Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 62 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр хөнгөрүүлэн өөрчилж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 178 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 6 сар 23 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ФЖ81070213 регистрийн дугаартай. Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татсан тогтоолд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.Алтанзул нь 2016 оны 11 дүгээр сарын 12-ны орой 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Сутай” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн П.Доржравдангийн зүй бус харьцаанаас болж маргалдан улмаар виноны хундагаар толгойн тус газар нь нэг удаа цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Д.Алтанзулын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 11 сарын дундуур өдрийн сайн мэдэхгүй байна. Би Дархан сумын 5-р багийн Сутай бааранд орой 21 цагийн үед ганцаараа бүжиглэх гэж орсон. Тэгээд ороход бармен намайг хоёр эмэгтэйн хажууд суулгаад би нэг пиво захиалж уугаад тэр хоёр эмэгтэйтэй хамт бүжиглэж байхад нэг залуу дундуур орж ирээд намайг түлхээд тэр эмэгтэй рүү хандраад байсан. Тэгээд бид 3 буцаад ширээн дээрээ суугаад байж байхад нөгөө залуу бид 3 дээр ирээд нөгөө 2 эмэгтэйтэй юм яриад маргалдаад байсан. Тэгээд тэр хоёр эмэгтэй аль дээрээс өдөөд янз бүр болоод байх юм ямар ядаргаатай залуу вэ гээд байсан. Тэгэхээр нь би тэр залууд чи одоо босоод явчаач наад хоёр чинь дургүй байгаа юм биш үү гэсэн чинь урдаас янз бүрээр хэлээд доромжлоод байхаар нь би ууж байсан виноны шилээр толгой руу нь нэг удаа цохьчихсон. Тэгсэн хамт явж байсан найз нь ирээд намайг барьж авахаар нь би -танай найз чинь зүгээр байсан хүмүүсийг өдөөд хэрүүл маргаан үүсгээд байна шүү дээ гэж хэлчихээд баарнаас гараад явчихсан гэх мэдүүлэг, Хохирогч П.Доржравдангийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр найз Шижирболд гэдэг залуутай хамт Арвиндалайгийн караокед орж нэг нэг пиво авч ууж байгаад 22 цаг өнгөрч байхад “Сутай” бааранд орж бас нэг нэг пиво авч суусан. Тэгээд тэнд бүжиглэж байгаад Шижирболд гараад явчихаар нь араас нь гарч хайж байгаад буцаж ганцаараа ороод нэг пиво авч суусан. Тэгээд бүжгийн талбай дээр нэг хүүхэнтэй хамт бүжиглэж байгаад хөгжим дуусахаар нь нөгөө хүүхэнтэйгээ хамт ширээн дээр нь очиж суусан чинь хажууд нь байсан үл таних залуу виноны хундагаар миний толгой руу цохиод толгой хагалчихсан. Тэгээд би 00-н өрөө рүү орж цусаа угаагаад эргээд гараад иртэл нөгөө залуу болон хүүхнүүд нь бүгд явчихсан байсан. Тэгээд барменаас хүмүүс нь хаана байгаа талаар асуухад явчихсан гэхээр нь би Нэгдсэн эмнэлэг очиж оёдол тавиулаад харьсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/, Гэрч Х.Хишигбаярын хэрэг бүртгэлтэд өгсөн: Манай бааранд 21 цаг өнгөрч байхад кэбик малгайтай, канттай ноосон цамцтай шар залуу ганцаараа орж ирсэн. Тэгэхээр нь би хоёр эмэгтэй сууж байсан ширээн дээр хамт суулгачихсан. ...23 цагийн үед нөгөө цохиулсан гээд байгаа залуу нөгөө хоёр эмэгтэй дээр очоод юм яриад нөгөө 2 эмэгтэйтэй хэрэлдэж байх шиг байсан. Тэгээд нэг харсан чинь нөгөө кэбикэн малгайтай залуу виноны хундагаар нөгөө залуугийн толгой руу нь цохиод хагалчихсан гэх мэдүүлэг /хх-ийн 38/, Гэрч Ц.Шинэбаатарын хэрэг бүртгэлтэд өгсөн: Би тэр өдөр 2 найз болон эхнэртэйгээ хамт Сутай бааранд ороод байж байхад манай цэргийн он жав болох Доржравдан таарсан. Тэгээд Доржравдан бид нарт нэг шил Болор архи авч өгөөд эхнэр бид 3 цуг суусан. Тэгээд уугаад бүжиглээд байж байтал манай он жав болох Доржравдан булангийн ширээн дээр хоёр хүүхэн болон нэг залуу дээр очоод юм ярьж байсан бөгөөд Доржравдан эргэж ирэхдээ толгой руугаа цохиулчихсан эргэж ирсэн. Тэгээд яасан юу болсон яасан гэхэд тэнд сууж байгаа залуу цохичихлоо гэхээр нь би очоод яагаад хүн цохиж байгаа юм гээд бариад авсан чинь тэр залуу наадах чинь эмэгтэй хүн доромжлоод байсан юмаа гэсэн. Тэгээд эргээд харсан чинь манай он жав байхгүй байсан ба явчихлаа гээд бодсон болохоор тэр залууг тавиад эхнэртэйгээ харьсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 34/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016.11.15-ны өдрийн 1215 дугаар дүгнэлт: 1.П.Доржравдангийн биед толгой орой, дагзанд шарх, дух, чихэнд зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 37/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-46/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/, шийтгэх тогтоол, магадлалын хуулбар /хх-ийн 58-62/, ялаас өршөөн хэлтрүүлсэн шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 63/ зэрэг болно. Шүүгдэгч Д.Алтанзул нь 2016 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Сутай” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн П.Доржравдангийн зүй бус харьцааны улмаас толгойн тус газар нь виноны хундагаар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч Д.Алтанзул нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэн, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэгдсэнийг Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 62 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр хөнгөрүүлэн өөрчилж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 178 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 6 сар 23 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн байна. Шүүгдэгч Д.Алтанзулыг эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хэлтрүүлсэн хэдий ч түүний ялгүйд тооцох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасан хугацаа дуусаагүй тул түүнийг ялтай байдал арилаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг хөнгөрүүлэх, согтуугаар болон ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Шүүгдэгч Мэргэн Дагвадоржийн Алтанзулыг согтуугаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч Д.Алтанзулыг 3 сарын /гурван сар/ хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч Д.Алтанзулд оногдуулсан 3 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Алтанзул нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Алтанзулд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ