Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 1360

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 101/ШШ2018/01215 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Бд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 32 750 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Эрдэнэбилэг,

Хариуцагч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Б.Бд 13 000 ам.доллар буюу 23 000 000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд үүний 8 000 000 төгрөгийг хугацаандаа төлж чадахгүй бол хариуцагчаас надад “Тоёота” маркийн УНИ 52-88 тоот улсын дугаартай автомашиныг баталгаа маягаар худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон юм. Ингээд бид 23 000 000 төгрөгийг зээлэхдээ нийт 3 сарын хугацаанд буцаан төлөхөөр тохирч, үүнээс 15 000 000 төгрөгийн хувьд зээлийн гэрээг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй бичгээр байгуулж, харин 8 000 000 төгрөгийг автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн бөгөөд тухай автомашиныг бодитоор худалдаж аваагүй ба хожим баталгаа болгох хариуцагч тал өөрөө ашиглахаар болсон. Гэвч хариуцагч Б.Б гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 23 000 000 төгрөг, үүнээс 15 000 000 төгрөгийн 3 сарын хүү 2 250 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг, нийт 32 750 000 төгрөгийг төлөхгүй байна. Би энэхүү нэхэмжлэлийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хариуцагчийн оршин суугаа газрын харъяа шүүхэд гаргах боломжтой байсан хэдий ч Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 40 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил, 1 сарын хорих ялаар шийтгэгдсэний улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаагүй.  Намайг хорих 433 дугаар ангиас нэхэмжлэл бичих гэхэд тухайн хорих ангийн дотоод журмаар үүнийг хориглож байсан тул чадаагүй, гэвч би 2017 оны 4, 5 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Б.Бы оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч үүний дараагаар хариуцагчийг эрэн сурвалжилж, одоогийн оршин суугаа хаягийг олж тогтоосон. Мөн энэ хэрэг маргааныг шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, хэрэгт авагдсан Б.Бы мэдүүлэгт дурдсан 11 800 000 төгрөгтэй холбоотой маргаан бол одоогийн хэрэгт хамааралгүй, тусдаа асуудал бөгөөд үүнийг шалгасан хэвээр байгаа юм. Гэвч хариуцагч тал цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ 13 000 ам.долларыг хүлээн авсан тухай маргаагүй бөгөөд тэрээр буцааж төлсөн гэдгээ нотолдоггүй. Иймд, хариуцагчаас 32 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх нэхэмжлэгчээс 13 000 ам.долларыг авсаны дараа удалгүй тэр надаас удаа, дараа “мөнгөө авъя” гэж нэхдэг байсан бөгөөд үүний дагуу бид зээлийн болон автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үндсэн зээл, хүүг нийт 23 000 000         төгрөг гэж  тооцсон. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээг 15 000 000 төгрөгөөр, автомашин худалдах, худалдан авах гэрээг 8 000 000 төгрөгийг тус тус байгуулж, би тус машиныг ашиглаж байгаад бусдад худалдсан. Өнгөрсөн хугацаанд миний бие нэхэмжлэгчид түүнээс зээлсэн мөнгийг буцаан өгсөн бөгөөд энэ талаар хэрэгт авагдсан бүртгэлийн дэвтрээс тодорхой харагдана. Хамгийн сүүлд 1 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Нэхэмжлэгч Д.Быг “Энхээ” гэж дууддаг байсан, өглөг, авлагын түүнд мөнгө өгөхдөө энэ нэрээр тэмдэглэж буцаан өгсөн, үүнийг нэхэмжлэгч тал мэдсээр байж намайг 2017 оны 3 дугаар сараас хойш цагдаа, шүүхийн байгуулгагад дуудуулж цаг хугацаа, бие сэтгэлээр минь их хохироож байна. Хэрэгт миний Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгт зээлийг буцаан төлсөн тухай дурдсан ба 11 800 000 төгрөгтэй холбоотой асуудлыг мөн адил шалгуулахаар гомдол гаргаж, намайг хилс хэрэгт гүтгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр дууссан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тасалдсан талаарх баримт байхгүй, Иргэний хуульд зааснаар хорих ангиас итгэмжлэл олгож болох байтал ийм зүйл ярьж байгааг зөвшөөрөхгүй. Би авсан зээлээ буцаан төлсөн байхад дахиад нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Бын гаргасан хариуцагч Б.Бд холбогдох 32 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321 7000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/01215 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж зээлдэгчид мөнгийг шилжүүлсэн. 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 4 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолоор 5 жил 1 сарын хорих ял авсан. Энэ явдал нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д заагдсан нөхцөл үүссэн. Тэрээр чанга дэглэмтэй шоронд гадагш гарч чадахгүй, өөрийн биеэр шүүхэд нэхэмжлэл гаргаж чадахгүй, сонгуулийн сонгох, сонгогдох эрхээ хасуулсан байдалтай байсан. Гэтэл шүүх “итгэмжлэл олгох эрхээ эдлээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Нэхэмжлэгч нь чанга дэглэмтэй шоронд, өөрөөсөө өөр хэнд ч итгэх боломжгүй, хүнтэй уулзах цаг өдөр нь ч хязгаартай байхад энэ хүн хэнд итгэж итгэмжлэл олгож эрхээ шилжүүлэх ёстой болж байна вэ. Итгэмжлэл бусдад олгонгуут тэр хүн нь итгэмжлэлийг буруугаар ашиглахгүй гэсэн баталгаа байхгүй. Гэтэл шүүх “Чи бусдад эрхээ шилжүүлээгүй хохь чинь гэж байгааг шүүх хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэсэн гэдэгт эргэлзээ төрж байна. Монгол Улсад анх удаа бусдад эрхээ шилжүүлээгүй учир гэж заавал эрхээ илжүүлэх ёстой байсан, үүрэгтэй байсан мэт гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.  Хариуцагч тал 1 000 000 төгрөг төлж байсан гэсэн зүйл хэрэгт яригддаг. Итгэмжлэл өгөх нь “үүргээ” биелүүлээгүй гэж үзэж байгаа бол ядаж тэр 1 000 000 төгрөг өгсөн гэх өдрөөс хөөн хэлэлцэх хугацаагаа тооцмоор юм. Иймд бусдад итгэмжлэлээр эрхээ шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдээс төлбөрөө гаргуулан авах боломж олгож хэргийг дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

  Зохигчид 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 15 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй Д.Б нь Б.Бд зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээгээр тогтоогдсон байна. /хх-ийн 6, 47 дугаар тал/ Мөн уг өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг гэрээгээр 8 000 000 төгрөгийг Д.Баас Б.Бд зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлд 52-88 УНИ улсын дугаартай автомашин барьцаалсан болох нь бичгийн нотлох баримтаар тогтоогдсон. Хэдийгээр талууд гэрээний нэрийг автомашин худалдах, худалдан авах гэж нэрлэсэн боловч зээлийн гэрээ байгуулсан талаар хэн аль нь маргаагүй.

 

    Дээрх зээлийн хэлцлүүдийг 3 сарын хугацаатай байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн гэрээний үүрэг шаардах эрх 2014 оны 1 сарын 28-ны өдрөөс эхлэн тоологджээ. Тэрээр шүүхэд 2017 оны 04 сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан болох нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тогтоогдсон ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

     Нэхэмжлэгч нь 2014 оны 4 сарын 11-ний өдрөөс эхлэн ял шийтгүүлсэний улмаас гэрээний үүрэг шаардах боломжгүй байсан гэж тайлбарлаж байх боловч тэрээр Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт зааснаар хорих байгууллагын даргаар итгэмжлэл гэрчлүүлж, шүүхэд төлөөлөгч томилж, зээлийн гэрээний үүргийг шаардах эрх нь нээлттэй байжээ. Уг эрхээ хэрэгжүүлэхэд хорих ангийн дарга саад болсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

 

     Мөн нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст Б.Бд холбогдуулан 2017 оны 2 сарын 07-ний өдөр гомдол гаргасан байх ба уг хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолоход мөн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. /хх-ийн 19 дүгээр тал/

 

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 04 сарын 11-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор Д.Бд 5 жил, 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн  108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт “Чанга дэглэмтэй хорих ангийн ялтан нь 2 сард нэг удаа түр, 3 сард нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, сард нэг удаа илгээмж авч болно” гэж заасан.  Нэхэмжлэгч Д.Б нь хуульд заасан дээрх эрхээ хэрэгжүүлэхэд нь хорих ангийн зүгээс хязгаарласан гэх үндэслэлгүй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” юм. 

 

  Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид хамгийн сүүлд төлсөн, уг хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж нэхэмжлэгч маргасан боловч тэрээр хариуцагчийн хамгийн сүүлд мөнгө төлсөн хугацааг бичгийн баримтаар нотлоогүй.

 

            Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна. 

                   

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 101/ШШ2018/01215 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО                                            

                                                          ШҮҮГЧ                                  М.НАРАНЦЭЦЭГ                                                                                                           

                                                                                                       Г.ДАВААДОРЖ