Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2020/00894

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  

Нэхэмжлэгч: Т.Д-ын

 

Хариуцагч: Н Ш Ш Г Г т холбогдох

 

            Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу, А.Отгонжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Майбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

   Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Гансүхийн нэхэмжлэлээр Т.Д ыг хариуцагчаар татаж, 90,420,000 төгрөгийг Т.Д аар төлүүлэхээр 2019 оны 05 сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/01157 дугаар шүүхийн шийдвэр гарган, шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрээр үүргийн гүйцэтгэлд Д.Батболд Т.Д  хоёрын өмчлөлд байдаг, Ү-2204030013 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун /13311/ Их Монгол улсын гудамж 801 дүгээр байр 1403 тоот хаягт байршилтай 111,75 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдан борлуулж, өр төлбөрийг барагдуулах ажиллагааг албадан гүйцэтгүүлэхээр төлбөр авагч Г.Гансүх нь Н Ш Ш Г Г  хандсан бөгөөд тус газраас талууд харилцан үнэ тохиролцоогүй тул гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн байна. Шинжээчийн үнэлгээгээр барьцаа хөрөнгийг 268,898,437 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд Т.Д ын хувьд үүнийг хэт доогуур үнэлсэн гэж үзэж байгаа тул шүүхэд гомдол гаргаж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгийг 268,898,437 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2020 оны 01 сарын 17-ны өдрийн 4/1776 тоот албан бичгээр гаргасныг Т.Д д 2020 оны 02 сарын 04-ний өдөр гардуулж өгсөн.

Д.Батболд Т.Д  хоёрын өмчлөлийн Ү-2204030013 дугаарт бүртгэлтэй, 117,75 м.кв талбайтай орон сууц нь наран талруу харсан цонхтой, дулаан зогсоолтой, гадаа машины зогсоол ихтэй, хотын утаагүй бөгөөд түгжрэл багатай хэсэгт байрлалтай мөн анх 3,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан орон сууц юм. Гэтэл тус газраас томилон ажиллуулсан үнэлгээчин нь Т.Д ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийн эдгээр олон давуу талыг харгалзаж үзээгүй мөн тухайн бүс нутаг дахь үл хөдлөх хөрөнгийн одоогийн зах зээлийн бодит үнэлгээнээс доогуур үнэлсэн гэж үзэж байгаа тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаагаар хийгдсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/01157 дугаар шийдвэрээр Т.Д аас 91,030,000 төгрөгийг гаргуулж Г.Гансүхэд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 19261469 дүгээр тогтоолоор үүсгэж төлбөр төлөгч Т.Д д шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөгдөөгүй тул түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204030013 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Кристал таун /13311/ Их монгол улсын гудамж 801 байр 1403 тоотод байрлах 4 өрөө орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 19261469/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19261469/02 дугаар тогтоолоор хураасан.

Төлбөрт хураагдсан хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Т.Д  мэдэгдлийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч Г.Гансүх шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 60 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилоход орон сууц 268,898,437 төгрөгөөр үнэлэгдсэн.

Үнэлгээг талуудад 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4/1776 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Д  нь хариуцагч Н Ш Ш Г Г т холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун, 801 дүгээр байрны 1403 тоотод байрлах 111,75 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Н Ш Ш Г Г  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/01157 дугаар шийдвэрээр Т.Д аас 90,420,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Гансүхэд олгож шийдвэрлэсэн байна.

 

Тус шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны 07961 дүгээр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гарч, 2019 оны 07 дугаар сарын 19-ний 19261469 дүгээр “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-р шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 19261469/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун, 801 дүгээр байрны 1403 тоотод байрлах 111,75 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг битүүмжлэн авч, тэмдэглэл үйлдсэн ба уг үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 19261469/02 тоот тогтоолоор хураан авчээ.

 

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун, 801 дүгээр байрны 1403 тоотод байрлах 111,75 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны үнийн саналын авахад нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд үнийн саналыг ирүүлээгүй ба төлбөр авагч Г.Гансүх нь  шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө.” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнэлгээний саналыг хүлээн зөвшөөрөөгүй, тохиролцож чадаагүй байх тул 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 60 дугаар тогтоолоор “Сэлэнгэ эстимэйнт ХХК”-ийг шинжээчээр томилжээ.

 

Шинжээч “Сэлэнгэ эстимэйнт” ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун, 801 дүгээр байрны 1403 тоотод байрлах 111,75 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг зах зээлийн үнэлгээний хандлагаар 268,898,437 төгрөгөөр үнэлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун, 801 дүгээр байрны 1403 тоотод байрлах 111,75 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц нь Д.Батболдын өмч бөгөөд уг орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулах талаар шүүхийн шийдвэрт дурьдаагүй байхад ажиллагаа явуулж байгаа нь хуульд нийцэхгүй. Д.Батболдын эрхийг зөрчиж байна” гэж тайлбарласан.

 

Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд Д.Батболд нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, мөн шаардах эрхийг Т.Д д шилжүүлээгүй байхад  нэхэмжлэгчээс Д.Батболдын эрхийг зөрчсөн гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй юм.

 

Мөн, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг бага үнээр үнэлсэн гэж маргаж байгаа атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ.” гэж заажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээний талаар мэдэгдлийг нэхэмжлэгч Т.Д ын гэрийн хаягаар 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр баталгаат шууданд хийсэн болох нь баримтаар нотлогдож байх бөгөөд баталгаат шууданд хийсэн хугацаанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан 7 хоногийн хугацааг тоолоход хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй байна.

 

 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун, 801 дүгээр байрны 1403 тоотод байрлах 111,75 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг үнэлэх ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д  зааснаар хариуцагч Н Ш Ш Г Г т холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун, 801 дүгээр байрны 1403 тоотод байрлах 111,75 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Т.Д ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР