Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2020/00923

 

 

  

 

 

 

 

 

 

2020 оны04 срын 09 өдөр

                          181/ШШ2020/00923

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: СБДТХ -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Э П А П  ХХК -д холбогдох

 

Татварын өрөнд 103,558,614.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваагэрэл, Р.Эрдэнэцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Л.Отгончимэг, хариуцагчийн өмгөөлөгч С.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. “Татвар төлөгч нь 5265614 дугаартай Э П А П  ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр татварын байгууллагад бүртгүүлээд үйл ажиллагаагаа эхэлсэн. Тус компани нь 2014 оноос 2019 оны цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлого буюу суутган тайланг төлөөд 101,352,251.50 төгрөг, 2017 оноос 2019 оны аж ахуйн нэгж орлогын албан татварын тайлангаар 2,206,362.10 төгрөг нийт 103,558,614.60 төгрөгийн татварын өр төлбөртэй байна.

Татварын ерөнхий албанаас 2008 оны Татварын хуулийн дагуу холбогдох арга зүй, процессын ажиллагаа хийсэн боловч төлөөгүй. Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна гэж заасан. Иймд Э П А П  ХХК-иас 103,558,614.60 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын ерөнхий хуульд хөөн хэлэлцэх хугацаа тогтоосон, хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байдаг. Татварын ерөнхий хуульд алданги, торгуулийн өр төлөх, өр хураах хугацаа Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасан хугацаанд хамаарахгүй гэж заасан. Татварын хуулийн үндсэн зарчим бол шударга байх. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэг нь шударга байх зарчимд нийцэхгүй байна. Нөхөн ногдуулахад 4 жилийн хугацаа үйлчилнэ гэж заасны дагуу нэхэмжлэлээр шаардсан 4 жилийн хугацааны өр төлбөр болох 64,068,179 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой.

Э П А П  ХХК менежментийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхэлж байсан. Монгол улсын сүүлийн 3 жилийн санхүүгийн байдлаас үүдэн ямар ч захиалга орж ирэхгүй байгаа учир их хэмжээний алдагдал хүлээж 2018 оны 01 сараас үйл ажиллагаагаа зогсоосон. Зөвлөгөө өгч байсан хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн. Компани дээр зөвхөн гүйцэтгэх захирал Л.Отгончимэг л байгаа. Мөн коронавирусээс үүдэн Э П А П  ХХК-д ямар ашиг, орлого ирэхгүй байгаа. Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлд заасан үндсэн 3 нөхцөлд манай компани хамрагдаж байгаа тул 2 жилийн хугацаанд 64,068,179 төгрөгийг тэнцүү хэмжээгээр төлж явах боломжтой гэж үзэж байгаа” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч СБДТХ   нь хариуцагч Э П А П  ХХК-д холбогдуулан татварын өр 103,558,614 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч Э П А П  ХХК нь татварын тооцоололд маргахгүй, харин Татварын ерөнхий хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан, аж ахуйн нэгж байгууллага санхүүгийн хүнд байдалд орсон тохиолдолд төлөлтийг хуульд заасан хугацаагаар хойшлуулж өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч СБДТХ   нь Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалтад “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу хариуцагч Э П А П  ХХК-иас хугацаанд нь төлөөгүй татварын өрийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч Э П А П  ХХК нь 2014-2019 оны цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлого /суутган-1/ татварын тайлангаар ногдуулсан 101,352,251.5 төгрөг, 2017-2019 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 2,206,362.1 төгрөг, нийт 103,558,614.5 төгрөгийн өр төлбөртэй болох нь талуудын тайлбар, татварын тооцооллын жагсаалт, хариуцагч Э П А П  ХХК-ийн татварын тайлан зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна.

 

Хариуцагч Э П А П  ХХК нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх тул нийт татварын өрийн 64,068,179 төгрөгт тооцогдох хэсгийг төлөх боломжтой, хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-д зааснаар татвар төлөгч энэ хуулийн 53.1-д заасан хөнгөлөлтийн хугацаанд татварын өрийг төлөх боломжгүй хүндэтгэн үзэх нөхцөл үүссэн тохиолдолд татвар төлөгчийн хүсэлтийг үндэслэн харьяалах татварын алба хугацааг дахин сунгаж болно. Сунгах хугацаа нь анхны хөнгөлөлтийг оруулан нийт 2 жилээс илүүгүй байна гэж заасны дагуу 2 жил хойшлуулах боломжтой гэж тайлбарласан.

 

Хариуцагчийн татгалзлын үндэслэл болгож байгаа Татварын ерөнхий хууль нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэхээр хуульд заасан бөгөөд Э П А П  ХХК-ийн 2014-2019 оны цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлого /суутган-1/ татварын тайлангаар ногдуулсан 101,352,251.5 төгрөг, 2017-2019 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 2,206,362.1 төгрөгийн өр нь 2008 оны Татварын ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд тайлагнасан өр төлбөр учир материаллаг хуулийн хэрэглээний хувьд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий хуулийг баримтлах шийдвэрлэх боломжгүй тул 2008 оны Татварын ерөнхий хуулийн захицуулалтыг баримтлан шийдвэрлэв.

 

Хариуцагч нь татварын байгууллагын зүгээс Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагаанууд хийгдээгүй, мөн хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу татварын албаны даргын шийдвэрээр ажлын хэсэг томилоогүй, 66 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтад заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчиж нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй гэж маргаж байх боловч нэхэмжлэгч СБДТХ   нь хугацаанд нь төлөөгүй татварын өрийг төлүүлэхээр татвар төлөгч Э П А П  ХХК-д мэдэгдэх хуудсыг гардуулах, эд хөрөнгийн лавлагаа авах, эд хөрөнгө, банкин дахь дансыг битүүмжлэх зэрэг холбогдох арга хэмжээг авсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан мэдэгдэх хуудас гардуулсан тухай татварын улсын байцаагчийн тэмдэглэл, мэдэгдэх хуудсыг хүлээн авсан тухай тэмдэглэл, татварын албанаас банкны байгууллагуудад хүргүүлсэн мэдэгдэх хуудас зэрэг баримтуудаар тогтоогдсон тул Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан ажиллагаа хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй, Татварын ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлд заасан ажиллагааны хувьд хариуцагчийн эд хөрөнгийн лавлагааг гаргуулах ажиллагаа хийгдсэн байх ба Татварын ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь заалтад зааснаар эд хөрөнгөнөөс татварын өрийг гаргуулах ажиллагааг хийхэд барьцааны гэрээ байгуулж, татвар төлөгчийн тодорхой эд хөрөнгийг барьцаалах буюу татвар төлөгчтэй тохиролцсоны үндсэн дээр тодорхой нөхцөл, болзолтойгоор нийтэд зарлан худалдаж, үнийг төсвийн орлогод оруулах ажиллагаа хийгдэх бөгөөд хариуцагчийн зүгээс энэ тал дээр татварын байгууллагатай тохиролцсон байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагчийн зүгээс энэ тал дээр татварын байгууллагатай тохиролцоогүй тохиолдолд дээрх ажиллагааг хийх боломжгүйг дурьдах нь зүйтэй.

 

Иймд, хариуцагч Э П А П  ХХК-иас татварын өр 103,558,614 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СБДТХ  т олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1, 55 дугаар зүйлийн 55.1, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар хариуцагч Э П А П  ХХК-иас татварын өр 103,558,614 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч СБДТХ  т олгосугай. 

 

2. .Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжид 675,743 төгрөгийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР