Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/177

 

2023          08           07                                           2023/ШЦТ/177

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа 

Улсын яллагч Г.Анхбаяр

Шүүгдэгч Т.*************  нарыг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

 Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************* ид холбогдох эрүүгийн 2339000000282 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Т.*************  2023 оны 06 дугаар сарын 04-ний шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багийн төвийн урд талд хохирогч Я.************* ыг дуудан “манай багт орон сууц барьлаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг хавсарч унагаж, өшиглөж, мөн нүүрэнд нь гараар цохисны улмаас түүний эрүүл мэндэд дээд уруулын дотор салстад шарх, уруулын дээд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.*************  нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч *************  нь 2023 оны 06 дугаар сарын 04-ний орой 20 цагийн орчим Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багийн төвийн урд талд хохирогч Я.************* ыг дуудан “манай багт орон сууц барьлаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг хавсарч унагаж, өшиглөж, мөн нүүрэнд нь гараар цохисны улмаас түүний эрүүл мэндэд “дээд уруулын дотор салстад шарх, уруулын дээд хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Т.************* ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...2023 оны 06 дугаар сарын 04-ний өглөө манай нутгийн овооны тахилга болсон. Тэгээд буцах замдаа зам дээр зогсож машин зогсоох гэтэл ****  улсын дугаартай “Харер” маркийн тээврийн хэрэгсэл хажуугаар дайрах шахаад зөрсөн. Тэгээд тэр машины эзнийх нь утасны дугаарыг олоод “хүрээд ир” гэж дуудвал ирэхгүй байх гэж бодоод утас руу нь залгаад “байрны захиалга өгье, сумын төвийн урд хүрээд ир” гэхэд удалгүй ирэхээр нь “сая дайрчих шахаад өнгөрлөө, нутгийн хүн байж танихгүй байхдаа яадаг юм” гэж хэлээд бид нарын хооронд маргаан болсон. Тэгээд би ************* ыг барьж аваад нүүрэнд нь нэг даа цохиод 1 удаа хавсарч ташиж унагаасан нь үнэн. ...Би ************* т одоогоор 4 хонь, 1 ямаа өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 71-72),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Я.************* ын “...Ингээд байж байтал 2023 оны 06 дугаар сарын 04-ний орой 20 цагийн үед манай дүү ********* ын *********  дугаар луу *********  дугаараас залгаж “орон сууцны захиалга өгөх гэсэн юм, сумын төвийн урдхан талд машин саатаад байна, ирээд уулзаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт ажилладаг Б.********* ын хамт машинтай яваад очиход “Tоёота” маркийн цагаан өнгийн суудлын автомашинтай согтуу сахалтай бор залуу машин дотор сууж байсан. Тэгэхээр нь нь бид бууж очоод мэнд мэдсэн чинь нөгөө залуу “Чи ингэж байж ирдэг юм уу. Чи муу банди минь миний нутагт, миний багт, ажил явуулж орон сууц барьдаг хэн юм бэ, Чамайг би байнга ажиглаж байгаа шүү ****  оо, (****  гэдэг нь миний эзэмшиж байгаа автомашины дугаар юм л даа.) би чамайг хаана ч дарамтална, би халхын шоронд 8 жил 10 сар сууж байгаад ирсэн, төвийн багийн засаг дарга *********  байна. Чи Засаг даргатай нийлж барилга барьдаг хэн бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Чи намайг яагаад ингээд байгаа юм бэ, би чамд дарамтлуулахаар ямар ажил хийсэн юм, банди гэдэг чинь ямар учиртай үг юм бэ” гэхэд *********  гэх залуу “Чи яагаад сандарч чичрээд байгаа юм бэ, чи бол банди гээд” машинаасаа бууж ирээд баруун хөлөөрөө намайг хавсарч унагаагаад цээж рүү 1 удаа өшиглөөд тухайн үед би амьсгал түгжигдээд намайг босож чадахгүй байх үед надтай хамт явсан Б.*********  нь ********* г салгах гээд араас нь тэврэхэд барьж аваад Б.********* ыг газар унагаан дээрээс 4-5 удаа толгой цээж руу нь хөлөөрөө дэвсэж өшиглөсөн. Тэгэхээр нь би босож ирээд “Чи архи уучихсан согтуу байна шүү дээ, ямар учраас ийм үйлдэл хийж байгаа юм бэ” гэхэд миний нүүрэн тус газар 2 удаа гараараа цохиод Б.********* ыг зодох гэж хөөгөөд газраас чулуу авч шидээд баруун хавирганы тус газарт нь оносон. Тэгээд Б.*********  зугтаагаад байсан чинь *********  гэх залуу “Дайраад алчихъя, чамайг” гээд машиндаа суугаад дайрах гэж байгаа юм шиг үйлдэл хийснээ сумын төв руу давхиад явчихсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-9),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 311 дугаартай “...Я.************* ын биед дээд уруулын дотор салстад шарх, уруулын баруун дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 27-28), осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас (хх-ийн 25-26), хохирогч Я.************* ын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт шүүгдэгч Т.************* ийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 79) бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Т.************* ийн үйлдлийн улмаас хохирогч Я.************* ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Т.*************   нь  гэмт  хэрэг  үйлдсэн  гэм  буруугаа  хүлээн  зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч Т.*************  нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Я.************* ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.Гүроржийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Т.************* ид прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.*************  нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Т.*************  нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  ************* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.************* ид 550 (таван зуун тавь мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.************* ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө

орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Т.*************  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Я.*************  нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.************* ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ХОСБАЯР