| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2020/00469/И |
| Дугаар | 182/ШШ2020/01035 |
| Огноо | 2020-05-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 182/ШШ2020/01035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Я” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.П-д холбогдох,
Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашигласны төлбөр болон засвар үйлчилгээтэй холбогдсон зардал, алдангид нийт 1 347 605 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Я” СӨХ-ноос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гүйцэтгэх захирал Ж.Б-ээс гаргасан тайлбартаа: “Я” СӨХ нь 1998 онд байгуулагдсан ба Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хорооллын 3, 4, 5, 7 дугаар орон сууцны байруудыг хариуцан үйл ажиллагааг явуулдаг бөгөөд тус ... дугаар байрны .... тоотод нь хариуцагч Ж.П амьдардаг, уг орон сууцны өмчлөгч юм. Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасан сууц өмчлөгчийн үүргээ хариуцагч биелүүлж амьдрах ёстой байтал биелүүлдэггүй байсан учир нэхэмжлэл гаргасан. СӨХ-ны төлбөрийг сар бүрт нь төлөх ёстой. Энэ айл уг төлбөрийг төлдөггүй байсан учир өмнө нь 2010 оноос 2015 оны 04 дүгээр сар хүртэл хугацааны төлбөрийг шүүхэд хандан нэхэмжилсэн, шүүхээс нийт 869 140 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн байдаг. Уг шийдвэрийг хэрэгт өгсөн. Одоо манай байгууллага 2015 оны 05 дугаар сараас 2019 оны дуустал хугацааны дундын эд хөрөнгийг ашигласны төлбөр зардалд 1 209 700 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 137 905 төгрөг ингээд нийт 1 347 605 төгрөгийг нэхэмжилж байна. СӨХ-ны төлбөрийг нэхэж бид сар бүр орцонд зарлал гаргаж мэдэгддэг. Хариуцагчид бид удаа дараа мэдэгдэл өгч мэдэгдэж байсан. Төлбөрийг төлөхгүй л гэдэг. Сарын төлбөрийг задалж хэлбэл, засвар үйлчилгээ 8 000 төгрөг, гадна цэвэрлэгээ 1 000 төгрөг, жижүүр, үйлчлэгчийн ажлын хөлс 8 660 төгрөг, лифт 6 000 төгрөг, орцны гэрэл 600 төгрөг, бичиг баримтын зардал гээд 150 төгрөг, нийт 24 410 төгрөг болдог. “Я” СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгө ашигласны зардлын тарифыг тогтоодог, 2011, 2017, 2019 онуудад тарифыг өөрчилж тогтоосон, эдгээр хурлын тогтоолуудыг хэрэгт өгсөн. Хариуцагч Ж.П нь тус СӨХ-ны ажлыг муу, ажил хийдэггүй гэж тайлбарладаг ч өөрөө сууц өмчлөгч гишүүнийхээ хувьд нэг удаа ч СӨХ-ны гишүүдийн хуралд суугаагүй, үйл ажиллагаа муу байгаа талаар холбогдох байгууллагад нь гомдол хүсэлт гаргаж байгаагүй. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Хариуцагч Ж.Пүрэвсүрэнгээс шүүхэд гаргасан тайлбартаа: СӨХ нь нэхэмжлэлдээ засвар үйлчилгээний төлбөр болох 2015 оны 05 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал 1 209 700 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнийг үндэсгүй гэж үзэж байна. СӨХ нь 2015 оны 05 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны хооронд манай байр болон орцонд ямар ч засвар хийгээгүй. Засвар үйлчилгээнд зарцуулсан гэх 1 209 700 төгрөг нь ямар засвар үйлчилгээнд зарцуулагдсан нь тодорхой бус, мөнгөнийхөө баримтыг хавсаргаагүй, алданги 137 905 төгрөгийг яаж гаргасан нь тодорхойгүй. Миний бие нь СӨХ-той ямар ч засвар үйлчилгээний гэрээ байгуулаагүй. Мөн СӨХ-нд гишүүнээр элсэх өргөдөл гаргаагүй болно. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-т иргэн хүн нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллагабайгуулах, сайн дураараа эвлэлдэн нээгдэх эрхтэй. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэсэн зүйл заалтууд зөрчигдөж байна. Иргэний хуулийн 143 дугаар дзүйлийн 143.3.-т СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй гэж заасан байна. Иймээс СӨХ-ны нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна...эрүүл мэндийн байдлаас өөрийн биеэр хүрэлцэн очиж чадахгүй байгааг харгалзан үзэн мөн СӨХ-ны нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2020 оны 05 дугаар сард дуусч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Я” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ж.П-д холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 209 700 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 137 905 төгрөг, бүгд 1 347 605 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ж.П дээрх нэхэмжлэлийг үл зөвшөөрч, 2015 оны 05 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны хооронд манай байр болон орцонд ямар ч засвар хийгээгүй, 1 209 700 төгрөгийг ямар засвар үйлчилгээнд зарцуулагдсан талаарх мөнгөнийхөө баримтыг хавсаргаагүй, алданги 137 905 төгрөгийг яаж тооцсон нь тодорхойгүй, СӨХ-той ямар ч засвар үйлчилгээний гэрээ байгуулаагүй гэж тайлбарлан маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
1.Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.2., Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.-т заасны дагуу нэхэмжлэгч “Ялалт” СӨХ нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... дугаар орон сууцны байруудыг харьяалан үйл ажиллагаа явуулдаг болох нь Чингэлтэй дүүргийн Засаг даргаас олгосон 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 47 тоот “Я” Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, СӨХ-ны 2018 оны 04 тоот удирдах зөвлөлийн тогтоол зэрэг баримтуудаар нотлогдсон.
Хэрэгт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, ... дугаар байрны, ....тоот орон сууцны гэрчилгээ авагдаагүй боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Зохигчдын эвлэрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч Ж.П нь дээрх орон сууцны өмчлөгч бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4.-т зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байх бөгөөд хариуцагч Ж.П нь “Я” Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна.
2.Нэхэмжлэгч “Я” СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал төлбөрийг тооцоход баримтлах тарифыг шинэчлэн тогтоосон болох нь тус СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2011 оны 01 тоот, 2017 оны 01 тоот, 2019 оны 01 тоот тогтоолоор нотлогдсон.
Нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд, засвар үйлчилгээний зардал, орцны үйлчлэгчийн хөлс, гадна цэвэрлэгээний үйлчилгээ, цахилгаан шатны үйлчилгээ, орцны гэрэлтүүлгийн үнэ, баримтын үнэ зэргийг тооцсон байх ба үүний дагуу хамгийн сүүлд 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хойш хугацаанд хариуцагч Ж.П-ийн сард төлөх төлбөрийг, засвар үйлчилгээний зардалд 8 000 төгрөг, орцны үйлчлэгчийн хөлсөнд 8 660 төгрөг, гадна цэвэрлэгээний үйлчилгээнд 1 000 төгрөг, цахилгаан шатны үйлчилгээнд 6 000 төгрөг, орцны гэрэлтүүлгийн үнэ 600 төгрөг, баримтын үнэ 150 төгрөг, бүгд 24 410 төгрөгөөр, 2017 оны 11 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд сард 22 410 төгрөгөөр, 2017 оны 03 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд сард 23 410 төгрөгөөр, 2015 оны 05 дугаар сараас 2017 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд сард 19 080 төгрөгөөр тус тус тооцжээ.
Хариуцагч Ж.П нь 2015 оны 05 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал төлбөрт 1 209 700 төгрөгийг төлөөгүй хуульд заасан үүргээ зөрчсөн болох нь “Төрийн банк” ХХК-ийн теллерийн тэмдэг бүхий төлбөрийн гүйлгээний баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон.
3.Нэхэмжлэгч “Я ” СӨХ нь 2015 оны 05 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар дуустал хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгө ашигласны болон засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд бүгд 1 209 700 төгрөгийг нэхэмжилсэн боловч тэрээр 2015 оны 05 дугаар сараас 2017 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны төлбөрийг хариуцагчаас нэхэж шаардаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил...” гэж, 75.2.3.-д “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдсон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил...” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь дээрх хугацааны төлбөр буюу 392 680 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд энэ хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
4.Нэхэмжлэгч нь хариуцагчаас хуульд заасан үүргээ биелүүлээгүй 57 сараар хугацааг хэтрүүлсэн гэж үзэн 0,2 хувиар алданги тооцон 137 905 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж, 232.6.-д “ Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан бөгөөд зохигчид дээрх хуулийн заалтын дагуу гэрээний хугацааг хэтрүүлсэн нөхцөлд хариуцлага болгож алданги тооцохоор тохиролцсон гэрээг бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги нэхэмжлэх эрхгүй болно.
5.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.-д “Сууц өмчлөгч нь…дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө” гэсэн, 148 дугаар зүйлийн 148.2.3.-т “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох…” гэж тус тус заасны дагуу хариуцагч Ж.П нь 2017 оны 02 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал төлбөрт нийт 817 020 төгрөгийг “Я” СӨХ-нд төлөх үүрэгтэй ба хариуцагчийн нэхэмжлэлийг татгалзсан тайлбар, татгалзал нь үндэслэлгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн “Я” СӨХ-нд хариуцагчаас 817 020 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 512 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 24 158 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.П-ийн мэтгэлцэх болон өмгөөлүүлэх эрхийг ханган шүүх хуралдааныг 4 удаа хойшлуулсан, улмаар 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 08.30 цагт зарлагдсан шүүх хуралдааны товыг 2020 оны 05 дугаар сарын 01-нд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.-д зааснаар шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагч тал шүүхэд өөрийн биеэр очих боломжгүй, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн, түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхээр тус шүүхийн шүүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4901 дугаар захирамжаар шийдвэрлэснийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1., 148 дугаар зүйлийн 148.2.3.-т зааснаар хариуцагч Ж.П-ээс 817 020 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Я” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс 530 585 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 512 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 24 158 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА