| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0175/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/182 |
| Огноо | 2023-08-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анхбаяр |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа
Улсын яллагч Г.Анхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ
Шүүгдэгч Ч.*********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч-ийн Н ид холбогдох эрүүгийн 2339000000286 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ч.*********** нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны шөнө 22 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг “Хэрлэн” хорооллын орчимд насанд хүрээгүй хохирогч Б.*********** ыг “найз охин М.*********** г доромжиллоо” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж түүний биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.*********** нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч Б овогт Ч-ийн Н нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны шөнө 22 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг “Хэрлэн” хорооллын орчимд насанд хүрээгүй хохирогч Б.*********** ыг “найз охин М.*********** г доромжиллоо” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж түүний биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Ч.*********** ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн хэрэг болдог өдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 15-ны орой би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хорооллын тэнд өөрийн найз охин *********** г өмөөрч тэнд байсан *********** гэдэг нэртэй эрэгтэй хүүхдийг 2 удаа алгадсан. Тэр үед *********** гэдэг хүүхэдтэй цуг явж байсан хүүхдүүд нийлээд манай найз охиныг элдвээр хэлж доромжилсон байсан. Тэгэхээр нь би очоод нэг хүүхдийг нь барьж аваад 2 удаа алгадчихсан юм. Би гэм буруугаа хүлээж байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 50-51),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн насанд хүрээгүй хохирогч Б.*********** ын: “...Би 2023 оны 06 дугаар сарын 15-ны орой 22 цагийн орчимд *********** , *********** хоёртой байрныхаа тоглоомын талбай дээр юм яриад сандал дээр хэвтэж байтал танихгүй хүмүүс ирээд нэг эрэгтэй нь шууд юу ч хэлэлгүй миний толгойны баруун тал руу алгадсан. Тэгэхээр нь би гайхаад босоод суусан чинь дахиад миний толгойны ар хэсэг рүү нэлээн хэдэн удаа алгадсан (яг хэдэн удаа алгадсаныг нь би сайн санахгүй байна гэх). Тэгээд бас нэг эрэгтэй нь манай найз *********** ийг газар унагаагаад гарыг нь хөлөөрөө дэвсээд байсан. Тэгээд тэр хэдэн хүмүүс машинд суугаад яваад өгсөн. ...Намайг алгадаж байхад мөн доромжилсон гэж хэлсэн. Нэг танихгүй эгч хажуугаас наад хэд чинь намайг доромжилсон гэж хэлсэн. ...Би тухайн хүмүүсийг өмнө нь болон тэр үед ч сайн харж чадаагүй ....” гэх мэдүүлэг (хх-ийн 6-7),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч М.*********** н “...Би Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр баг 3-02 тоотод эцэг, эх, хоёр дүүгийн хамтаар амьдардаг юм. 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр би сумаас 12 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн 40-35 улсын дугаартай авто машинаар төрсөн дүү, *********** , үеэл дүү *********** нарын хамт гараад аймгийн төв рүү хөдөлсөн юм. 16 цаг өнгөрч байхад аймгийн төвд очоод би шүдний эмнэлэг орж шүдээ эмчлүүлчхээд тэндээс гараад төрсөн дүү *********** гийн найз залуу болох *********** , нутгийн дүү *********** , үеэл дүү *********** нартай уулзаад байж байгаад 23 цаг өнгөрч байхад Хэрлэн сумын 4 дүгээр багт байх Хэрлэн хорооллын тоглоомын талбай дээр дүү охин *********** г буулгачихаад дэлгүүр орох гээд байж байтал манай дүү *********** миний утас руу залгаад *********** той яриад уйлаад намайг энд 3 банди гичий, янхан гээд байна гээд уйлаад байсан юм. Тэгтэл *********** , *********** , *********** нар миний машинаас буугаад нөгөө 3 хүүхэд дээр очтол 2 хүүхэд шууд гэр лүүгээ зугтаагаад яваад өгсөн юм. Нэг хүүхэд тэнд үлдсэн байхаар нь *********** очоод өшиглөсөн чинь нөгөө хүүхэд зодолдох гээд гараа урдаа бариад байхаар нь *********** 2 удаа алгадаад “хэн тэгж хэлсэн юм” гэж асуутал нөгөө хүүхэд “би хэлсэн юм” гэж хэлээд уучлалт гуйгаад, тэгээд бид нар яваад өгсөн. ...*********** оос өөр хүн цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-15)
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч М.*********** гийн “...Жүрж нэртэй дэлгүүр орох гээд явж байтал тоглоомын талбайн дээр байсан 3 хүүхэд намайг “энэ яг янхан явж байна шүү дээ” гэхээр би арагшаа хараад “юу гэнээ” гэтэл тухайн 3 хүүхэд юу ч хэлээгүй юм. Тэгээд би төрсөн ах М.*********** руу залгасан чинь манай найз залуу *********** утсыг нь авахаар нь “энд гурван хүүхэд намайг янхан явж байна гээд хэл амаар доромжлоод байна” гэж хэлтэл удалгүй манай найз залуу *********** , Нарка, Төмөрөө нар ирээд хэвтэж байсан 1 хүүхдийг нь *********** 2 удаа алгадсан. Нөгөө хоёр хүүхэд цаашаа зугтаагаад явсан. Нэг хүүхэд нь гүйж байгаад замдаа унаж байгаа харагдсан. *********** тэнд хэвтэж байсан хүүхдийг “чи эмэгтэй хүүхдийг ингэж хэлж болохгүй” гэж хэлчихээд бид нар цаашаа явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-17)
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 343 дугаартай “...Б.*********** ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг болон олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт (хх-ийн 26-27)
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*********** гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт (хх-ийн 2)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 32)
Ч.*********** ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 34)
Хэнтий аймаг, Хэрлэн сумын Хэрлэн багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 36)
Насанд хүрээгүй хохирогч Б.*********** ын хууль ёсны төлөөлөгч А.*********** гийн Хэнтий аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 57)
Шүүгдэгч Ч.*********** ийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 58) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Ч.*********** ийн үйлдлийн улмаас хохирогч Б.*********** ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Ч.*********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч Ч.*********** нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.*********** ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.*********** , түүний хууль ёсны төлөөлөгч А.*********** нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ч.*********** ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Ч.*********** ид прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ч.*********** нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Ч-ийн Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*********** ид 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*********** ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ч.*********** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч Б.*********** ын хууль ёсны төлөөлөгч А.*********** нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.*********** ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ХОСБАЯР