| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0174/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/183 |
| Огноо | 2023-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Наранчимэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/183
2023 08 22 2023/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа
Улсын яллагч З.Наранчимэг
Шүүгдэгч Д.****** нарыг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Д-ын Г холбогдох эрүүгийн 2339003250296 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.****** нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 20.00 цагийн орчимд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Хашаат” гэх газар нутаглах гэртээ хохирогч Г.******* г “малын хулгайд сэрдлээ” гэж уурлаж түүний нүүрэн тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөж, улмаар Г.******* гийн биед доод уруулын дотор салстад шарх бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.****** нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч А овогт Д-ын Г нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны орой 20 цагийн орчимд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хашаат” гэх газар байх гэртээ хохирогч Г.******* г “малын хулгайд сэрдлээ” гэж уурлаж түүний нүүрэн тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөж, улмаар Г.******* гийн эрүүл мэндэд доод уруулын дотор салстад шарх бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Д.****** ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ... 2023 оны 07 дугаар сарын 13-ны орой намайг гэртээ буюу Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Хашаат” гэх газарт байхад манай тэнд цуг нутагладаг ******* ах ганцаараа бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тэгээд 2022 онд алга болсон үхрүүдээ яриад намайг хулгайд сэрдээд манай гэрийн баруун талын орон дээр суугаад байхаар нь би босож очоод “та одоо юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд баруун мөрөн дээрээс нь бариад гар гэж хэлээд татахад доошоо тонгойхдоо миний өвдгөнд уруулаа цохичихсон юм. Тухайн үед ******* ахын уруулаас цус гараад л байсан. Тэгээд өөрөө гараад явчихсан. Би ******* ахын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...би хохирогчид эмчилгээний мөнгө гэж 200,000 мянган төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 48),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Г.******* гийн “...Тухайн хэрэг болдог өдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 13-ны орой би 19 цагийн орчимд саахалт айл Гомбожавынд очсон. Тэгээд Гомбожав бид хоёр манай алга болсон үхрүүдээс болж маргалдаад байж байтал гэнэт Гомбожав нь миний нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн юм. Тэгээд би тэдний гэрээс гараад явсан. Тухайн үед миний уруул хэсгээс цус гараад байхаар нь би тэр оройдоо Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг рүү очиж уруулдаа 3 ширхэг оёдол тавиулсан. Одоо энэ хэрэгтэй холбоотойгоор надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 9),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 348 дугаартай “...Г.******* гийн биед доод уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 28-29), яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 30) болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Д.****** ын үйлдлийн улмаас хохирогч Г.******* гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Д.****** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний
улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч Д.****** нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.******* гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.****** ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.****** т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.****** нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Т.****** нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А овогт Д-ын Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.****** т 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.****** ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.****** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.****** т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ХОСБАЯР