Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 01

 

Ц.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

              Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

        Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.О-д холбогдох эрүүгийн 1935002730159 дугаартай, 2 хавтас хэргийг шүүгдэгч Ц.О-ын гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ц.О, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө нар оролцов.

         Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Увс аймаг Улаангом суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү, охины хамт Увс аймаг Улаангом сумын 7 дугаар баг 19-01 тоотод оршин суух, урьд Увс аймгийн сум дундын шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар 2 жилийн ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, мөн Увс аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 76 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, мөн шүүхийн 1997 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 162 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сар 19 хоног, нийт 1 жил 6 сар 19 хоногийн хорих ялаар шийтгэсэн, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, төрөөс авсан гавьяа шагналгүй, Тугчин ургийн овогтой Ц.О

Шүүгдэгч Ц.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Наранбуянт” хийдийн урд талын засмал замын эсрэг талд 2019 оны 7 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө иргэн Ц.Б-ийн эд хөрөнгө болох 285.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Галакси нөүт 5 загварын гар утас, 200.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн. Мөн дээрэмдэх явцдаа хохирогчид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тугчин ургийн овогтой Ц.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хйилгэх ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцон 90 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жил 6 /зургаа/ сар ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 9 сар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ц.О давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.О би үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, учруулсан хохиролыг арилгасан цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхаа бүрэн ухамсарласан. Миний охин 3 настай, ээж нь орхиод явсан, миний өөрийн төрсөн ээж 67 настай Ц-ийн асрамжинд үлдсэн. Намайг хоригдож байх хугацаанд ээжийн бие муудвал охин А-ийг анхааран халамжлах хүнгүй болох тул эцэг хүний хувьд санаа зовж байна. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор санал, дүгнэлтдээ: “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.О гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, мөн анхан шатны шүүх нь хэрэгт үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Шүүгдэгч Ц.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, мөн хохирлыг нөхөн төлсөн. Гэм хороо арилгасан учир анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэж байх явцад шүүгдэгч Ц.Оюунбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдээгүй гэсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Ц.О-ыг гэмт буруутайд тооцож 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан болох нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө гаргасан тайлбартаа:”Шүүгдэгч Ц.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Ц.О нь үйлдсэн гэмт хэргийнхээ хор уршгийг ухаарч дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэдгээ илэрхийлж байгаа, ар гэрийн нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд оногдуулсан анхан шатны шүүхийн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт оногдуулсан 720 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялыг хуульд зааснаар багасгаж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Ц.О-ын давж заалдсан гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Ц.О нь согтуугаар, 2019 оны 7 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Наран буянт” хийдийн урд талын засмал замын эсрэг талд хохирогч Ц.Б-ийн 200.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси нөүт 5 загварын гар утас, 200.000 төгрөгийг тус тус хүч хэрэглэн дээрэмдсэн, эд зүйлийг дээрэмдэх явцдаа хохирогчийг хавирч унаган, эрүүл мэндэд нь “зүүн хөлийн шилбэний 2 яс хугарсан зөрөөтэй, тэр хэсэгт зөөлөн эдийн цус хуралт, баруун нүдний зовхи хар хөхөрсөн, баруун өвдөгний орчим зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон  талаар хийсэн анхан шатны дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хохирогч Ц.Б нь “...намхан залуу надад 40.000 төгрөг өгчих гэж хэлэхээр нь би надад мөнгө байхгүй гэж хэлэхэд тэр “ чамд байгаа ш дээ” гэж хэлээд намайг боож унагаагаад ноцолдоод эхэлсэн. Өндөр залуу нь “боль, боль” гэж хэлээд ойртоход намхан залуу нь намайг хавираад унагаасан. Би тухайн үед тэр залууд  “миний хөл хугарчихлаа” гэж хэлэхэд миний гутлыг тайлж гар утас аваад, мөн  өмдний карманаас мөнгө аваад явчихсан. Намхан залуу надтай ноцолдож, миний хоолойг багалзуурдаад, би амь тэмцээд бархирахад өндөр залуу нь “ чи хүн аллаа шүү дээ” гээд намхан залууг татаж байсан. Би зам руу мөлхөж гараад нөгөө хүёр залууг харах гэсэн боловч түрүүлээд яваад өгсөн. Тухайн үед шөнийн 03 цаг өнгөрч байсан байх гэж би бодож байна, үүр хаяарч байсан. Би 05 цагийн үед замаар явж байсан эмэгтэйг гуйж утсаар нь эгчтэйгээ ярьж, дуудсан.Би 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр АТМ-ээс 200.000 төгрөг авсан, өөрт байсан мөнгө нийлээд 320.000 орчим төгрөг болсон.Тэгээд 110.000 төгрөгөөр автобусны билет бичүүлээд үлдэгдэл 200.000 орчим төгрөг нь надад өөрт байсан, миний зүүн талын хөл рүү хавирч өшиглөсөн Ц.О гэгч нь намайг миний цамцны захаар хоёр удаа боож унагасан, би эсэргүүцэл үзүүлэхэд миний зүүн талын хөл рүү 1 удаа хавирч өшиглөөд унагачихсан. Тухайн үйлдлээс болоод миний зүүн талын хөл шилбэ хэсгээр 2 удаа хугарсан, мөн барьцалдаж маргалдаж байхад миний баруун талын нүд рүү цохьчихсон юм шиг байна лээ хөхөрчихсөн байсан. Намайг хавирч өшиглөж унагахад би хөл хугарсан болохыг мэдсэн бөгөөд хөл хугарчихсан талаар Оюунбат, Эрхэмбаяр нарт хэлэхэд Эрхэмбаяр нь Оюунбат гэгчийг дагуулаад явчихсан “ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч Ц.Ц-ийн “...эмнэлэгт очиход эмнэлгийн гадна автомашин дотор Б  “ёо ёо” гээд зовуурилсан байдалтай байсан. Би Ц.Б-той ярилцахад хадам ахын гэр лүү явах гэж байхад хоёр залуу таарсан, таараад архи аваад өг гэхээр нь 20.000 төгрөг өгсөн. 20.000 төгрөг өгөхөд түүгээр 1 том пиво авч уусан бөгөөд дахиад надаас мөнгө нэхсэн. Тэгээд надтай маргалдаад надтай зууралдаж байгаад миний хөл рүү өшиглөөд хугалчихсан. Хөл хугарчихлаа гэж хэлэхэд тэр залуу тоохгүй цаашаа явчихсан гэж хэлсэн. Би тухайн үед өөрийн төрсөн дүү Ц.Б-ийг харахад баруун талын нүдний хэсгээр хөхөрч хавдсан, зүүн талын хөлний шилбэ хавдаж хөхөрсөн байсан. Ц.Б-ийг эмнэлэгт хэвтүүлж хагалгаа хийлгэхэд зүүн талын хөлний шилбэ хэсгээр 2 удаагийн хугаралтай байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64, 65-66-р тал/,

гэрч Д.Х-ийн : ....Тэгээд өглөө 05 цаг 11 минутанд 94618952 дугаараас миний  80636768 дугаарын утсанд дуудлага ирсэн ба Б ярьж байсан. Б “ би хүнээр зодуулаад хөл хугарчихлаа, намайг ирж аваач, би Намир гэдэг дэлгүүрийн урд зам дээр байна” гэж хэлэхээр нь би өөрийн аав Д-ийн хамт машинтай ирэхэд Бямбадорж урд зүгт харчихсан, хөл нь жийлттэй сууж байсан. Би юу болсон талаар асуухад “ хүн мөнгө өг гэж нэхээд, миний хоолой боож унагаагаад хөл хугалчихлаа. Миний карманд байсан мөнгө, гутлын түрийнд байсан гар утас аваад явчихлаа” гэж хэлж байсан. Зүүн хөл нь ерөөсөө гишгэж чадахгүй өвдөөд орилоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68, 70-71-р тал/,

гэрч З.Б-ын “...О нь манай эхнэрийн эгчийн нөхөр бөгөөд бид базууд юм. Тэр 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 18-19 цагийн үед архи уучихсан халамцуу манайд ирээд манайд байсан өөрийн охин М-д хар хөх өнгийн,  “NOTE 5” загварын гар утас өгчөөд гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р тал/,

гэрч  Б.Э-ын  “...тэгээд байж байхад О нөгөө залуугаас 40.000 төгрөг нэхэхэд нөгөө залуу нь би чамд архины мөнгө өгсөн биз дээ гэж хэлээд тэд зодолдоод газар унасан. Б дахин босож ирээгүй, бөгсөөрөө газарт суучихсан, О зогсчихсон хоолойг нь боогоод 40.000 төгрөг нэхээд байсан. Би О-ыг “Чи хүн аллаа, одоо боль” гэж хэлээд салгаад түлхээд аваад явахад нөгөө залуу газарт суучихсан босохгүй “Хөөе хөөе” гээд дуудаад үлдсэн. Би О тэр залуугийн халааснаас мөнгө, түрийнээс нь гар утас авч байхад хажууд нь байгаагүй тул хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75, 76-77-р тал/,

гэрч Ц.Х-ийн “...2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр өглөө ойролцоогоор 05 цаг 30 минутын үед манай хамаатны Ганчимэг гэх эгч миний гар утас руу залгаад Б-ийн хөл хугарчихсан байна. Галын 4 замаас доош яваад 24 цагийн халуун усны хажууд хүрээд ир гэж хэлсэн Би босоод хувцасаа өмсөөд аавын саарал өнгийн поробокс загварын автомашинтай Галын 4 замаар доош яваад 24 цагийн халуун усны газрын урд талд очиход Ц Б нь Д ахын приус автомашин дотор хөлөө барьчихсан сууж байсан. Тухайн үед Ц.Б ах хоёр хөл гуталгүй, баруун талын нүд нь хавдчихсан, хоолойны арьс нь зулгарчихсан байсан. Тухайн автомашины дугуй хагарчихсан байсан бөгөөд бид нар Ц.Б ахыг манай машинд суулгаад бариачийн гэр рүү явсан. Ц.Б-оос болсон асуудлын талаар асуухад тэр “ шөнө явж байтал хоёр залуу таарсан,  20.000 төгрөг өгөөд 1 ширхэг пиво авч уусан, тэгээд тэр хоёр залуугийн намхан нь өөрийгөө Батаа гэж танилцуулсан. Тэр надаас 40.000 төгрөг нэхсэн, би түүнд яагаад зүгээр байж байгаад хүнд мөнгө өгдөг юм гээд маргалдахад Батаа гэгч нь зодож эхэлсэн, тэр үед өндөр залуу нь “боль” гэж хэлэхэд Б гэгч нь миний зүүн хөл рүү хавирч унагасан. Тэр үед хөл хугарчихсан. Түүний дараа гутлын түрийнээс унасан гар утас, өмдний халаасанд байсан мөнгийг Б гэгч залуу аваад тэд нар явчихсан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 84-85-р тал/ болон

хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Увс аймгийн Шүүхийн шинжилгээний  албаны шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 509 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хохирогч Ц.Б-ийн өвчний түүх зэргээр давхар нотлогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй,  шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан ба хохирогч Ц.Б-ийн биед учирсан хүндэвтэр зэргийн гэмтэл нь шүүгдэгч Ц.О-ын хохирогчийг хавирч унагасан гэм буруутай үйлдэлтэй шууд холбоотой байна.

Эдгээр байдлыг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.О-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн”, “ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ц.О-ын  “шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү “ гэх гомдлын үндэслэлийг хянаж үзэхэд :

Анхан шатны шүүх  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцон 90 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жил 6 сар ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 9 сар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх Ц.О-д ял оногдуулахдаа хуулийг буруу хэрэглээгүй боловч давж заалдах шатны шүүхээс дараах нөхцөл байдлыг харгалзан Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг багасгах, мөн Ц.Оюунбатад оногдуулсан хорих ял, нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун   хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр хуульчилсан байна. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэх дүгнэлт хийсэн мөртлөө Ц.О-д  тухайн зүйл, хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан.

Ингэхдээ яагаад тухайн ялын хамгийн дээд хэмжээ буюу 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах болсон үндэслэлээ дүгнээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”  гэх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Давж заалдах шатны шүүхээс Ц.О-ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа арилгасан байдал, бага насны хүүхэдтэйгээ амьдардаг, хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, түүнчлэн Ц.О-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулахаар хуульчлаагүй, эрүүгийн хариуцлага тохирсон байх зарчим зэргийг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлэн өөр гэмт хэрэгт оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн эдлүүлэх нь зохимжгүй гэж үзэн оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Иймд Ц.О-ын “шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.О-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу  2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 1 дүгээр  сарын 6-ны өдөр  хүртэл цагдан хоригдсон нийт 66 хоногийг эдлэх  ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолын 2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял“ гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял“ гэж, тогтоолын 3 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцон 90 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жил 6 сар ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 9 сар хорих ялаар тогтоосугай” гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ял, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй” гэж, тогтоолын 4 дүгээр заалтын “1 жил 9 сар “ гэснийг “1 жил 6 сар “ гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч  Ц.О-ын  2019 оны 11 дүгээр сарын 1-ний  өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 66 хоногийг  түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.