Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
Хэргийн индекс | 111/2022/0006/З |
Дугаар | 111/ШШ2022/0005 |
Огноо | 2022-02-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 111/ШШ2022/0005
Хариуцагч гомдлын шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг би, Ш.Энэбишээс Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргалд холбогдуулан “Ажилд томилсон тушаалыг нөхөн гаргуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Энэбиш шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт 1998 оны 10 дугаар сард жолоочоор ажилд орж байсан бөгөөд тухайн үедээ ажилд томилогдсон тушаал гарсан гэж ойлгож байсан.
Гэтэл 2021 оны 12 сард өөрийн ажилд томилогдсон тушаал хэрэг болж байгууллагын болон төрийн архиваас шүүлгэж үзэхэд намайг ажилд томилсон тушаал гараагүй байгаа юм.
Ажилд орсон тушаал байгууллагын архив, төрийн архиваас гараагүй байх тул ажилд томилогдсон тушаалыг нөхөн гаргаж өгнө үү гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад хүсэлт өгөхөд нөхөн тушаал гаргах хууль зүйн үндэслэл байхгүй байх тул шүүхэд хандах боломжтой талаар хариу өгсөн юм.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т ..., хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй гэсэн заалт зөрчигдөж ажилд томилогдсон тушаал байхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т “..., захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж заасны дагуу миний зөрчигдсөн эрхийг сэргээж, ажилд томилогдсон тушаалыг нөхөн гаргаж өгөхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж өгнө үү...” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Энхжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Аймгийн Засаг даргын Тамгын газрын жолооч Ш.Энэбишээс Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гарсан нэхэмжлэлтэй танилцлаа.
Ш.Энэбиш нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт 1998 оны 10 дугаар сард жолоочоор ажилд орсон бөгөөд ажилд томилсон тушаал архивд байхгүй тул шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд нөхөн тушаал гаргах боломжтой, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна...”гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ш.Энэбишээс Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргалд холбогдуулан “Ажилд томилсон тушаалыг нөхөн гаргуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Д.Энхжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ажилд томилсон тушаалыг нөхөн гаргах боломжтой...” гэсэн тайлбарыг бичгээр ирүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Ш.Энэбишээс Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргалд холбогдуулан “Ажилд томилсон тушаалыг нөхөн гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.
ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ