Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2025/0784

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.У-н нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгч

Нэхэмжлэгч: Г.У

Хариуцагч: Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоо

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 671 дүгээр  шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2025/0335/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Уээс Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан  “ ... Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 00095*** дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 671 дүгээр  шийдвэрээр: “Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.У-н нэхэмжлэлтэй, Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 00095*** дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шаины шүүхийн шүүгчийн “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдаан товлон зарлах тухай” 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШЗ2025/4226 дугаар захирамжаар Г.У миний “Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаар тогтоолын хавсралт гэх “Орон сууц, нийтийн аж ахуйн 7-р контур” гэсэн хүснэгтийн 14 дэх мөрний мэдээллийг хүчингүй болгуулах тухай” нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татшалзсныг би эс зөвшөөрч гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэхдээ дээрхийн нэгэн адил Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2024/02650 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/Ма2024/01463 дугаар магадлалыг хуулийн хүчин төгөлдөр болсон талаар дурдаж байсан болохоор миний бие 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр анхан шатны шүүхэд хандан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/02650 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01463 дугаар магадлалтай иргэний хэргийн материалд захиргааны хэргийн шүүхээс үзлэг хийж:

1. Нэхэмжлэгч Г.У мэдэж байсныг нотлох Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаар тогтоол уг хавтаст хэрэг байсан эсэхийг тогтоох,

2. Нэхэмжлэгч Г.У захиргааны хэргийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тогтоол, түүний хавсралт гэх "Орон сууц, нийтийн аж ахуйн 7-р контор" гэсэн хүснэгт дээрх хавтаст хэрэг байсан эсэхийг тогтоох
ажиллагааг хийж үзлэгийн тэмлэглэлийг хэрэгт хавсаргуулахаар хүсэлт гаргсан юм.

Учир нь энэ талаарх баримт хэрэгт байхгүй болохоор анхан шатны шүүх төдийгүй магадгүй давж заалдах шатны шүүх ч ийм дүгнэлтэнд хүрсэн байх талтайг үгүйсгэх аргагүй нөхцөл байдал харагдаад байсан юм. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШЗ2025/6291 дүгээр захирамжаараа миний хүсэлтэд дурдсан баримтууд, түүнтэй холбоотой үйл баримтуудыг "... хавтаст хэрэгт байсан эсэх нь нотлогооны ач холбогдолгүй, уг захиргааны хэргийн маргаж буй үйл баримтад зайлшгүй шаардлагатай нотлох баримт гэж үзэхээргүй байна" ("үзэхээр" биш "үзэхээргүй" гэж байгаа нь ч энэ дүгнэлтэндээ итгэл муутай байсныг харуулж байна) гэж дүгнэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь эцэстээ өнөөдөр ийм үндэслэл муутай шийдвэр гарахад нөлөөлсөн гэж харж байна.

Хэрэв миний хүсэлтийг хангах төдийгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үүргээ шүүхээс биелүүлж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/12024/02650 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01463 дугаар магадлалтай иргэний хэргийн материалд захиргааны хэргийн шүүхээс үзлэг хийсэн бол нэхэмжлэгч Г.У би:

1. Хамгийн нэгдүгээрт Г.У би өөрийн гараар орон сууц хувьчлах өргөдлийг өөрийн гараар гаргасан байна?, эсхүл өөр гуравдагч этгээд гаргасан байна уу?

2. Хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх иргэдийн нэрийг Г.У би өөрөө заасан байна уу?, эсхүл өөр гуравдагч этгээд заасан байна уу?

3. Энэ хамтран өмчлөгчөөр заасан этгээдүүд нь Орон сууц хувьчлах тухай хуульд заасан шаардлагыг хангасан байсан байна вэ?

4. Орон сууц хувьчлах товчооны гишүүдийн хурлын тэмдэглэл иргэний хэргийн материалд байсан байна уу?

5. Тэр тэмдэглэл нь 1997 оны хэдэн сарын, хэдний өдөр үйлдэгдэж вэ?,

6. Түүгээр маргаан бүхий орон сууцыг хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг хэлэлцсэн талаар тусгагдаж уу?

7. Энэ хурлын тэмдэглэлээр 1997 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаар тогтоол гэсэн захиргааны акт гарч байж уу?

8. Энэ нь 10 дугаар тогтоол нь 1997 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөр огноологдсон хэлбэрээр болон түүний хавсралт гэх зүйл нь Иргэний хэргийн хавтас хэргийн материал байсан байна уу? гэх мэтийн асуултуудад хариулт гарч ирэх байсан бөгөөд энэ бүхэнд үндэслэж шүүх дүгнэлтээ хийж, шийдвэрээ гаргавал тэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадах байсан гэж үзэж байна.

Үнэхээр хүлээн зөвшөөрөх ямар ч хууль зүйн боломжгүй нэг асуудал бол анхан шатны шүүх дээрх асуултуудад бүрэн гүйцэд хариулт олж чадаагүй байж шийдвэр гаргаад зогсохгүй Орон сууц хувьлах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Өмчлөх эрхийн гэрчилгээ"-г "Сууц хувьчлах тухай шийдвэр"-ийг үндэслэн олгохдоо, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар "орон сууц хувьчлах тухай шийдвэрийн он, сар, өдөр, дугаар, сууцны үнэлгээ"-г өмчлөх эрхийн гэрчилгээнд "заавал" тусгах шаардлагуудыг үл хэрэгсэн "... 00095*** дугаартай Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ 1997 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөр огноологдсон техникийн алдааны шинжтэй, Орон сууц хувьчлах товчооны шийдвэрээс түрүүлж гарсан гэх үндэслэлгүй ..." гэж дүгнэсэн явдал бөгөөд гайхаад барахааргүй үйлдэл боллоо.

Миний уншиж мэдсэн, дуулж сонссноор бол хуулийн үг, үсэг, зохицуулалт өдрөөр бүү хэл цаг, минуутаар хэмжигдэг түүнийг дагаж мөрдөх эсэх нь тодорхойлогддог байтал шүүх ийм асуудлыг "техникийн шинжтэй" алдаа гээд зогсож байгааг ердөө ч ойлгохгүй байна. Тэр тусмаа эрүүгийн хуулийн зохицуулалт, захиргааны актын зохицуулалтанд дээрх зарчим яг таг нийцэж байх ёстой атал шүүхийн ийм хандлага хуулиас гадуур жишиг тогтоох суурь дэвсгэр болох ёсгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШШ2025/0671 дугаар шийдвэрийг хүчингүй болгож үйгүй ядаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой нотлох баримтыг бүрдүүлж байж дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

             2. Нэхэмжлэгч Г.Уээс “Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 00095*** дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... гэрчилгээ 09 дүгээр сарын 05-ны өдөр гарсан байхад 1997 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шийдвэр гарсан байх боломжгүй, ... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан илт хууль бус захиргааны акт, Гэрчилгээ 4 хүний нэр дээр бүртгэгдсэн, бодит байдалд хэний нэр дээр байх ёстой байсан гэдгийг шалгаж тогтоох ёстой байсан, ... Тухайн үед бие даасан, ганц бие, орон сууцны 7 дугаар контортой гэрээ байгуулсан байсан ” гэж тайлбарлан маргажээ.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж Г.У-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

4. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

            4.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх 1983 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 83166 дугаар Орон сууц эзэмших эрхийн бичгээр[1] 3 дугаар хороолол, 12 дугаар байрны 01 дүгээр орцны 2** тоотод байршилтай 2 өрөө орон сууцыг Л.А-д эзэмшүүлж, ОСА-ын 7 дугаар контортой гэрээ байгуулахыг зөвшөөрсөн байна. Харин Л.А-аас 1996 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Орон сууцны хэлтэст “... Г овогтой У-т уг байрыг албан ёсоор эзэмшүүлж өгнө үү ...” гэх өргөдлийг[2] гаргаж, 970088 дугаар эрхийн бичгээр тус байрыг 1997 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Г.Ут эзэмшүүлж, ОСА-ын 7 дугаар контортой гэрээ байгуулахыг зөвшөөрсөн[3] байна.

            4.2. Харин нэхэмжлэгч Г.Уээс тус маргаан бүхий орон сууцыг хувьчлахаар 1997 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоонд өргөдөл[4] гаргасан байх бөгөөд тус өргөдөлд хамтран эзэмших эрхтэй гишүүдээр Г.А, Н.Г, Г.Ц нар бичигдсэн, мөн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын Хотын орон сууц хувьчлах товчоонд гаргасан тодорхойлолт[5] -д “Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 3 дугаар хороолол, 1*-2* дугаар тоотод оршин суугч Г.У нь ам бүл 4” болохыг тодорхойлсон байна.

            4.3. Мөн Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 00095*** дүгээр гэрчилгээнд[6] тэмдэглэсэн, тус товчооны 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаар тогтоолыг үндэслэн маргаан бүхий орон сууцыг Г.Ут хувьчилсан, хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээр Г.А, Н.Г, Г.Ц нар тусгагдсан байна.

            Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тогтоолоор[7] “Орон сууцаа хувьчлан авахаар өргөдөл гаргасан сууц эзэмшигчдэд орон сууцаа өмчлөх эрхийн гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд “ орон сууц нийтийн аж ахуйн 7-р контор” гэсэн хавсралтын  14-т[8] “Г.У ам бүлийн тоо 4” гэж тэмдэглэгдсэн, уг хавсралттай нэхэмжлэгч маргаагүй байна.

            4.4. Харин 2000 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Н.Г нас барснаар нэхэмжлэгч Г.Ут 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгогдож, Г.У нь 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Г.А, Г.Ц нартай тус тусад нь орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл хийж, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлд мэдүүлэг гаргаж, уг орон сууцны өмчлөгчөөр Г.Уийг бүртгэж, өмчлөх эрхийн 0055047 дугаартай гэрчилгээг 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдөр олгосон байна.

4.5. Улмаар Г.А, Г.Ц нараас Г.Ут холбогдуулан “Баянгол дүүргийн 14 хороо, 12 дугаар байрны 2** тоотод байршилтай орон сууцны хамтран өмчлөгчөөс Г.А, Г.Ц нарыг хассан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, холбогдох бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны 4678 дугаар шийдвэрээр[9] “... Г.У болон Г.Ц нарын орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Г.Цг хассан бүртгэлийг хүчингүй болгож, дахин бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 405 дугаар магадлалаар[10] анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

4.6. Түүнчлэн нэхэмжлэгч Г.Уээс  иргэний хэргийн шүүхэд хандаж “Орон сууцны дангаар шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Г.Ц, Г.А нарт холбогдуулан гаргасан байх бөгөөд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2650 дугаар шийдвэрээр[11] нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1463 дугаар магадлалаар[12] хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд хэргийн оролцогчид эдгээрийг үгүйсгэж маргаагүй байна.

4.7. Орон сууц хувьчлах тухай хуулийн 16дүгээр зүйлийн 1-т “Сууц хувьчлан авах тухай өргөдлийг дор дурдсан этгээд гаргаж болно:” 1.1-т “сууц эзэмших эрхийн бичиг /ордер/ эзэмшигч”,  2-д “Сууц хувьчлан авах тухай өргөдлийг орон сууц хувьчлах товчоонд гаргана”, 3-д “Өргөдөлд сууц /өрөө/ эзэмшигчийн овог, нэр, ажлын ба гэрийн хаяг, эрхэлсэн ажил, албан тушаал, иргэний паспортын болон регистрийн дугаар, орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ний дугаар, олгосон байгууллага, он, сар өдөр, ам бүлийн тоо, гэр бүлийн гишүүдийн овог нэр, төрсөн он, сар, өдөр, иргэний паспортын болон регистрийн дугаар, насанд хүрээгүй хүмүүсийн төрсний гэрчилгээний дугаар, эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах тухай хүсэлтээ бичиж өргөдөл гаргагч гарын үсгээ зурж, он сар, өдрөө бичнэ”, 17 дугаар зүйлийн 1-д “Орон сууц хувьчлах товчоо сууц эзэмшигчийн өргөдлийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор тухайн сууцыг хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг хянаж, сууц тус бүрээр хувьчлах тухай шийдвэр гаргана”, 18 дугаар зүйлийн 1-д “Сууц хувьчлах тухай шийдвэрийг үндэслэн сууц эзэмшигчид тухайн сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно” тус тус заасан.

            4.8. Хуулийн дээрх зохицуулалт болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тус маргаан бүхий орон сууцыг хувьчлахаар 1997 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоонд нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, ам бүлийн тоо 4 гэсэн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг үндэслэн хариуцагчаас маргаан бүхий орон сууцыг 4 хүний нэр дээр бүртгэсэн нь дээр дурдсан хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн “... Гэрчилгээ 4 хүний нэр дээр бүртгэгдсэн, бодит байдалд хэний нэр дээр байх ёстой байсан гэдгийг шалгаж тогтоох ёстой байсан, ... Тухайн үед бие даасан, ганц бие, орон сууцны 7 дугаар контортой гэрээ байгуулсан байсан” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            4.9. Нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүх хуралдаанд “... тухайн үед орон сууц хувьчлах тухай өргөдлийг би бичээгүй, гадагшаа явах болсон тул аавдаа энэ асуудлыг шийдвэрлээрэй гэж үлдээсэн, ... аавд өргөдөл гаргахыг зөвшөөрсөн   ч олон хүний нэр оруулахыг би зөвшөөрөхгүй байсан ...” гэж тайлбарласан байх боловч энэ талаар буюу тухайн үед орон сууц хувьчлах өргөдөлд Цолмон, Алтанцэцэг нарын нэрийг бичүүлэхээр өргөдөл гаргасныг, тэдний нэрийг оруулж гэрчилгээ олгосныг эс зөвшөөрч байгаа талаар 1997 оноос хойш эрх бүхий албан тушаалтанд хандаж бодитоор тус байранд тухайн үед амьдардаггүй хүмүүсийг орон сууц хувьчлах өргөдөлд тусгаж, орон сууц эзэмшигчээр бүртгүүлснийг өөрчлүүлэх талаар буюу тус орон сууц эзэмшигчээр зөвхөн өөрөө бүртгэгдэх байсан гэж, мөн хамтран эзэмшигчийн хасч  өөрчлүүлэхээр талаар хүсэлт, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, мөн “ам бүлийн тоо 4” гэж тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт, орон сууц хувьчлахтай холбоотой захиргааны шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан маргаагүй байна.

Мөн нэхэмжлэгч нь “аав Д.Гомбо өргөдөл бичиж өгсөн, миний хүсэл зориг байгаагүй, аав надаас бусад хүмүүсийн нэрийг орон сууц хувьчлах өргөдөлд нэрийг нь оруулсан нь тэдэнд туслах зорилгыг зөвхөн агуулж байсан” гэсэн агуулга бүхий тайлбарыг шүүхэд гаргаж байх боловч Д.Гомбыг 2000 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нас барахаас өмнө орон сууц хувьчлах тухай шийдвэрт өөрчлөлт оруулах талаарх одоо тайлбарлаж буй энэхүү үндэслэлээр эрх бүхий байгууллага, албан тушаалтан, шүүхэд  хандаж гомдол нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой байсан гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй байна.

4.10. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасан бөгөөд хуулийн энэхүү зохицуулалтын дагуу иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан захиргааны акт нь хуульд заасан ямар ч үндэслэлд тулгуурлаагүй, эсхүл хуульд огт байхгүй үндэслэл заасан, эсхүл гаргасан актыг бодит байдалд хандсан этгээд нь биелүүлэх боломжгүй нь дүгнэлт хийх чадвартай жирийн дундаж иргэн харахад илэрхий тодорхой тохиолдолд захиргааны актыг илт хууль бус гэж үзнэ.

4.11. Нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй маргаан бүхий 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн гэрчилгээнд 09 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тогтоолыг үндэслэсэн талаар бичигдсэн нь цаг хугацааны хувьд 4 хоногийн дараах шийдвэрийг үндэслэсэн гэж харагдахаар байх боловч одоогоос 28 жилийн өмнөх үйл баримтыг шүүх архивт хадгалагдсан баримтын хүрээнд зөвхөн тодруулах боломжтой, шийдвэр гаргасан албан тушаалтан байгууллагаас тодруулах гэх зэрэг өөр бусад байдлаар шийдвэрт хамаарах нөхцөл байдлыг бүрэн тодруулах боломжгүй хязгаарлагдмал хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүйн дээр тухайн үед ам бүлийн тоог 4 гэж тэмдэглэгдсэн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын 1997 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тодорхойлолт болон Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1997 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын тогтоол, түүний хавсралт, тэмдэглэл хүчин төгөлдөр хэвээр байгааг дурдан нь зүйтэй байна.

4.12. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохоор тодорхойлсон хариуцагч Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 2** тоот орон сууцыг Г.Ут хувьчилж, хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээр Г.А, Н.Г, Г.Ц нарыг бүртгэсэн 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 00095*** дугаартай гэрчилгээг захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй.

            Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 671 дүгээр  шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

   ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА

   ШҮҮГЧ                                                                    Н.ХОНИНХҮҮ

 

 

 

[1] Хэргийн 1 дэх хавтас, 28 дахь тал

[2] Хэргийн 1 дэх хавтас, 26 дахь тал

[3] Хэргийн 1 дэх хавтас, 30 дахь тал

[4] Хэргийн 1 дэх хавтас, 105 дахь тал

[5] Хэргийн 1 дэх хавтас, 106 дахь тал

[6] Хэргийн 1 дэх хавтас, 22 дахь тал

[7] Хэргийн 1 дэх хавтас, 125 дахь тал

[8] Хэргийн 1 дэх хавтас, 126 дахь тал

[9] Хэргийн 1 дэх хавтас, 8 дахь тал

[10] Хэргийн 1 дэх хавтас, 54 дэх тал

[11] Хэргийн 1 дэх хавтас, 55 дахь тал

[12] Хэргийн 1 дэх хавтас, 59 дэх тал