Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2017/0032/Э/ Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, Хохирогч байгууллагын төлөөлөгч Т.Мөнхбат, Шүүгдэгч Б.Ганширнэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамбараа Балсангийн Ганширнэнд холбогдох 201509000552 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Жамбараа овогт Балсангийн Ганширнэн, Ховд аймгийн Цэцэг суманд 1987 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 20 дугаар байрны 21 тоотод оршин суух, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ПМ87061310 регистрийн дугаартай, Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч Б.Ганширнэн нь 2015 оны 4 дүгээр сарын 01-нээс 2015 оны 7 дугаар сарын 07-ныг хүртэлх хугацаанд “Глобал бридж” ХХК-ний борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа борлуулалтын орлого болох нийт 22 803 250 төгрөгийг хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Б.Ганширнэнгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2015 оны 04 дүгээр сард “Глобал бридж” ХХК-ний Дархан салбарт пивоны борлуулагчаар ажилд орсон. Ажиллах хугацаандаа салбарын эрхлэгчтэй хамт ажиллаж байсан. Агуулахаас пиво аваад 1-2 өдөр борлуулалт хийгээд ирэхэд барааны үлдэгдэл нь салбарын тооцооны үлдэгдлээс бага гарч ирээд байдаг байсан. Тухайн үед цоож байхгүй байдаг байсан, өөрсдөө энэ талаар мэдэж байгаа. Би зарим байгууллагад зээл өгөөд явдаг байсан. Иймэрхүү байдалтай явсаар байгаад их хэмжээний өрөнд орсон. Нийтдээ 55 981 350 төгрөгийн борлуулалт хийсэн. Үүнээс бэлнээр 15 589 410 төгрөг, зээлээр 10 883 100 төгрөгийн барааг борлуулж байгууллагад 26 492 500 төгрөгийн орлого оруулсан. Шинжээчийн дүгнэлтээр байгууллагад учруулсан 22 803 250 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүнээс 3 443 000 төгрөгийг төлсөн. Үлдэх 19 360 250 төгрөгийг төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг, Б.Хулангийн хохирогч байгууллагын төлөөлөгчөөр мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Ганширнэн манай байгууллагад борлуулагчаар 2015 оны 4-р сарын 01-нээс 2015 оны 7-р сарын 9-нийг хүртэл ажилласан. Энэ хугацаанд миний удирдлага доор харилцагч байгууллагуудад барааг хүлээлгэж өгдөг байсан. 2016 оны 4, 5 дугаар саруудад барааны үлдэгдэл болон зээл харьцангуй бага байдаг байсан. ...Анх 2015 оны 7-р сарын 09-ний өдөр манай төв байгууллагаас нягтлан Билэгмаа, Туул хоёр ирээд санхүүгийн гэнэтийн тооллого хийж Хонгорт байдаг Минж булаг, Бүрд гэсэн хоёр дэлгүүрийг шалгахад Минж булаг дэлгүүр огт байдаггүй харин Бүрд дэлгүүр нь архи зардаггүй манайхаас бараа материал авдаггүй гэж хэлэхээр нь Ганширнэн рүү залгаад хэлэхэд Ганширнэн -за Хулан эгчэээ би Архангайгаас очоод хэлье гэсэн. Тэгэхээр нь би Архангай руу авч явсан бараагаа борлуулсан уу гэхэд борлуулчихсан гэсэн тэгэхээр нь мөнгийг нь тушаахад бэлэн үү гэхэд бэлэн гэсэн. Тэгээд 2015 оны 7-р сарын 15-16-ны үед Ганширнэн рүү залгаж хаана байгаа талаар асуухад Цагдаа дээр байна гэж хэлсэн. Тэгээд Цагдаа дээр очиж уулзахад Архангай аймаг, Хонгор суманд хийсэн борлуулалтын мөнгийг идчихсэн гэхээр нь тэгвэл хоёулаа бусад борлуулалт хийдэг харилцагч байгууллагуудаар явж тулгалт хийе гэсэн чинь Ганширнэн хоёулаа явах шаардлагагүй би борлуулалтын мөнгийг бүгдийг нь аваад идчихсэн гэж хэлсэн. Манай байгууллага зээлийн үлдэгдлийн баталгаан дээр тулгуурлан хохирлоо тооцсон байгаа гэх мэдүүлэг /1-р хх-ийн 173/, Хохирогч байгууллагын төлөөлөгч Т.Мөнхбатын шүүх хуралдаанд өгсөн: Манай байгууллага Hite пивыг албан ёсны борлуулах зөвшөөрлийн дагуу борлуулдаг. Б.Ганширнэн нь 2015 онд манай байгууллагад ажилд орсон. 2015 оны 4 дүгээр сараас 2015 оны 7 дугаар сарын хооронд 22 сая төгрөгийн хохирол манай байгууллагад учруулсан болохыг Цагдаагийн байгууллага тогтоосон байна. Энэ хохирлын дүнгээр “Глобал бридж” ХХК нь Б.Ганширнэнтэй хохирлыг төлж барагдуулах батлан даалтын гэрээг байгуулсан. 2 сарын хугацаанд Б.Ганширнэн нь 3 сая гаруй төгрөгийн хохирол төлж барагдуулаад байна. Цаашид хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх боломжтой болгох үүднээс батлан даалтын гэрээг Б.Ганширнэнгийн эхнэртэй байгуулсан. Б.Ганширнэн болон түүний эхнэрийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө байхгүй. Гэхдээ хохирлыг ямар нэгэн байдлаар төлнө гэсэн бөгөөд хохирлыг яаралтай барагдуулаач гэж хүсмээр байна гэх мэдүүлэг, Гэрч Б.Билэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хяналтын нягтлан бодогч Туулын хамт гэнэтийн тооллогоор ирээд хамтран ажилладаг байгууллагуудтай тооцоо нийлэхэд манай байгууллагатай хамтран ажилладаг хэд хэдэн байгууллагын нэг сая орчим төгрөгийн тооцоог Дархан-Уул аймаг дахь салбарын борлуулагч Б.Ганширнэн нь бэлнээр авчхаад байгууллагад тушаагаагүй байхаар нь би хяналтын нягтлан бодогч Туулын хамт Ганширнэнтэй уулзахад Ганширнэн надад “...би компаний орлогоос нэг сая төгрөг авсан нь үнэн, энэ мөнгийг цалингаасаа бага багаар төлөх болно” гэж хүсэлт гаргаж өгсөн. Тухайн үед шалгалтаар биш гэнэтийн тооллогоор ирсэн болохоор Туул бид хоёр Дархан-Уул аймагт ирээд харилцагч байгууллагаас хэдэн байгууллага сонгон аваад тэдгээр байгууллагуудаар гэнэтийн тооллого явуулахад сая гаран төгрөгийн зөрчил илрэхээр нь дээд шатны албан тушаалтандаа мэдэгдэж, буцаад Улаанбаатар хот уруу явсан. Үүнээс хойш Дархан-Уул аймаг дахь салбарын эрхлэгч Б.Хулан төв рүү залгаж “манай салбарын борлуулагч Ганширнэн нь Архангай аймаг уруу явуулсан барааны мөнгө тушаагаагүй, дээрээс нь бусад харилцагч нарын авлагыг өөртөө ашигласан байна” гэж хэлсэн. 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг дахь салбарын эрхлэгч Б.Хулангийн асуудал үүслээ, шалгалт хийлгэж, тооцоогоо тулъя гэсэн дуудлагаар хөдөө орон нутаг хариуцсан менежер Г.Ганбат, шингэн хүнсний албаны дарга Ц.Одхүү, борлуулалтын албаны дарга Н.Батболд нарын хамт Дархан-Уул аймгийн салбарыг шалгахаар ирээд, Дархан-Уул аймаг дахь салбарын эрхлэгч Б.Хулан, борлуулагч Б.Ганширнэнгийн хамт шалгалтыг 7 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд хийж, харилцагч байгууллагатай тооцоо нийлэхэд 51 харилцагч байгууллага мөн Архангай аймаг руу бэлнээр борлуулахаар авч явсан барааны тооцоо, сэлбэгийн тооцоо ороод нийт 30 453 813 төгрөгийг борлуулагч Ганширнэн нь хувьдаа завшсан гэсэн зөрчил илэрч байсан. Тухайн үед бид нар Хуланд мэдэгдэж, Цагдаагийн байгууллагад хандаад Улаанбаатар хот уруу явсан. ... зарим нэг газрын нэрийг зохиож хуурамч падаан үйлдсэн гэж шалгалтын явцад Ганширнэн өөрөө хүлээн зөвшөөрсөн. Би уулзаж тооцоо нийлээгүй, харилцагч байгууллагын тооцоог борлуулагч Ганширнэн нь тооцоогүй, би энэ байгууллагын мөнгийг авсан нь үнэн гэж тооцооны үлдэгдлийн баталгаан дээр тайлбар бичин гарын үсэг зурсан. Шалгалтын явцад Ганширнэн нь Дархан зах павилионд 3 194 400 төгрөг, Номин-Ундрахад 742 800 төгрөгийн тооцооны үлдэгдлийг хуурамчаар бичиж гарын үсэг зурсан гэж өөрөө хүлээн зөвшөөрч, тооцооны үлдэгдлийн баталгааны доод хэсэгт тайлбараа бичин гарын үсэг зурсан байгаа. 30 453 813 төгрөгийн тооцоонд МСМ Заяа, Төрөө пин, Топ Ууганаа, Цагаанаа, Анхбаяр, Боргио, nice зэрэг харилцагчдын үлдэгдэл орсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 175-177/, Гэрч Д.Ариунболдын мөрдөн байцаалтад өгсөн: “Борлуулалтын гэрээнд борлуулах гэрээтэй аж ахуй нэгжид барааг өгнө гэж заасан боловч манай компанид худалдааны төлөөлөгчтэй борлуулагч, худалдааны төлөөлөгчгүй борлуулагч гэж 2 өөр борлуулагч байдаг. Худалдааны төлөөлөгчтэй борлуулагч бол зөвхөн худалдааны төлөөлөгчийн авсан захиалгын дагуу барааг түгээх үүрэгтэй. Харин худалдааны төлөөлөгчгүй борлуулагчийн хувьд өөрөө захиалгаа авч бараагаа өөрөө түгээдэг. Ганширнэн борлуулагч ба худалдааны төлөөлөгчгүй борлуулагч байсан учраас захиалагч нарыг өөрөө хайж гэрээгүй газарт борлуулалт хийж мөнгийг бэлнээр авч тооцоо хийх ёстой. Тэгэхээр гэрээгүй газарт бараа борлуулах эрхтэй байсан. Дархан-Уул аймаг дахь манай компаний салбарын эрхлэгч Хулан хяналт тавьж удирдлагаар хангах үүрэгтэй гэх мэдүүлэг /2-р хх-ийн 457-458/, Гэрч Ч.Отгонбаяр /Mixx пабын эзэн/-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх “Глобал бридж” ХХК-ний салбараас 2015 оны 6-р сард пиво авсан. Яг хэдний өдөр авсан гэдгээ санахгүй байна. Одоо уг компанид тооцооны үлдэгдэл байхгүй. 2015 оны 7-р сарын 02-03-ны өдрүүдийн орчим тооцоог ямар нэг баримт үйлдээгүй бэлнээр төлсөн. Тооцооны үлдэгдэл дээрх гарын үсэг миний гарын үсэг биш“ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56/, Гэрч Б.Гантулга /Сутайн буянт супермаркет дэлгүүрийн эзэн/-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх “Глобал бридж” ХХК-ний салбараас hite, cass зэрэг пиво авдаг байсан. 2015 оны 6-р сарын 30-ны өдөр 116 640 төгрөгийн пиво аваад тэр өдөр нь бэлнээр борлуулагч залуу болох Б.Ганширнэнд өгсөн. Тухайн үед тооцоог ямар нэг баримт үйлдээгүй бэлнээр төлсөн. Тооцооны үлдэгдэл дээрх гарын үсэг миний гарын үсэг биш.“ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57/, Гэрч П.Ихбаярын мөрдөн байцаалтад өгсөн: Ганширнэнд Toyota MarkX 5862ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 9 500 000 төгрөгөөр зарахаар тохирсон. Уг машин "Энхжин инвест" ХХК-нд 4 сая төгрөгийн барьцаанд байсан бөгөөд Ганширнэн ломбардны 4 сая төгрөгийг хүүгийн хамт төлөөд нэрээ шилжүүлж авахаар үлдэх 5 500 000 төгрөгийг 2015 оны 7-р сарын 09-ний өдөр бэлнээр өгсөн. Одоо бид хоёрын дунд тооцоо байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60/, Гэрч Э.Оюунсайханы /Шинэ гэгээ ХХК-ийн менежер ажилтай/ мөрдөн байцаалтад өгсөн: “…манайх тухайн үед пиво авсан мөнгөө бэлнээр төлдөг байсан. Одоо төлбөр тооцоо байхгүй. Манай ажилтны болон миний гарын үсэг биш байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-62/, Гэрч Н.Болорчимэгийн /Цагаан сувдан сондор ХХК-ийн нягтлан бодогч/ мөрдөн байцаалтад өгсөн: “…387,960 төгрөгийн шингэн бүтээгдэхүүн “Глобал бридж” ХХК-аас авсан. 1 сая төгрөгөөс дооших төлбөрийг бэлнээр төлдөг. “Глобал бридж” ХХК-д өр зээл байхгүй. Миний болон манай ажилтны гарын үсэг биш” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63/, Гэрч Д.Булганхүүгийн /Мөнхтүвшин дэлгүүрийг түрээслэдэг/ мөрдөн байцаалтад өгсөн: “…Манай дэлгүүр 2015 оны 6 дугаар сард “Глобал бридж” ХХК-аас 4 хайрцаг чихэр авсан. Тооцоог Ганширнэнд өгсөн. Одоо ямар ч тооцоо байхгүй. Баримт дээрх гарын үсэг миний гарын үсэг биш” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75/, Гэрч Д.Ариунжаргалын /Нарст-2 дэлгүүрийн худалдагч/ мөрдөн байцаалтад өгсөн: “…Манайх 2015 оны 6 дугаар сард “Глобал бридж” ХХК-аас hite пиво аваад борлуулагч залууд 58 320 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо ямар нэгэн өр төлбөр байхгүй. Миний гарын үсэг биш.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.6.14-ний өдрийн шинжээчийн 118 дугаар дүгнэлт: 2.1.“Глобал бридж” ХХК-ний борлуулагч Б.Ганширнэн 2015 оны 4 дүгээр сарын 01-2015.7.09-ны хооронд ажиллахдаа нийт 55 981 350 төгрөгийн бараа материалын борлуулалт хийсэн байна. 2.2.Б.Ганширнэн нийт 55 981 350 төгрөгийн борлуулалтаас бэлэн мөнгөөр бараа борлуулсан 10 833 090 төгрөг, зээлээр борлуулсан барааны төлбөрийг бэлнээр 15 589 410 төгрөг тушаасан буюу нийт 26 422 500 төгрөг бэлнээр төлж, үлдэгдэл 29 558 850 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байна. Уг тооцооноос нэр бүхий 4 харилцагч байгууллагаас “Глобал бридж” ХХК-ний харилцах дансанд төлсөн 3 765 960 төгрөг, Иргэн Золжаргалаас иргэний нэхэмжлэхээр авах 849 960 төгрөгийн тооцоог хасаж нийт 24 942 930 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байна. 2.3.Б.Ганширнэн нийт 24 942 930 төгрөгийн дутагдал гарснаас 2015.7.01-ээс өмнөх дутагдал 14 809 890 төгрөг, 2015.7.01-нээс хойшхи дутагдал 10 133 040 төгрөг байна. 2.4.Төрөө 2015.6.16-ны өдрийн бараа материалын зарлагын падаанаар авсан 116 640 төгрөгийн, бараа материалын төлбөрийг 2016.3.21-нд “Глобал бридж” ХХК-ний Хаан банкны 5038028642 тоот харилцах дансанд Ганширнэнгээс авсан Төрбаярын пивоны үнэ гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. Заяа /МСМ/ 2015.6.16-ны өдрийн бараа материалын зарлагын падаанаар авсан 58 320 төгрөгийн бараа материалын төлбөрийг 2016.3.17-нд “Глобал бридж” ХХК-ний Хаан банкны 2038028642 тоот харилцах дансанд “Мөнхзаяагаас-9976334” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. Анхбаяр 2015.6.16-ны өдрийн бараа материалын зарлагын падаанаар авсан 1 085 400 төгрөгийн бараа материалын төлбөрийг 2016.02.19-нд “Глобал бридж” ХХК-ний Хаан банкны 5020433751 тоот харилцах дансанд "Анхбаяраас пивоны үнэ" гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. NICE 2015.5.26-ны өдрийн бараа материалын зарлагын падаанаар авсан 849 960 төгрөгийн бараа материалын төлбөрийг иргэн П.Золжаргалаас иргэний нэхэмжлэхээр авахаар шийдвэрлэсэн байна. Ганширнэн 2015.7.09-ний өдрийн бараа материалын зарлагын падаан 1 858 800 төгрөг, 2015.7.07-ны өдрийн бараа материалын зарлагын падаан 9 842 400 төгрөг буюу нийт 11 701 200 төгрөг бараа материалын төлбөрөөс 2016.01.13-нд “Глобал бридж” ХХК-ний Хаан банкны 5020433751 тоот харилцах дансанд "Ганширнэнгээс авсан пиовоны үнэ З.Адъяа" гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна. Иймд нийт дутагдлаас хасч тооцсон нь үндэслэлтэй байна. 3.Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно гэжээ /2-р хх-ийн 460-465/, “Глобал бридж” ХХК-ний 2015 оны 6,7 дугаар саруудын борлуулалтын тайлан, 2015.4.01-2015.5.31-ний хоорондох орлого, зарлагын баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа, бараа материалын зарлагын падаан зэрэг санхүүгийн баримтууд, шүүгдэгчээс 3 443 000 төгрөгийн хохирол төлсөн баримт /3-р хх-ийн 41, 43, 195/, ял шийтэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 92/, гэрч Н.Золжаргал /1-р хх-ийн 64/, Н.Отгонбилэг /1-р хх-ийн 65/, С.Алтансүх /1-р хх-ийн 66/, У.Энхтуяа /1-р хх-ийн 67/, В.Лхагва /1-р хх-ийн 68/, Э.Лхагвасүрэн /1-р хх-ийн 69/, З.Отгонтуяа /1-р хх-ийн 70/, Ц.Пүрэвсүрэн /1-р хх-ийн 71/, Д.Түвшинжаргал /1-р хх-ийн 72/, Д.Сайханжаргал /1-р хх-ийн 73/, Б.Сүнжидмаа /1-р хх-ийн 74/, Ч.Сайнаа /хх-ийн 77/, Я.Оюун /хх-ийн 78/, Б.Мөнхбаяр /хх-ийн 79/, Э.Эрдэнэчимэг /хх-ийн 81/, Х.Цэцэглэн /хх-ийн 82/, Б.Бямбажав /хх-ийн 83/, Л.Алтанхуяг /хх-ийн 178/, П.Золжаргал /2-р хх-ийн 278/, А.Анхбаяр /хх-ийн 288/, Б.Мөнхзаяа /хх-ийн 283/, Т.Төрбаяр /2-р хх-ийн 285/ нарын мэдүүлгүүд зэрэг болно. Шүүгдэгч Б.Ганширнэн нь “Глобал бридж” ХХК-ний борлуулагчаар ажиллаж байхдаа 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд шунахай сэдэлтээр, үргэлжилсэн үйлдлээр, борлуулалтын орлого, болон бүтээгдэхүүнийг завшиж 22 803 250 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 89, 91, 184-185, 316-317, 321/, хохирогч Б.Хулангийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-55, 172, 174, 281/ болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. "Глобал бридж" ХХК-нд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.6.14-ний өдрийн шинжээчийн 118 дугаартай дүгнэлтээр 24 942 930 төгрөгийн /2-р хх-ийн 460-465/, хавтас хэрэгт авагдсан баримт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн санхүүгийн баримтад авагдсан 2015.6.25-ны өдөр "Урт цагаан"-д зээлээр шингэн бүтээгдэхүүн нийлүүлсэн 168 720 төгрөг, 2015.6.10-ны өдөр "Магнолия" дэлгүүрт шингэн бүтээгдэхүүн нийлүүлсэн 626 400 төгрөг /бараа материалын зарлагын падаан гэх задгай материалын 12, 37-р хуудас/, Топ Төрхүүд шингэн бүтээгдэхүүн нийлүүлсэн 87 480 төгрөг /1-хх-ийн 235/, "Адилакс"-т шингэн бүтээгдэхүүн нийлүүлсэн 58 320 төгрөг /2-р хх-ийн 376/ нийт 25 883 850 хохирол тогтоогдсоноос Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 12-р сарын 23-ны өдрийн 123 дугаар тогтоолоор /3-р хх-ийн 168-169/ Б.Ганширнэнд холбогдох 3 080 600 төгрөгийг дутагдуулсан гэх үйлдэл холбогдолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож түүний байгууллагад учруулсан хохирлыг 22 803 250 төгрөгөөр тогтоожээ. Үүнээс шүүгдэгч Б.Ганширнэн нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд 3 443 000 /гурван сая дөрвөн зуун дөчин гурван мянга/ төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч болон хохирогч байгууллагын төлөөлөгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан мөнгө тушаасан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ганширнэнгээс 19 360 250 төгрөгийг гаргуулж хохирогч "Глобал бридж" ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Б.Ганширнэнд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд баривчлах ял оногдуулан, түүний 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл /2-р хх-ийн 414, 3-р хх-ийн 75, 164/ цагдан хоригдсон 267 /хоёр зуун жаран долоо/ хоногийг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлэн ялын хугацаанд оруулан тооцож шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас суллах нь хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн “Глобал бридж” ХХК-ний 2015 оны 6, 7 дугаар саруудын борлуулалтын тайлан 708 хуудас, 2015.4.01-2015.5.31-ний хоорондох орлого, зарлагын баримт 706 хуудас, тооцооны үлдэгдлийн баталгаа /задгайгаар 51, 75 хуудас/, бараа материалын зарлагын падаан /задгайгаар 35 хуудас/ зэрэг санхүүгийн баримтуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч байгууллага "Глобал бридж" ХХК-нд буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Жамбараа Балсангийн Ганширнэнг “Глобал бридж” ХХК-нд борлуулагчаар ажиллаж байхдаа шунахай сэдэлт, үргэлжилсэн үйлдлээр, борлуулалтын орлого болон бүтээгдэхүүнийг завшиж 22 803 250 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар шүүгдэгч Б.Ганширнэнг 6 сарын /зургаан сар/ хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Ганширнэнгийн цагдан хоригдсон 267 /хоёр зуун жаран долоо/ хоногийг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлэн тооцохыг дурдсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Ганширнэнгээс 19 360 250 /арван есөн сая гурван зуун жаран мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулж “Глобал бридж” ХХК-д олгосугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Глобал бридж” ХХК-ний 2015 оны 6,7 дугаар саруудын борлуулалтын тайлан 708 хуудас, 2015.4.01-2015.5.31-ний хоорондох орлого, зарлагын баримт 706 хуудас, тооцооны үлдэгдлийн баталгаа /задгайгаар 51, 75 хуудас/, бараа материалын зарлагын падаан /задгайгаар 35 хуудас/ гэх санхүүгийн баримтуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч байгууллага "Глобал бридж" ХХК-д буцаан олгосугай.

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ганширнэнд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ