Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 1361

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/01260 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Р”ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 3 000 000 төгрөг, дутуу олгосон цалин 3 972 038 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Даваажав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн “Р”ХХК-ийн “Экстра” орос худалдааны төвд захирал н.Сувдын санал болгосноор менежерээр ажилласан. Ийнхүү ажиллахдаа тус компанийн харьяа “Ургамал” төвийг нээж хариуцан ажиллаж байсан. Анх ажилд орохдоо сарын 1 000 000 төгрөгийн цалинтай, хөдөлмөрийн хэвийн нөхцөлтэй ажиллахаар тохиролцож ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Миний ажил үүргийн хуваарь нь “Ургамал” төвд зарагдаж байгаа бараануудыг Орос руу захиалга хийх, зарж борлуулах, тарих зэргээр тус төвийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэгтэй байсан. Ингээд миний бие ажил үүргээ хэвийн гүйцэтгэж, 2018 оны захиалгыг бүтэн хийсэн. Компани надтай 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нууцын гэрээ байгуулсан. Би ажилд орсон үеэсээ хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулъя гэдэг саналаа захирал Сувдад 2-3 удаа тавьсан боловч байгуулаагүй, гэрээ байгуулахгүй бол ажиллахгүй гэдэг агуулгаар маргалдаж байсан. Сувд захирал надад “би чамайг 3 жил битгий хэл 30 жил ч хаяхгүй, санаа зоволтгүй ажлаа хий” гээд ажил үүргээ гүйцэтгүүлж байсан. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн бөгөөд ажлаа 01 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд актаар хүлээлгэж өгсөн. Иймд намайг “Р”ХХК-ийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3 000 000 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн миний ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү. Тус компанид ажиллаж байхдаа миний бие 3 972 038 төгрөгийн цалин дутуу авсан байдаг. Би “Р”ХХК-иас 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 24-ний хооронд ажилласан 10 сарын цалинг 1 000 000 төгрөгөөр бодож, нийт 10 000 000 төгрөгөөс картаар авсан цалингаа хасаж 3 972 038 төгрөгийг дутуу авсан тул хариуцагч компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар “Р”ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Б.Отэй хамт Алтанжаргал, Ханджав гэж хоёр хүн ажилд орсон байдаг. Эдгээр хүмүүс хөдөлмөрийн гэрээгээ байгуулж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж, хууль ёсны дагуу явсан. Гэтэл Б.О нь “би тусгай хүн, тусгай гэрээтэй, гэрээ байгуулахгүй” гээд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Тухайн үед Б.О нь оффист захирлын хүлэмж ажиллуулсан. Ажилд томилсон тушаал болон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан маргаан биш юм. Б.О нь зээлтэй байсан, зээлээ 7, 8 дугаар сард цалингаасаа төлж байсан. Өөр шүүхэд Б.Отэй холбоотой 2 800 000 төгрөгийн маргаан байгаа. Тэр маргаанд Б.О энэ зээлийг бөөнд нь авсан гэж ярьдаг. Тэгэхээр цалингаа хэдэн сараар урьдчилж зээл аваагүй. Ажиллах үеийн цалинг бүрэн олгосон, түүнийг үндэслэлгүй халсан, цалинг дутуу олгосон асуудал байхгүй. Цалин дутуу олгосон талаар мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжилсэн байгаа. Цалинг 750 000 төгрөгөөр тохирч, бусад урамшуулал, нэмэгдэл хөлс зэргийг тухайн үедээ олгогдсон, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Болорын Оюунчимэгийг “Р”ХХК-ийн “Ургамал” төвийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, “Р”ХХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 2 232 553 /хоёр сая хоёр зуун гучин хоёр мянга таван зуун тавин гурав/ төгрөг гаргуулж Б.От олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 3 972 038 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Б.От олгох олговороос нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг “Р”ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 500 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч “Р”ХХК-иас 50 670 төгрөг гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/01260 тоот шийдвэрээр Б.Оийн ажиллаж байсан хугацааны цалин болох 429 098 төгрөгийг “Р”ХХК-иас гаргуулахаар хүсэлт өгсөнийг шийдэж өгөөгүй тул энэ асуудлыг шийдэж “Р”ХХК-иас 429 098 төгрөгийн цалинг гаргуулан өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч “Р”ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 3 000 000 төгрөг, дутуу олгосон цалин 3 972 038 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

  Хариуцагч “Р”ХХК-д нэхэмжлэгч Б.О нь 2017 оны 3 дугаар сараас эхлэн менежерээр ажилд орсон болох нь түүнд цалин олгосон баримтуудаар тогтоогдсон байна. Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй гэж маргасан нь үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны дүгнэлт зөв байна.

 

  Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй. Хариуцагч уг үүргээ биелүүлээгүй нь талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн болохыг үгүйсгэхгүй юм.

 

  Талуудын тайлбараар ажилтан Б.Оийг 2018 оны 1 сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдсон ба ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үздэг. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар ажилтан Б.Оийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдсон тул анхан шатны шүүх түүнийг менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг 2018 оны 1 сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож 2 232 553 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж  дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

  Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо ажилгүй байсан хугацааны цалин гэж тодорхойлсон тул анхан шатны шүүх түүнийг ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулж шийдвэрлэсэн нь зөв. Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2018 оны 1 сарын 24-нийг хүртэлх хугацааны 429 098 төгрөгийн цалинг дутуу олгосон гэж тодорхойлж мэтгэлцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд хэлэлцэгдсэн  нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгнө. Иймд 2018 оны 1 сарын 24-нийг хүртэлх хугацааны дутуу олгосон цалин гэх 429 098 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

                   

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.        

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/01260 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 523 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО                                            

                                                          ШҮҮГЧ                                  М.НАРАНЦЭЦЭГ                                                                                                           

                                                                                                       Г.ДАВААДОРЖ