Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/185

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа 

Улсын яллагч З.Наранчимэг

Шүүгдэгч Д. ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Д-ийн З т холбогдох эрүүгийн 2339002940302 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д. ******* нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт А0502 дугаартай зам дээр 09-69 ДОУ улсын дугаартай тоёота Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дэх хэсэгт зааснаар “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл олон 5.10.a, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэх заалтыг зөрчин эсрэг урсгалд орж байрлан явах заалтыг зөрчсөн. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-ийн 3 дах хэсэгт зааснаар “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” заалтыг зөрчин эсрэг урсгалд орж уг зам тээврийн ослыг гаргасан. Мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчин осол болох үед өөрийн тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээг аваагүй. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалтыг зөрчин хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй явж байснаас эсрэг урсгалд орж аюул тохиолдох үед тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй” гэх заалтуудыг зөрчин эсрэг урсгалд зорчиж явсан 96-46 ДОР улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар хохирогч Ж.****** ийн биед зүүн шуу ясны далд хугарал бүхий гэмтэл буюу хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д. *******нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээж байна...” гэв.

 

Шүүгдэгч Ш овогт Д-ийн З нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт А0502 дугаартай зам дээр 09-69 ДОУ улсын дугаартай тоёота Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.1. “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.”, мөн дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэх заалтуудыг зөрчин эсрэг урсгалд орж тухайн урсгалд зорчиж явсан 96-46 ДОР улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар хохирогч Ж.****** ийн биед зүүн шуу ясны далд хугарал бүхий гэмтэл буюу хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Д. ******** ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би Дорнод аймгийн Матад суманд эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багшаар 16 жил ажиллаж байна. 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот руу бага охиноо үзүүлэх гээд өөрийн машин болох “Приүс 41” маркийн 09-69 ДОУ маркийн автомашинтай 11 цагийн үед хөдөлсөн. Ингээд Хэнтий аймагт 16 цагийн үед дөхөж ирээд байж байтал өөдөөс улаан өнгийн машин байсан. Тухайн үед үзэгдэх орчин муутай өөдөөс нар голлосон байсан. Тэгээд хажуугаар зөрөх байх гэж бодтол гэнэт л жолоочийн зүүн талаар мөргөлдсөн. Ийм л зүйл болсон. ...Би гэр бүлийнхэнтэйгээ явж байсан учир 60-65 км цагийн хурдтай л явж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 173-174),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ж.****** ийн “...Би Дорнод аймгийн Матад суманд нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөртэйгөө ханилаад 15 жил болж байна. Би Цэцэрлэгийн багш мэргэжлээр ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөөтэй байгаа юм. 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгаас Улаанбаатар хот руу бага охин ****** ыг зүрхний ховдол хоорондын хагалгаанд оруулахаар авч явж байсан. Тухайн үед би арын суудал дээрээ бага охиноо хөхүүлэх гээд сууж байтал гэнэт л нэг улаан машинтай мөргөлдсөн. Тухайн үед би хүүхдээ хөхүүлээд доошоо харчихсан байсан болохоор тухайн үеийг санадаггүй юм. Бага охиноо машинтай мөргөлдсөн талын доор шалан дээрээс аваад тухайн үед машинаас гарсан. Яг осол болох үеийг санахгүй байна, их шоконд орсон байсан. Тухайн үед би хоёр хүүхдээ хамгаалахын тулд хоёр гараа хаалганы дээд талын баганаас барьсан байсан. Тэгээд тухайн үед би гараа хугарсан гэдгийг мэдээгүй, миний зүүн гар талын шуу хэсгээр хугарсан байсан гэж би эмнэлэгт очиж мэдсэн. ...Нөхөр *******  нь хөдөө болон машинтай явахдаа хурдан явдаггүй. Олон бага насны хүүхэдтэй учир хурд хэтрүүлж явдаггүй тухайн үед нар өөдөөс тусч байсан учир 60-65 км цагийн хурдтай явж байсан. ...Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч ******* ийн “...Би Дорнод аймгийн Хэрлэн суманд амьдардаг юм. 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод ээж маань хагалгаанд орох гээд ээжийгээ асарч байсан юм. Тэгээд тухайн үед 17 цагийн үед бага хүү *******  нь залгаад “ээж ээ би осолд орчихлоо” гээд ярьсан. Тэгээд би тухайн үед хүү рүүгээ “эмнэлгийн анхан шатны тусламж авч бай, ээж нь удахгүй гарлаа” гэж хэлээд найзтайгаа хамт Хэнтий аймаг руу 19 цагийн үед гарсан. Ирээд шууд бэр ******* , хүү *******  нарыг эмнэлгээс аваад цагдаа руу ирсэн. Тухайн үед хүүтэйгээ уулзахад “нэг машин урсгал сөрөөд ороод ирсэн” гэж надад хэлсэн. Өөр болсон зүйлийн талаар мэдэхгүй байна. Энэ осолд орсон машин маань миний нэр дээр байдаг машин юм. Би анх авахдаа бага хүү ******* д авч өгсөн. Машины эзэмшигчийн нэрийг арай шилжүүлж амжаагүй байсан юм. ... 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр банк бусын нэр дээр урьдчилгаа 5,000,000 сая төгрөг өгөөд үлдэгдэл 13,500,000 төгрөгийг банк бусаар авч байсан. Тэгээд 2023 он 06 дугаар сарын 16-ны өдөр банк бусын зээлээ бүрэн барагдуулж дуусаж өөрийнхөө нэр дээр шилжүүлж авчихсан байсан. ...Үнэлгээгээр үнэлэгдсэн мөнгийг бүрэн барагдуулж автомашиныг маань бүрэн засварлах болон Улаанбаатар хот руу ачуулж өгөх л хүсэлтэй байна. Өөр гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг (хх-ийн 35-36),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.******* ийн “...Би Дорнод аймгийн Матад суманд ээж, аавын хамт амьдардаг. 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр найз залуу ******* ын хамт Улаанбаатар хот руу найз залуугийн эмээгийнх нь бие муудаад очсон юм. Ингээд 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн үед Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу гарсан. 16 цагийн үед Хэнтий аймагт ирээд хоолны газар ороод хоол идчихээд урагшаа нэлээн явж байсан яг гараад хэдэн км байсан гэж хэлж мэдэхгүй байна. Би найз залуу ******* тай юм яриад дуу сонсоод явж байтал өөдөөс Цайвар цэнхэр өнгийн “Приус” маркийн машин байх шиг байсан гэнэт урсгал сөрөөд урд явж байсан. Тэгээд би найз залуу ******* с энэ яагаад байгаа юм бэ гэж асуухын завдалгүй мөргөөд ороод ирсэн. Тэгээд нэг мэдэхэд машин маань урагшаа харсан, миний суудлын тал нэлээн хонхойж орж ирсэн байдалтай би шоконд орсон. Яг одоо санахад урдаас ирж байгаа машин урсгал сөрөөд орж ирж байсныг бол сайн санаж байна. ...Тухайн осол болоод удалгүй түргэн тусламж ирсэн. Би Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд нуруу мурийлттай, цээжээр хөнгөн гэмтэлтэй гэсэн онош гарсан учир Улаанбаатар хот руу нарийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн. ...Осол болохын өмнө км заалтыг харахад 70-75 км цагийн хурдтай явж байсан. ...Машин болон бие мах бодиор хохирсон учир гомдолтой байна, цаашид нарийн шинжилгээ хийлгэж эмчилгээ хийлгэх шаардлагатай, мөн машины хохирлыг бүрэн барагдуулж дуусгамаар байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 44-46),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч З.******* ын “...Би Дорнод аймгийн Матад суманд хэсгийн цагдаагаар 6 сар ажиллаж байна. 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажлаасаа чөлөө авч эмээгийн бие муу гээд уулзахаар найз охин *******  болон өөрийн ээж Одончимэгийн хамт явсан. Ингээд 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу найз охинтойгоо хоёулаа явж байгаад 16 цагийн үед Хэнтий аймагт орж ирсэн. Орж ирчихээд “Элит 24” гуанзны баруун талд нэрийг нь сайн санахгүй байна нэг газар орж хоол идчихээд урагшаа Дорнод руу гараад явсан. Ингээд урагшаа 20 гаран км зайтай явж байтал урдаас цайвар цэнхэр өнгийн “Приус” маркийн машин гэнэт урсгал сөрөөд орж ирсэн. Би замын баруун тал руугаа шахаад зогсох гэтэл шууд урсгал сөрж орж ирээд миний машиныг зүүн талаас хүчтэй мөргөж орж ирээд, машин шидэгдээд эсрэг тал руу харсан байдалтай хараад зогссон. Би сандраад хамгийн эхлээд найз охиноо машинаас гаргасан. Машинаас бууж ирээд би шууд л цагдаад дуудлага өгсөн. Найз охиноо машинаас гаргаад бид хоёр нэлээн шоконд орсон байдалтай байхад урсгал сөрөөд мөргөсөн гэх цайвар цэнхэр өнгийн “Приус” маркийн автомашины жолооч ах ирж “та хоёр зүгээр үү, сая юу болоод өнгөрсөн бэ? Миний дугуй хагарчхав уу, яг юу болов” гэж надаас асуугаад байсан. Тэгээд би “та урсгал сөрөөд ороод ирээд мөргөчихлөө шүү дээ” гээд хэлэхэд “өө тийм үү, яг юу болсон бэ, миний урд машин явж байсан уу” гэж асуусан. Тэгээд удалгүй түргэний машин ирж манай найз охин болон нөгөө цайвар цэнхэр өнгийн машинд байсан хүмүүсийг анхан шатны тусламж үзүүлнэ гээд аваад явсан. ...Тухайн үед эмнэлэг ирэхэд би их шоконд орсон байдалтай хамгийн эхлээд найз охиноо л гайгүй байгаасай гэж бодоод үзүүлэх гээд түргэний машинд явуулсан. Осол болсон тухайн үед юу ч мэдэгдээгүй, би тоогоогүй ч машинаа ачуулаад саатуулах байранд хийсний дараа эмнэлэгт очоод гэмтлээ үзүүлтэл баруун өвдөгний тойгны зөөлөн эд нь гэмтэж хавдсан байна гэсэн оноштой байгаа. Цаашид нарийн шинжилгээнд хамрагдаж үзүүлэх бодолтой байна. ...Би 70-80 км цагийн хурдтай явж байсан. Тэгэхдээ 80 км цагийн хурд хүрээгүй. ...Бид хоёр хоёулаа суудлын бүсээ зүүсэн байсан. Осол болох үеэр суудлын бүсийн хамгаалагч мэдрэгч нь ажиллаж эхлээд шууд сандалд чангарч наалдаж, суудлын бүс чангарсан хэсгээр улайж ором үүссэн. Ослын дэр задарсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 49-51),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ******* ы “...хүргэн хүү ******* ын машины ард 500-600 метр орчим зайд ард нь явж байсан. Ингээд Хэнтий аймаг дөхөж байх үеэр гэнэт миний машины хажуугаар улаан өнгийн машин шарваад замын хажуу руу гарсан. Тэгээд цаашаа хартал хүргэний машин замын урд талд байж байсан. Хажууд сууж явж байсан *******  “өө энэ хоёр мөргөлдчихлөө” гээд надад хэлэхээр би замын хажуу руу зогсоод би охиныхоо машин руу очтол хүргэн хүү ******* ын толгойноос их хэмжээний цус гарсан байдалтай, охин *******  нь “гар эвгүй болчихлоо” гэсэн байдалтай байж байсан. Ингээд удалгүй түргэн ирээд аваад явсан. Би тухайн үед хойно нь явж байсан ч яг анзаарч хараагүй, нэг харахад л мөргөлдсөн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 59-60),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Д.******* гийн “...Миний сууж явсан машины урд талд “Приус 41” маркийн 09-69 ДОУ улсын дугаартай автомашиныг *******  бариад явж байсан. Хэнтий аймаг дөхөөд ирж байтал би тухайн үедээ урд талын машиныг хараагүй аймгийн төв дөхөж байсан болохоор аймаг руу харж байсан, нүдний буланд гэнэт юм хөдлөх шиг болоод хартал 2 машин хоорондоо мөргөлдсөн байсан. Яг болсон зүйлийн талаар бол хараагүй яаж мөргөлдсөн хэн урсгал сөрснийг бол хараагүй. Тэгээд юу болов гээд буугаад очтол ******* ын толгой нь хагарсан цус гарсан байдалтай эхнэрийнх нь гар эвгүй болчихлоо гэсэн байдалтай байж байсан. Тэгээд удалгүй түргэний машин ирж аваад явсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 63-64),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 330 дугаартай “...Ж.****** ийн биед зүүн шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хх-ийн 116-117),

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 330 дугаартай дүгнэлт (хх-ийн 122-123),

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 331 дугаартай дүгнэлт (хх-ийн 81-82),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 328 дугаартай дүгнэлт (хх-ийн 90-91),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 371 дугаартай дүгнэлт (хх-ийн 100-101),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 370 дугаартай дүгнэлт (хх-ийн 108-109),

 

Хэнтий аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 7 дугаартай “...Тухайн тээврийн хэрэгсэлд шинжилгээгээр тогтоогдсон эвдрэл гэмтлүүд нь ослын өмнө үүссэн үү? Эсвэл ослын дараа эсэх нь тогтоогдох боломжгүй байна.

Тухайн тээврийн хэрэгслийн гар болон хел тоормосийг тоормосны стенд, болон децелерометр багажаар шалгах боломжгүй тул дүгнэлт гаргах боломжгүй.

Осол гарахад техникийн талаас нөлөөлсөн хүчин зүйл тогтоогдох боломжгүй ...” гэх дүгнэлт (хх-ийн 132-134),

 

Хэнтий аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 8 дугаартай “...Тухайн тээврийн хэрэгсэлд шинжилгээгээр тогтоогдсон эвдрэл гэмтлүүд нь ослын өмнө үүссэн үү? Эсвэл ослын дараа эсэх нь тогтоогдох боломжгүй байна.

Тухайн тээврийн хэрэгслийн гар болон хел тоормосийг тоормосны стенд, болон децелерометр багажаар шалгах боломжгүй тул дүгнэлт гаргах боломжгүй.

Осол гарахад техникийн талаас нөлөөлсөн хүчин зүйл тогтоогдох боломжгүй ...” гэх дүгнэлт (хх-ийн 135-137),

 

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн гаргасан шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШД-179 дугаартай “...96-46 ДОР улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн зах зээлийн үнэлгээг 9,960,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (хх-ийн 144-148),

 

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн гаргасан шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШД-179 дугаартай “...09-69 ДОУ улсын дугаартай “Тоёота Приус-41” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн зах зээлийн үнэлгээг 7,430,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (хх-ийн 153-57),

 

Шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “...09-69 ДОУ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д. *******нь 1.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн арван нэгийн нэг дэх хэсэгт зааснаар “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” заалтыг зөрчин эсрэг урсгалд орж байрлан явах заалтыг зөрчсөн.

2.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн арван нэгийн гурвын гурав дах хэсэгт зааснаар “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” заалтыг зөрчин эсрэг урсгалд орж уг зам тээврийн ослыг гаргасан байна.

3.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн арван хоёрын гурав дахь хэсэгт зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” заалтыг зөрчин осол болох үед өөрийн тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээгүй аваагүй.

4.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгийн гурав дахь хэсэгт зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” заалтыг зөрчин хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй явж байснаас эсрэг урсгалд орж аюул тохиолдох үед тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй.

Дээрх Монгол Улсын замын хөдөлгөөний замын заалтыг зөрчсөнөөс уг осол гарсан байна.

2.96-46 ДОР улсын дугаартай AQUA тээврийн хэрэгслийн жолооч

3.*******  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна...” гэх дүгнэлт (хх-ийн 162-163),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 11),

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 12-21),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 175),

 

Дорнод аймгийн Матад сумын Түмэнхаан багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 179),

 

Д. ******** ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа (хх-ийн 199),

 

Иргэний нэхэмжлэгч ******* , хохирогч Ж.****** , шүүгдэгч Д. *******нарын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 200, 201, 206) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Д. ******** ын үйлдлийн улмаас хохирогч Ж.****** ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Д. *******нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч Д. *******нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д. *******нь гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч ******* т учруулсан 9,960,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Ж.******  нь шүүгдэгчид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д. ******** ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д. *******нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д. *******нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш овогт Д-ийн Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д. ******** т 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д. *******нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д. *******нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.****** , иргэний нэхэмжлэгч *******  нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д. ******** т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ХОСБАЯР