| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2020/01152/И |
| Дугаар | 181/ШШ2020/01183 |
| Огноо | 2020-05-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2020/01183
| 2020 оны 05 срын 05 өдөр | 181/ШШ2020/01183 |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Б –ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: нотариатч Г.Б-д холбогдох
2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Давхарбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Отгончимэг нарр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Б миний бие Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 6 гудамж 18 тоот хаягт байрлах 555 м.кв талбайтай газрыг Ж.Энхчимэг нь бусдаас зээл авахдаа 2014 онд 01 сарын хугацаатай барьцаалж байсан. Тэр үед газрын гэрчилгээг аваад одоо болтол буцааж өгөөгүй, шаардахаар янз бүрийн шалтаг, шалтгаан хэлээд хойшлуулдаг байсан. 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэдэд үйлчлэх автомат машинаас үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авч үзэхэд 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр н.Гүнчин-Иш гэх хүний зээлийн барьцаа миний өмчлөлийн газар дээр үүсч лавлагаа гарч ирсэн.
Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газраас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дэлгэрэнгүй лавлагаа гаргуулахад 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, итгэмжлэл гэсэн баримтуудыг гаргаж өгсөн. Тодруулж хэлбэл Ж.Энхчимэг нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр н.Гүнчин-Иш гэх хүнээс мөнгө зээлж зээлийн болон барьцааны гэрээ байгуулахдаа миний өмчлөлийн газрыг барьцаалсан байсан ба уг барьцааны гэрээг байгуулах болсон үндэслэл нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 92 дугаартай нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл болсон байна.
Итгэмжлэлийн хамгийн гол зүйл нь итгэмжлэгч хэлцлийг итгэмжлэгдэгчээр дамжуулан хийх боломжийг олгож итгэмжлэл олгохдоо гарын үсэг зурж байгаа нь өөрийн хүсэл зоригийн илэрхийллийг баталгаажуулж байгаа гэж ойлгож байна. Гэтэл би гарын үсэг зураагүй, гарын үсэг зурах нь битгий хэл Ж.Энхчимэгт хуулийн дагуу итгэмжлэл олгоогүй. Итгэмжлэл дээрх гарын үсэг бол миний гарын үсэг биш.
Нотариатч нь хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг учир хэн нэгэн этгээдийн хүсэлт, гуйлт зэргээр эрх зүйн үр дагвар агуулсан баримт бичгийг дур мэдэн гэрчлэх эрх байхгүй болов уу гэж бодож байна.
2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нотариатч Г.Б гэх хүн өөрөө над руу ярьсан. Ингэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, тайлбар бичих гэхээр бичих юм олдохгүй байна, Ж.Энхчимэгийн утас хаягийг олох хэрэгтэй байна гэхэд нь би олох боломжгүй, утсыг нь мэдэхгүй байна гэх хариуг өгсөн. Гэтэл өмгөөлөгчийнхөө дугаарыг өгөх боломжтой юу, шаардлагатай бол уулзаж болно, надад маргах зүйл байхгүй, уучлаарай гэж хэлье гээд утсаар ярилцсан. Иймд итгэмжлэл гэрчилсэн 92 дугаар бүхий нотариатч Г.Б ийн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Б нь 2020 оны 03 сард надтай ирж уулзсан. Миний өмчлөлийн газар дээр барьцааны эрх бүртгэлтэй байна гэж хэлэхэд тухайн үед зөвлөгөө өгөөд Нийслэлийн архивын газраас лавлагаа авч үзсэн. Лавлагаа авахад 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаан дахь итгэмжлэл гэрчилсэн итгэмжлэлийн тодорхой хуулбарууд, бүртгэлийн дэвтэр хоёроос лавлагаа авсан. Тэгэхэд итгэмжлэлийн хувь гарч ирсэн, харин бүртгэлийн дэвтэрээс юу ч гарч ирээгүй. Үүнийг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Нотариатч хийгдсэн үйлдэл болгоноо бүртгэлийн дэвтэр дээр дахин бүртгэж, баталгаажуулдаг. Үүн дээр итгэмжлэл өгсөн, авсан аль аль хүмүүсийнх нь гарын үсэг байхгүй, бүртгэл хийгдээгүй.
Шүүхэд нэхэмжлэл өгсний дараа хариуцагч манай үйлчлүүлэгчтэй ярьсан. Гэхдээ надтай холбогдоогүй. Иргэний хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу Ж.Энхчимэгт үүсэх бүрэн эрх төлөөлүүлэгчийн буюу Ц.Б гийн хүсэл зоригийн дагуу үүсэх ёстой талаар зохицуулсан. Ц.Б уг итгэмжлэлийг олгоход өөрийн биеэр байлцаагүй мөн Ж.Энхчимэгт өөрийн өмчлөлийн газрыг бусдад барьцаалж мөнгө зээлэхийг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй гэдгээ тайлбарласан. Иймээс нэхэмжлэгч Ц.Б г байхгүй байхад бичиг баримт үйлдсэн болох нь нотлогдож байна.
Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтуудыг зөрчсөн болох нь харагдаж байна. Нотариатч итгэмжлэл хийхдээ хуульд захирагдаж хийдэг. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлд нотариатын үйлдэл хийхээс татгалзах талаар зааж өгсөн. 92 дугаартай нотариатч Г.Б төлөөлүүлэгч Ц.Б байхгүй байсан ч гэсэн уг итгэмжлэлийг хийж өгсөн нь 31 дүгээр зүйлд заасан заалтыг зөрчиж байна.
Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх тооцно гэх заалт байдаг. Иймд нотариатчийн хийсэн үйлдэл хууль бус учраас тухайн үйлдлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй болно.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч нотариатч Г.Б өд холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нотариатч Г.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан хугацаанд хариу тайлбар гараагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Г.Б нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ц.Б гоос Ж.Энхчимэгт “000064645 тоот гэрчилгээний дугаартай, Г-2204001644 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут АОС 6 дугаар гудамж, 18 тоот хаягт байрлалтай, 18647310925278 нэгж талбарын дугаартай, 555 м.кв талбайтай газрын зээлийн барьцаанд тавих, барьцаалбарт оруулах, зээлийн болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах” эрхийг олгосон итгэмжлэлийг гэрчилсэн байна.
Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41,1-д “Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ. Хуулийн этгээдээс итгэмжлэл олгосон тохиолдолд Иргэний хуулийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзнэ.”, Нотариатын үйлдэл хийх зааврын 2.3-д “Үйлчлүүлэгч төлөөлөгчөөрөө дамжуулан нотариатын үйлдэл хийлгэхийг хуулиар зөвшөөрсөн болон Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд үйлчлүүлэгч нь нотариатчийн ажлын байранд өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ.” гэж заажээ.
Нэхэмжлэгч нь “...2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр миний бие нотариат дээр очоогүй, миний гарын үсгийн дурайлгаж зурсан. Нотариатын тэмдэглэлд итгэмжлэлийг гэрчилсэн үйлдлийг бүртгэж, гарын үсэг зуруулаагүй байгаа нь нотариат хууль зөрчсөн болох нь харагдаж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тайлбарласан.
Сүхбаатар дүүргийн 92 дугаартай нотариатч Г.Б ийн “Бүртгэлийн дэвтэр”-т 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нотариатын ямар нэгэн үйлдэл бүртгэсэн тэмдэглэл байхгүй болох нь бүртгэлийн дэвтрийн хуулбараар нотлогдож байна.
Итгэмжлэл гэрчилхэд итгэмжлэл олгож буй этгээд заавал биечлэн ирэх бөгөөд нотариат гэрчилсэн үйлдэл бүрийг бүртгэлийн дэвтэрт бүртгэж, үйлчлүүлэгчийн гарын үсгийг зуруулсан байна.
Гэтэл, нэхэмжлэгч Ц.Б нь биечлэн ирээгүй байхад Нотариатын тухай хууль, болон Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчиж, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр итгэмжлэл гэрчилсэн байх тул 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч нотариатч Г.Б ийн оршин байх хаягаар баталгаат шуудангаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн, мөн түүний 9905-5577 дугаарын утсаар мэдэгдсэн.
Мөн хариуцагч нотариатч Г.Б тэй 9905-5577 дугаарын утсаар холбогдож шүүх хуралдаан ирж буй эсэхийг асуухад “хамаатны хүний бие өвдөөд Багануурт ирсэн байна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, шүүх хуралдааныг эзгүйд хийхэд татгалзах зүйлгүй” гэсэн болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч нотариатч Г.Б өд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч нотариатч Г.Б ийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1.Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан хариуцагч Г.Б ийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Ц.Б с Ж.Энхчимэгт олгосон итгэмжлэлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нотариатч Г.Б өөс гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР