| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 113/2025/0008/З |
| Дугаар | 221/МА2025/0785 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2025/0785
Д.А-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ц.Одмаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн өмгөөлөгч
Нэхэмжлэгч: Д.А
Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын дарга
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 0009 дүгээр,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С, хариуцагч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номуунхүслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 0009 дүгээр шийдвэрээр:
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16, 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Агээс Говьсүмбэр аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Говьсүмбэр аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор болох 4.800.000 төгрөгийг Х сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийлгүүлэхийг Х сумын Засаг даргын Тамгын газарт даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2. Давж заалдах гомдлын агуулга:
2.1. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас ... халахыг хориглоно” гэжээ
Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Аг төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулахдаа Төрийн албанаас халах үндэслэлээ тодорхойлж Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн зохих зүйл заалтыг баримтлаагүй нь ойлгомжгүй, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй нь төрийн албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдлоор төрийн албан хаагчийг халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.
Хөдөлмөрийн дотоод журмын 13.6 дахь заалт нь “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан тохиолдолд ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна” гэсэн заалтыг үндэслэж нэхэмжлэгчийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулжээ.
Төрийн албанд, төрийн албанаас чөлөөлөх, халах гэдэг нь хоёр өөр үйлчлэл бүхий зохицуулалт ба чөлөөлөх гэсэн зохицуулалтыг үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байдал харагдахгүй байна. Харин хариуцагч Хөдөлмөрийн дотоод журмын 26 дугаар зүйл “Сахилгын шийтгэл ногдуулах” хэсгийн 2-в заалтыг хэрэглээгүй нь нэхэмжлэгчийн төрийн албанаас халах зорилготой биш чөлөөлөх зорилготой байсан гэж үзэхээр байна.
2.2. Хариуцагч Д.О“Д.А-н ажлын бүтээмж бол өндөр”, гэрч Б “Монголбанкны мэдээллийн нэгдсэн санг сар бүр хөтөлж өөрчлөлтийг хийдэг байсан, миний албан бичгээр болон амаар үүрэг даалгавар хугацаа хоцроохгүй, цаг тухайд нь санаачлагтай ажиллаж байсан, ажил үүргээ маш сайн гүйцэтгэдэг, 3 сумын хүрээнд программ болон бусад ажлыг сайн гүйцэтгэдэг, гэрч Д “Д.А нь Засгийн газрын тогтоолоор 3 мэргэжилтэн ажиллах ёстой ажлын байранд газар тариалангаас бусад ажил үүргийг ганцаараа хариуцаж ажилладаг байсан. Бидний хувьд мэдээ тайлан болон хариуцаж ажиллаж байсан ажлаа хугацаандаа чанартай гүйцэтгэдэг”, гэрч Б “А хоршоо хөгжүүлэх санг ямар түвшинд байхад ямар түвшинд хүргэсэн бэ гэдгийг мэдэж байгаа, ажлын бүтээмж хурд талаараа үнэхээр сайн учраас хэн ч маргахгүй, Тамгын дарга үүн дээр адилхан байр суурьтай байгаа гэж бодож байна” гэх зэргээр нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэл, ажлын үр дүнг үнэлж тодорхойлж гэрчилсэн.
Төрийн албаны тухай хуульд “Төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах”, “чадахуйн зарчим /мерит/ гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлана” гэжээ. Дээрх хариуцагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Д.А нь төрийн албаны чадахуйн зарчмыг бүрэн хэрэгжүүлж мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд олон нийт, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар маргаан бүхий актыг нэг сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж, 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж тус тус зааснаар хэрэв маргаан бүхий акт хууль бус болох нь мөн уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тус тус тогтоогдсон тохиолдолд шүүх уг актыг хүчингүй болгох, харин хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, тэрхүү нэмж тодруулан зүйлийн цар хүрээ нь шүүхийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шинжлэх, судлах боломжоос хэтэрсэн болох нь тогтоогдсон тохиолдолд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаж буй захиргааны актыг /шийдвэрийг/ тодорхой хугацаа зааж түдгэлзүүлж шийдвэрлэх үүрэгтэй.
2.1. Хэрэгт Говьсүмбэр аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Д.Аг Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн туршилтын 1 жилийн хугацаатайгаар томилсон байна.
2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Говьсүмбэр аймгийн Х сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/61 дүгээр тушаалаар төрийн албан хаагчийн нийтлэг чиг үүрэгт заагдсан үүргээ биелүүлээгүй, төрийн албан хаагчийн удирдлага болгох зарчмыг баримтлаагүй, албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл, гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж ухамсарласан байдал зэргийг харгалзан үзсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Ад 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 3 сарын хугацаанд цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
2.3. Нэхэмжлэгчээс Говьсүмбэр аймгийн Х сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/61 дүгээр тушаалтай маргаагүй, тус тушаал хүчин төгөлдөр байгаа болох нь тогтоогдсон байна.
2.4. Улмаар хариуцагчаас маргаан бүхий 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар “туршилтаар ажиллах хугацаандаа удаа дараа ажлын цаг ашиглалтыг алдагдуулсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил удаа дараа тасалсан, туршилтын хугацаанд ажиллахдаа ажлын төлөвлөгөөний биелэлтийг тайлагнаагүй, төрийн албан хаагчийн нийтлэг үүрэгт заагдсан үүргээ биелүүлээгүй, төрийн албан хаагчийн удирдлага болгох зарчмыг баримтлаагүй, албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл, гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж ухамсарласан байдал зэргийг харгалзсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Аг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халж шийдвэрлэсэн байна.
2.5. Хариуцагч маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:”, 48.1.4-т “төрийн албанаас халах” гэж заасныг баримталсан байна.
2.6. Дээрх хуулийн зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тохиолдолд зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан үзэж, тохирох сахилгын шийтгэлийг ногдуулахад хэрэглэгдэхээр байна.
2.7. Хариуцагч 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Аг “туршилтаар ажиллах хугацаандаа удаа дараа ажлын цаг ашиглалтыг алдагдуулсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил удаа дараа тасалсан, туршилтын хугацаанд ажиллахдаа ажлын төлөвлөгөөний биелэлтийг тайлагнаагүй, төрийн албан хаагчийн нийтлэг үүрэгт заагдсан үүргээ биелүүлээгүй, төрийн албан хаагчийн удирдлага болгох зарчмыг баримтлаагүй, албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл, гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж ухамсарласан байдал”-ыг харгалзан нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлийг тодорхойлсон байх боловч нэхэмжлэгчийг зайлшгүй албан тушаалаас нь халахаас өөр аргагүйд хүрсэн нөхцөл байдлыг бодитой тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах, энэ нөхцөл байдлыг хариуцагч нотлох үүрэгтэй.
2.8. Гэтэл нэхэмжлэгч Д.А нь туршилтын хугацаанд ажиллахдаа өөрийн үүрэгт хамаарах ямар ажлын төлөвлөгөөний биелэлтийг хэрхэн ямар байдлаар заагдсан хугацаанд тайлагнаагүй болох мөн төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг хүлээх этгээд мөн эсэх нийтлэг үүрэгт хамаарах ямар үүргийг биелүүлээгүй, төрийн албан хаагчийн удирдлага болгох ямар зарчмыг баримтлаагүй, албаны хэвийн үйл ажиллагааг хэрхэн алдагдуулсан, бусад албан хаагч болон нийгэмд ямар байдлаар сөрөг нөлөө үзүүлсэн, эдгээр нь хэрхэн тогтоогдсон гэж үзсэн, мөн “удаа дараа ажил тасалсан” гэж буруутгасан нь хэзээ хэрхэн ямар байдлаар ажил тасалсан болох зэрэг маргаан бүхий актын үндэслэлд заасан асуудлуудыг хэрхэн тогтоосны үндсэн дээр түүнийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй байна.
2.9. Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий актын зөвхөн нэг үндэслэл буюу ажил тасалсан гэх үндэслэлтэй холбогдуулан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
Хариуцагчаас маргаан бүхий Б/23 дугаар тушаалыг гаргахдаа үндэслэлд хамаарах бодит нөхцөл байдал тус бүрийн тухайд хамааралтай, ач холбогдолтой, шаардлагатай ажиллагаа хийж, нотлох баримтыг цуглуулж, үнэлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж шүүхээс үзэх боломжгүй, захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд баримтлагдах шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тусгай зарчим алдагдсан гэж үзэх үндэслэлтэй.
2.10. Өөрөөр хэлбэл, аливаа захиргааны байгууллага нь хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг, тухайлбал нөхцөл байдлыг бүрэн тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар, санал гаргах боломжийг хангах зэрэг ажиллагааг хэлбэрийн төдий хийх бус, харин өөрийн шийдвэрээ үндэслэлтэй, хууль ёсны гаргахын тулд бодитойгоор, үр нөлөөтэйгөөр хэрэгжүүлэх учиртай.
Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлд хариуцагчаас “... Д.Аг ажлаас чөлөөлнө ” гэсэн байх боловч маргаан бүхий 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Аг төрийн албанаас халсан байна.
2.11. Мөн хариуцагч маргаан бүхий актад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга,Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6.1-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна”, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 54 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журам”-ын 3.2-т “Туршилтын хугацаагаар томилогдсон албан хаагч ажлын төлөвлөгөөний биелэлтийг сар бүр тайлагнана.”, 3.3-д “Энэ журмын 3.2-т заасан төлөвлөгөөний биелэлт, үр дүнг холбогдох албан тушаалтан сар бүр үнэлж баталгаажуулсан байна, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 402 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ын 3.1-т “Туршилтын хугацаанд ажиллаж байгаа албан хаагч нь үйл ажиллагаандаа тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, холбогдох хууль тогтоомжийг баримталж ажиллана” гэж заасныг тус тус үндэслэсэн байна.
2.12. Харин Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 402 дугаар тогтоолыг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн "Журам батлах тухай" 54 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцохоор заасан байна.
2.13. Гэтэл хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа хүчингүй болсон Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн "Журам батлах тухай" 54 дүгээр тогтоолыг үндэслэсэн нь үндэслэлгүй, хууль бус болохыг дурдах нь зүйтэй байна.
2.14. Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалд өөрчлөлт оруулах тухай тогтоолын 4.10.11-д “Хуулийн 106.3.11-т шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан cap хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нэхэмжлэлийн хүрээнд нэмж тодруулах ажиллагааг хэн, ямар хугацааны дотор хийж гүйцэтгэх, шинээр гаргах актыг хэзээ гаргахыг заана. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн хүсэлтээр гүйцэтгэх хуудас бичиж болно, ийнхүү гүйцэтгэх хуудас бичихээс өмнө шүүхээс ямар ажиллагаа хийж байгаа талаар хариуцагчаас тодруулга авсан байвал зохино.”, 4.10.11 а-д “Төрийн албаны маргааны хувьд: зарчмын хувьд ажлаас халсан маргаан бүхий хэрэгт дахин нэмж тодруулах ажиллагаа хийхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй, хэрэв захиргаа шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг дутуу шалгасан бол энэ нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болно. Гэвч зарим тохиолдолд эрүүгийн маргаан шийдвэрлэгдээгүй, энэ нь маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд нөлөөлөх байвал, эсхүл өөр захиргааны байгууллагын шийдвэрийг заавал гаргуулах шаардлагатай зэрэг тохиолдолд дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгасан бол ямар ямар ажиллагааг захиргаа хийх үүрэгтэй, юу тодруулах талаар заана. Жишээлбэл, төрийн албаны сонгон шалгаруулалттай холбоотой маргааны хувьд: сонгон шалгаруулалт явуулах нөхцөл байдлыг хэрхэн тогтоох, өмнө явуулсан сонгон шалгаруулалтын бусад оролцогчийн шалгалтын дүнг хэвээр үлдээх, эсхүл хүчингүй болгох эсэх, нэхэмжлэгчийн ямар эрхийг хэрхэн сэргээх талаар тодорхой үүрэгжүүлсэн агуулгатай байж болно” гэж шийдвэр бичих аргачлалыг зааж журамласан.
2.15. Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.3-т “Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзнэ”, 3.3.1-д “зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар”-ыг харгалзан үзэхийг захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтанд даалгасан, өөрөөр хэлбэл, маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д зааснаар зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
2.16. Иймд хариуцагч нь сонгох боломжийг зөв хэрэгжүүлж, тогтоогдсон зөрчилд нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтад заасан хариуцлагын төрлөөс аль тохирохыг сонгож, зохих журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.17. Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагаврыг харгалзаж үзээгүй, ногдуулсан халах сахилгын шийтгэл нь түүний гаргасан зөрчлийн шинж байдалд тохирсон эсэхийг шүүх дүгнэх боломжгүй байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн Б/23 дугаар тушаалд холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, маргаан бүхий Говьсүмбэр аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2.18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий акт хүчингүй болохыг, шүүхийн энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болж, улмаар хариуцагчаас дахин шинээр гаргах актыг эс зөвшөөрөх тохиолдолд актын үйлчлэл чиглэгдсэн этгээдээс хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд гомдол, нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1008 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар шийдвэрийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл нэг сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг дурдсугай” гэсэн заалтыг нэмсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ