Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 59

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

улсын яллагч М.Цэнд-Аюуш,

хохирогч Д.Төмөр-Очир, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал,

шүүгдэгч М.Сормөнх, түүний өмгөөлөгч М.Амарбаяр нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Ниийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Мөнхгэрэлийн Сормөнхөд холбогдуулж яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн эрүүгийн 201625013967 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт Мөнхгэрэлийн Сормөнх, 1992 оны 6 дугаар сарын 21-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Би Жи Пи” ХХК-д гэрээгээр орчуулагч ажилтай гэх, ам бүл 4, эх, 2 ахын хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 бичил хороолол 17-16 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УК92062137 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах Баянхайрхан Трейдын 4-401 тоот байранд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр М.Сормөнх нь хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Төмөр-Очирын нүүрэн тус газарт гараараа цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Сормөнх шүүхийн хэлэлцүүлэгт: “Хэрэг бүртгэлтийн шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, Хохирогчтой сайн дураараа эвлэрч хохирол төлбөрийг барагдуулсан тул хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв,

Хохирогч Д.Төмөр-Очир шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр тэд нарыг цуглаад ууж байхад нь сүүлд очсон. Олон эрчүүд цуглаад наргиж цэнгэсэн. Тэр үед би Сормөнхтэй муудалцсан. Бид хоёр эв зүйгээ олох гээд гарахад намайг Сормөнх цохиж хохироосон. Одоо хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Бид эвлэрсэн тул хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв,

Хохирогч Д.Төмөр-Очир хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Аман хуур хотхоны 40 тоотод очиж архи уух болсон. Ингээд архи ууж яриа өрнүүлэн сууж байтал Болдоо гэх ах намайг гараад хаалга хааж бай гэхээр нь би гараад хаалга дарааж зогсож байтал Сороо ирээд дотогшоо оръё гэхээр нь  би оруулахгүй гээд бид хоёрын дунд маргаан үүсч маргадсан. Ингээд хүмүүс бид хоёрыг болиулан салгаж хоёр тйиш болгосон. Тэгтэл бид дахин яриа нийлэхгүй маргалдсан. Тэгээд би Сороог хамтдаа гарч учир зүйгээ олъё гэж хэлээд хаалгаар түрүүлж гараад эргээд харахад нүүр чих рүү 5 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг. /хх13-17/,

Гэрч Э.Гантулга хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах 401 тоотод өрөөнд Далайцэрэн, Ариунболор, Төмөр-Очир таних 2-3 залуугийн хамт сонгуулиар ажиллаад нам ялсан гэж баяр тэмдэглэх маягаар 2 шил 0.75 литрийн нэрийг нь мэдэхгүй архи уусан. Ингээд архи ууж Сормөнх, Төмөр-Очир нар юунаас болж маргалдсан талаар би мэдэхгүй байна, маргаж муудан Төмөр-Очир согтуурхаж хаалган дээр очоод бацаан минь гараад ир үзье, аймхай бацаан, чи намайг хөгшин гэл үү гээд агсраад дайраад байсан. Тэгтэл Сормөнх айгаад болио ахаа, тайвшир чи согтуу байна гээд ярьж байтал Сормөнхийг Төмөр-Очир өөрөө өдөөд гаръя гэж шалсаар байгаад хамтдаа өрөөнөөс гараад их удаагүй 10-15 секунд л болсон байх, тэгтэл хоёулаа ноцолдоод л бужигналдаад дуу чимээ гарсан. Тэгэхээр нь Далайцэрэнтэй хамт гарч очоод салгатал Төмөр-Очирын уруулнаас нь цус гоожсон байсан. Тэгээд Сормөнх намайг цохьчихлоо гэсэн. Тэгээд болиулаад та хоёр боль гэтэл Сормөнх би явлаа гээд найз охин руугаа явсан ба би зодоон болоод уур амьсгал тавгүй болчихоор нь өөрөө гараад явсан...” гэсэн мэдүүлэг. /хх18-19/,

Сэжигтэн М.Сормөнх хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: “...Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэр Аман хуур хотхон Баянхайрханы 401 тоот өрөөнд Сонгуулийн үеэр ажилласан хүмүүстэйгээ амжилттай ажилласны баяр тэмдэглэж Гантулга, Далайцэрэн, Шинэбаяр, Төмөр-Очир болон бусад хүмүүсийг бүгдийг тоолоход 20 орчим хүн байсан санагдаж байсан. 0.75 литрийн архи ууж  тэмдэглэсэн. Ингээд би сууж байгаад хөгшөөн гэж ярьтал Төмөр-Очир над руу чи муу бацаан  намайг хөгшөөн гэдэг хэн бэ гээд асаад бааварлаад байсан.Тэгээд намайг баньд минь чи надаас дүү биз дээ гээд дайрч гаръя гээд хаалган дээр очиж зогсоод найз охины дэргэд гараад ир, хоншоортой юм бол гараад ир гэхээр нь би болио ах гэтэл гараад ир гээд байсан. “...Төмөр-Очир намайг цохих гээд гараа далайхаар нь би түрүүлж нүүр хэсэг буюу уруул орчимд нь баруун гараараа атгаж байгаад нудрага хэсгээрээ нэг удаа, надаас цохилт авч тонгохоор нь зүүн гараараа нэг удаа мөр хэсэгт нь цохьсон...” гэсэн мэдүүлэг. /хх28-30/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14073 дугаартай дүгнэлт:

  1. Д.Төмөр-Очирын биед тархи доргилт, уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, дотор салстад цус хуралт, доод уруулд шарх, дотор салстад шарх, цус хуралт, 2 нүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.
  5. Хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх байх боломжтой гэмтэл байна. гэсэн дүгнэлт. /хх20-25/,

Хохирогч Д.Төмөр-Очирын мэдүүлэг /хх13-17/, гэрч Э.Гантулгын мэдүүлэг /хх18-19/, сэжигтэн М.Сормөнхийн мэдүүлэг /хх28-30/, шинжээчийн №14073 дугаартай дүгнэлт /хх20-25/, хохирогч Д.Төмөр-Очирын хүсэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч М.Сормөнх нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах Баянхайрхан Трейдын 4-401 тоот байранд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Төмөр-очирын нүүрэн тус газарт гараараа цохиж бид махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч М.Сормөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Сормөнхийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Сормөнх нь өмнө шүүхээр ял шийтгүүлж байсан боловч хуульд заасан ялтай байх хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Сормөнх, хохирогч Д.Төмөр-Очиртой сайн дураар эвлэрч, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж эвлэрсэн талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгч байх тул М.Сормөнхийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Сормөнх нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан шүүгдэгч М.Сормөнх нь хохирогч Д.Төмөр-Очиртой сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар М.Сормөнхийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Мөнхгэрэлийн Сормөнхийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирогчтой сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Сормөнх нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2 сая төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурьдсугай.

3. Энэ өдрөөс М.Сормөнхөд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Сормөнхөд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР