Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 111/ШШ2022/0006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан даргалж, тус шүүхийн 103 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: Баянхонгор сумын Засаг дарга нарын хоорондын

“Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн “*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” *******, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “*******г ажлаас халах тухай” ******* дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь “Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн ******* тоот “*******д сахилгын шийтгэл ногдуулах”, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ******* тоот “*******г ажлаас халах тухай” захирамжуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх”-ээр маргаж байна.

2. Нэхэмжлэгч *******г Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “*******г ажилд эгүүлэн томилох тухай” Б/02 дугаар захирамжаар 2 дахь удаагаа эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилогджээ. Түүнийг ёс зүйн зөрчил гаргасан, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэн, Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” ******* дугаар захирамжаар сануулах сахилгын шийтгэл,ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэн, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “*******г ажлаас халах тухай” ******* дүгээр захирамжуудыг гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актуудыг 2021 оны 2 дугаар сарын 26, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр тус тус мэдсэн. Харин нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Засаг даргад хандан гомдол гаргасан, улмаар 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 1а/315 дугаар албан бичгээр хууль тогтоомжид нийцсэн гэж үзэн гомдлыг хангахаас татгалзсан хариуг өгсөн. Мөн Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1а/408 дугаар албан бичгээр Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны ******* дүгээр захирамжийг хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүй болгохыг даалгасан.

Нэхэмжлэгч 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий захиргааны акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

1. Ажилчдаас ирсэн өргөдлийн дагуу гэх нэрээр Баянхонгор сумын Багшийн ёс зүйн салбар зөвлөлийн гишүүд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2 дугаар сарын 22-ны өдрүүдэд хамт олон болон зарим ажилчидтай уулзаж миний ёс зүйн талаар сайн, дунд, муугаар үнэлсэн саналын хуудас авч, эрхлэгч Б. Ишмаатай ажиллах уу? үгүй юу? гэх мэтээр санал хүсэлт авч явсанд миний хувьд гомдолтой байгаа. Уг саналд 25 хүн оролцсон. Миний ёс зүйг үнэлж дүгнэж санал өгсөн, надтай ажиллах үгүйг бичгээр илэрхийлсэн хүмүүсийн 11 ажилтан буюу нийт санал өгсөн ажилчдын 44 хувь нь намайг танихгүй, надтай ажиллаж үзээгүй хүмүүс байсанд гомдолтой. Багшийн ёс зүйн салбар зөвлөл гомдлын мөрөөр ажилласан явдал нь хэт нэг талын баримталсан, шударга бус үйлдэл байсан гэж үзэж байна. Багшийн ёс зүйн зөвлөлийн 01 тоот дүгнэлт гарч дүгнэлтийг үндэслэн Сумын Засаг дарга ******* нь ******* надад сахилгын шийтгэл авах захирамж гаргасан.

2. Ажлаас буруу халагдсан учраас шүүхэд хандах нь миний эрх гэж үзэж хоёр удаа эгүүлэн тогтоолгосон боловч аймаг, сумын дарга нар намайг дахин ажлаас халах шалтаг хайсаар миний ажиллаж байсан байгууллагын хүмүүсийг турхиран удаа дараа өргөдөл гомдол бичүүлсээр ажлаас халж намайг цаашид ажиллах боломжгүй болгосон. Энэ нь миний төрд ажиллах, цалин хөлс авах, амар тайван тогтвор суурьшилтай ажиллах зэрэг эрхүүдийг ноцтой зөрчиж байгаа төдийгүй, шүүхийн удаа дараагийн шийдвэрүүдийг үл тоосон, шүүхийн шийдвэрийг хэлбэр төдий биелүүлээд ажлаас чөлөөлж байна гэж үзэхээр байна.

Үндсэн хуулиар миний эрх хамгаалагдсан, хамгаалах шүүхтэй учраас л би шүүхэд хандсан. Мөн үзэл бодол, итгэл үнэмшлээ хүртэл хязгаарлуулж байна. Иймд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч ******* 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн үндэслэлдээ:

“Баянхонгор сумын засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* тоот “*******г ажлаас халах тухай” захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, хууль бус дүгнэлтэд үндэслэсэн бөгөөд, намайг ажлаас чөлөөлөхийн тулд ёс зүйн хороо байгуулж, захиалгаар ёс зүйн хороо нь эрх хэмжээгээ хэтрүүлэн дүгнэлт гаргаж, тухайн дүгнэлтийг нягтлан шалгалгүйгээр намайг ажлаас халах тухай захирамж гаргасан нь хууль бус юм. Тус захирамж, багшийн ёс зүйн хорооны дүгнэлт гаргахдаа надад тайлбар, мэдээлэл өгөх боломжоор хангаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл зориуд зөрчсөн. Иймд миний гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж байна. Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болж ажлаас халагдсан нөхцөл байдал байхгүй байна. *******г ажлаас нь халах чөлөөлөх эрх нь тухайн байгууллагад байгаа боловч үнэхээр нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байгаа юм бол нотлох баримтад үндэслэж, бодитой шийдвэр гаргах хэрэгтэй. 5 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан багш ажилчдын саналд үндэслэж түүнийг ажлаас чөлөөлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнээс үүдэн нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд хууль бус ажлаас халах 3 удаагийн захирамж гараагүй бол тухайн байгууллага өнөөдөр хэвийн үйл ажиллагаа явуулж байх байсан. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл нь өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх ерөнхий үндэслэлээр ажлаас нь халсан. Мөн ажлаас халах гэж байгаа бол холбогдох хууль тогтоомжийг баримтлах ёстой. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1.12 дугаар зүйлд “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх гол шалтгаан нь багшийн ёс зүйн хорооны дүгнэлт байсан бөгөөд энэ багшийн ёс зүйн хороо нь хууль бусаар байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгчийн энэ үйлдэл нь ёс зүйн зөрчилтэй байна гэж тодорхой шалгаагүй байсан. Байгууллагын удирдлагын хувьд тавьсан шаардлыг багш ажилчид эрхлэгч намайг дарамталж байна гэх үндэслэлээр хараад байгааг ойлгохгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 1.3 дах хэсэгт “тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн зарцуулалтыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан хугацаанд тайлагнаагүй, эсхүл зарцуулаагүй эд хөрөнгийг эгүүлж төлөөгүй” заасан заалтыг зөрчсөн. Баянхонгор аймгийн Засаг дарга Баянхонгор сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх хэмжээ нь байгаа. Гэхдээ албан бичгээр Баянхонгор аймгийн Засаг даргын гаргасан захирамжийг хэн ч байсан биелүүлэх ёстой. Гэтэл Баянхонгор сумын Засаг дарга биелүүлээгүй байна. Мөн өмнөх гаргасан 3 шатны шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлж байна. Иймд *******г эгүүлэн ажилд нь томилж өгнө үү.” гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн *******гийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч *******г анх 2018 онд ажлаас чөлөөлөгдөхдөө авлига ашиг сонирхлын мэдүүлгээ өгөөгүй байсан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөнбайсан. Иймд нэхэмжлэгчийг авлига авдаг гэх үндэслэлээр хамт олон нь хамт ажиллах дургүй байна гэж ойлгож байна. Мөн Багшийн ёс зүйн зөвлөлөөс нэхэмжлэгчийг ёс зүйгүй гэсэн байдлаар мөн адил дүгнэлт гаргасан байна. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч зохион байгуулалттайгаар хүмүүсийг уриалж өргөдөл гомдол гаргуулаад байна гэж хэлж байна. Яагаад бүгд санаа нэгдэж өргөдөл гомдол гаргаж 2018 оноос хойш 3 дахь удаагаа нэхэмжлэгчийг ажлаас нь халаад байгаа юм бэ? энэ нь нэхэмжлэгчээс өөрөөс нь шалтгаалж байгаа нь харагдаж байна. Төрийн албанд хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг ямар ч байгууллага хүлээн авч ажиллуулахад бэлэн байдаг. Хэрвээ нэхэмжлэгч эргэж ажилдаа томилогдлоо гэж бодоход цаана нь үүсэх үр дагавар нь хүүхдүүд хохирохоор байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд анх “Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн “*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргад холбогдуулан гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хуулиар өөрт олгогдсон эрхээ эдэлж, 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг “Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “*******г ажлаас халах тухай” ******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ээр тус тус ихэсгэсэн байна.

Монгол Улсын Их хурал 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг баталж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн ч маргаан бүхий захиргааны актуудыг гаргах үед хэрэгжиж байсан Хөдөлмөрийн тухай хуулийг /1999 оны/ буцаан хэрэглэж энэ захиргааны хэргийг хянан шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлтэй байна.

2. Тэрээр дараах 2 үндэслэлээр маргасан. Үүнд:

1. Ажилчдаас ирсэн өргөдлийн дагуу гэх нэрээр Баянхонгор сумын Багшийн ёс зүйн салбар зөвлөлийн гишүүд хамтарч ажиллаж үзээгүй, танихгүй ажилчдаас *******гийн ёс зүйг сайн, дунд, муугаар үнэлсэн, хамтарч ажиллах, ажиллахгүй талаар санал авч, хэт нэг талыг барьж ажилласан дүгнэлтийг үндэслэн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй.

2. Намайг ажлаас чөлөөлөхийн тулд ёс зүйн хороо байгуулж, ёс зүйн хороо нь захиалгаар эрх хэмжээгээ хэтрүүлэн дүгнэлт гаргаж, уг дүгнэлтэд үндэслэн ажлаас халах захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, ёс зүйн хороо дүгнэлт гаргахдаа тайлбар, мэдээлэл өгөх боломжоор хангаагүй, хөдөлмөрийн тухай хуулийг зориуд зөрчсөн гэжээ.

3. Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл, нэхэмжлэгч ******* нар 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ”-г байгуулжээ.Ёс зүйн зөрчил гаргаж, эрхэлсэн ажилдаа хариуцлага алдсан гэж үзэн хариуцагч маргаан бүхий захиргааны акт буюу 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар захирамжаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Түүнээс гадна ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэн 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр захирамжаар үүрэгт ажлаас нь халжээ.

Нэхэмжлэгчид сануулах болон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан захирамжид дурдсан заалт болох багшийн ёс зүйн журмыг зөрчсөн, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл гүйцэтгэхээс татгалзсан, ажилчдын нэр хүндэд халдах, тэднийг хамт олны дунд хэл амаар доромжлох, гүтгэх, маргаан үүсгэх, дарамтлах, үндэслэлгүйгээр ажлаас халсан нь бусад байгууллагын шийдвэрээр тогтоогдсон, нам, улс төрийн харьяаллаар ялгаварлан гадуурхсан зөрчил баримтаар нотлогдохгүй, тогтоогдохгүй байна.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна., 131 дүгээр зүйлийн 131.1.1-д “сануулах”, 131.1.3-т “ажлаас халах”,Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.5-д “...шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус заасан.

Хариуцагч маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүйгээс *******гийн ямар үйлдэл, эс үйлдлийг ёс зүйн зөрчилд хамруулан үзсэн нь ойлгомжгүй, зөрчил гарсныг хөдөлшгүй баримтаар тогтоох, улмаар хөөн хэлэлцэх хугацаа зэргийг харгалзсан эсэх нь тодорхойгүй байна. Баянхонгор сумын Засаг дарга хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад баримтаар тогтоогоогүй, Баянхонгор сумын багшийн ёс зүйн салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн сануулах болон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болохоо мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

Хариуцагч хуулийг хэрэгжүүлээгүй, буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн “хөдөлмөрлөх эрх”-ийг зөрчсөн байх тул түүнийг урьд эрхэлж байсан ажил буюу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны /2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл/ нөхөх олговор 11.530.115 төгрөгийг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж тус тус заасны дагуу Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй.

Нөхөх олговрыг олгож шийдвэрлэсэнтэй холбоотой Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.”, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.4, Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 131 зүгээр зүйлийн 131.1.1, 131.1.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн “*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” *******, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “*******г ажлаас халах тухай” ******* дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 11.530.115 /Арван нэгэн сая таван зуун гучин мянга нэг зуун арван таван/ төгрөгийг нэхэмжлэгч *******д олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийг баримтлан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН