Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 1362

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Өы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/01330 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.Өы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Дд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 173 200 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ч.Ө,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Гансүх,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Мөнхзул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Дорждагвын хүсэлтээр 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 80 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусч мөнгөө нэхэхэд Д.Д өгнө  гэсэн боловч төлөхгүй байна. Энэ хугацаанд зээлийн хүүгийн төлбөр болох 42 800 000 төгрөгийг төлсөн. Талуудын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Д.Д гэрээний үүргээ биелүүлээгүй, түүний авсан зээлийн хугацаа дууссан. Зээлдэгч Д.Д нь зээлийн төлбөр барагдуулах тухай тохирсон хэлцэл хийж гарын үсгээ зурсан болно. Одоо үндсэн зээл 80 000 000 төгрөг, зээлийн хүү болон алдангийн хамт 93 200 000 төгрөг, нийт 173 200 000 төгрөгийг Д.Дагвадоржоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие барилгын ажил эрхэлдэг бөгөөд Ч.Өаас зээлсэн 80 000 000 төгрөгийг буцааж өгч чадахгүй байгаадаа гэмшиж байна, нэхэмжилж байгаа мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. Зээлийн хугацааг сунгаагүй, би 173 200 000 төгрөгийн төлбөрийг 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор Ч.Өд бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан Данзангийн Дорждагваас 73 800 000 /далан гурван сая найман зуун мянган/ төгрөгийг гаргуулан Чимэддоржийн Өлзийсайханд олгож, үлдсэн 99 400 000 /ерэн есөн сая дөрвөн зуун мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 023 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Д.Дагвадоржоос 526 950 /таван зуун хорин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан Ч.Өд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасны дагуу зээлийн гэрээний хугацаа 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дууссан байхад талууд зээлийн гэрээний хугацааг сунгасан талаарх баримт хэрэгт ирүүлээгүй байх тул тухайн зээлийн гэрээний хугацааг сунгагдсан байна гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацаа 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дууссанаас хойшх хугацаанд зээлийн хүү бодогдох хуулийн үндэслэлгүй байхад хариуцагчийн эргүүлэн төлсөн 42 800 000 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөр гэж үзсэн нэхэмжлэгчийн тайлбар хуулийн үндэслэлгүй байна...” гэжээ. Ч.Ө, Д.Д нар нь 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулсны дараа 2017 оны 02 дугаар сарын 16, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус тус бичгээр гэрээ байгуулж үндсэн зээл, зээлийн хүү, эцсийн байдлаар хэдэн төгрөг төлөх талаар харилцан тохиролцсон байдаг. Үүнийг нэхэмжлэгч тал зээлийн гэрээний сунгалт гэж үзэж байна. Нөгөө талаас Д.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналаа илэрхийлсэн байдаг. Анхан       шатны шүүх хуралдаанд ч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ. 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр талуудын байгуулсан хэлцэлд дараах зүйл тусгагджээ. Үүнд: Үндсэн зээл 80 000 000 төгрөг, нийт зээлийн хүү 33 сар 132 000 000 төгрөг, төлсөн хүүгийн төлбөр 42 800 000 төгрөг, эцсийн байдлаар төлөх үлдэгдэл төлбөр 169 200 000 төгрөг. Анхан шатны шүүх хариуцагч Д.Дас 73 800 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, 169 200 000-73 800 000=95 400 000 болно. Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Дас 95 400 000 төгрөг нэмж гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Д.Дас нийт 169 200 000 төгрөг гаргуулан Ч.Өд олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Ч.Ө нь хариуцагч Д.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 173 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

            Зохигчид 2015 оны 5 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ч.Ө нь 80 000 000 төгрөгийг зээлдүүлэх, хариуцагч Д.Д нь уг мөнгөн хөрөнгийг 3 сарын хугацаанд, сарын 5 хувийн хүүтэй төлөх, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй байгуулсан байна. /хх-ийн 5 дугаар тал/

 

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр  зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан ба хариуцагч нь зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар маргаагүй, энэ талаархи бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан байх тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь зөв.

 

            Талууд зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч Д.Дас 42 800 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй. Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан боловч анхан шатны шүүх Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан зарчимын хүрээнд хэрэгт авагдсан баримтад тулгуурлан дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

            Талуудын байгуулсан гэх төлбөр барагдуулах хэлцэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул уг баримтыг үндэслэн талууд зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэхгүй юм.

 

            Иймд анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр 80 000 000 төгрөг, 3 сарын хүү 12 000 000 төгрөг, нийт 92 000 000 төгрөгөөс гүйцэтгэсэн үүрэг болох 42 800 000 төгрөгийг хасч 49 200 000 төгрөгийн үндсэн үүрэг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Мөн хариуцагч нь хугацаандаа зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй байх тул 49 200 000 төгрөгөөс алданги тооцож 24 600 000 төгрөг, нийт 73 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

                   

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/01330 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 634 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО                                            

                                                          ШҮҮГЧ                                  М.НАРАНЦЭЦЭГ                                                                                                           

                                                                                                       Г.ДАВААДОРЖ