Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 03

 

М.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 471 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжтай, М.Д-д холбогдох эрүүгийн 1935003810193 дугаартай, 1 хавтас хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа нар оролцов.

Монгол Улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнхангай сумын 3-р багт оршин суух, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ОЕ82071910, Тэргүүн тайж овогт Му-Д

Шүүгдэгч М.Д нь согтуугаар Увс аймгийн Зүүнхангай сумын 3 дугаар багийн нутагт 2019 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө хохирогч Ц.Д-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тэргүүн тайж овогт М-Д-д холбогдох 1935003810193 дугаартай эрүүгийн хэргийг Увс аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 471 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч эсэргүүцэл гаргаж байна. Дээрх шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Шүүгдэгч М.Д нь согтуугаар Увс аймгийн Зүүнхангай сумын 03 дугаар багийн нутагт 2019 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө хохирогч буюу эхнэр Ц.Д-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг доордуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх М.Д-ийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж хууль зүйн дүгнэлт хийхдээ шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байхад хөнгөн зүйл хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь буруу гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Даваажав, насанд хүрээгүй гэрч Д.Д, гэрч Ч.Б, гэрч Б.С яллагдагч М.Д нарын мэдүүлгээр яллагдагч М.Д нь хохирогч буюу эхнэр Ц.Д-ыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдсөнөөс хойш анх удаа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан шинжээр нь ойлгож, хэргийн зүйлчлэлийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм. Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 471 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр өөрийн эхнэрийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон гэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан уг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх бүрэн боломжтой. Хохирогчийн мэдүүлэгт М.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ирж хэл амаар доромжилдог гэдэг боловч хэдэн сарын хэдний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирээд хохирогчид халдсан тухай хэрэгт авагдсан нотлох баримт дотор байхгүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой учир Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 471 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” ­гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа тайлбартаа: Миний үйлчлүүлэгч М.Д нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч буюу өөрийн эхнэр Д-ыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн нотлогдсон гэж М.Д-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх М.Д-д холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг нэгтгэж дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэгдсэн гэж прокурорт буцаасан. Энэ нь М.Д-ийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 471 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 471 дүгээар “Хэргийг прокурорт буцаах тухай“ шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай прокурорын эсэргүүцлийг үндэслэн М.Д-д холбогдох эрүүгийн 1935003810193 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Д-г согтуугаар Увс аймгийн Зүүнхангай сумын 3 дугаар багийн нутагт байрлах  гэртээ 2019 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө эхнэр Ц.Д-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх М.Д-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд: шүүгдэгчийн үйлдлийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжтэй байх тул хэргийн зүйлчлэл хүндрэхээр байна гэх агуулга бүхий дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

М.Д нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө согтуугаар Увс аймгийн Зүүнхангай сумын 3 дугаар багийн нутагт байрлах  гэртээ “нүүр лүү гэрэл тусгалаа“ гэж уурлан эхнэр Ц.Д-ын нүүрэн тус цохисноос тархи доргилт, хамар ясны хугарал, таславчны муруйлт, 2 нүдний зовхи хар хөхөрсөн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Д-ийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжтэй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримттай нийцээгүй, өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэх хууль зүйн ойлголтод хамаарах боловч эхнэр Ц.Д-ын биед тухайн  цаг хугацаанд халдсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгох ёстой бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тодорхойлсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах “ гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн“ гэх шинжээр хүндрүүлэн зүйчлэхдээ тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтооход анхаарах нь зүйтэй. Нөгөөтэйгүүр Гэр бүлийн хүчирхийлэл нь хэдийгээр нуугдмал, далд аргаар үйлдэгддэг боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоох бөгөөд таамаг, төсөөлөлд үндэслэж дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй болно.

Шүүгдэгч М.Д нь эхнэрээ гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг нь далимдуулан байнга зодож байсан, эсхүл байнга харгис хэрцгий догшин авирлаж, тарчлаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Хохирогч Ц.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “ М.Д нь 2009, 2015 онд миний биед халдаж зодож байсан” гэх тайлбар мэдүүлгийг гаргасан байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдсөнөөс хойш анх удаа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 471 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 471 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол М.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.