Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/202

 

  2023            09          07                                            2023/ШЦТ/202

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа

Улсын яллагч Б.Нарангэрэл

Шүүгдэгч Ж.****** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж-ийн Эд холбогдох эрүүгийн 2339000000288 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ж.****** нь хохирогч Б.*****-аас 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “40 тооны төлөг худалдан авч өгье, найдвартай айлын хүн машин авахад нь мөнгө дутаад байгаа юм байна. Төлгөө намар аваарай гэж байна” гэж хэлэн, итгэл үнэмшил төрүүлж бодит байдлыг нуун хохирогчийг төөрөгдөлд оруулан, хуурч 3,200,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5954051205 тоот данс руу Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 25-11 тоот гэртээ байхдаа шилжүүлэн авч өөрийн ахуйн хэрэгцээнд захиран зарцуулж нийт 3,200,000 төгрөгийн хохирол учруулж, залилсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.****** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч Б.*****  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрөө өндөр насны тэтгэвэрт 2019 онд гарсан. Одоо Улаанбаатар хотын “Хүчит шонхор” захад мал, мах зарж байгаа. 2022 оны 04 дүгээр сард би Хэнтий аймагт ирээд байхад миний танил ******  гэх эмэгтэй над руу өөрөө залгаж “Би чамд 40 тооны төлөг худалдан авч өгье, найдвартай айлын хүн машин авахад нь мөнгө дутаад байгаа юм байна, тэгээд төлгөө намар аваарай гэж байна” гэж ярихаар нь би түүнээс өмнө мал худалдан авч байсан урьдын харилцаанд итгээд нэг төлгийг 80,000 төгрөгөөр үнэлж 40 төлөгний мөнгө болох 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өөрийнхөө Хаан банкны 5956037641 тоот данснаас түүний Хаан банкны данс руу нь шилжүүлсэн. Одоо дансны дугаарыг нь санахгүй байгаа. Түүнээс хойш ярьсан хугацаандаа буюу 2022 оны намар 11 дүгээр сарын эхэн үед би ******  руу залгаж “40 тооны төлгөө авъя” гээд түүний байнга ашигладаг 98809181 дугаарын утас руу удаа дараа залгахад ерөөсөө утсаа авахгүй байж байгаад сүүлд нь нэг холбогдож “40 тооны төлөг чинь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ******  гэх айлд бэлэн байгаа, очоод аваарай гэж байна лээ, би өнөө маргаашгүй авч ирж өгнө” гэж надад хэлсэн. Тэгээд хэлсэн үгэндээ ч хүрээгүй. Иймд би ******  гэх хүний утасны дугаарыг Мөнххаан сумын хүнээс олж аваад холбогдоход ******  гэдэг хүн “Би ******  гэх хүнийг танина, гэхдээ түүнд өгч, авалцах өр, авлага байхгүй” гэж надад хэлсэн. Энэ нь ******  надад худлаа хэлж мөнгө авсан болохыг нотолж байгаа юм. Түүний дараахан 2022 оны 12 дугаар сарын дунд үеэр ******  надад “би одоо малыг чинь маргааш гэхэд аймгийн төвд авч ирье” гэж хэлж байсан. Түүнээс хэд хоногийн дараа ******  нь мал руу биш Замын-Үүд сум руу өөр ажлаар явчихсан байсан. Энэ мэт байдлаар намайг хуурсаар мөнгийг маань ч өгөөгүй, төлгөө ч өгсөн зүйлгүй байна. Иймд би цагдаагийн байгууллагад хандаж байна. ...******  нь сүүлийн үед “би мөнгийг чинь тэтгэврийн зээл аваад төлнө” гээд л байгаа юм. Анхнаасаа надтай төлөг авч өгнө л гэж тохиролцсон. Тийм ч учраас би түүнд мөнгө өгсөн. Би түүнд төлөг авна гэж мөнгө өгсөн болохоос буцааж мөнгө авна гэж зээлдүүлээгүй. ******  нь над руу 2023 оны 04 дүгээр сарын эхээр надад “би энэ сарын эхээр мөнгийг чинь буцаан өгөх болно” гэж хэлсэн боловч одоог болтол өгөөгүй. Тухайн үедээ над руу “болдог бол боогоод үхчихмээр байна” гэсэн утгатай мессеж ирүүлснийг зургийг нь дарж өргөдөлтэйгөө хамт өгсөн байгаа. 2023 оны 05 дугаар сарын эхээр нь би Хэнтий аймагт ирээд ****** ы Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 25-11 тоот хаягт байрлах гэрт нь ирээд мөнгөө авах гэж удсан. Энэ үед миний дэргэд ******  нь хүүхэдтэйгээ “Би одоо холын хол явлаа, гэр орноо татаж аваарай" гэж ярьж байсан. Тэгээд бас өөр хүн рүү залгаад би өрөө төлж чадахгүй байна, боож үхнэ гээд” уйлж яриад байсан. Энэ мэт байдлаар намайг сүрдүүлж мөнгийг маань өгөхгүй байгаа. ...******  нь залуу насандаа Хэнтий аймгийн Баянхутаг сумын багийн даргын ажил хийдэг тохитой хүн байсан. Тэр үедээ надтай наймаа ч хийж байсан. Үүнд нь итгээд би наймаа хийх гэж мөнгө өгсөн.

...Би байнга түүнээс мөнгөө нэхдэг байсан учраас 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Тэр надад хэлэхдээ мөнгийг чинь удаан түгжсэн болохоор 3,200,000 төгрөгийг чинь 4,500,000 төгрөг болгож өгье гэж байсан. Түүний дараа энэ оны 04 дүгээр сард 100,000 төгрөг өгч байсан. ...Би түүний надад өгсөн 1,100,000 төгрөгийг нь хасаж тооцоод 2,100,000 төгрөгийг Ж.****** аас нэхэмжлэх хүсэлтэй байна. Учир нь Ж.****** надаас төлөг авна л гэж мөнгө авсан. Харин ямар нэг байдлаар хүүтэй мөнгө зээлдээгүй. Ийм учраас би үлдэгдэл 2,100,000 төгрөгийг л нэхэмжилнэ. ...Хамгийн гол асуудал нь Ж.****** нь намайг мөнгө нэхэх үед боож үхнэ гэж 2, 3 удаа хэлж байгаа нь надад хүндрэлтэй байна. Ийм байдлаар мөнгийг өгөхгүй залилж байна...” гэжээ. (хх-ийн 11-13, 16)

 

Гэрч П.***** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн хүнээс малын мөнгө гэж мөнгө аваагүй. Би Ж.****** гэх хүнээс мөнгө авах шалтгаан байхгүй. Би Ж.****** тай харилцахгүй нэлээн удаж байна. Барагцаагаар 4 жил болсон байх гэж бодож байна...” гэжээ. (хх-ийн 29)

 

Шүүгдэгч Ж.****** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн суманд оршин суудаг юм. *****  нь 2022 оны 04 дүгээр сард Хэнтий аймагт ирээд надад “мал зарах хүн мэдэж байгаарай” гэж хэлсэн. Тэгтэл Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Нүрзэд гээд хуурай дүү маань надтай холбогдож “40 төлөгний мөнгө хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь би ***** д 40 төлөг зарах хүн байна гэж хэлээд өөрийнхөө 5954051205 тоот ХААН банкны данс руу Хэнтий аймгийн Хэрлэн сум 1 дүгээр баг хийдийн 25-11 тоот дахь гэртээ байхдаа нийтдээ 3,200,000 төгрөгийг шилжүүлж авсан. *****  нь тухайн үед надад “40 төлгөө намар махны үнэ өсөхөд авна” гэж хэлж байсан. Тэгээд мөнгийг би өөрийнхөө дансанд аваад ойролцоогоор 20 гаран хоносны дараа ******  над руу холбогдож “дүү нь өөрөө машиныхаа мөнгийг зохицуулчихсан шүү” гэж хэлэхээр нь би ***** гаас авсан мөнгийг нь эргүүлж өгөлгүй өөрөө хувийн хэрэгцээндээ зарцуулчихсан юм. ...Би хохирогч ***** д учруулсан хохирол болох 3,200,000 төгрөгөөсөө одоогийн байдлаар 1,100,000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Үлдсэн мөнгийг нь би удаахгүйгээр өгч барагдуулна гэдгээ хэлмээр байна...” гэжээ. (хх-ийн 57-58)

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1)

Ж.****** ы ХААН банкны харилцах дансны харилцагчийн хуулга (хх-ийн 45-49)

Ж.****** ы иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 42, 41)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 31)

Хохирогч Б.***** гийн шүүхэд гаргасан хүсэлтийн хуулбар болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Б овогт Ж-ийн Э нь хохирогч Б.***** д 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “40 тооны төлөг худалдан авч өгье, найдвартай айлын хүн машин авахад нь мөнгө дутаад байгаа юм байна. Төлгөө намар аваарай гэж байна” гэж хэлэн, итгэл үнэмшил төрүүлж, бодит байдлыг нуун хохирогчийг төөрөгдөлд оруулан, хуурч 3,200,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5954051205 тоот данс руу Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 25-11 тоот гэртээ байхдаа шилжүүлэн авч, залилан  3,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Ж.****** ы “...би ***** гаас авсан мөнгийг нь эргүүлж өгөлгүй өөрөө хувийн хэрэгцээндээ зарцуулчихсан юм. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Б.***** гийн “...2022 оны 04 дүгээр сард би Хэнтий аймагт ирээд байхад миний танил ******  гэх эмэгтэй над руу өөрөө залгаж “Би чамд 40 тооны төлөг худалдан авч өгье, найдвартай айлын хүн машин авахад нь мөнгө дутаад байгаа юм байна, тэгээд төлгөө намар аваарай гэж байна” гэж ярихаар нь би түүнээс өмнө мал худалдан авч байсан урьдын харилцаанд итгээд нэг төлгийг 80,000 төгрөгөөр үнэлж 40 төлөгний мөнгө болох 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өөрийнхөө Хаан банкны 5956037641 тоот данснаас түүний Хаан банкны данс руу нь шилжүүлсэн. Одоо дансны дугаарыг нь санахгүй байгаа. Түүнээс хойш ярьсан хугацаандаа буюу 2022 оны намар 11 дүгээр сарын эхэн үед би ******  руу залгаж “40 тооны төлгөө авъя” гээд түүний байнга ашигладаг 98809181 дугаарын утас руу удаа дараа залгахад ерөөсөө утсаа авахгүй байж байгаад сүүлд нь нэг холбогдож “40 тооны төлөг чинь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ******  гэх айлд бэлэн байгаа, очоод аваарай гэж байна лээ, би өнөө маргаашгүй авч ирж өгнө” гэж надад хэлсэн. Тэгээд хэлсэн үгэндээ ч хүрээгүй. Иймд би ******  гэх хүний утасны дугаарыг Мөнххаан сумын хүнээс олж аваад холбогдоход ******  гэдэг хүн “Би ******  гэх хүнийг танина, гэхдээ түүнд өгч, авалцах өр, авлага байхгүй” гэж надад хэлсэн. Энэ нь ******  надад худлаа хэлж мөнгө авсан болохыг нотолж байгаа юм. Түүний дараахан 2022 оны 12 дугаар сарын дунд үеэр ******  надад “би одоо малыг чинь маргааш гэхэд аймгийн төвд авч ирье” гэж хэлж байсан. Түүнээс хэд хоногийн дараа ******  нь мал руу биш Замын-Үүд сум руу өөр ажлаар явчихсан байсан. Энэ мэт байдлаар намайг хуурсаар мөнгийг маань ч өгөөгүй, төлгөө ч өгсөн зүйлгүй байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч П.Нүрзэдийн  “...Би тухайн хүнээс малын мөнгө гэж мөнгө аваагүй. Би наад Ж.****** гэх хүнээс мөнгө авах шалтгаан байхгүй. Би Ж.****** тай харилцахгүй нэлээн удаж байна. Барагцаагаар 4 жил болсон байх гэж бодож байна ...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Ж.****** ы ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

 

Шүүгдэгч Ж.****** нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс хуурч мэхлэх аргаар илээр өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч Ж.****** д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.****** ыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.****** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 2 жилийн хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Ж.****** ы анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ж.****** ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.*****  эд хөрөнгөөрөө хохирсон байх боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 3,200,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ж.****** нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ж.****** нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Ж-ийн Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн  хуулийн тусгай  ангийн  17.3  дугаар  зүйлийн  1  дэх  хэсэгт  зааснаар

шүүгдэгч Жамъянгийн ****** д  500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.****** д оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ж.****** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

            5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.****** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ХОСБАЯР