| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2020/00442/И |
| Дугаар | 182/ШШ2020/00666 |
| Огноо | 2020-04-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2020/00666
| 2020 04 02 | 182/ШШ2020/00666
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б овогт Г. Т /РД:ЧЖ68/, Чингэлтэй дүүрэг
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т миний бие 1987 оны 07 сард Худалдааны ТМС төгсөөд Худалдааны 4-р конторын харьяа 58 дугаар дэлгүүрт худалдагчаар орж ажилласан. 1991 онд зах зээл эхэлж уг байгууллагаас гарсан. Тэр үедээ тухайн байгууллагаас бичиг баримт болон хөдөлмөрийн дэвтрээ аваагүй. Зах зээлийн үе эхэлж тухайн дэлгүүр маань хувьчлагдсан. Хүнс барааны 58 дугаар дэлгүүр татан буух үедээ Улсын болон Нийслэлийн архивч ямарч баримт бичиг өгч, шилжүүлж, бүртгүүлээгүй учир ямар ч баримт сэлт байхгүй. Дэлгүүр шатаад архив нь шатсан гэдэг бөгөөд надтай хамт төгсөж очсон хүүхдүүдийн дэвтэр бичиг баримт бүгд шатсан. Иймд улс болон нийслэлийн архиваас бичиг баримт болон мэдээлэл авах боломжгүй гэсэн хариу авсан. Одоо би 4 хүүхэдтэй, тэтгэвэр тогтоолгох нас маань болоод тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилласан жил маань хүрэхгүй байна. Иймд намайг 1987 оны 07 сараас 1992 оны 08 сарын 16-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын хүнсний бараа худалдааны нэгдлийн харьяа Худалдааны 4-р конторын 58 дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Б.Ч , М.Ж нарыг шүүх хуралдаанд оролцуулж, гэрчээр асуусан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.
Шүүх нэхэмжлэл, нийслэлийн болон үндэсний төв архивын лавлагаа, гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, мэдүүлэг, ажиллаж байсан үеийн хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг, Г.Т ын хүүхэд төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Т нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасан байна.
Г.Т нь 1987 оны 07 сард Худалдааны ТМС төгсөж ирээд 1992 оны 08 сарын 16-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын хүнсний бараа худалдааны нэгдлийн харьяа Худалдааны 4-р конторын 58 дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан нь нэхэмжлэл, нийслэлийн болон үндэсний төв архивын лавлагаа, хамт ажиллаж байсан Б.Ч , М.Ж нарын мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажиллаж байсан үеийн хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг зэргээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 135-р зүйлийн 135.2.6-т зааснаар Г.Т ыг 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 сарын 16-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын хүнсний бараа худалдааны нэгдлийн харьяа Худалдааны 4-р конторын 58 дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.БУД