Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/203

 

 2023          09           07                                             2023/ШЦТ/203

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа 

Улсын яллагч Г.Анхбаяр

Шүүгдэгч Х.******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

 Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Х-ийн Бт холбогдох эрүүгийн 2339000000293 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Х.******** нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн орчимд Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багийн нутаг “Улз” хороонд байрлах Д.******-ийн хашааны гадна “****** тэй муудлаа” гэх шалтгааны улмаас хохирогч Г.****** той маргалдаж, улмаар хөлөөрөө дэгээдэж унагаасны улмаас түүний эрүүл мэндэд баруун шилбэний гадна хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.******** нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч А овогт Х-ийн Бнь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн орчимд Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Улз” хороонд байрлах Д.****** ийн хашааны гадна “****** тэй муудлаа” гэх шалтгааны улмаас хохирогч Г.****** той маргалдаж, улмаар хөлөөрөө дэгээдэж унагаасны улмаас түүний эрүүл мэндэд баруун шилбэний гадна хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Х.Х.******** ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай сумын ******  гэх залуутай маргалдаж байсан боловч маргаанаа таслахаар барилдсан. Тэгээд дэгээдсэн чинь ******  унахдаа эвгүй уначихсан юм шиг байна лээ. Би тухайн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.  Хохирогчдоо хохирлыг нөхөн төлнө...” гэх мэдүүлэг (хх-ийн 32-33)

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Г.****** ын: “...Би Хэнтий аймгийн Норовлин суманд ажиллаж амьдардаг. Сумын төвд “Улз” хороонд байрлах ******  гэж дууддаг залуугийнд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цагийн орчимд ****** , ******  болон түүний эхнэр ****** , Х.******** , ******  нарын хамт шинэ жилийн баяр тэмдэглэж 0.75 литрийн савлагаатай “Хараа” нэртэй 1 шил архи хувааж уусан. Би тухайн айлд очихоос өмнө уусан байсан. Тухайн архиа ууж дуусаад 12-13 цагийн орчимд ******  гэх хүнтэй муудалцахад хуурай ах нь гэх Х.********  түүнийг өмөөрч надтай муудалцаж бид хоёр хоорондоо зодолдож миний баруун хөлийг шагай хэсгээр хугалсан. Намайг юугаар цохиж хугалсныг санахгүй байна. ******  нь огт архи уугаагүй байсан болохоор сайн мэдэж байгаа байх. Миний баруун хөлийн шагайны гадна талын хавчаар яс хугарсан. Би Х.********  гэх хүнд гомдолтой байх ба хөлөө хугалуулсны улмаас ажлаасаа 1 сар чөлөө авч гэрт хэвтсэн. Эмчилгээний зардалд 2 удаа аймаг ирж очсон бензин тос, эм тарианы мөнгө нийт 500,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны 1 сарын цалин 860,000 төгрөг нийтдээ 1,360,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 7-8),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.*****-ын “...Би 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цагийн орчимд Норовлин сумын 4 дүгээр багийн нутаг сумын төвд байрлах ******  ахын гэрт очиход Х.******** , ****** , ******  болон эхнэртэйгээ байсан. Х.******** , ******  нар гэрт болон гадаа хоорондоо маргалдаж, муудалцаж, цохилцож аваад байсан ба ойролцоогоор 13-14 цагийн орчимд Х.******** , ****** , ******  ах би дөрөв гэрээс нь гараад хашааны гадаа зогсоод юм яриад байж байтал Х.********  ах гүйж очоод ******  ахыг хөлөөрөө дэгээдэж унагаасан ба босож ирэхдээ ****** оо ах хөл гишгэж болохгүй байна гэхээр нь би үүрээд гэр лүү аваачсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 10-11)

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч О.****** ийн “...Би Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг сумын төвд Улз хороонд байрлах манай байшинд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ****** , ****** , Х.********  түүний танил дүү ***** , манай эхнэр сургуулиас ирэн очин Байсан. Бид нар 2-3 шил архи хувааж уусан ба ууж байх хугацаанд Х.******** , ******  хоорондоо хэрэлдэж маргалдаж барьцалдаж аваад муудалцаж байгаад тарцгаах үед манай хашааны гадаа Х.******** , ******  нар дахин муудалцаж байх шиг байсан. Хашаанаас гараад ирэхэд ******  баруун хөлөө өргөчихсөн байж байсан. Яг хөлийг нь гэмтээж байхыг нь нүдээрээ хараагүй болохоор юу болсон талаар асуухад Х.********  ****** ыг дэгээдэж унагаад босож ирэхэд хөл нь эвгүй болсон гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-17)

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 340 дугаартай “...1.Г.****** ын биед баруун шилбэний гадна хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 20-21), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1), хохирогч Г.****** ын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 53), шүүгдэгч Х.Х.******** ын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 54) болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Х.******** ын үйлдлийн улмаас хохирогч Г.****** ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Х.******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч Х.******** нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.****** ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч  Х.******** ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Х.******** т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Х.******** нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Х.******** нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А овогт Х-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хорлоогийн Х.******** т 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******** ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Х.******** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.******  нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.******** т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ХОСБАЯР