| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2020/00305/И |
| Дугаар | 181/ШШ2020/01010 |
| Огноо | 2020-04-17 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2020/01010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Ц/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “М” ХХК/РД:/-д холбогдох,
Ажилласан хугацааны цалин хөлс 1 500 000 төгрөгийг, сул зогсолтын нөхөн олговор 2 700 000 төгрөгийг, олгогдоогүй цалингийн алданги 414 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын иргэн Мөнхбат овогтой Ц миний бие 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 сарын 21-ний өдрийн дуустал хугацаанд М ХХКомпаний Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байрлах Элстэй Уулын баяжуулах үйлдвэрт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер/цаашид ХАБЭАИнженер/ албан тушаалын байранд ажилласан. Гэвч 2019 оны 09 сарын 21-ний өдөр ажиллаад 10 хоног амрах байсан боловч М ХХКомпани Уурхай үйл ажиллагааг 2019 оны 10 сарын дунд хүртэл хугацаанд түр зогсоосон бөгөөд тухайн сул зогсолт 2019 оны 12 сарын сүүл хүртэл хугацаанд үргэлжилж 2019 оны 10, 11, 12 cap хүртэл хугацаанд ажлын хүлээлт үүссэн билээ. Мөн энэ хугацаанд 2019 оны 09 сард ажилласан хугацааны цалин огт олгогдоогүй асуухаар өнөөдөр маргааш, энэ долоо хоногт ирэх долоо хоногт гэж хугацаа хойшлуулсаар өнөөдрийг хүргээд байна. Цалин хөлсөө хугацаанд нь авч чадаагүйгээс үүдэн ар гэрийн байдал амьдралд сөргөөр нөлөөлж цаашлаад Банкны зээл, бусад төлбөр тооцоонд хүндрэл үүсч санхүүгийн алдагдал хүлээгээд барахгүй цаашид зээл авах боломжгүй болж Монгол Банкинд чанаргүй зээлдэгч ангилалд хүртэл багтаад байна.
Иймд 2019 оны 09 сарын ажилласан хугацааны цалин болох 1,500,000 төгрөг, 2019 оны 10, 11, 2 сарын сул зогсолтын үеийн нөхөн олговор/Хөдөлмөрийн тухай хуулийн 56.2/ болох 10-р сарын цалингийн 60% 900,000 төгрөг, 11-р сарын цалингийн 60% 900,000 төгрөг, 12 дугаар сарын цалингийн 60% 900,000 төгрөг хамтад нь 4,200,000 төгрөг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 141.4-т заасны дагуу 2019.10.20-2019.11.20 31 хоног 0.3% алданги 139,500 төгрөг, 2019.11.20-2019.12.20 30 хоног 0.3% алданги 135,000 төгрөг, 2019.12.20-2020.01.20 31 хоног 0.3% алданги 139.500 төгрөг хамтад нь 414 000 төгрөг, нийт 4,614,000 төгрөг гаргуулах саналтай байна.
Дээрх хугацаанд ажлаас албан ёсоор чөлөөлөөгүй, ажилд дуудаагүй, энэ хугацаанд ажилд эгүүлэн дуудахыг хүлээж өөр ажил хөдөлмөр эрхлээгүй билээ. Мөн М ХХКомпани нь анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч ажилтанд гэрээний нэг хувийг өгөөгүй мөн тушаал гаргасан боловч өгөхгүй гэх тайлбар өгсөн бөгөөд удаа дараа нэхсэн боловч одоог болтол хөдөлмөрийн гэрээ ажилд авсан тушаал гаргаж өгөхгүй байгаа болно. Мөн ажилласан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй учир нөхөн төлүүлэх учирсан хохиролоо нөхөн барагдуулах хүсэлтэй байна. Ажилласан хугацааны цалин болох 1,500,000 төгрөгийг олгосон гэж үзэж байна. Үлдэгдэл 3,114,000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.
Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Ц нь манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул доорхи тайлбарыг гаргаж байна.
Манай компаний Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багт байрлах “Элстэй” уурхайн ХАБЭА инженерээр 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд орсон байдаг. М.Ц нь ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргээ чанарын түвшинд хийж гүйцэтгэж байсан ба 20 хоног ажиллаад дахин ээлжинд дуудахад ирээгүй, уурхайн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 11, 13 дугаар зүйлийг тус тус зөрчиж байсан.
Манай компаний уурхайн санхүүгийн асуудалтай байсан учраас уурхайн ажилчдыг бүрэн бүрэлдэхүүнээр нь хэсэгхэн хугацаанд ажиллуулах боломжгүй байдалд хүрч байсан ба энэ байдал удаан үргэлжлээгүй юм. Тухайн үед манайх бүр уурхайгаа хааж үйл ажиллагаа явуулахаа бүр зогсоогоогүй ба удирдлагууд, ХАБЭА инженерүүд, ил уурхайн хэсэг ажилчид, мөн захиргаа аж ахуйн хүмүүс ээлжээрээ ажил үүргээ гүйцэтгэж байсан болно.
М.Ц нь ажилд дуудахад утсаа аваагүй, мөн удирдлагадаа мэдэгдэлгүй ажлаа орхиж явсан, уурхайн удирдлагын зүгээс ажилд буцаж дуудах болон ажиллах боломжгүй эсэх талаар нь асууж тодруулахыг хүсч утсаар холбогдох гэтэл утсаа унтраасан эсхүл дуудаад авахгүй зэргээр өнөөдрийг хүрсэн байдаг.
Иймд ажилласан хугацааны цалин болох 9 сард ажилласан цалингийн үлдэгдэл 798 500/долоон зуун ерэн найман мянга таван зуун/ төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид ажилласан хугацааны цалинг нөхөж олгосон. Манай компанийн хувьд сул зогсолт явагдаагүй учраас сул зогсолтын мөнгийг олгох боломжгүй гэж үзэж байна.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.Ц хариуцагч “М” ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин хөлсөд 1 500 000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийг, сул зогсолтын нөхөн олговорт 2 700 000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг, олгогдоогүй цалингийн алдангид 414 000/дөрвөн зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг, нийт 4 614 000/дөрвөн сая зургаан зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “М” ХХК нь бид ажилласан хугацааны цалинг нөхөж олгосон, сул зогсолт явагдаагүй учраас сул зогсолтын мөнгийг олгох боломжгүй гэж маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ц хариуцагч “М” ХХК-иас нийт 4 614 000/дөрвөн сая зургаан зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс 1 500 000/нэг сая таван зуун мянга/ төгрөгөөс татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хариуцагчид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж эхэлсэн болох нь хариуцагчийн тус шүүхэд гаргасан хариу тайлбар, “Элстэй” уулын баяжуулах үйлдвэрийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн № 17 Тодорхойлолт, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Ажил байдлын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Зохигчид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн албан тушаалын 1/нэг/ сарын цалин хөлсийг 1 500 000/нэг сая таван зуун мянга/ төгрөг байхаар тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Цалингийн задаргаагаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Дорноговь аймаг, Хатанбулаг сум, Халив багийн нутаг дэвсгэрт байрлах хариуцагчийн “Элстэй” уулын баяжуулах үйлдвэрт 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажилласан болох нь зохигчийн тайлбар, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Цалингийн задаргаа, “Элстэй” уулын баяжуулах үйлдвэрийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн № 17 Тодорхойлолт, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Ажил байдлын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх цалин хөлс болох 1 500 000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийг олгоогүй талаар маргахгүй байх ба тус цалин хөлсийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хугацаанд төлсөн болох нь нэхэмжлэгчийн 1 500 000/нэг сая таван зуун мянга/ төгрөгөөс татгалзсан татгалзлаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас сул зогсолтын нөхөн олговорт 2 700 000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг дахин ээлжид дуудахад ирээгүй, сул зогсолт явагдаагүй гэж маргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Ажилтны буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын хугацаанд ажилтныг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол хамтын гэрээнд заасан хэмжээний олговор олгоно.”, 56.2-т “... сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба ... доогуур байж болохгүй.”, 56.4-т “Сул зогсолтын хугацаанд өөр ажил гүйцэтгэсэн тохиолдолд уг ажилд нь тохируулан цалин хөлс олгох бөгөөд ... цалин хөлсний хэмжээнээс бага байж болохгүй.” гэж заасан.
Хариуцагчийн “Элстэй” уулын баяжуулах үйлдвэрт 2019 оны 10, 11, 12 дугаар сард сул зогсолт гарсан болох нь хариуцагчийн “... уурхайн ажилчдыг бүрэн бүрэлдэхүүнээр нь хэсэгхэн хугацаанд ажиллуулах боломжгүй байдалд хүрч байсан” гэх тайлбар, 219 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн № 01/00/505 албан бичгээр тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч удирдлагадаа мэдэгдэлгүй ажлаа орхиж явсан гэж маргаж байх боловч хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн тус тайлбар үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 56.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн буруугаас хариуцагч сул зогссон болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид сул зогсолтын олговор олгох үүрэгтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас сул зогсолтын олговорт нийт 2 700 000/1500000х60%=900000, 900000x3=2700000/ /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас цалин хөлсийг хугацаанд нь олгоогүй алдангид 414 000/дөрвөн зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-т “Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй ... нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ... ногдуулж, ажилтанд олгоно.” гэж заасан.
Хариуцагч нь 2019 оны 9 дүгээр сарын цалин хөлсийг нэхэмжлэгчид олгоогүй байсан байх тул цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй алдангийг төлөх үүрэгтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй алдангид 414 000 /1500000х0.3%=4500, 4500x92=414000/ /дөрвөн зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч ... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2019 оны 9-р сарын цалин хөлс болон 10, 11, 12 дугаар сарын сул зогсолтын олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 56 дугаар зүйлийн 56.2, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.11 дэх заалтад зааснаар хариуцагчаас сул зогсолтын олговорт 2 700 000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг, алдангид 414 000/дөрвөн зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг, нийт 3 114 000/2700000+414000=3114000/ /гурван сая нэг зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 56 дугаар зүйлийн 56.2, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.11 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас сул зогсолтын олговорт 2 700 000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг, алдангид 414 000/дөрвөн зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг, нийт 3 114 000/гурван сая нэг зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Цид олгож, хариуцагч “М” ХХК-д цалин хөлс, сул зогсолтын олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөх төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 56 дугаар зүйлийн 56.2, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.11 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас сул зогсолтын олговорт 2 700 000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг, алдангид 414 000/дөрвөн зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг, нийт 3 114 000/гурван сая нэг зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Цид олгож, хариуцагч “М” ХХК-д цалин хөлс, сул зогсолтын олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөх төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ц хариуцагч “М” ХХК-иас нийт 4 614 000/дөрвөн сая зургаан зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс 1 500 000/нэг сая таван зуун мянга/ төгрөгөөс татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Цийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч М.Цийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88 774 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч М.Цид олгож, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 64 774 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ