Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2020/00960

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.Ц/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Б” ХХК/РД: /-д холбогдох,

 

92 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл, өмгөөлөгч З.Шүрэнчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Ц би Б ХХК-ийн захирал Б.Бямбадаваа, түүний дүү нягтлан Б.Гэрэл нартай 2015 оны 04-р сарын 14-ний өдөр орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ хийж, Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Алтай 6-р гудамжинд баригдах 132 айлын орон сууцанд 3 өрөө, “H” тоот байр авахаар 65 000 000/жаран таван сая/ төгрөг бэлнээр өгсөн.

2015 оны 12 сард ашиглалтад орох байсан ба 3 давхараас цааш явагдахгүй өдий болтол хохирсоор ирлээ. Би байр авах мөнгөө тухайн үед Улаанбаатар хотын банкнаас хадгаламж барьцаалан зээл авч өгсөн ба хүү нь 5 650 000 төгрөг төлж, одоо бас энэ мөнгөөр хохироод байна. Энэ мөнгийг ч бас Бямбадаваа, Гэрэлээс гаргуулж авмаар байна. 2016 оны 9 сард Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ба хаягандаа байхгүй буцаагдаж байсан. 2019 оны 09-р сарын 28-ны өдөр дугаар 181/ШЗ2016/04704 тоот болно. Би Сүхбаатар дүүргийн цагдаад 2016 оны 10 сард гомдол гаргаж, 3 жил прокурор, цагдаагаар явлаа6

Барилга баригдсангүй, энд тэндэхийн барилга барьдаг компани, пүүс барилгыг барьж өгье, захиалагчдыг чинь авья гэсэн боловч үнэ нь таалагдахгүй байна гэсээр хүнд ч өгч бариулсан юмгүй, өөрөө ч барьсан юмгүй биднийг хохироосоор, хохирогч нэмэгдсээр, хуурч залилсаар өдийг хүрэв.

Цагдаа, прокурор яваад барихгүй барилга, одоо баригдахгүй биз дээ. Банкинд мөнгөө хадгалж байсан бол бараг 50-60 сая нэмэгдэх байсан. Хүнийг ингэж хохироогоод удаа дараа барилгаа та нарт өгөхөд бэлэн, алданги өгнө гэж хэлж, ярьж, албан бичиг гаргаж өгсөн байгаа. 2018 оны 04 сарын 20-ны №БК-Г-072/18 тоот Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 2019 оны 5 сарын 13-ны № БК-002/19 тоот гм. Иймд би цаашид энэ хүмүүст итгэлгүй болсон тул алданги тооцуулж авмаар байна6

2016 онд мөнгөө авъя гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан баримтууд нь байгаа. Ингээд 2 удаа шүүхээр орж байна. Сүүлдээ болохоо байгаад Цагдаагийн байгууллагад хандаж олж өгөөч ээ гэж гуйсан. Арай гэж олж аваад уулзахаар төлнө гээд бичиг хийж өгдөг. Энэ бичигт нь би үнэмшдэг. Хуурч явсан байна гэдгийг би мэдээгүй.

Гэрээний 4.2-т зааснаар Бямбадаваа, Гэрэл нараас 65 000 000 төгрөгийг, зээлийн хүүд төлсөн 5 650 000 төгрөг, барилга бариагүй хоногийн тооны алданги болох 21 352 500 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 617 950 төгрөгийн хамт гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Б” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн М.Цгийн нэхэмжлэлтэй, “Б” ХХК-нд холбоотой иргэний хэрэгт дараах хариу тайлбар хүргүүлж байна. Иргэн М.Ц нь 2015 оны 04-р сарын 14-нд байгуулсан №011/15 дугаартай ОСБЗБГэрээгээр 65,000,000 /жаран таван сая/ төгрөгийг тус гэрээгээр хүлээн авсан.

Манай баригдаж буй барилга А зэрэглэлийн бүсэд байгаа гэж байна. Манай компани ямар ч ашиггүйгээр байрыг 65,000,000 төгрөгөөр худалдахаар болсон. Тухайн үед санхүүгийн хямралтай байсан. Бид нар босго өртгөөр нэг ч гэсэн хүнийг байртай болгочихъё гэж бодсон. Манай баригдаж буй байрны ойр орчмын байрууд мөн л 1,800,000-1,900,000 төгрөгийн үнэтэй. Тухайн үед манай байрны ханш орчин үеийн ханштай адилхан л байсан. Бид ч гэсэн барилгадаа бүх зүйлээ зарцуулчихаад өөрсдөө амьдрах орон байргүй явж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 92,002,500 /ерөн хоёр сая хоёр мянга таван зуун/ төгрөгийн 65 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч харин 27,002,500 /хорин долоон сая хоёр мянга таван зуун/ төгрөгийг үндэслэлгүй нэхэж байна гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Хариуцагч “Б” ХХК-ийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлдээ 92,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Сая 90,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэж ойлголоо. Нэгэнт захиалагч ажлын үр дүн буюу орон сууцаа биш өгсөн мөнгөө авъя гэж байгаа учир гэрээнээс татгалзаж байна гэж үзнэ. Энэ тохиолдолд гэрээний дагуу талуудад үүрэг үүсэхгүй. Мөн үүрэгтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийг хангах арга яригдахгүй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан өгсөн авснаа буцаах асуудал яригдана.” гэв. 

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Ц хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан төлбөр 65 000 000/жаран таван сая/ төгрөгийг, зээлийн хүү 5 650 000/таван сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг, алданги 21 350 000/хорин нэгэн сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг, бүгд 92 000 000/ерэн хоёр сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Б” ХХК нь 65 000 000/жаран таван сая/ төгрөгийг зөвшөөрнө, хүү, алданги үндэслэлгүй гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ц хариуцагч “Б” ХХК-иас нийт 92 000 000/ерэн хоёр сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс нэхэмжлэлийн шаардлагын 2 000 000/хоёр сая/ төгрөгөөс татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулсан болох нь 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээний 1-ийн 1.2, 3-ын 3.1, 3.1.1, 4-ийн 4.1-т зааснаар хариуцагч нь 77.4/далан долоо аравны дөрөв/ м.кв талбайтай 3/гурав/ өрөө орон сууцыг барьж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх ... хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээнд зааснаар хариуцагч нь орон сууцыг барьж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь тохирсон төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид “Гэрээ” гэх/-ий шинжтэй байх ба Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь 77.4/далан долоо аравны дөрөв/ м.кв талбайтай 3/гурав/ өрөө орон сууцны төлбөрт хариуцагчид нийт 65 000 000/жаран таван сая/ төгрөгийг төлсөн болох нь Гэрээний хуулбар болон 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Кассын орлогын ордероор тогтоогдож байна.

 

Гэрээнд зааснаар хариуцагч нь 77.4/далан долоо аравны дөрөв/ м.кв талбайтай 3/гурав/ өрөө орон сууцыг 2015 оны 3-4-р улиралд багтаан барьж дуусган, хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан байх ба 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 3/гурав/ өрөө орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр барьж дуусгах үүрэг хүлээсэн боловч орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, Гэрээний болон № БК-002/19 Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнээс татгалзаж, хариуцагчаас 77.4/далан долоо аравны дөрөв/ м.кв талбайтай 3/гурав/ өрөө орон сууцны төлбөр нийт 65 000 000/жаран таван сая/ төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан ... дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.” гэж заасан.

 

Гэрээнд зааснаар хариуцагч нь 77.4/далан долоо аравны дөрөв/ м.кв талбайтай 3/гурав/ өрөө орон сууцыг 2015 оны 3-4-р улиралд багтаан барьж дуусгах үүрэг хүлээсэн боловч уг үүргээ гүйцэтгээгүй байх ба 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 3/гурав/ өрөө орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр барьж дуусгах үүрэг хүлээсэн боловч мөн тус үүргээ гүйцэтгээгүй болох нь зохигчийн тайлбар, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Баталгааны хуулбар, Гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол ... гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч хариуцагч нь 77.4/далан долоо аравны дөрөв/ м.кв талбайтай 3/гурав/ өрөө орон сууцыг барьж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байх тул Гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх ба нэхэмжлэгч нь Гэрээг цуцлах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Гэрээг цуцалсан гэж үзэх тул хариуцагчаас 77.4/далан долоо аравны дөрөв/ м.кв талбайтай 3/гурав/ өрөө орон сууцны төлбөр 65 000 000/жаран таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 19 350 000/арван есөн сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “... хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан.

 

Гэрээний 4-ийн 4.2-т зааснаар зохигчид алдангийн хэмжээг 0.03/тэг зууны гурав/ хувь байхаар харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээнд зааснаар хариуцагч нь 77.4/далан долоо аравны дөрөв/ м.кв талбайтай 3/гурав/ өрөө орон сууцыг 2015 оны 3-4-р улиралд багтаан барьж дуусгах үүрэг хүлээсэн боловч уг үүргээ гүйцэтгээгүй байх тул 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл алданги тооцох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид нийт 9 964 500/65000000х0.03%=19500, 19500х511=9964500/ /есөн сая есөн зуун жаран дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 9385500/19350000-9964500=9385500/ /есөн сая гурван зуун наян таван мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

   

Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүнд 5 650 000/таван сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Улаанбаатар хотын банк” ХХК-иас 61 043 000/жаран нэгэн сая дөчин гурван мянга/ төгрөгийн зээл авч, зээлийн хүү төлсөн болох нь 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ХБЗГ1101/150413 Хугацаат хадгаламжаар барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, 2611187876 тоот дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан 65 000 000/жаран таван сая/ төгрөгийг төлөх зорилгоор “Улаанбаатар хотын банк” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан гэж маргаж байх боловч уг төлбөрийг ямар эх үүсвэрээс, хэрхэн төлөх нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос хамаарах ба нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригоор “Улаанбаатар хотын банк” ХХК-тай зээлийн гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч нь “Улаанбаатар хотын банк” ХХК-тай өөрийн хүсэл зоригоор байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж хүү төлсөн байх тул хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас хүү төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагчаас зээлийн хүүнд 5 650 000/таван сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 74 964 500/65000000+9964500=74964500/ /далан дөрвөн сая есөн зуун жаран дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Цд олгож, үлдсэн 15 035 500/90000000-65000000-9964500=15035500/ /арван таван сая гучин таван мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас нийт 74 964 500/далан дөрвөн сая есөн зуун жаран дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Цд олгож, үлдсэн 15 035 500/арван таван сая гучин таван мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас нийт 74 964 500/далан дөрвөн сая есөн зуун жаран дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Цд олгож, үлдсэн 15 035 500/арван таван сая гучин таван мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ц хариуцагч “Б” ХХК-иас нийт 92 000 000/ерэн хоёр сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс нэхэмжлэлийн шаардлагын 2 000 000/хоёр сая/ төгрөгөөс татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч М.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 617 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 532 772 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Цд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ