| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 177/2019/0178/э |
| Дугаар | 04 |
| Огноо | 2020-01-16 |
| Зүйл хэсэг | 21.1.2., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 04
Л.Ганчимэгт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолтой, Л.Г-т холбогдох эрүүгийн 1935002460199 дугаартай, 1 хавтас хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа, прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нар оролцов.
Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, 2 дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Дунд хорооллын 425 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Л.Г
Шүүгдэгч Л.Г нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Ганчимэгт 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Л.Г-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд 179 дүгээр шийтгэх тогтоол гаргасныг эс зөвшөөрч байна. Учир нь:
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаас шүүгдэгч Л.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүхийн тус шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж ял оногдуулахгүйгээр “..Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгүүдэд зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай” гэж бичсэн. Энэхүү шийтгэх тогтоолыг хэргийн оролцогч нар болон прокурорт гардуулжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар ноцтой зөрчилд хамрагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй гарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Л.Г-ийн өмгөөлөгч М.Мөнхөө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Шүүхийн гаргасан алдаа нь техникийн шинжтэй алдаа тул шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Л.Г-т холбогдох эрүүгийн 1935002460199 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Увс аймгийн прокурорын газраас Л.Г-ийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Л.Ганчимэгт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр нь хууль ёсны болж чадаагүй байна. Үүнд:
Анхан шатны шүүх Л.Г-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь давж заалдах шатны шүүх хуралдаан дээр прокурорын хүсэлтээр шинжлэн судалсан анхан шатны шүүхийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр нотлогдож байна.
Харин шүүхээс Л.Г-т холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг бичгээр үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Г-т 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэснээр үйлдсэн, өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь бичгээр үйлдэж талууд, оролцогчдод гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс зөрүүтэй гарчээ.
Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосны дараа өөрчлөх эрхгүй бөгөөд Л.Г-т холбогдох хэргийн шүүх хуралдаанд уншиж сонгосон шийдвэрийн тогтоох хэсэг талууд, оролцогчдод гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй гарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байх бөгөөд энэ нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар давж заалдах шатны шүүхээс зөвтгөж болохоор хуульчилсан боловч анхан шатны шүүхийн дээрхи алдааг давж заалдах шатны шүүхээс засах боломжгүй буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна.
Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Г-т холбогдох эрүүгийн 1935002460199 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Хэрэг анхан шатны шүүхэд очтол Л.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.