| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2025/0576/З |
| Дугаар | 221/МА2025/0786 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2025/0786
СХДЭМН төвийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Одмаа
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О
Нэхэмжлэгч: СХДЭМНТ
Хариуцагч: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.А, О.А
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 692 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Ю.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Ш
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номуунхүслэн
Хэргийн индекс: 128/2025/0576/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч СХДЭМНТөөс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.А, О.А нарт холбогдуулан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын ахлах байцаагч нарын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/01-02/021-01 дугаар Үйлдвэрлэлийн ослын тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 692 дугаар шийдвэрээр:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугар зүйлийн 3.1.9, 3.1.20, 29 дүгээр зүйлийн 29.4.2-т заасныг тус тус баримтлан СХДЭМНТөөс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.А, О.А нарт холбогдуулан гаргасан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын ахлах байцаагч нарын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/01-02/021-01 дугаар Үйлдвэрлэлийн ослын тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Анхан шатны шүүхээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын ахлах байцаагч нарын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/01-02/021-01 дугаар дүгнэлтээр ажлын байран дээр талийгаач Д.Г нас барсан ослыг “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх хэсэгт “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед”-т заасан ослын тохиолдолд буюу байршилд хамаарч байна гэх үндэслэлээр талийгаачийн нас барсан шалтгаан нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого мөн эсэх дүгнэлт өгөхргүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүшй гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 3.8-д ... гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Учир нь тус дүрмийн заалтаар осолдогч нас барсан шалтгаан нөхцөл нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос шалтгаалсан байхыг шаардаж байгаа ба өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн осол, хурц хордлого мөн болох нь тогтоогдсоны дараа түүнийг ажилтны буруутай үйлдлээс шалтгаалсан гэхийг үгүйсгэх тохиолдолууд байтал “үйлдвэрлэлийн осол” гэдгийг тодорхойлолт мэтээр тайлбарлаж осолдогчийг тус дүрмийн 2.2-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчөөгүй, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглээгүй, гэмт хэрэг үйлдээгүй байгаа нь үйлдвэрлэлийн осол мөн гэж шууд тогтоож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд "үйлдвэрлэлийн осол" эсэхийг тогтоож дүгнэлт өгөлгүй шүүгч илт илэрхий заалтыг буруу тайлбарлаж хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан эрх зүйн дүгнэлт хийж, холбогдох заалтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь тайлбарлаагүйд гомдолтой байна. Мөн шүүгч нийтэд илэрхий ойлгомжтой заалтын агуулгыг дээрх байдлаар ойлгож тайлбарлаж байгаа нь хууль хэрэглээ болон хууль тогтоомжийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна.
3.2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 3.9-д "... талийгаач Д.Г нь дээрх хууль, журамд зааснаар ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нас барсан байх ба Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.2-д заасан тохиолдол үүсээгүй байх тул талийгаачийн нас барсан шалтгаан нөхцлийг ажил мэргэжлээс шалтгаалаагүй, шууд үйлдвэрлэлийн осол биш гэж дүгнэх боломжгүй ...", "... 2.1.1-д заасан "ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед хамаарч байна" хэмээн мөн хэт өрөөсгөл байдлаар хандаж дүгнэсэн.
Шүүгчийн энэхүү дүгнэлтээр бол осолдогчийн нас барсан шалтгаан нөхцөлийг (i) үйлдвэрлэлийн осол, (ii) хурц хордлогоос шалтгаалсан эсэхэд огт дүгнэлт хийлгүй ажлын байрандаа нас барагч бүрийг ажил үүргээ гүйцэтгэж байсан гэх үндэслэлээр "үйлдвэрлэлийн осол" мөн гэж дүгнэсэн байна.
Гэтэл "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ. Мөн хуульд "Үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл" гэж хүний эрүүл мэндэд нөлөөлж өвчлүүлэх, сэтгэхүйд өөрчлөлт оруулах, хөдөлмөрлөх чадварыг бууруулах, мэргэжлийн өвчин бий болгох уршиг бүхий үйлдвэрлэлийн хүчин зүйлийг”, "үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл" гэж ажлын ээлжийн хугацаанд хурц хордлого, үйлдвэрлэлийн осолд хүргэх, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хүчин зүйлийг; 3 гэж тус тус заасан байна. Мөн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод нөлөөлөх хүчин зүйлийг техник технологийн, ажлын байр, орчны, хүний удирдлагын тогтолцооны гэсэн 4 хүчин зүйлсийн нөлөөллийг хамааруулан шалгадаг.
Түүнчлэн "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1-д "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч, иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно” гээд 2.1-д ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед хэмээн 6 тохиолдол буюу байршлыг заасан байдаг. Үүнээс дүгнэвэл шүүгч зөвхөн үйлдвэрлэлийн осолд өртөхдөө ажлын байран дээр байсан гэсэн зөвхөн байршлыг харгалзан авч дүгнэсэн нь хуульд нийцэхгүй болжээ. Осолдогчийн нас барсан шалтгаан нөхцлийг "Зүрхний цочмог дутагдалд орж зүрх гэнэт зогсож нас барсан болохыг 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 3548 дугаар "Шинжээчийн дүгнэлт"-ээр тогтоосон байдаг.
Шүүгч осолдогч шинжээчийн дүгнэлтэд заасан өвчнийг ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа туссан эсэхэд огт эргэлзээгүй, үнэн зөв дүгнэлт өгөөгүй болно. Осолдогч нь 2023 оны 02 сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн Манаачийн албан тушаалд томилогдож анх нэхэмжлэгч талтай Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн. Харин дээрх нас барсан шалтгаан гэх өвчнөөр 2020 онд анх өвчилсөн болохыг гуравдагч этгээд болох нас барагчийн төрсөн эгч шүүх хуралдаанд тайлбарласан. Мөн тус өвчний онош нь ажил олгогчтой хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэхээс өмнө туссан болохыг 2023 оны 01 сарын 28-ны өдрийн Эрүүл мэндийн үзлэгийн хуудас, мөн тус өвчний улмаас Хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон тухай 0634689 дугаар акт зэрэг баримтуудаар нотлогддог боловч шүүгч эдгээр нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Мөн ажил олгогч нь осолдогчийг тус өвчнөөр оношлогдсон болохыг хөдөлмөр эрхлэлтийн харилцаа анх үүсэхэд мэддэг байсан тул тогтмол эмчийн хяналтад байлгаж, хүнд зүйл өргүүлэхгүй, зүрхэнд ачаалал өгөх ажил үүргийг гүйцэтгүүлдэггүй байсан, мөн осолдогч нь архинаас хамааралтай байсан учир тогтмол зөвлөгөө өгч эмчийн хяналтад байсан болохыг гуравдагч этгээд буюу осолдогчийн торсон эгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн, мөн гэрч Золбаярын мэдүүлэг" зүгээр л сууж байгаад хажуу тийшээ уначихсан, гэрч Баярмагнайгийн мэдүүлэг "Талийгаач Ганбат нь группэд байдаг зүрх муутай мөн даралт нь ихэсдэг байнгын эмчийн хяналтад байсан. "Миний хамгийн хайртай ажилтан байсан учир харуул нь гадаа цас цэвэрлэнэ гээд селесрь болгоод дулаан хөнгөн ажил хийлгэе мөн гэр руу ойртуулья гээд Баянхошуу салбарт шилжүүлж өгсөн", "эхнэр нь архинаас гаргах эм уусан гэж ярьж байсан" гэх гэрчийн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байтал шүүгч "үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг тогтооход чухал эдгээр нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, дүгнэгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1. 34.2 дах заалтыг зөрчиж байна.
Түүнчлэн гуравдагч этгээд нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа "ажил олгогч нь манай дүүгээр хүнд зүйл ч өргүүлдэггүй ачаалал үүсгэх вий гэхээс анхаарч ажилладаг байсан тухай" дурдсан, осолдогчийн нас барсан шалтгаан гэх өвчин нь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн а/152, а/388 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь, хугацаа"-д ордоггүй болохыг онцлон хэлэх нь зүйтэй юм.
3.3. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн " ажил олгогч нь ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангасан эсэх тодорхойгүй, ажил гүйцэтгэх ажил үүргийг тодорхой зааж өгөөгүй …" гэж үзсэн байна.
Дээр дурдсанчлан шүүгч "... ажил олгогч нь ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангасан эсэх тодорхойгүй" гэж дүгнэсэн атал "үйлдвэрлэлийн осол" хэмээн дүгнэж, өөрөө өөрийнхөө хийсэн дүгнэлтийг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нас барагчийн 2024 оны 05 сарын 01-ний өдрийн "Албан тушаалын тодорхойлолт"-д осолдогчийн гүйцэтгэх үүргийг тодорхой заасан талуудын гарын үсгээр баталгаажсан байтал ажил гүйцэтгэх ажил үүргийг тодорхой зааж өгөөгүй.." гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.
Ийнхүү анхан шатны шүүхээс “ажлын байран дээр нас барсан" гэх байршлыг гол үндэслэлээ болгож, нас барагчийн/ осолдогчийн "үйлдвэрлэлийн осол"-д өртөж нас барсан эсэх, үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг огт үнэлж, дүгнэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
3.4. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актаар "... Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны А/08 тушаалаар батлагдсан Үйлдвэрлэлийн осол бүртгэх орон тооны бус зөвлөл 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гарсан ослын талаар хуралдаж тухайн ослыг "Үйлдвэрлэлийн осол" гэж эцэслэн дүгнэлт гаргахад осол гарсан шалтгаан, хүчин зүйл тодорхой бус, эмчлэгч эмчийн урьдчилсан онош "зүрхний цочмог" ишеммит өвчний хэлбэр /1.24/ гарсан тул үйлдвэрлэлийн осол хэмээн бүртгэхгүй" гэж шийдвэрлэснийг Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч баталгаажуулсан нь хуулийн үндэстэй гэж үзэж байгаа ба шүүх мөн эдгээр баримтыг анхаарч үнэлж, дүгнэж үзээгүй байна.
Иймд дээр үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0692 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч СХДЭМНТөөс “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын ахлах байцаагч нарын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/01-02/021-01 дугаар Үйлдвэрлэлийн ослын тухай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар “... нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй буюу үйлдвэрлэлийн осол, хурц хордлого мөн эсэх талаар мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлт гараагүй байхад шууд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гэж дүгнэсэн нь ажил олгогч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, ... үйлдвэрлэлийн осол мөн эсэхэд дүгнэлт өгөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
2. Анхан шатны шүүхийн “... талийгаач Д.Г нь дээрх хууль, журамд зааснаар ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нас барсан байх ба Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын судлан бүртгэх дүрмийн 2.2-д заасан тохиолдол үүсээгүй байх тул талийгаачийн нас барсан шалтгаан нөхцөлийг ажил, мэргэжлээс шалтгаалаагүй, шууд үйлдвэрлэлийн осол биш гэж дүгнэх боломжгүй, ... талийгаач Д.Г нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөн, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглээгүй болох нь хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3548 дугаар дүгнэлт, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон, ... талийгаач Д.Гыг ажилд томилохоос өмнө Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв нь түүний эрүүл мэндэд үзлэг хийж байснаас гадна хэрэгт авагдсан баримтуудаар ээлжийн хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын цагаар ажлын байран дээрээ нас барсан ... ” гэх дүгнэлт үндэслэлтэй байна. Учир нь:
2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар анх талийгаач Д.Гыг манаачаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/143 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн аж ахуйн албаны сан техникийн слесариар томилогдон ажиллаж байх хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн орчим тус төвийн В1 давхарт /ажлын байранд/ нас барсан болох нь тогтоогдсон, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
2.2. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний орон тооны бус зөвлөлийн хурлын 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар[1] “... 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гарсан ослын талаар хуралдаж тухайн ослыг үйлдвэрийн осол гэж эцэслэн дүгнэлт гаргахад осол гарсан хүчин зүйл тодорхой бус, эмчлэг эмчийн урьдчилсан онош “Зүрхний цочмог ишеммит өвчний бусад хэлбэр /I.24/” гэж гарсан тул шүүх шинжилгээний хариунд үндэслэж эцсийн дүгнэлт гаргах”-аар шийдвэрлэсэн, улмаар Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актаар[2] “... Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны А/08 тушаалаар батлагдсан Үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх орон тооны бус зөвлөл 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гарсан ослын талаар хуралдаж тухайн ослыг үйлдвэрлэлийн осол гэж эцэслэн дүгнэлт гаргахад осол гарсан шалтгаан, хүчин зүйл тодорхой бус, эмчлэгч эмчийн урьдчилсан онош зүрхний цочмог ишеммит өвчний бусад хэлбэр /I.24/ гарсан тул үйлдвэрлэлийн осол хэмээн судлан бүртгэхгүй ...” гэж шийдвэрлэснийг Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Г 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталж, гарын үсэг зурсан болох нь тус тус тогтоогдсон байна.
2.3. Дээрх Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг эс зөвшөөрч талийгаач Д.Г-ын эгч буюу гуравдагч этгээд Д.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ш 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн хөдөлмөр халамжийн газарт гомдол[3] гаргасан, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хяналт шалгалтын хийх тухай 07/01-02/21-01 дугаар удирдамжийн[4] дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж, хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын ахлах байцаагч нарын маргаан бүхий 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Үйлдвэрлэлийн ослын тухай 07/01-02/021-01 дүгээр дүгнэлтийг гаргасан байна.
2.4. Тус дүгнэлтээр “... ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын цагаар эмнэлгийн В1 давхарт өвчний улмаас нас барсан нь гэрчүүдийн мэдүүлэг, холбогдох баримтаар тогтоогдсон тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2.1.1-т заасан /ажлын байрандаа ажил үүргээ, гүйцэтгэж байх үед/ ослын тохиолдолд хамаарч байна, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтан Д.Гын гэр бүлд Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-д заасны дагуу 1 сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг нэг удаа нөхөн олгох”-оор шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.
2.5. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвөөс улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Үйлдвэрлэлийн ослын тухай 07/01-02/021-01 дүгээр дүгнэлтийг эс зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гомдол[5] гаргасан байх боловч тус яамны 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 08/1954 дүгээр албан бичгээр[6] “... дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй ...” гэх хариуг өгсөн, нэхэмжлэл дээд шатны байгууллагаар урьдчилан шийдвэрлүүлсэн байх шаардлага хангагдсан байна.
2.6. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:”, 3.1.9-д “ажлын байр гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг”, 3.1.20-д “үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг”, 29 дүгээр зүйлийн 29.4-т “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 29.4.2-т ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах, 33 дугаар зүйлийн 33.2.5-д “үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах” гэж тус тус заасан.
2.7. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн тохиолдолд ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргахаар заасан байна.
2.8. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно”, 2.1.1-д “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед”, 2.2-т “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ” гэж тус тус заасан.
2.9. Уг дүрмийн зохицуулалтаас үзэхэд хөдөлмөр эрхлэгч үйлдвэрлэлийн осолд өртсөн гэж үзэх нөхцөл шаардлагад ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байсан үеийг хамруулахаар заасан байна.
Харин ажилтан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад тусгайлан тэмдэглэхээр зохицуулсан байна.
2.10. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талийгаач Д.Г нь Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн албан тушаалын тодорхойлолтод[7] заасан 24 цагаар ажиллах ээлжийн хуваарийн дагуу ажиллаж байх хугацаандаа буюу Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн В1 давхарт 19-20 цагийн хооронд нас барсан байх бөгөөд Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3548 дугаар шинжээчийн дүгнэлтээр[8] “... Нас барах үедээ согтууруулах болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, хорт болон эмийн бодис хэрэглээгүй, ... зүрхний архаг цус хомсрох өвчин, том голомтот соривжил өвчний улмаас зүрхний цочмог дутагдалд орж зүрх гэнэт зогсчээ ...” гэж дүгнэсэн байх бөгөөд талийгаач Д.Гыг ажлын байран дээрээ нас барсантай мөн ийнхүү нас барахдаа согтууруулах болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, хорт болон эмийн бодис хэрэглээгүй, өвчний улмаас нас барсан гэдэгтэй хэргийн оролцогчид маргаагүй байна.
2.11. Энэ тохиолдолд дээрх хууль болон холбогдох дүрэмд заасан зохицуулалтын дагуу талийгаач Д.Г нь ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ нас барсан, ийнхүү нас барсан нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нөхцөл байдалд хамаарах үндэслэлтэй талаар эрх бүхий этгээдийн шийдвэр дүгнэлт гараагүй байх тул хариуцагчаас маргаан бүхий 07/01-02/021-01 дүгээр дүгнэлтээр талийгаач Д.Гын нас барсныг “үйлдвэрлэлийн осолд хамаарахаар байна” гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 29.4.2-т ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах, 33 дугаар зүйлийн 33.2.5-д “үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах” гэж заасантай нийцсэн байна.
2.12. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт гарахаас өмнө үйлдвэрийн осол гэж дүгнэж, байгууллагад их хэмжээний олговор олгуулахаар акт үйлдсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн” гэсэн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
2.13. Мөн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 3.7-д “ Комисс нь шаардлагатай тохиолдолд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгаан, хүчин зүйлийн талаар тухайн чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн хяналтын байцаагч болон ажил олгогчоос хараат бус мэргэжилтэн, шинжээч, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж болно” гэж заасан.
2.14. Дүрмийн дээрх зохицуулалтаас үзэхэд шаардлагатай тохиолдолд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгаан, хүчин зүйлийн талаар тухайн чиглэлээр шинжээч томилуулах боломжтой байх ба заавал шинжээч томилуулах талаар зохицуулаагүй, хэрэгт авагдсан баримтуудаар талийгаач Д.Гыг ажлын байран дээрээ нас барсан болох нь нэгэнт тогтоогдож буй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй буюу үйлдвэрлэлийн осол, хурц хордлого мөн эсэх талаар мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлт гараагүй байхад шууд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гэж дүгнэсэн” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Ийнхүү анхан шатны шүүх эдгээр болон бусад үндэслэлээр хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 692 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] Хэргийн 1 дэх хавтас, 65-69 дэх тал
[2] Хэргийн 1 дэх хавтас, 62-63 дахь тал
[3] Хэргийн 1 дэх хавтас, 106-109 дэх тал
[4] Хэргийн 1 дэх хавтас, 201-202 дахь тал
[5] Хэргийн 1 дэх хавтас, 20 дахь тал
[6] Хэргийн 1 дэх хавтас, 9 дэх тал
[7] Хэргийн 1 дэх хавтас, 139-140 дэх тал
[8] Хэргийн 1 дэх хавтас, 170-175 дахь тал