Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 1363

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/01036 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Тын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 15 125 082 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Түвшинбаяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Баднайсүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ууганбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 12 сарын 11-ний орой гэдэс байн байн базалж өвдөөд харьяаллын дагуу Бурам”М” эмнэлэгт онош тодруулахаар очсон. Тухайн үед н.Батболд гэх эмч жижүүрийн эмчээр ажиллаж байсан. Миний бие тэр эмчид үзүүлсэн ба н.Батболд эмч миний гэдсэн дээр гараараа дарж үзэн мухар олгой байж магадгүй гээд өндөгнөөс цус авсан. Гэтэл цагаан эс гэгчийнх нь түвшин 23-т хүрчээ гэдэг онош хэлж энэ бол мухар олгой байна хэмээн тайлбарласан. Улмаар намайг шууд хагалгаанд оруулсан. Хагалгааны дараа өвдөлт өгөөд байхаар нь эмчдээ хэлтэл жоохон өвдөнө л биз юун бааштай юм бэ гэж загнаж байсан. Үүний дараагаар хоол идэх гэхээр бөөлжис цутгаж, толгой эргэж, гэдэс дүүрч цанхайж өвдөөд хагалгаа хийлгэсний дараа 4,5 дахь хоног дээрээ босч чадахаа байсан. Тэгэхээр нь намайг “Мөнгөнгүүр” эмнэлэгт онош тодруулахаар аваачихад түгжрэл үүссэн байна, яаралтай хагалгаанд оруул гэсэн ба өмнөх хагалгааны талаар ямар нэгэн онош тавиагүй бөгөөд цээж хэвлийн хөндийд усархаг шингэн зүйл байна гэсэн. 2016 оны 01 сарын 07-нд Шастины нэрэмжид 3-р эмнэлэг дээр очсон ба тухайн үед мэс заслын эмч С.Алтанхуяг гэдэг хүн байсан. Хагалгаанд оруулахад маш хүндрэлтэй байна гээд өмнө нь хагалгаа хийсэн эмч нарыг нь дууд гээд “Бурам “М”” ХХК-ийн зөвлөх эмч Сосорбарамыг авчирсан. Ийнхүү эмч нар тухайн үед буруу онош тавьж хагалгаа хийжээ, гэдэс дотор нь үхжилт үүссэн байна. Энэ нь эмнэлэгт удааснаас болжээ хэмээн хоорондоо ярилцаж байгаад хагалгаад оруулахаар болсон. Нийтдээ 2 удаа хагалгаанд орсон ба миний бүдүүн, нарийн, шулуун гэдсийг бүгдэнгээс нь тайрч, дэлүүг авсан байсан. Сүүлд нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын түргэн тусламжийн үйлчилгээ хариуцсан эмч дарга Мөнхдэлгэр гэдэг хүн оношийг уншаад энэ хүний дэлүүг аваад зогсолгүй цөсийг нь авчихсан байна гэсэн. Гэтэл надад энэ талаар хэлэлгүй групп тогтоох хурлаар орсон бөгөөд эмч нарын комиссын дүгнэлт дээр бүдүүн гэдэс тайрагдсан ердийн өвчин гэсэн онош тавьсан байсан. Гэтэл өмнө нь “Мөнгөнгүүр”-ийн оношинд дэлүү хэвийн томроогүй, цөс хэвийн үйл ажиллагаатай гэж гарсан байдаг. “Б” эмнэлэг нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн бодлого хэрэгжилтийн газрын тендерийн шалгаруултанд тэнцэж дүүргийн эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх эрхийг авсан буюу яаралтай мэс засал хийх тусгай зөвшөөрөлтэй хирнээ иргэн хүнд хайнга хандаж, оношилгооны тоног төхөөрөмжөө ч ашиглахгүйгээр хөнгөн хуумгай хандаж, харин 3-р эмнэлэг нь яагаад хамааралгүй эрүүл эрхнтэнүүдийг авч байгаа юм бэ. 2016 оны 12 сараас 2017 оны 4 сар хүртэлх эмчилгээний төлбөр, эм тариа худалдаж авах төлбөр, өвчтөний хоол, хүнсний зардал, боолт хийлгэх, түүний унааны мөнгө зэрэг нийт 15 129 082 төгрөгийг “Б” эмнэлэгээс нэхэмжилж байгаа гэжээ.

 

 Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Т /Л.Тэгшбаяр нэрээр/ нь 2016 оны 12 сарын 11-ний өдрийн 13 цаг 30 минутанд манай эмнэлэгт ирж үзүүлэхдээ хэвлийн баруун дор хатгаж, өвдөнө, явах зогсох үед татагдаад байна гэсэн зовиуртай, дээрх зовиур нь урьд өдрийн буюу 2016 оны 12 сарын 10-ны өдрийн 22 цагаас эхлэн хэвлий, аюулхай базалж өвдөж эхэлсэн бөгөөд 2016 оны 12 сарын 11-ний өглөө үүрээр хэвлийн баруун дор шилжиж тогтмолжлоо гэсэн өгүүлэмжтэйгээр эмчийн үзлэгт орсон. Ийнхүү эмчийн үзлэгээр биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, байрлал идэвхтэй, цээжний хөндийд хутганы шархтай, хамар гэмтсэн, хэл өнгөртэй, хэвлийн эмзэглэлтэй, булчингийн чангаралтай, цутгалан гэдэс эмзэглэлтэй гэсэн зовиуртай бодит үзлэгт цочмог олгой гэсэн оноштой хэвтэн мэс засал хийлгэсэн болно. Нэхэмжлэгч Л.Тт /Л.Тэгшбаяр нэрээр/ хийсэн мухар олгойг авах мэс ажилбар нь мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоо, эмчилгээ МNS5665-5:2006 стандартын дагуу хийгдсэн. Мөн мэс заслаар авсан мухар олгойг эмгэг гистологийн шинжилгээнд Эмгэг судлалын үндэсний төв эмнэлэг рүү илгээсэн бөгөөд тус төв эмнэлэгээс ирүүлсэн 2016 оны 12 сарын 23-ны өдөрт шинжилгээгээр “хурц идээт олгой, нэвчдэст үрэвсэл” гэж мөн оношлогдсон. Өрц гэмтэж байж болзошгүй сэжгээр шинжилгээнд явуулахад  өрцний эвэрхий гэж онош тодорсон. Тиймээс Эрүүл мэндийн спортын сайдын 2016 оны 3 сарын 10-ны өдрийн 75 тоот тушаалын хавсралтад заасны дагуу Улсын 3-р төв эмнэлэг нь “М” эмнэлэгт мэс заслын лавлагаа тусламж үйлчилгээг үзүүлнэ гэж заасны дагуу 2016 оны 12 сарын 17-нд зөвлөх шатлалын Улсын нэгдсэн 3 дугаар эмнэлэгийн мэс засалын тасагт Л.Т /Л.Тэгшбаяр нэрээр/ шилжүүлсэн. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 4 сарын 17-ны өдрийн 1837 дугаартай тогтоолоор эмчилгээг МNS 5665-5:2006 стандартын дагуу хийгдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байна гэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Эмчилгээний дэвтрээс харахад хөдөлмөрийн чадвараа 74 хувь алдсан гэж байна. 3 дугаар эмнэлэгийн өвчтөний түүхээс харахад унаж татдаг өвчтэй группд байсан хүн гэдэг нь харагдаж байгаа. Орохгүй гэсэн хүнийг хаалганы цаанаас татаж оруулаад хагалгаанд оруулсан мэт тайлбараа хэлж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нотлох баримт өгсөн. Сүүлд шинжээч томилогдоод дүгнэлт гаргасан байгаа. Дүгнэлтэд анхан шатны түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлээд нарийн мэргэжлийн эмнэлэгт хандсан байгаа. Тусгай зөвшөөрлийн асуудал нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч нарын яриад байгаа тайлбарууд үндэслэлгүй байна. Гэрчээр асуулгасан 3-р эмнэлэгийн эмч н.Алтанхуяг нь Л.Т нь наадмын үеэр эмчлүүлээд хэвийн болоод явсан гэж дэвтэрт байна. Өнөөдөр хэвтрийн байдалд орсон гэж байна. Гэтэл сая шүүхэд өгсөн өвчтөний эмчлүүлэгчийн картаас харахад 2017 оны 8 дугаар сараас хойш эмнэлэгт үзүүлээгүй байж байгаад 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс үзүүлж эхэлсэн байна. Энэ нь групп сунгахтай холбоотой үзүүлсэн байна. Түүнээс өнөөдөр хэвтрийн байдалтай, бөөрний дутагдалтай байгаа эсэх нь тодорхойгүй. Хариуцагч нь “Б” эмнэлэг гэдэг нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй. Гэм хор учирсан гэж шаардаж байгаа бол энэ нь нотлогдох ёстой. Баримтууд нэхэмжлэгчид зориулагдсан эмийн баримт эсэх нь эргэлзээтэй. Баримтуудыг үнэлэх боломжгүй. “Б” эмнэлэг хийвэл зохих эмчилгээг стандартын дагуу хийсэн. Хагалгааны дараа гарсан хүндрэл нь хариуцагчид хамааралгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч ”Б” ХХК-иас 8 409 034,10 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 716 047.9  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Т нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар ”Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 149 495 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хариуцагч нь 2016 оны 12 сарын 11-ний өдрийн 13:30 минутанд нэхэмжлэгч Л.Тт үзлэг хийж эхэлснээр 1789 тоот өвчний түүх нээгдсэн бөгөөд 15:00 минутанд хагалгаанд орсон, шинжилгээ авсан бүх эмчилгээ, оношлогоо өвчний түүхийн дэвтрээр тогтоогдож байхад дэвтрийн нүүрэнд “2016 оны 12 сарын 12-ны гэсэн” техникийн алдааг дүгнэж байгаа нь хэт өрөөсгөл болжээ. Өвчтөн Л.Т тус эмнэлэгт ирэхдээ мухар олгойн үрэвсэл өвчний шинж тэмдэгтэй ирсэн ба өрцний ивэрхий, бүдүүн гэдэсний түгжрэл өвчний ямар нэгэн зовиур илрээгүй байсан. Мухар олгойн үрэвсэл өвчин, өрцний ивэрхий, бүдүүн гэдэсний түгжрэл өвчин нь хоорондоо холбоогүй биеэ даасан тус тусдаа өвчин юм. Өөрөөр хэлбэл мухар олгойн үрэвсэл хэвлийн доод хэсэгт, өрцний ивэрхийгээр хэвлийн дээд хэсэгт хавчигдсан будүүн гэдэсний түгжрэл нь хоорондоо шалтгаант холбоотой байх боломжгүй тул анхан шатны шүүх “холбоотой” гэж  дүгнэсэн нь анагаах ухаан, хүний биеийн анатомийн үүднээс ч боломжгүй дүгнэлт хийсэн байна. Анхан шатны шүүх "Олгойн мэс заслын дараах гэдэсний түгжрэл онош" гэж үнэлэн хариуцагчийн гэм бурууг дүгнэсэн байна. Гэвч Улсын гуравдугаар төв эмнэлгийн яаралтай тусламжийн хуудаст тэмдэглэгдсэн урьдчилсан онош буюу өвчтөний аман өгүүлэмжийн дагуу хагалгаанаас өмнө дэвшүүлсэн таамаг-оношийг эцсийн онош мэтээр шүүх дүгнэж олгойн мэс заслын дараах гэдэсний түгжрэл гэж шүүхийн шийдвэртээ дүгнэн гэм буруутай гэж шалтгаант холбоог тогтоосон нь үйл баримтын алдаатай дүгнэлт болжээ. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 сарын 23-ны өдрийн 241 тоот дүгнэлтэд үндсэн оношийг “Зүүн өрцний хутгалагдсан шархаар орж хавчигдсан бүдүүн гэдэсний түгжрэл, үхжил гэж эмч нарын хамтарсан зөвлөгөөнөөр уг оношийг тогтоосон байх ба мөн шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Хариуцагч “Б” ХХК-ийн үзүүлсэн эрүүл мэндийн үйлчилгээ нь хууль тогтоомж, стандартын дагуу үзүүлсэн болох нь шинжээчийн дүгнэлтийн 1-д ““М” уушигны мэс заслын эмнэлгийн эмч Д.Батболд өвчтөн Л.Тт эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг стандартын дагуу үзүүлсэн” гэснээр тогтоогдож байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “... яаралтай тусламж үйлчилгээг хуульд зааснаар бүрэн гүйцэд үзүүлээгүй, өрцний ивэрхий бүдүүн гэдэсний түгжрэл өвчнийг оношлоогүй байна” гэж дүгнэсэн нь ямар хуульд заасан ямар үйлчилгээг үзүүлээгүй гэж дүгнэсэн нь тодорхой үндэслэлгүй байна. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тодорхой төрлийн өвчнийг эмчлэх, анхны тусламж, үйлчилгээ үзүүлэх, зайлшгүй хийгдэх үзлэг, оношилгоо, шинжилгээг заасан стандартын дагуу эмч нар тусламж үйлчилгээ үзүүлнэ. Хариуцагч нь мухар олгойн цочмог үрэвслийн оношилгоо, эмчилгээ MNS-5665-5:2006 стандартын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээг нэхэмжлэгч Л.Тт үзүүлсэн. Нөгөөтэйгүүр өвчтөн Л.Тт өрцний ивэрхий бүдүүн гэдэсний түгжрэл өвчин бий болоогүй өвчлөөгүй үедээ “М” эмнэлэгт ирсэн байхад өрцний ивэрхий бүдүүн гэдэсний түгжрэл өвчнийг оношлоогүй гэж логикийн алдаатай дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл хүн ханиад хүрээгүй байхад тэр хүний ханиадыг оношлох ёстой байсан гэж өвчлөөгүй өвчнийг оношлох ёстой байсан гэж шинжлэх ухаанаар дүгнэх боломжгүй логикийн алдаатай дүгнэлт байна. Мөн дээр дурдсан шинжээчийн дүгнэлтийн 3-т "Мухар олгойн мэс засал хийх явцад урьд нь хутгалагдсаны улмаас үүссэн өрцний цоорхойг оношлох боломжгүй болно, учир нь хэвлийн баруун доод хэсэгт зүслэг хийж мухар олгойг авдаг тул хэвлийн дээд хэсгийн эмгэгийг илрүүлэх боломжгүй юм" гэж эрүүл мэндийи шинжлэх ухааны хувьд дүгнэсэн байхад шүүх ямар хууль, стандартын дагуу оношлох боломжтой боловч оношлоогүй гэж дүгнэсэн нь бас л тодорхой үндэслэлгүй байна. Түүнчлэн Л.Тт буруу эмчилгээ хийсэн тухай гэмт хэргийн талаарх гомдлын дагуу шалгаж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 4 сарын 17-ны өдрийн "Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай" 1837 дугаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан нь гэм буруугүйг дахин тогтоож байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Ази-фармаас Улз эмийн сан худалдан авсан бараа бүтээгдэхүүний баримтад үнийн дүнг рублээр тооцсон баримт гаргаж өгсөн бөгөөд энэхүү баримтаар нэхэмжлэгч нь шаардлагатай эм болон уураг авсан байна гэж дүгнэсэн нь  үндэслэлгүй байна. Харин энэхүү "Ази фарма" ХХК-иас ирүүлсэн 2017 оны 12 сарын 05-ны өдрийн 1991 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Л.Т үүнийг худалдан аваагүй, "Улз" эмийн сангаас худалдан авсан бөгөөд иргэнд үйлчилгээ үзүүлсэн бол и-баримт олгоно гэж бичсэн нь харин ч нэхэмжлэгч Л.Т нь худалдан аваагүй болохыг нотлож байгаа юм. Мөн энэхүү хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Л.Тын эмчилгээнд зайлшгүй шаардлагатай байсан эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх энэ талаарх нөхцөл байдал, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь зөв үнэлсэнгүй. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 8 409 034,10 төгрөгийг нэхэмжлэгч Л.Т олгохоор шийдвэрлэсэн боловч хавтаст хэрэгт авагдсан аль баримтыг үнэлж шийдвэрлэсэн нь тодорхойгүй бөгөөд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дах хэсэгт заасныг баримтлан гэм буруутай гэж дүгнэн хохирол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хариуцагчийн гэм буруу нотлогдож, тогтоогдоогүй байхад нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, шалтгаант холбоо, логикийн дүгнэлтийг шинжлэх ухаан болон хууль зүйн дүгнэлтийн хувьд баримт болон хууль, дүрэм, журам стандартын дагуу дүгнэлт хийж чадаагүй, илэрхий алдаатай хуульд нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Л.Т нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 15 125 082 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч “Б” ХХК-ийн “М” эмнэлэгт 2016 оны 12 сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Л.Т нь харьяаллын дагуу гэдэс өвдөх зовиурын дагуу эмчийн үзлэгт орж, шинжилгээгээр “мухар олгойн цочмог үрэвсэл” оношоор тус өдөр мэс засалд орсон болох нь талуудын тайлбар, өвчний түүх, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

  

             Уг мэс засалд орсоноос хойш тэрээр “Мөнгөн гүүр” эмнэлэгт тодосгогч бодистой хэвлийн компьютерт томографийн шинжилгээг хийлгэхэд “өрцний ивэрхий” гэж оношлогдож, Улсын гуравдугаар эмнэлэгт 2016 оны 12 сарын 17-нд бүдүүн гэдэс тайрах, илеодесцендостома, дэлүү авах, сэмж тайрах, өрцний цоорхойг оёх пластик, торакоцентез, хэвлийг гуурсдах хагалгааг, 2016 оны 12 сарын 26-нд цөсний хүүдий авах, нарийн гэдэсний төгсгөл хэсгээр цорго гаргах хагалгааг, 2017 оны 6 сарын 02-нд нарийн гэдсийг залгах, хэвлийн наалдац салгах мэс заслыг  тус тус хийлгэсэн байна.

           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... анх “М” эмнэлэгт очиж үзүүлэхэд өрцний ивэрхийтэй болохыг мэдэх боломжтой байхад онош дутуу тодруулсаны улмаас нэг удаагийн мэс заслаар хийгдэх байсан эмчилгээг олон удаа хийлгэж хохирсон” гэж тайлбарласан.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх шинжээч томилж хариуцагч “Б” ХХК-иас нэхэмжлэгч Л.Тт стандартын дагуу эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн эсэх, онош зөв тодорхойлсон эсэх талаар дүгнэлт гаргуулжээ.

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтээр ““М” эмнэлгийн уушигны мэс заслын эмч Д.Батболд өвчтөн  Л.Тт  эмнэлгийн анхны тусламж, үйлчилгээг стандартын дагуу үзүүлсэн байна. Өвчтөн Л.Тт мухар олгойн идээт үрэвсэл гэсэн онош тавьж яаралтай мэс засалд оруулсан байх бөгөөд энэ онош нь үндэслэлтэй, эд эсийн шинжилгээгээр батлагдсан байна. Мухар олгойн мэс засал хийх явцад урьд нь хутгалагдсаны улмаас үүссэн өрцний цоорхойг оношлох боломжгүй болно, учир нь  хэвлийн баруун доод хэсэгт зүслэг хийж мухар олгойг авдаг тул хэвлийн дээд хэсгийн эмгэгийг илрүүлэх боломжгүй юм. Мухар олгойн хурц идээт үрэвсэл нь өрцний ивэрхий бүдүүн гэдэсний түгжрэл өвчинтэй холбоогүй, биеэ даасан өвчин” гэдэг нь тогтоогдсон байна.

 

            Түүнчлэн уг шинжээчийн дүгнэлтээр өрцний эвэрхийг компьтер томографийн шинжилгээ хийсэн тохиолдолд илрүүлэх боломжтой болохыг тогтоосон ба “Бура”М”” ХХК-ийн “М” эмнэлэгт компьтер томографийн төхөөрөмж байхгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

 

            Хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгч Л.Тт стандартын дагуу эмнэлгийн үйлчилгээг үзүүлж, түүнийг мухар олгойн хурц үрэвсэл оноштой болохыг илрүүлж, мэс засал хийсэн байна.

 

            Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаах санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

      

            Шинжээчийн дүгнэлтээр мухар олгойн мэс засал хийх явцад урьд нь хутгалагдсаны улмаас үүссэн өрцний цоорхойг оношлох боломжгүй, хэвлийн баруун доод хэсэгт зүслэг хийж мухар олгойг авдаг тул хэвлийн дээд хэсгийн эмгэгийг илрүүлэх боломжгүй. Мухар олгойн хурц, идээт үрэвсэл нь өрцний ивэрхий, бүдүүн гэдэсний түгжрэл өвчинтэй холбоогүй, биеэ даасан өвчин болохыг тогтоосон тул нэг удаагийн мэс заслаар хийгдэх байсан эмчилгээг олон хийлгэж хохирсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, хариуцагчийн гэм буруу баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

 

            Нөгөө талаар эмчилгээ хийлгэхэд зарцуулсан гэх эмийн баримтууд нь нэхэмжлэгч Л.Таас мухар олгойн үрэвсэл эсхүл өрцний эвэрхий өвчний улмаас худалдан авч хэрэглэсэн эсэхийг эргэлзээгүй нотлоогүйгээс гадна бусдын авсан тэтгэврийн зээлийн мөнгөн хөрөнгө Л.Тын эмчилгээнд зарцуулагдсан болохыг нотолсон баримтгүй болно. Анхан шатны шүүх хариуцагч “Б” ХХК-ийн гэм буруу байгааг нотолсон баримтгүй мөн нэхэмжлэгчээс гаргасан эмийн баримтууд нь түүний эмчилгээнд зарцуулагдсан болохыг нотлоогүй байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцээгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Тын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/01036 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Б” ХХК-д холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 15 125 082 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сары 11-ний өдрийн 184/ШЗ2017/05286 дугаар захирамжаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 500 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

                                   

                                            ШҮҮГЧИД                                       М.НАРАНЦЭЦЭГ                                                                                                   

                                                                                                  Г.ДАВААДОРЖ