Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2020/00853

 

2020 04 16

182/ШШ2020/00853

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б овогт А.Б /РД:ЧН77/, Баянгол дүүрэг, 8 тоот

 

Хариуцагч: ГМГ ХХК /РД:59/, Чингэлтэй дүүрэг, 2 тоот

 

Хариуцагч: П  ХХК /РД:538/, Чингэлтэй дүүрэг, 4 давхар

 

Гуравдагч этгээд: Н  Т ХХК /РД:59/, Сүхбаатар дүүрэг, 708 тоот

 

гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б , түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч ГМГ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, түүний өмгөөлөгч П.А, хариуцагч П  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, түүний өмгөөлөгч Ш.Т, П.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч А.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б  миний бие 2015 онд Н  Т ХХК-ийг үүсгэн байгуулж, энгийн хувьцааны 35 хувийг эзэмшдэг ба Н  Т ХХК нь П  ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшдэг болно. Миний бие санаачлан А.Энхтөртэй холбогдож, 2015 оны 10 дугаар сард Ашигт малтмалын газраас зарласан сонгон шалгаруулалтад оролцохдоо, бизнесийн түүх сайтай, ажилласан жил олон учир мөн У.Барсболдын нөлөөний компани болох П  ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авч оролцоод тусгай зөвшөөрлөө авсны дараа Н  Т ХХК руу шилжүүлээд Н  Т ХХК П  ХХК-ийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлж өгөх, П  ХХК- иар 1,000,000 ам.долларын хайгуулын ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, гэрээ байгуулаад, сонгон шалгаруулалтад уг компанийн нэрээр оролцон шалгарч, Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших хайгуулын ХҮ-019899 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан юм.

Гэтэл намайг хөдөө ажлаар явсан хойгуур 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр П  ХХК-ийн захирал М.Машбат, У.Барболдын нөлөөний ГМГ ХХК-тай гэрээ байгуулан сонгон шалгаруулалтаас 300,000,000 төгрөгөөр авсан Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших хайгуулын ХҮ-019899 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг 10,000,000 төгрөгөөр худалдсаныг эс зөвшөөрч, тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. П  ХХК-ийн Захирал М.Машбат нь А.Энхтөр, Ш.Нацагням, У.Барсболд нартай хуйвалдан тус компанийн Дүрэм-ийн 8.2 дугаар зүйлд заасан Гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулаагүй байхад дур мэдэн албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, их хэмжээний хэлцэл хийхдээ 50 хувийн хувьцаа эзэмшигч Н  Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Б  надад мэдэгдээгүй, Компанийн тухай хуулийн 88.1 дүгээр зүйлд Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана гэж заасныг зөрчиж, хууль ёсны эзэмшигчийн эрхийг зөрчсөн.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг 300,000,000 төгрөгөөр худалдан авсан тул энэхүү тусгай зөвшөөрлийн эрхийн үнэ нь Компанийн тухай хуульд тодорхойлсны дагуу их хэмжээний хэлцэлд багтахаас гадна П  ХХК нь Төлөөлөн удирдах зөвлөлгүй тул тус компанийн 50 хувийн хувьцааг эзэмшигч Н  Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр их хэмжээний хэлцэл хийх үндэслэлгүй гэж үзнэ. Мөн Компанийн тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн тогтоолоос үзвэл, "...санал нэгтэйгээр гаргана гэдэг нь хувьцаа эзэмшигчдийн 100 хувийн санал гэж ойлгоно гэж тайлбарлажээ.

Их хэмжээний хэлцэл нь нийт хувьцаа эзэмшигчдийн 100 хувийн саналаар дэмжигдсэн шийдвэрээр хийгдэнэ. Энэ нөхцөл шаардлагыг хангасан шийдвэр гараагүй байхад Ашигт малтмалын газраас зарласан сонгон шалгаруулалтад оролцож, 300,000,000 төгрөгөөр худалдан авсан хайгуулын тусгай зөвшөөрлийг П  ХХК-ийн захирал М.Машбат гэгч нь ГМГ ХХК-д 10,000,000 төгрөгөөр худалдсан, компанийн хувьцаа эзэмшигч А.Б  миний зөвшөөрлийг авалгүйгээр, надад мэдэгдэлгүйгээр хууль бусаар шийдвэр гаргаж, уг гэрээг нотариатаар гэрчлүүлсэн нь хууль бус үйлдэл, энэхүү гэрээ нь хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ болно.

Иймд Монгол Улсын Иргэний хууль-ийн 57.1 дүгээр зүйлийг үндэслэн ГМГ ХХК, П  ХХК-ийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн Геологи хайгуулын ажлын тайлан мэдээ мэдээллийг худалдах, худалдан авах тухай гэрээг илт хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагч П  ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н  Т ХХК-ийн хувьд Ашигт малтмалын газраас зарласан сонгон шалгаруулалтад П  ХХК-ийг оролцуулах зорилгоор 2015 оны 09 сарын 18-ны өдөр М.Машбатын өмчлөлийн П  ХХК-ийн 50 хувийн хувьцааг Хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээ-гээр шилжүүлэн аваад, Н  Т ХХК нь бүх зардлыг хариуцах үүрэгтэйгээр тохиролцож, тутсгай зөвшөөрлөө аваад Н  Т ХХК-д шилжүүлж, Н  Т ХХК 2015 оны 12 сарын 25-ны дотор шилжүүлэн авсан П  ХХК-ийн 50 хувийн хувьцааг гэрээний 3.2.4-т зааснаар үл маргалдах журмаар буцаан шилжүүлэн өгөх нөхцөлтэйгээр байгуулсан.

Н  Т ХХК, А.Б  нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байсаар 2017 оны 10 сарын 24-ний өдрийн Монгол улсын Дээд шүүхийн 001/ХТ2017/01262 дугаар тогтоолоор 2016 оны 04 сарын 11-ний өдрийн Н  Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг угаас хүчин төгөлдөр гэж тогтоосон учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дээрх тогтоолыг биелүүлэх тухай албан бичгийн дагуу Улсын бүртгэлийн байгууллага 2018 оны 04 сарын 03-ны өдөр П  ХХК-ийн дүрэм, гэрчилгээнд өөрчлөлт оруулж, М.Машбат нь П  ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал болохыг бүртгэсэн болно. Өнөөдрийн байдлаар П  ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь М.Машбат бөгөөд Н  Т ХХК нь ямар нэг байдлаар хувьцаа эзэмшдэггүй. Талуудын хооронд гэрээгээр тохирсон нөхцөл хэрэгжсэн байхад А.Б  нь П  ХХК-ийн хувьцааг эзэмшдэг гэж шүүхэд тайлбарлан нэхэмжлэл, гомдол гаргаад байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Тухайн үед сонгон шалгарууулалтад П  ХХК шалгарч ХҮ-019899 тоот тусгай зөвшөөрлийг эзэмших эрх нээгдсэн бөгөөд сонгон шалгаруулалтад санал болгосон 300,000,000 төгрөгөө Ашигт малтмалын газарт төлж эрхээ баталгаажуулах шаардлагатай болсон. Тодруулбал, сонгон шалгаруулалтын үнэ болох 300,000,000 төгрөгийн зардал болон бусад бүх зардлыг Ашигт малтмалын газарт төлөх болоход А.Б , Н  Т ХХК Хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээ-ний 3.2.6-д заасны дагуу бүх зардлаа төлөх үүрэгтэй байсан боловч дээрх төлбөрийг төлөхгүй байсаар төлөх хугацаа дуусаж, сонгон шалгаруулалтад оролцсон дараагийн компанид эзэмших эрх шилжих, бичиг баримтуудыг бэлдэж сонгон шалгаруулалтад оролцсон манай компани болон ажилчдын хүч, хөдөлмөр үр дүнгүй болох нөхцөл байдал үүссэн. Үүссэн нөхцөл байдлын улмаас дээрх төлбөрүүдийг ГМГ ХХК бүгдийг гаргаж, манай компанийн дансаар дамжуулан Ашигт малтмалын газарт 2015 оны 11 сарын 03-нд төлснөөр /төлбөрийн баримтууд хавтаст хэрэгт байгаа/ уг хайгуулын тусгай зөвшөөрөл манай компанийн нэр дээр гарч, бид бүх төлбөрийг төлсөн ГМГ ХХК-тай Геологи хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгсөн. А.Б ийн хувьд Н  Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдээс олгосон эрхийн дагуу Хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээ-г байгуулахад Н  Т ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурж, гэрээний үүргийг хэрэгжүүлэх, зардлыг хариуцах ёстой байсан. Энэхүү Геологи хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ-ний үнэ нь 10,000,000 төгрөг бөгөөд манай компани хуульд заасны дагуу ХҮ-019899 тоот тусгай зөвшөөрөлд холбогдох тайлан мэдээ, мэдээлэл, сонгон шалгаруулаптад оролцоход гаргасан зардал тодруулбал ажилчдын цалин хөлс, бичиг хэргийн зардал зэргийг 10,000,000 төгрөгөөр үнэлсэн, мөн манай компанийн тухайн үеийн 682 сая төгрөгийн хөрөнгөтэй санхүүгийн тайлангаар 10,000,000 төгрөгний гэрээ нь их хэмжээний хэлцэлд хамаарахгүй болох нь нотлогдоно.

Ийнхүү болж байсан бодит үйл явдлыг тухайн үед А.Б  хүлээн зөвшөөрч байсан байтал олон жилийн турш шүүхэд тайлбарлаж байгаагаар үйл явдлыг үгүйсгэх боломжгүй, шудрага ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. А.Б  болон Н  Т ХХК дээрх тусгай зөвшөөрлийг эзэмших хүсэл сонирхолтой байсан л юм бол 300,000,000 төгрөг болон бусад зардлыг гаргаж, түүнд холбогдох шаардах эрхээ эдлэх ёстой байсан.

Тухайн үед П  ХХК-ийн хувьцаа эзэмшигч М.Өлзийбат, Н  Т ХХК түүний хувьцаа эзэмшигч А.Энхтөр, Ш.Нацагням нар ГМГ ХХК-д тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг дэмжсэн шийдвэр байгаа. 300,000,000 төгрөг болон бусад зардлыг ГМГ ХХК гаргасан гэдгийг, тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгөх ёстой боллоо гэдгийг А.Б  мэдэж байсан, зөвшөөрч байсан хэрнээ тусгай зөвшөөрлийг ГМГ ХХК-д шилжүүлэх шийдвэрт гарын үсэг зурах болоход миний 300,000,000 төгрөгөөр худалдаж авсан тусгай зөвшөөрлийг миний зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулан шилжүүллээ гэж төр, захиргаа хууль шүүхийн байгууллагад олон жил гомдол гаргах нь дэндүү увайгүй юм. Иймд өнөөдрийн байдлаар П  ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь М.Машбат бөгөөд тус компанид Н  Т ХХК, А.Б  нар ямар ч хамааралгүй этгээдүүд тул А.Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч ГМГ ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Болсон үйл явдлын тухайд П  ХХК нь Ашигт малтмалын газраас зарласан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцож, шалгаран ХҮ-019899 тоот тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг авсан байдаг бөгөөд сонгон шалгаруулалтын үнэ 300,000,000 төгрөгийг Н  Т ХХК, А.Б ийг төлөх байтал төлөхгүй байсан учраас ГМГ ХХК-тай тохиролцон сонгон шалгаруулалтын үнэ 300,000,000 төгрөг болон бусад бүх зардлыг ГМГ ХХК-аар төлүүлсэн байдаг бөгөөд тусгай зөвшөөрлийн 1, 2, 3 дахь жилийн төлбөр, нөхөн сэргээлтийн менежментийн зардал болон бусад төлбөр хураамжид 350,000,000 орчим төгрөг төлсөн. Дээр дурдсан сонгон шалгаруулалтын үнэ 300,000,000 төгрөгийг ГМГ ХХК төлөхдөө тус компанийн санхүүгийн тайлан балансыг гаргаж ажиллаж байсан нягтлан бодогч О.Самааранзаад бэлнээр өгч О.Самааранзаа П  ХХК-ийн Хаан банкин дахь төгрөгийн 5009351567 тоот дансруу 2015 оны 10 сарын 14-ний өдөр сонгон шалгаруулалтын баталгаанд 64,633,370 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн, мөн өөрийн ззэмшдэг Хаан банкин дахь төгрөгийн 5082047481 тоот дансруу 2015 оны 11 сарын 02-ны өдөр 235,370,000 төгрөгийн орлого бэлнээр хийж П  ХХК-ийн Хаан банкин дахь төгрөгийн 5009351567 тоот дансруу сонгон шалгаруулалтын үнэ 235,750,000 төгрөгийг мөнгөн шилжүүлгээр шилжүүлэн 2 удаагийн шилжүүлгээр 300,003,370 төгрөгийг П  ХХК-д өгч, П  ХХК нь 5009351567 тоот данснаасаа 2015 оны 11 сарын 02-ны өдөр Ашигт малтмалын газрын Төрийн сан дахь 900018003 тоот дансруу сонгон шалгаруулалтын үнэ 300,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

ГМГ ХХК нь ХҮ-019899 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын үнэ, бусад төлбөрийг бүгдийг төлсөн учраас П  ХХК-ийн сонгон шалгаруулалтанд оролцохдоо бэлдсэн анхдагч тайлан, мэдээ мэдээллийг худалдан авч, тусгай зөвшөөрлийг бүхэлд нь шилжүүлэн авахаар гэрээ байгуулан төлбөл зохих татварыг төлж 2015 оны 12 сарын 31-ний өдөр ХҮ-019899 тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан. П  ХХК-ийн дүрмээр П " ХХК-ийн 50 хувийн хувьцааг Н  Т ХХК эзэмшдэг, Н  Т ХХК-ийн дүрмээр Н  Т ХХК нь 3 хувьцаа эзэмшигчтэй болох нь тодорхой байна. Компанийн тухай" хуульд заасны дагуу компанийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал бөгөөд ХҮ-019899 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг П  ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч М.Өлзийбат, Н  Т ХХК-ийн 65 хувийн хувьцаа эзэмшигч А.Энхтөр, Ш.Нацагням нар зөвшөөрч олонхийн саналаар шийдвэрээ гарган гарын үсгээ зуран Кадастрын хэлтэст хүргүүлсэн байдаг. А Баянмөнх зөвшөөрөхгүй байсан бөгөөд хуралдаа ирээгүй учраас эсрэг саналтай гэж үзсэн байна.

А.Б  дээрх шийдвэрийг эсэргүүцэж Н  Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн удаа дараагийн хурлыг хууль бус хурал гэж мэдэгдэж байсан учраас 2016 оны 04 сарын 11-ний өдөр Н  Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчид ээлжит бус хурлаа зарлан хуралдуулсан байх бөгөөд уг хуралд А.Б  өөрийн биеэр ирж ээлжит хурлын зарыг хувьцаа эзэмшигчиддээ гардуулан өгөөд хурлыг орхин явахад бусад хувьцаа эзэмшигчэд түүнийг эсрэг саналтай гэж үзэн үргэлжлүүлэн хуралдаж А.Б ийг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, шинээр гүйцэтгэх захирал томилон, П  ХХК-ийн 50 хувийн хувьцааг ямар нэгэн болзол шаардлагагүйгээр буцаан шилжүүлэх, ХҮ-019899 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг дахин дэмжсэн шийдвэрийг гаргаж, уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар нэгэн маргаан гарах бүрт төлөөлөх эрхийг шинэ гүйцэтгэх захиралдаа олгохоор шийдвэрлэж Н  Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 16/07, 16/08, 16/09, 16/10 дугаартай тогтоолуудыг гаргаж гарын үсэг зуран баталгаажуулсан байдаг. 2017 оны 10 сарын 24-ний өдрийн Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанаар уг иргэний хэргийг хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэн 001/ХТ2017/01262 дугаар тогтоолоор 2016 оны 04 сарын 11-ний өдрийн Н  Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг угаас хүчин төгөлдөр гэж тогтоосон байна.

Дээрх үйл баримт болон нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэн үзвэл Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1-д хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл /компанийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаатай холбогдсон хэлцэл үүнд хамаарахгүй/ гэж их хэмжээний хэлцэлд хамаарах хэлцлийг тодорхойлсон байх бөгөөд ХҮ-019899 тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээр байгуулсан Геологи хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ"-ний үнийн дүн 10,000,000 төгрөг байгаа нь хуульд зааснаар их хэмжээний хэлцэл бус байна. Учир нь гэрээний үнэ худалдагч тал болох П  ХХК-ийн активын нийт дүнгийн 25 хувиас хэтрэхгүй байгаа нь "П  ХХК-ийн санхүү, татварын тайлангаар батлагддаг. А.Б  ГМГ ХХК-ийн хувьцааны 10 хувийг ямар нэгэн үнэ, төлбөргүйгээр эзэмших гэсэн зорилготой байсан юм билээ. Тэр нь бүтээгүй болохоор гомдол гаргаад явдаг.

Дээрх хэлцлийг их хэмжээний хэлцэлд хамааруулна гэж үзвэл Компанийн тухай хуулийн 88 дугаар зуйлийн 88.2-т Төлөөлөн удирдах зөвлөл их хэмжээний хэлцэл хийх тухай шийдвэрийг санал нэгтэй гаргаж чадахгүй тохиолдолд асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах бөгөөд уг асуудлыг хуралд оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн саналын олонхоор шийдвэрлэнэ гэж заасан байх бөгөөд П " ХХК-ийн хувьцаа эзэмшигчэд энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж олонх нь тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг дэмжсэн шийдвэр гаргасан байдаг.

Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Дор дурдсан асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан шийдвэрийн эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхгүй", мөн хуулийн 53.1.2-т компани энэ хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасны давуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлах шаардлагатай их хэмжээний хэлцэл хийсэн гэж заасан нь А.Б ийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой асуудал нь Н  Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн дотоод асуудал болохыг баталж байна.

ХҮ-019899 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн анхны эзэмшигч нь П  ХХК байх тул иргэн А.Б  энэхүү тусгай зөвшөөрлийг шилжүүлсэнтэй холбогдуулан ямар нэгэн гомдол гаргах эрхгүй этгээд, зөвхөн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу компанидаа гомдол гаргах эрхтэй этгээд байна. Иймд Геологи хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ-ний үнийн дүн 10,000,000 төгрөг байгаа нь Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1-д зааснаар их хэмжээний хэлцэл биш бөгөөд гүйцэтгэх захирлын эрх, үүргийн хэмжээнд хийгдсэн гэрээ байх тул Н  Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б  нь анх 2015 оны 3 дугаар сард Энхтөр над дээр ирж, ашигт малтмалын хайгуулын талбайн мэдээлэл байна, энэ тал дээр мэдлэг хүрэхгүй байна гэсэн. Найз У.Барсболдтой уулзуулахад тэр төслийг хөрөнгийн бирж дээр гаргахад тусалж болно гэсэн. Ингээд 2015 оны 5 дугаар сард Н  Т ХХК-ийг байгуулсан. Барсболд талаас Нацагням, тэгээд Баянмөнх, Энхтөр би, Чинбаа /мэдээлэлд холбоотой байгаад дараа нь Баянмөнхөд 5 хувийн хувьцаагаа шилжүүлсэн/ нар үүсгэн байгуулсан. Дуудлага худалдаанд ороход мөнгө хэрэгтэй, мөнгө босгоход хэн хэн нь оролцоно гэж байсан. Мөн мэргэжлийн компани хэрэгтэй байсан ба мэргэжлийн геологич М.Машбат дээр очиж түүний П  ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ хийж, уг гэрээгээр П  ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авч сонгон шалгаруулалтанд оролцоод тусгай зөвшөөрлөө авсны дараа тусгай зөвшөөрлөө Н  Т ХХК руу шилжүүлээд Н  Т ХХК П  ХХК-ийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлж өгөх, П  ХХК- иар 1,000,000 ам.долларын хайгуулын ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Харилцан ашигтай байхаар ярилцсан. Гэтэл сонгон шалгаруулалтынхаа мөнгийг Н  Т төлж чадахгүй байсан, төлбөр шахагдсан, Гоби минералс компаниас мөнгө орж ирсэн. ГМГ компани нь төслийг гадаад зах зээлд гаргахад өөр компани байх хэрэгтэй гэж бас дөнгөж байгуулагдсан байсан. Н  Т ХХК мөнгөө төлөөд тусгай зөвшөөрлөө авч болох байсан боловч мөнгөө төлөөгүй, тусгай зөвшөөрлийн эрхийг П  ХХК ГМГ ХХК руу 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэрээгээр шилжүүлсэн. Үүнийг Баянмөнх мэдэж байгаа. Гоби минералс ХХК-ийн хувьцааны 10 хувийг эзэмшинэ гээд эзэмшүүлэхгүй болохоор гомдол гаргаад байгаа юм. Баянмөнх 2015 онд Н  Т ХХК байгуулагдснаас хойш 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл гүйцэтгэх захирал, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байсан. Н  Т ХХК үүсэн байгуулагдсанаас хойшхи аливаа гэрээ, хэлцэл, үйлдэл зэргийг бүгдийг нь маш сайн мэдэж, заримд нь оролцож, удирдаж байсан. Тэр өөрөө л зардал мөнгөө төлж чадахгүй хэлцлээсээ буцсан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэл, хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээ, Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ, Улсын дээд шүүхийн тогтоолууд, орлогын мэдүүлгүүд, мөнгөн шилжүүлгийн баримтууд, итгэмжлэл, компаниудын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, санхүүгийн тайлан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолууд, П  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, шийдвэрүүд, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, бэлэглэлийн гэрээ, Н  Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрүүд, Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай Ашигт малтмалын газар Кадастрын хэлтсийн даргын шийдвэр болон бусад бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н  Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Б  нь хариуцагч ГМГ ХХК, П  ХХК нарт холбогдуулж ГМГ ХХК, "П  ХХК-ийн хооронд 2015 оны 12 сарын 09-ний өдөр байгуулагдсан Геологи хайгуулын ажлын тайлан, мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр П  ХХК, ГМГ ХХК-тай Геологи хайгуулын ажлын тайлан, мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээг байгуулан, сонгон шалгаруулалтаас 300,000,000 төгрөгөөр авсан Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын ХҮ-019899 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг 10,000,000 төгрөгөөр худалдсаныг эс зөвшөөрч байна. П  ХХК-ийн захирал их хэмжээний хэлцэл хийхдээ 50 хувийн хувьцаа эзэмшигч Н  Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Б  надад мэдэгдээгүй, Компанийн тухай хуулийн заалтыг зөрчиж, хууль ёсны эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

 

П  ХХК-ийн хувьцааны 50 хувийг Н  Т ХХК эзэмшдэг, Н  Т ХХК-ийн хувьцааны 35 хувийг иргэн А.Б  эзэмшдэг тул Н  Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Б  нь П  ХХК-ийн бусадтай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох эрх бүхий сонирхогч этгээд мөн байна.

 

Талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших ашигт малтмалын хайгуул хийж болох талбайн мэдээлэлтэй А.Б  нь өөрийн танил А.Энхтөр, А.Энхтөрөөр дамжуулж иргэн У.Барсболдтой уулзаж, тодорхой тохиролцоо, тухайлбал, тухайн талбайд ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл авч төслийн ажил хийх, ингэхдээ компани байгуулах, сонгон шалгаруулалтанд оролцож ялахын тулд мэргэжлийн компани олж хамтрах, улмаар олон улсын зах зээлд гарч хөрөнгө оруулалт олох, ашгаа хуваан хүртэх тухай ярьж тохиролцсон байна. Мөн төслийг олон улсын зах зээлд гаргахын тулд Н  Т ХХК-иас өөр компани хэрэгтэй талаар яригдсан байх бөгөөд харин түүн рүү ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай анх ярилцаж тохирсон зүйл харагдахгүй байна.

 

Ингээд А.Б , А.Энхтөр, У.Барсболд талаас Ш.Нацагням нар Н  Т ХХК-ийг гадаад худалдаа, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулж, А.Б  Ш.Нацагням нар тус бүр 35 хувь, А.Энхтөр 30 хувийн хувьцаа эзэмшигч болжээ.

 

Хамтрах мэргэжлийн компаниар П  ХХК-ийг олж сонгосон ба П  ХХК 2010 онд байгуулагдсан, геологийн судалгаа, геофизикийн судалгаа шинжилгээ, эрдэс чулуу судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байна. Н  Т ХХК П  ХХК-тай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтанд хамтран оролцох зорилгоор 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хувьцаа шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээ байгуулж, гэрээгээр П  ХХК-ийн хувьцааны 50 хувийг Н  Т ХХК-д шилжүүлж, сонгон шалгаруулалтын дүн гарсан үед буюу 2015 оны 12 дугаар сарын 25-ны дотор уг хувьцааг буцаан шилжүүлэх, сонгон шалгаруулалтанд оролцохтой холбоотой зардлыг Н  Т ХХК хариуцах, сонгон шалгаруулалтанд амжилттай оролцвол тусгай зөвшөөрлийг Н  Т ХХК-д шилжүүлж, П  ХХК-иар 1,000,000 ам доллараас багагүй ажлын хөлстэй геологи эрэл хайгуул, геофизикийн судалгаа, өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлэхээр тохиролцсон байна.

 

ГМГ ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гадаад худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагдсан байх ба 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр П  ХХК түүнтэй Геологи хайгуулын ажлын тайлан мэдээ мэдээллийг худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлсэн байх ба гэрээний үнийн дүнг 10,000,000 төгрөг гэж тодорхойлжээ. Гэрээ хийсэн талууд дээрх эрхийг шилжүүлэх болсон үндэслэлээ тусгай зөвшөөрлийн эрхийн үнэ 300,000,000 төгрөгийг төлж чадахгүй байснаас ГМГ ХХК-иар төлүүлсэн тул түүн рүү шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

Н  Т ХХК сонгон шалгаруулалтанд оролцохтой холбоотой зардлыг /хүний цалин, талбай руу ирж очих зардал г м/ гаргаж байсан гэж тухайн үед компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Б  ярьдаг, хариуцагч ГМГ ХХК мөн холбогдох зардлыг гаргасан гэж тайлбарладаг боловч хэн аль нь нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, харин Ашигт малтмал, газрын тосны газраас А.Б ийн гомдлыг шалгаж гаргасан тайланд сонгон шалгаруулалтанд орох зардлыг Н  Т ХХК гаргасан гэсэн тэмдэглэжээ.

 

П  ХХК 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сонгон шалгаруулалтанд ялж, Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын ХҮ-019899 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг 300,000,000 төгрөгөөр авсан байх ба 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 300,000,000 төгрөгийг төлсөн болох нь төлбөрийн даалгавраар тогтоогдож байна. Дээрх мөнгийг ГМГ ХХК төлсөн гэж тайлбарладаг боловч энэ нь нотлогдохгүй байна. П  ХХК руу иргэн Самааранзаас 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 64,633,370 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 235,370,000 төгрөг төгрөг шилжсэн байх ба Самааранза нь ГМГ ХХК-ийн нягтлан бодогч гэдгээр дээрх мөнгийг ГМГ ХХК төлсөн гэж үзэх боломжгүй, Самааранза нь ГМГ ХХК-ийн нягтлан бодогч гэсэн баримт байхгүй, мөн түүнчлэн Самааранзаас шилжүүлсэн мөнгөний зарим нь зээл гэж шилжсэн байна.

 

П  ХХК-иас ГМГ ХХК руу ашигт малтмалын хайгуулын талбайн мэдээ мэдээлэл, тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Геологи хайгуулын ажлын тайлан мэдээ мэдээллийг худалдах, худалдан авах тухай гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр гэрээ болж чадаагүй байна. Үүнд:

 

1.    П  ХХК /уг компанийн хувьцааны 50 хувийг эзэмшигч Н  Т

ХХК/ өөрөө өөрийн хүсэл зоригийн эсрэг гэрээ хийж Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 заалт зөрчигдсөн. Түүнчлэн мөнгөө төлж чадахгүй гэдгээр тусгай зөвшөөрлийн эрхийг шууд өөр компанид шилжүүлэх боломжгүй.

Талуудын анхны тохиролцсон тохиролцоонд харш гэрээ хийгдсэн. 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хувьцаа шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээ байгуулж, гэрээгээр П  ХХК-ийн хувьцааны 50 хувийг Н  Т ХХК-д шилжүүлж, сонгон шалгаруулалтын дүн гарсан үед буюу 2015 оны 12 дугаар сарын 25-ны дотор уг хувьцааг буцаан шилжүүлэх, сонгон шалгаруулалтанд оролцохтой холбоотой зардлыг Н  Т ХХК хариуцах, сонгон шалгаруулалтанд амжилттай оролцвол тусгай зөвшөөрлийг Н  Т ХХК-д шилжүүлж, 1,000,000 ам доллараас багагүй ажлын хөлстэй геологи эрэл хайгуул, геофизикийн судалгаа, өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Гэтэл П  ХХК тусгай зөвшөөрлийн эрхийг Н  Т ХХК-д биш, өөр компанид шилжүүлсэн байна. Энд П  ХХК тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлэх эрхтэй эсэх нь эргэлзээтэй, гэрчилгээ П  ХХК-ийн нэр дээр гарсан эсэх нь тодорхойгүй байна. П  ХХК-ийн нэрийн өмнөөс энэ гэрээг хийх эрх гүйцэтгэх захирал М.Машбатад олгогдоогүй байсан ба П  ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15/07 дугаар шийдвэрээр олгосон байдал харагдаж байна.

 

2. П  ХХК ГМГ ХХК-д тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн үндэслэл нь ойлгомжгүй. П  ХХК геологийн судалгаа, геофизикийн судалгаа шинжилгээ, эрдэс чулуу судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, энэ утгаараа сонгон шалгаруулалтанд оролцон ялж ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн эрхийг авсан атлаа бусад руу шилжүүлж буй нь үйл ажиллагааныхаа зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл /Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9/ гэж дүгнэх үндэслэлтэй.

 

3. П  ХХК нь 300,000,000 төгрөг төлж авсан тусгай зөвшөөрлийн эрхээ бусдад шилжүүлж буй нь тухайн компанийн хувьд их хэмжээний хэлцэлд орно. Тус компанийн хөрөнгө 2015 оны эхний үлдэгдлийн байдлаар 682,197,045 төгрөг байна.

Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна, 65 дугаар зүйлийн 65.1-т хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх үүрэг хүлээнэ, 63 дугаар зүйлийн 63.5 дах хэсэгт Энэ хууль болон компанийн дүрэмд зааснаас дээгүүр хувь тогтоогоогүй, эсхүл хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ын гишүүдийг сонгохоос бусад асуудлаар гаргах шийдвэр хуралд саналын эрхтэй оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно гэж, хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно гэж, мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1-д заасан их хэмжээний хэлцэлд: хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл /компанийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаатай холбогдсон хэлцэл үүнд хамаарахгүй/ орох, 88 дугаар зүйл 88.1-т Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана, 88.2-т Төлөөлөн удирдах зөвлөл их хэмжээний хэлцэл хийх тухай шийдвэрийг санал нэгтэй гаргаж чадахгүй тохиолдолд асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах бөгөөд уг асуудлыг хуралд оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн саналын олонхоор шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Гэтэл П  ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Машбат хувьцаа эзэмшигчдийн хуралдаанаар ГМГ ХХК-д тусгай зөвшөөрлийг шилжүүлэх талаар хуралдахдаа компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Н  Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Энхтөр, Ш.Нацагням нарыг оролцуулсан атлаа хувьцааны 35 хувийг эзэмшдэг А.Б өд мэдэгдэж хуралд оролцуулалгүй, ээлжит бусаар хуралдаж шийдвэр гаргажээ. Энэ нь Компанийн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байх ба энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус байх нөхцөлийг бүрдүүлж байна.

П  ХХК Төлөөлөн удирдах зөвлөлгүй байсан тул их хэмжээний хэлцэл хийхдээ 100 хувь хувьцаа эзэмшигчийн оролцоотой шийдвэр / Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1/ гаргах юм. Харин Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгаад тэд их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг 100 хувийн саналтайгаар шийдвэрлэж чадаагүй бол компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж шийдвэрлэх ба энэ нь тодорхой ирцийн хувьтай байж болохоор /Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2/ зохицуулагдсан байна.

4. Гэрээний үнийн дүн 10,000,000 төгрөг, энэ нь их хэмжээний хэлцэлд орохгүй гэж хариуцагч П  ХХК тайлбарлаж байх ба ингэж үзэхэд П  ХХК 300,000,000 төгрөг төлж авсан эрхээ 10,000,000 төгрөгөөр худалдаж буй нь өөртөө илтэд хохиролтой хэлцэл болж нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Ийнхүү ГМГ ХХК, П  ХХК-ийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн Геологи хайгуулын ажлын тайлан мэдээ мэдээллийг худалдах, худалдан авах тухай гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Харин үр дагаврын асуудлыг шийдвэрлэх гэхэд 10,000,000 төгрөг төлсөн баримт байхгүй, мөн тусгай зөвшөөрлийн эрх ГМГ ХХК-д шилжсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар гэрчилгээг хэрэгт ирүүлээгүй байна. Ашигт малтмал, газрын тосны газраас А.Б ийн гомдлыг шалгаж гаргасан тайланд уг гэрээг илтэд хуурамч мэдээлэл бүхий гэрээ гэж үзжээ.

Одоо П  ХХК-ийн хувьцаа эзэмшигч 1 болсон нь хэрэгт ач холбогдолтой биш ба дээрх хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврын асуудлыг талууд 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээтэйгээ холбож түүгээрээ шийдвэрлэх нь зүйтэй болно.

Гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус тул хүчингүй болгуулна гэсэн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9-ийг баримтлан ГМГ ХХК, П  ХХК-ийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан Геологи хайгуулын ажлын тайлан мэдээ мэдээллийг худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 174,950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч А.Б өд олгосугай.

 

3.  Шийдвэр хүчин төгөлдөр болсноор шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн захирамжийн үйлчлэл зогсоно.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-рзүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-дзааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ С. БУД