Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2020/01244

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        05         11                                          181/ШШ2020/01244         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч С.Хишигбат, шүүгч С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: оршин суух, Боржигон овогт П.А/РД: 15/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:, НЖТ ХХК -д холбогдох,

Гэм хорын хохирол 63 632 633 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.А, гэр бүлийн хүн Р.Г нар Гэмтэл согог судлалын төвийн их эмч бөгөөд ажлынхантайгаа Өвөрхангай аймгийн Хархорин сум руу 2017 оны 07 сарын 01-ны өглөө явсан. Бусад эмч нарынхаа хамт 2017 оны 07 сарын 02-д буцан явж байхад эгц урдаас минь НЖТ ХХК-ийн бага оврын жуулчны автобус буюу Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг, Тээг толгой гэх газарт 84-24 УБЕ улсын дугаартай nissan civilian маркийн автомашин урсгал сөрөн орж ирж мөргөж гэмтээсэн. П.А би тахир дутуу болсон буюу гэмтлийн хүнд зэрэг тогтоогдсон.

Авто ослын улмаас толгой хүчтэй өвдөнө, баруун шилбэ ил бяцарсан, дээд 3/1- ээр үе дайрсан хүнд хэлбэрийн ил хугаралтай, тархины хүнд доргилттой, баруун талын эгэмний яс хугарсан, 2 талдаа тус бүр 6-7 хавирга хугаралтай, зүүн талын хавирга хоёрлосон хугаралтай, өвчүү 3 хэсэг хугарсан, баруун дунд чөмөг үе дайрсан хугарал, мултралтай, зүүн талын ухархайн хана хугаралтай, хамар хугарч мурийсан, уушги зөөлөн эдийн гэмтэлтэй ялангуяа зүүн талын уушги илүү их зөөлөн эдийн гэмтэлтэй, зүүн хөл зөөлөн эдийн гэмтлийн улмаас тавхай унжиж тавхай татагдахгүй гишгиж чадахгүй байсан гэх мэт гэмтлүүд ослоос үүдэж авсан. Мөн амь насны заалтаар трахейстомия гуурс тавиулснаар цагаан мөгөөрсөн хоолойн сорвижилт үүсч, хүзүүний гадна хэсэгт сорви татанхай үүссэн. Бүх л хугарлуудын хэсэгт мэс заслын сорви үүсч гоо сайхнаа алдсан. Нийт 7-8 удаа мэс засал эмчилгээ хийлгэсэн. 3 сарын дараа хөлний үе дайрсан шарх нь үрэвсэж, дахин хөлийн шилбэний мэс засалд орсон.

Гэмтлийн дараа: Толгой их өвдөнө, дотор муухай оргино, бөөлжис цутгана, хоол ундандаа дургуй, цээжээр өвдөнө, баруун эгэм, мөр орчим өвдөлт ихтэй, өөрөө гараараа тулж босч чадахгүй, өвчүү өвдөлт ихтэй, хоолойн шарх татагдана, хоол унд тээглэж орно, хоолой өвдөлт ихтэй, баруун түнх, баруун өвдөгөөр өвдөнө, хөдөлгөөн хязгаарлагдсан, хөл дээрээ бүрэн гүйцэд гишгэж чадахгүй, зүүн тавхайгаа татаж чадахгүй, биеэ даах чадваргүй, орноосоо босож 00-д орж чадахгүй, хүний асрамжид 5-6 cap болсон.

Гэмтлийн дараах 1 жилийн дараах зовуур: Ханиалгах үед өвчүү цээжээр нь маш их өвдөлттэй баруун эгэм мөрөөр өвдөнө, хамрын хугарлаас болж хамар байнга битүү, маш их хүчтэй эм тариа хэрэглэсний улмаас халдвар харшил сэдэрч зовуур ихтэй байгаа. Өвдөг түнхний хагалгаа хийлгэсэн хэсгээр сууж босоход хэцүү болсон, өвдөлт ихтэй, өвчин зовлондоо шаналж байна. Авто ослын улмаас эрэмдэг зэрэмдэг болсон, 20 хоног ухаангүй байж 40 хоног эмнэлэгт хэвтэн амь нас минь аврагдсан билээ, амь насыг аврахад ГССҮТөвийн хамт олон сэтгэл санааны болон эмнэлгийн тусламж үзүүлсэн. Тухайн үед танай байгууллагын зүгээс болон Ж.Б гэх жолооч нь айл гэрийн аав, ээж 2-ийг хоёуланг нь гэмтчихээд ухаангүй байх хугацаанд бидний биеийн байдлыг асууж эргэх нь битгий хэл, санаа тавьж асуугаагүйд маш их гомдолтой байдаг. Эрэмдэг зэрэмдэг болсноор гэр бүлээ тэжээхийн тулд ажпын 8 цагаал арай ядан хийж амьдарч байна. Илүү цагаар ажил хийж амьдрал ахуйгаа өөд нь татдаг байсан байдал минь алдагдсан. Ар гэрийн эдийн засгийн хувьд хүнд байдалд байна. 8% зээлийн байртай бөгөөд гэмтэлтэй байх хугацаандаа өр зээл тавин зээлээ төлж байсан. Одооч эдийн засгийн хүндхэн байдалтай амьдарч байна.

2018 оны 08 сарын 03 дугаар сарын 114 тоот Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор ослын хэргийг шийдвэрлэсэн.

Одоогийн байдлаар: Өвдөг, түнхний СТ болон MRI шинжилгээнд өөрчлөлт ихтэй гарсан. Ялангуяа өвдөгний үе дайрсан хугарлын төвшинд үрэвсэл ихтэй яаралтай мэс засал эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс хөлтөйгөө үлдэхийн тулд яаралтай цусны шинжилгээнүүд өгч мэс засал эмчилгээг хугацаа алдалгүй хийлгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээгээ цаг алдалгүй үзүүлэхийн тулд болон өөрийн эд эрхтэнийг дахин сэргэхгүй хэвийн байдалдаа орохгүйч гэлээ хамгийн сайн эмчилгээ, үйлчилгээтэй болон өртөг зардал бага гадаад орныг сонгон гадагшаа эмчилгээнд 2 удаа буюу Тайвань улсад очиж мэс засал эмчилгээ хийлгэсэн.

Анхны мэс заслын эмчилгээний зардлыг “НЖТ ” ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр мэс заслын төлбөрийг төлүүлэн зөрүүг аван тохиролцсон. 2 дахь эмчилгээний зардлыг хуулийн дагуу хандахыг хүссэн хүсэлтийн дагуу бид шүүх хяналтын байгууллагад хандаж хохирлоо гаргуулах хүсэлтэй байна.

2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ГССҮТөвийн яаралтай мэс заслаар мэс засал эмчилгээ хийлгэн 14-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Баруун талын хөлийн өвдөгний үе дайрсан хугарлын хэсэгт үрэвсэл явагдсан /идээлсэн/ тул яаралтай мэс засал эмчилгээ хийлгэсэн бөгөөд одоо биеийн байдал хүндэвтэр хагалгааны дараах байдалтай гэртээ байна. Хариуцагч “НЖТ” ХХК-аас бидэнд учруулсан хохирол болох мэс засал, хэвтсэн эмчилгээний төлбөр 570,393 NT, Орон байрны төлбөр 15,000 NT, Унааны үйлчилгээний төлбөр 10,000 NT, байрны түрээс 5000 N, Орчуулагчийн төлбөр 10,000 NT, Амбулаторийн үзлэг 2,870 NT, Хоолны зардал 7,015 NT, нийт 620, 278 NT*84.49NT монгол мөнгөөр 52 207 289 төгрөг, орчуулга 180 000 төгрөг, Шүүх хурлын зардал /Булган аймаг явсан/ 349 710 төгрөг, Эм тарианы төлбөр 111,300, Тийзний зардал 8,353,600, Ор хоногийн төлбөр 27,730, Тайвань улсад хийгдсэн мэс засал эмчилгээ, хоолны зардал болон Монгол улсад хийгдсэн эм тариа бусад зардлуудаа нийлүүлэн нийт нэхэмжлэх төлбөр 61 429,629? /Жаран нэгэн сая дөрвөн зуун хорин есөн мянга зургаан зуун хорин есөн төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн БНСУ-ын Чунчон эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэх, мэс засал эмчилгээний асуудал шийдвэрлүүлэхээр зорчсон 2 хүний ирэх очих тийзний төлбөр 1 822 200 төгрөг, шархнаас бактериологи шинжилгээ авсан төлбөр 68 620 төгрөг, олон улсын зүслэгтэй “X RAY” буюу баруун шилбэний рентген зураг шинжилгээ хийлгэсэн төлбөр 221 606 төгрөг, нийт 2 203 004 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 63 632 633 төгрөгийг хариуцагч “НЖТ” ХХК-иас нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч НЖТ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганбаатар, түүний өмгөөлөгч Х.Д нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Агийн нэхэмжлэлд дурдсан байр, хоол, орчуулагч, тийз тээврийн үйлчилгээ, эмчилгээний зардал болох нийт 61 429 629 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компани өмнө нь иргэн П.Агийн гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүхээс тогтоосон төлбөрийг цаг тухайд нь П.Ад бүрэн төлсөн болно. Мөн П.Агийн хүсэлтийн дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр эмчилгээний зардалд 34 304 430 төгрөгийг нэмж төлсөн. Одоогийн нэхэмжилж байгаа төлбөрөөс орчуулгын 180 000 төгрөг, шүүх хурлын зардал 349 710 төгрөг, эм тарианы 111 300 төгрөг, ор хоногийн төлбөр 27 730 төгрөг, тийзний зардал 4 176 800 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Тайваны улсад болон Солонгос улсад хийлгэсэн эмчилгээ, шинжилгээний зардлыг төлөх боломжгүй тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

       ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч П.А нь хариуцагч НЖТ ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол 63 632 633 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг, Тээг толгой гэх газарт НЖТ ХХК-ийн эзэмшлийн 84-24 УБЕ улсын дугаартай nissan civilian маркийн автомашиныг жолооч Ж.Б жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасныг зөрчсөний улмаас иргэн П.Агийн жолоодож явсан дугаартай Тоёото приус -30 маркийн автомашиныг мөргөж, П.А эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.03-ны өдрийн 114 дугаар шийтгэх тогтоол, зохигчийн тайлбараар тогтоогдсон байна. /хх-66-70х/

 

улсын дугаартай Ниссан Сивилиан /nissan civilian/ маркийн автомашин нь НЖТ ХХК-ийн өмчлөлийнх бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан жолооч Ж.Б жолоодож яваад зам тээврийн осол гаргасан талаар зохигч маргаагүй.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасны дагуу НЖТ ХХК нь П.Агийн эрүүл мэндэд гэм хор учруулсаны хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч П.Ад авто ослын улмаас баруун шилбэ ил бяцарсан, дээд 3/1-ээр үе дайрсан хүнд хэлбэрийн ил хугаралтай, тархины хүнд доргилттой, баруун талын эгэмний яс хугарсан, 2 талдаа тус бүр 6-7 хавирга хугаралтай, зүүн талын хавирга хоёрлосон хугаралтай, өвчүү 3 хэсэг хугарсан, баруун дунд чөмөг үе дайрсан хугарал, мултралтай, зүүн талын ухархайн хана хугаралтай, хамар хугарч мурийсан, уушги зөөлөн эдийн гэмтэлтэй ялангуяа зүүн талын уушги илүү их зөөлөн эдийн гэмтэлтэй, зүүн хөл зөөлөн эдийн гэмтлийн улмаас тавхай унжиж тавхай татагдахгүй гишгиж чадахгүй гэх мэт гэмтэлүүд учирсан байх бөгөөд НЖТ ХХК нь П.Агийн ослын дараа хийгдсэн эмчилгээний зардал болон Тайваны улсад хийгдсэн анхны мэс заслын эмчилгээний зардлыг төлсөн талаар зохигч маргаагүй.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд гэм хорын хохирлыг нөхөн төлөх нь гэм хор учруулахаас өмнөх байдалд нөхөн сэргээх зорилготой юм.

 

Нэхэмжлэгч П.А нь Тайваны улсад хийгдсэн 2 дахь эмчилгээний зардал, Булган аймаг явсан шүүх хурлын зардал, Баруун хөлний өвдөгний үе дайрсан хугарлын хэсэгт үрэвсэл явагдсан /идээлсэн/ тул 2019 оны 12 дугаар сарын 01-ны өдөр ГССҮТөвийн яаралтай мэс заслаар мэс заслын эмчилгээ хийлгэн 14-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн зардал, Бүгд Найрамдах Солонгос улсад 2020.02.07-ны өдөр хийгдсэн шинжилгээ, оношлогооны зардал зэрэг нийт 63 632 633 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Нэхэмжлэгч П.А авто ослын улмаас учирсан гэмтэлтэй холбоотойгоор Тайваны улсад хагалгаанд орсон, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, эмчилгээ, оношлогоо хийлгэж байгаа үйл баримтыг хариуцагч тал баримтаар няцаагаагүй.

 

Нэхэмжлэгч П.А нь Тайваны улсад 2019 оны 06 сарын 18-ний өдрөөс 06 сарын 28-ний өдрийг хүртэл Эмчилгээ хийлгэсэн байх бөгөөд амбулаторын үзлэгийн зардалд 2 870 тайван доллар, эмчилгээний зардалд 567 523 тайван доллар, орон байрны төлбөрт 20 000 тайван доллар, орчуулагчийн төлбөрт 10 000 тайван доллар, нийт 600 393 тайван доллар төлсөн болох нь хэрэгт авагдсан Эмнэлгийн эмчилгээний зардлын баримтууд, орон байрны болон орчуулагчийн төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байна. /хх-8-22х/

Дээрхи төлбөрүүдийг төлсөн 2019.06.26, 28-ны өдрүүдийн Монгол банкны вальютын ханшаар 1 тайван доллар 85.44 төгрөг, 85.80 төгрөг байсан бөгөөд нэхэмжлэгч П.А нь 2019.06.12-ны өдрийн Монгол банкны вальютын ханш болох 1 тайван долларыг 84.49 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн тул 600 393 тайван долларыг 84.49 төгрөгөөр үржүүлэхэд 50 727 205 төгрөг болж байна.

Мөн Улаанбаатараас Тайвань, Тайваниас Улаанбаатарт ирэх очих нислэгийн зардалд 4 176 800 төгрөгийг төлсөн болох нь Аэр Маркет ХХК-ийн 2019.06.17-ны өдрийн тийз захиалгын баримтаар тогтоогдож байна. /хх-28х/

 

Булган аймаг руу 2018 оны 1, 2 дугаар сард шүүх хуралдаанд оролцохоор ирж очихдоо замын зардал 349 710 төгрөгийг төлсөн болох нь шатахуун худалдан авсан баримт болон УБТЗ-ын зорчих эрхийн тасалбараар тогтоогдож байна. /хх-26х, ар тал/

П.А нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Тайвань улсын Эмнэлгийн төлбөр болон бусад төлбөрийг төлсөн баримтуудыг гадаад хэл /хятад хэл/-ээс Монгол хэл рүү орчуулуулж, орчуулагын төлбөрт 180 000 төгрөг төлсөн байна. /хх-27х/

П.А нь ГССҮТөвд хэвтэн эмчлүүлэхдээ 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ор хоногийн мөнгө 27 730 төгрөгийг төлсөн, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 111 300 төгрөгийн эм, тариа авсан болох нь ГССҮТөвийн орлогын баримт №11799, Монгол эмимпекс ХХК-ийн эмийн сан-6-ийн “Зарлагын баримт”, зэргээр тогтоогдож байна. /хх-26х-ийн ар тал, 27х-ийн ар тал/

 

Нэхэмжлэгч П.Агийн гаргасан дээрхи зардлууд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан байх тул хариуцагч НЖТ ХХК-иас 55 572 745 төгрөгийг гаргуулж П.Ад олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч П.Агийн хоолны зардлын баримтууд болон Бүгд Найрамдах Солонгос улсад 2020.02.07-ны өдөр шинжилгээний төлбөр төлсөн гэх баримтууд нь гадаад хэл дээр тул үнэлэх боломжгүй, унаа үйлчилгээний төлбөрт 10 000 тайван доллар төлсөн болох нь баримтаар тогтоогдоогүй, Airticket-ийн тийзэд үнэ бичигдээгүй зэргийг үндэслэн шүүх хоолын зардал 7 015 тайван доллар, унаа үйлчилгээний төлбөрт 10 000 тайван доллар, БНСУ-д шилжилгээ хийлгэсний зардал гэх 2 203 004 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангахгүй орхих үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч НЖТ ХХК-иас 55 572 745 /тавин таван сая таван зуун далан хоёр мянга долоон зуун дөчин таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Ад олгож, нэхэмжлэлээс 8 059 888 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасны дагуу нэхэмжлэгч П.А улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу хариуцагч НЖТ ХХК-иас 435 813 /дөрвөн зуун гучин таван мянга найман зуун арван гурван/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.ОЮУНТУЯА

 

 

    ШҮҮГЧИД                            С.ХИШИГБАТ

 

 

                                                      С.ЭНХБАЯР