| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2020/03606/и |
| Дугаар | 181/ШШ2020/01077 |
| Огноо | 2020-04-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2020/01077
2020 04 22 181/ШШ2020/01077
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: байрлах, “ХТ” ХХК ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, ЭТ ХХК -д холбогдох,
Гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 26 416 000 төгрөг гаргуулах, ажлын хөлснөөс үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон авсан 17 940 158 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХТ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын захиалгын дагуу хийгдэж байгаа төслийн хүрээнд манай компани ЭТ ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Дорноговь аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийн барилгуудын цутгамал төмөр бетон угсралтын ажлыг гүйцэтгэх” GR-11-19 дугаартай гэрээг байгуулсан.
Уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь дээрх ажлын хүрээнд үйлдвэрийн корпусын барилга, нэгдсэн биологийн цэвэрлэх байгууламж, сараалжийн барилга, уурын зуухын барилга, лаг хатаах цех, элс баригчийн барилга, хуваарилах камер, бетон лотки байгууламжуудын ул бетон цутгалт, бетон цутгалт, арматур болон хэв хашмалын ажил гүйцэтгэх, эдгээр ажлуудтай холбоотой бусад ажлуудыг захиалагчийн материалаар зураг төсөл, техникийн шаардлага, холбогдох хууль дүрэм, стандартад заасны дагуу чанартай хийж гүйцэтгэхээр, захиалагч нь ажилд шаардлагатай барилгын материалаар хангах, зааварчилгаа өгөх үүргийг хүлээж, харилцан тохиролцсон.
1. Гэрээгээр тохирсон ажлын нийт үнэ 295 078 002.43 төгрөг бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 75 хоногт хийж гүйцэтгэхээр заасан. Үүний дагуу бид 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажлын талбайд нийт инженер, мужаан, ажилчид, тогооч гэсэн 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлаа эхлүүлсэн. Гэвч захиалагч талаас барилгын талбайд цахилгаан татаж өгөөгүй, модон материал талбайд ирээгүй, арматурын шинжилгээний хариу гараагүйгээс, түүнчлэн захиалагчийн модон материал /балк, брусс, фанер, тулаас, хавчаар/ захиалга өгсөн боловч талбайд ирээгүй, бетон зуурмагийг хугацаандаа нийлүүлээгүйгээс шалтгаалан 5, 6, 7 дугаар сард 25 ажилчид 3 хоног, 10 мужаан 11 хоног, нийтдээ 13 хоногийн турш сул зогссон ба үүний цалин хөлс, хоолны зардал 20 930 000 төгрөг болсон. Үүнийг задлавал:
ИТА- 2, бригадын ахлагч-1, тогооч-3 ,арматурчин-10, мужаан-9. Нийт -25 хүний бүрэлдэхүүнтэй ажилчдын цалин хоол ороод ИТА -2 хүн өдрийн 160 000 төгрөг, Бригадын ахлагч-1 өдрийн 100’000 төгрөг, тогооч-3 өдрийн 120 000 төгрөг, Арматурчин-10 өдрийн 600 000 төгрөг, мужаан-9 өдрийн 630 000 төгрөгөөс тооцоход Нийт нэг өдрийн цалин, хоолны зардал-1610000 төгрөг*13 хоног = 20 930 000 төгрөг.
Уг сул зогсолтыг ЭТ ХХК-ийн инженер Э.А хүлээн зөвшөөрч тодорхойлолт үйлдсэнийг хавсаргасан болно.
2. Мөн захиалагчийн ажилтан болох геодези хэмжилтийн инженер талбайд удаа дараа алдаатай хэмжилт хийж байсан төдийгүй, үйлдвэрийн корпусын суурийн ухмалыг буруу ухуулснаас суурийн ажил өөрчлөгдөж, уг суурийг өөр газарт дахин ухаж гэрээнд заагдаагүй нэмэлт ажлыг гүйцэтгэсэн /энэ талаар бид 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/005 дугаартай албан бичгээрээ захиалагчид мэдэгдэж байсан/ зэргээр ажил хэвийн гүйцэтгэхэд саад учруулсаар байсан тул ажлаа явуулахын тулд иж бүрэн хэмжилтийн багажтай инженер техникчийг 2019 оны 06 дугаар сарын 04-өөс 30-ны өдөр ажиллуулсны хөлсөнд бид 5 486 000 төгрөгийг төлж, гэрээгээр манай компани бус ажил гүйцэтгүүлэгч хийхээр үүрэг хүлээсэн ажлыг арга буюу гүйцэтгүүлэн төлбөрийг нь төлж хохирсон. Энэ тухай захиалагч талын талбай дээр байгаа ажилчдад биечлэн болон захиалагчид утсаар мэдэгдэж байсан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 28-ны А/005 дугаартай албан бичгээрээ “тухайн өдрийн байдлаар 8 хоног сул зогссон, захиалагчийн буруугаас суурийн ухмалыг буруу хуулсан, түүнийг зассан мөн бараа материалын нийлүүлэлт, талбайн усан хангамж, ажил гүйцэтгэх зохион байгуулалтад анхааран ажиллах” тухай, 2019 оны 08 дугаар сарын 05-ны А/014 дугаартай албан бичгээрээ “нийт 14 хоног сул зогссоноос 20 930 000 төгрөгийн зардал гарсан, захиалагчийн ажилтны удаа дараагийн буруутай үйлдлээс болж, мэргэжлийн геодези инженер 5 486 000 төгрөгөөр хөлслөн ажиллуулсан" тухай албан бичгийг хүргүүлж байсан.
3. Гэрээний 2.1-д ажлыг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 75 хоногт багтаан хийхээр заасан атал захиалагчаас гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгэх боломжгүй шаардлагыг тавьсан. Тодруулбал, бид хэв хашмалын ажлыг зэрэг явуулснаар гэрээнд заасан хугацаанд ажлыг бүрэн дуусгах боломжтой, үүнд тохируулан компанийн зүгээс ажлын төлөвлөгөө гаргаж, түүний дагуу ажиллахад хамгийн багадаа 200 ширхэг хэв хашмал шаардлагатай байтал захиалагчаас 80 ширхэг хэв хашмалаар хангаж, зөвхөн тэдгээрийг ашиглан ажлыг цааш гүйцэтгэхийг шаардсан. Манай зүгээс тэдний инженертэй материалын тооцоог хоёр талаасаа тулгаад гаргаж захиалга өгдөг боловч өөрсдийн инженерийн зөвлөмж, шаардлагыг хүлээж авдаггүй.
Гэтэл уг шаардлагын дагуу 80 ширхэг хэв хашмалаар ажлыг хийвэл бид зөвхөн нэг объектыг барьж дуусахаар, 20-30 хоног хүлээж, хэв хашмалаа хуулах дараагийн барилга руу шилжүүлэх зэргээр ажлын бүтээмж эрс удааширч энэ хэрээрээ анх батлагдсан барилгын ажлын хуваарь, гэрээгээр тохирсон хугацаа 3 сараар хэтрэх нь тодорхой болсон. Ингэснээрээ манай компани ажилчдад төлөх цалин хөлс, хоолны зардал, техник хэрэгслийн түрээс гэх мэт зардлаар хохирох байдал үүссэн тул бид үүнийг зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, гэрээгээр анх тохирсон нөхцөл, хугацаандаа багтаан ажил хийж гүйцэтгэхэд шаардагдах материал хэрэгслээр хангахыг шаардаж сануулсан. Ийм байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзаж байгаагаа тухайгаа мэдэгдэн гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгсөн. Ингэхдээ гүйцэтгэсэн байсан ажлыг “ЭТ" ХХК-ийг төлөөлөн төсөл хариуцсан инженер Э.А хамтран акт үйлдэн баталгаажуулсан болно.
Улмаар 2019 оны 08 дугаар сарын 13-ны А/018 дугаартай албан бичгээрээ “захиалагчийн буруугаас гэрээг цуцалж буйгаа мэдэгдэж, хохирол болон гүйцэтгэлийн баталгаа нийт 44 356 158 төгрөгийг нэхэмжилж байгаа” тухай мэдэгдсэн.
ЭТ ХХК нь гэрээ байгуулснаас хойш гарсан асуудлуудыг шийдвэрлэж өгдөггүй, хугацаандаа чанартай материал нийлүүлдэггүй /жишээ нь зэвтэй арматур талбайд буулгасан холбогдох хяналтын байгууллагын инженерүүд хэрэглэж болохгүйг сануулаад байхад бид аргална наад асуудлыг шийднэ гэж хийхийг шаардаж хийлгэдэг/ үүнээс болоод ажил зогсдог, шаардлага зөвлөмжийг биелүүлээгүй, чанаргүй материал хэрэглэсэн гэсэн үндэслэлээр энэ асуудал хугацаа алдуулдаг, ерөнхий гүйцэтгэгч гэдгээрээ дээрэнгүй, хүнд суртал гаргаж харьцдаг байсан бөгөөд манайхаас өгсөн албан бичгүүдэд ямар нэгэн хариу өгдөггүй байсан.
Гэрээний 3.2.1-д “Эхний ажлын 10 хувь хийгдсэний дараа гүйцэтгэл бодогдож хийгдэнэ. Энэ төлбөрийг хийхдээ гүйцэтгэлийн 15 хувийн барьцаа төлбөрийг гүйцэтгэлээс суутгаж төлнө" гэж заасны дагуу гүйцэтгэлийн барьцаанд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Гүйцэтгэл-1-д 14 061 514 төгрөг, 08 дугаар сарын 05-ны өдрийн Гүйцэтгэл-2 3 878 644 төгрөг, нийт 17 940 158 төгрөгийг суутган авсан ба бидний зүгээс гүйцэтгэсэн ажлаа захиалагч компанийн хяналтын инженерт “ажил хүлээлцэх акт” үйлдэн хүлээлгэн өгсөн тул өөрийн гүйцэтгэсэн ажлын хөлсөө бүрэн авах ёстой.
Компаниудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4.2.1, 4.2.2-т гүйцэтгэгч нь захиалагчаас төлбөрөө шаардаж авах эрхтэй, 3.2.3-т зааснаар хүлээлгэн өгсөн, захиалагчийн буруутай үйл ажиллагаанаас болоод цаашид хамтран ажиллах боломжгүй болсон тул тухайн мөнгийг манай компани шилжүүлэн авах эрх үүссэн бөгөөд захиалагчийн гүйцэтгэлийн төлбөрөөс суутгасан уг мөнгө нь гэрээг дуусгавар болоход гүйцэтгэгчид өгөх агуулгатай болно.
Дээр дурдсан байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүйгээс манай компанид хохирол учруулсан, улмаар тухайн хохирол дахин нэмэгдэхээр болсон тул гэрээнээс татгалзсан.
Иймд ЭТ ХХК-иас гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс 2019 оны 5-7 дугаар сард 25 ажилчин 13 хоног сул зогссоны зардал 20 930 000 төгрөг, Захиалагчийн буруугаас хөлслөн ажиллуулсан геодизийн инженер техникч, ашигласан багажны төлбөр, ажлын хөлс 5 486 000 төгрөг, ажлын хөлснөөс гэрээний гүйцэтгэлийн барьцааны төлбөрт суутган авсан 17 940 158 төгрөг, нийт 44 356 158 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ЭТ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, О.М нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХТ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна.
Монгол улсын иргэн Г.Т үүсгэн байгуулсан хуулийн этгээд болох ХТ ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр /GR-11-19/ тоот “Дорноговь аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийн барилгуудын цутгамал төмөр бетон угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ”-г бичгээр байгуулсан. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дэх хэсэгт нэрлэн заасан тодорхой ажил үүргийг зохих ёсоор хийж гүйцэтгэн ажлын үр дүнг захиалагч талд хүлээлгэн өгөх, ажлын үр дүн, ажлын гүйцэтгэлийг хянаж баталгаажуулсны дараа хөлс төлөх үндсэн нөхцлийг талууд харилцан хүлээн зөвшөөрч гэрээгээр гол үүргүүдийг бие биенийхээ өмнө хүлээн зөвшөөрсөн.
Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээний хавсралтад ажил гүйцэтгэгч ХТ ХХК-ийн гүйцэтгэвэл зохих ажлын ерөнхий төлөвлөгөө, төсөвт өртөг, ажил гүйцэтгэх хугацаа зэргийг харилцан тохиролцсон ч ХТ ХХК нь гэрээнд заасан ажлаа зохих ёсоор, шударгаар, хугацаанд нь бүрэн гүйцэтгэлгүй 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Захиалагч талд ямар нэг байдлаар мэдэгдэлгүйгээр ажлаа орхин явсан хэрнээ дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.
Мөн нэхэмжлэлийн үндэслэлд захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелээгүй, энэ талаар удаа дараа бичгээр шаардлага тавьж байсан боловч хариу өгөөгүй, захиалагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй, ажил хийж гүйцэтгэх нөхцөл боломжоор хангаагүй, барилга угсралтын ажлын шаардлагатай бараа материалыг хугацаандаа нийлүүлэхгүй зөрчил гаргасан гэсэн үндэслэл зааж улмаар 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр А/018 дугаартай албан бичгээр гэрээг цуцалж буйгаа мэдэгдсэн.
Ажил гүйцэтгэгч компанийн тодорхой тооны ажилчид 2019 оны 5 дугаар сарын 11 -ны өдөр талбайд ирсэн үнэн бөгөөд үүнээс хойш 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл гүйцэтгэгч компанийн ажилчдын хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл, барилга угсралтын ажлын тэмдэглэлийг манай компанийн талбайн инженер болох Э.А өдөр болгон бүртгэл хөтөлж байсан. Бодит байдалд үнэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан шиг нөхцөл байдал үүссэн эсэхийг энэхүү тэмдэглэл үгүйсгэж байгаа болно.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т гүйцэтгэх ажлын хугацаа, 2 дугаар зүйлийн 2.2-т гүйцэтгэвэл зохих ажлын хамрах хүрээ, гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т ажлын хөлс, төлбөр хийх нөхцөл зэргийг тус тус тусгасан. Талууд харилцан тохиролцсон ёсоор гэрээнд заасан ажлыг 75 хоногийн хугацаанд 295 078 002.43 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд гэрээнд зааснаар “...ажиллах хүчний зардал, цалин хөлс зэргийг гүйцэтгэгч тал өөрөө бүрэн хариуцахаар, гэрээний 3 дугаар зүйлиин 3.1-т заасан ажлын гүйцэтгэлийн төлбөрөөс бусад хэлбэрээр ямар нэг төлбөр нэхэмжлэхгүй байх талаар гэрээний 3.3-т тодорхой заасан... ” байх тул нэхэмжлэгч нь дээрх төлбөрүүдийг хариуцагч талаас нэхэмжлэх эрхгүй гэж үзнэ.
Мөн гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж Захиалагч талд гүйцэтгэсэн ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгснөөр гүйцэтгэлийн барьцаа болох төсөвт өртгийн 15 хувь буюу 17 940 148 төгрөгийг авах эрх үүсэх байсан ч 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхээс санаатайгаар зайлсхийж тухайн ажлыг орхин явсан үйл баримт нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримтаар нотлогдож байгаа, гэрээнд заасан ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй болохоо өөрөө нотолж байгаа тул гүйцэтгэлийн барьцааг Захиалагч талаас шаардах эрхгүй болсон гэж үзнэ.
Харин геодезийн инженер хөлслөн ажиллуулсны хөлс гэх 5 486 000 төгрөгийг манай компани төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа ба тус геодезийн инженерийг ажил гүйцэтгэгч тал өөрийн санаачилгаар ажиллуулсан бөгөөд энэ тухай захиалагчид мэдэгдээгүй, ямар нэг байдлаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, тохиролцсон гэрээний дүнд өөрчлөлт оруулах тухай санал гаргаагүй тул төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нөгөө талаар геодезийн инженер нь талбайд ямар хэмжээний ажил гүйцэтгэсэн талаарх нотлох баримт байхгүй, уг ажил дээр туслан гүйцэтгэгч авч ажилуулсан эсэх нь тодорхойгүй байх тул эрх зүйн харилцаанд оролцоогүй этгээдэд төлсөн мөнгийг манай компани хариуцах ёсгүй болно.
Мөн ажил гүйцэтгэгч нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр бичгээр мэдэгдэл ирүүлж гэрээг цуцалсан байх тул гэрээ цуцалснаас хойш аливаа үүргийг шаардах эрхгүй ба гэрээ цуцлах хүртэл хугацаанд ажил гүйцэтгэгч талаас ирүүлсэн 2 удаагийн гүйцэтгэлийг үндэслэж хийсэн ажлын хөлсийг бид төлсөн тул хийж гүйцэтгээгүй ажлын хөлсийг биднээс шаардах эрхгүй гэж үзэж байгаа тул гэрээг цуцалж байгаа үйл баримтын талаар шүүхээс хууль хэрэглээний хувьд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХТ ХХК нь хариуцагч ЭТ ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 26 416 000 төгрөг гаргуулах, ажлын хөлснөөс үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон авсан 17 940 158 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
ЭТ ХХК нь ХТ ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр GR-11-19 дугаартай “Дорноговь аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийн барилгуудын цутгамал төмөр бетон угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, ажил гүйцэтгэгч ХТ ХХК нь үйлдвэрийн корпусын барилга, нэгдсэн биологийн цэвэрлэх байгууламж, сараалжийн барилга, уурын зуухын барилга, лаг хатаах цех, элс баригчийн барилга, хуваарилах камер, бетон лотки байгууламжуудын ул бетон цутгалт, бетон цутгалт, арматур болон хэв хашмалын ажил гүйцэтгэх, эдгээр ажлуудтай холбоотой бусад ажлуудыг захиалагчийн материалаар зураг төсөл, техникийн шаардлага, холбогдох хууль дүрэм, стандартад заасны дагуу чанартай хийж гүйцэтгэх, захиалагч ЭТ ХХК нь ажилд шаардлагатай барилгын материалаар хангах, зааварчилгаа өгөх, хөлс 295 078 002 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байх тул талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Гүйцэтгэгч ХТ ХХК нь гэрээний дагуу ажлыг гүйцэтгэж байгаад 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ажлын талбайг чөлөөлж, 8 сарын 13-ны өдөр гэрээ цуцлах тухайгаа захиалагч ЭТ ХХК-д мэдэгдснээр талууд гэрээг цуцалж, гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлсөн талаар зохигч маргаагүй.
Гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс 2019 оны 5-7 дугаар сард 25 ажилчин, 13 хоног сул зогссоны зардал 20 930 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,
Ажил гүйцэтгэгч ХТ ХХК нь уг шаардлагын үндэслэлээ захиалагч барилгын талбайд цахилгаан татаагүй, бараа, материал нийлүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас хохирол учирсан гэж тайлбарлаж байгааг хариуцагч ЭТ ХХК эс зөвшөөрч, бараа материал нийлүүлэлтээс шалтгаалан сул зогссон зүйл байхгүй, талууд гэрээнд заасан ажлыг 75 хоногийн хугацаанд 295 078 002 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон, ажиллах хүчний зардал, цалин хөлсийг гүйцэтгэгч тал өөрөө бүрэн хариуцах, ажлын гүйцэтгэлийн төлбөрөөс бусад хэлбэрээр ямар нэгэн төлбөр нэхэмжлэхгүй байхаар гэрээний 3.3-д тодорхой заасан гэж маргаж байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.
Гүйцэтгэгч “ХТ” ХХК нь 13 хоног сул зогссон гэх байдлаа 2019.05.11-ны өдөр ажил эхэлж, 12-ны өдөр 220вт генератор авчирсан боловч багажны хүчдэл дийлэхгүйн улмаас талбайд ажил хийгдээгүй 5.14-17-ны өдрүүдэд суурийн модон материал болох балка брүс гэх мэт материалгүйн улмаас талбайд ажил хийгдээгүй, 5 сарын 24-ны өдрөөс 28-ны өдрүүдэд арматурын шинжилгээний бичиг гараагүй, 7 сарын 26-28-ны өдрүүдэд бетон буугаагүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ нь ХТ ХХК болон ЭТ ХХК-ийн инженерүүдийн “Сул зогсолт”-ыг тодорхойлсон баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэрээний 5.1.4-д “Шаардлага хангасан материалыг захиалгын дагуу хугацаанд нь нийлүүлэх”, 5.1.5-д “Барилгын ажилд шаардлагатай түр цахилгаан, түр усны зардлыг Захиалагч хариуцна” гэж захиалагч ЭТ ХХК-ийн үүргийг тодорхойлжээ.
Гүйцэтгэгч “ХТ” ХХК нь ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бараа, материалыг хэзээ захиалсан болохоо баримтаар нотлоогүй тул захиалгын дагуу ЭТ ХХК нь бараа, материалыг хэдийд талбайд буулгасан байх үүрэгтэй байсныг тодорхойлох боломжгүй байна. Мөн 220вт генератор авчирсан боловч багажны хүчдэл дийлэхгүйн улмаас талбайд ажил хийгдээгүй, арматурын шинжилгээний бичиг гараагүй улмаас ажил хийгдээгүй гэх байдлыг гэрээний үүргийн зөрчилтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймээс хариуцагч ЭТ ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул “ХТ” ХХК-ийн 13 хоног сул зогссоны зардал 20 930 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол захиалагчийн буруугаас хөлслөн ажиллуулсан геодизийн инженер техникч, ашигласан багажны төлбөр, ажлын хөлс 5 486 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,
Ажил гүйцэтгэгч ХТ ХХК нь уг шаардлагын үндэслэлээ захиалагч ЭТ ХХК-ийн геодизийн инженер талбайд удаа дараа алдаатай хэмжилт хийж саад урчуулж байсан тул ажлаа явуулахын тулд иж бүрэн хэмжилтийн багажтай инженер, техникчийг 2019.06.04-нөөс 30-ны өдрийг хүртэл ажиллуулж 5 486 000 төгрөгийн хөлс төлж, захиалагчийн гэрээгээр хүлээсэн ажлыг арга буюу гүйцэтгэгч тал хариуцан хийлгэсэн гэж тайлбарлаж байна.
Захиалагч ЭТ ХХК-ийн геодизи инженер талбайд ажиллаж байсан талаар нэхэмжлэгч маргаагүй тул захиалагчийг талбайд геодизи инженер ажиллуулах үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн геодизийн инженерийн гаргасан зөрчилтэй холбоотойгоор ХТ ХХК нь захиалагч ЭТ ХХК-д геодизийн инженерийг солих шаардлага хүргүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
ХТ ХХК-ийн 2019.05.28-ны өдрийн албан бичигт “суурийн ухмалын ажлыг буруу ухуулснаас суурийн ажил зургаас өөрчлөгдөж, гэрээний тоо хэмжээнээс ихэсч нэмэлт зардал гарсныг мэдэгдсэн” байх тул үүнийг геодизи инженерийг солих шаардлагыг гаргасан гэж үзэх боломжгүй байна.
ХТ ХХК нь өөрийн инженерийг ажиллуулсаны хөлсийг ЭТ ХХК төлөхөөр тохиролцсон гэх байдлаа баримтаар нотлоогүй.
Талууд гэрээний 8.1-д “гэрээнд тусгайлан заагаагүй бол гэрээнд заасан ажил гүйцэтгэхэд гарах шаардлагатай бүх зардлыг Гүйцэтгэгч хариуцна” гэж зардлыг хуваарилах талаар тохиролцсон байх тул ХТ ХХК нь өөрийн инженерийг ажиллуулсаны хөлсийг өөрөө хариуцах үүрэгтэй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд ХТ ХХК нь иж бүрэн хэмжилтийн багажтай инженер, техникчийг 2019.06.04-нөөс 30-ны өдрийг хүртэл ажиллуулсаны хөлс 5 486 000 төгрөгийг хариуцагч ЭТ ХХК-иас шаардах эрхгүй байна.
Ажлын хөлснөөс үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон авсан 17 940 158 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд
Талууд гэрээний 3.2.1-д заасны дагуу гүйцэтгэлийн 15%-ийн барьцаа төлбөрийг гүйцэтгэлээс суутгаж, нийт 17 940 158 төгрөгийг ажлын хөлснөөс суутгасан байгаа талаар зохигч маргаагүй.
Хариуцагч ЭТ ХХК нь 17 940 158 төгрөгийг төлөхөөс татгалзаж буй үндэслэлээ ХТ ХХК ажлыг орхин явж гэрээнд заасан ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй тул шаардах эрхгүй, ажлын гүйцэтгэлийг Улсын комисс хүлээж аваагүй тул гэрээний дагуу шаардлага гаргах эрх нь үүсээгүй гэж маргаж байна.
Гэрээний 3.2.4-д “Гүйцэтгэлээр олгох төлбөр 85% байх болно. Гүйцэтгэл бүрээс суутгасан нийлбэр дүнг энэхүү гэрээний 3.2.3-тай хамт төлнө” гэж, 3.2.3-д Гүйцэтгэгч нийт ажлыг хийж гүйцэтгэсний дараа Захиалагчийн хяналтын инженерийн зүгээс баталгаажуулсан ажил хүлээлгэж өгөх баримтыг бэлдэж ажлыг Монгол Улсын холбогдох эрх бүхий байгууллагуудад хүлээлгэж өгсөн өдрөөс хойш 10 хоногийн дотор түүнээс өмнө төлсөн төлбөрүүдийг гүйцэтгэлээс хасаж үлдэх хэсгийг төлнө” гэж заажээ.
Гүйцэтгэгч ХТ ХХК нь гүйцэтгэсэн ажлаа 2019.08.12-ны өдөр хүлээлгэж өгсөн бөгөөд барилгын ажлыг өөр компани үргэлжлүүлэн барьж байгаа талаар зохигч маргаагүй.
Талууд гүйцэтгэлийн баталгааг төлбөрийн /ажлын хөлс/ нөхцөлд оруулан ажлын хөлс төлөх үүргийн хүрээнд буцаан төлөхөөр тохиролцсон байх тул ажлын гүйцэтгэлийн явцад учруулсан хохирлыг арилгуулах зорилгоор ажлын хөлснөөс суутгасан байна.
Гүйцэтгэлийн 15%-ийн барьцаа төлбөр нь гүйцэтгэгчийн ажлын хөлснөөс учруулсан хохирлыг арилгуулах зорилготой тул “гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй” гэх үндэслэл нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг олгохоос татгалзах үндэслэл болохгүй.
Гэрээний 3.2.3-д заасан “Монгол Улсын холбогдох эрх бүхий байгууллагуудад хүлээлгэж өгсөн өдрөөс хойш 10 хоногийн дотор” гэдгийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу тайлбарлавал ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх үүргээ дуусгаад бусад этгээдэд /захиалагч, гуравдагч этгээд, төрийн байгууллага/-д хүлээлгэн өгсөн байх агуулгатай байх тул ажлын гүйцэтгэлийг Улсын комисс хүлээн авснаар гэж тайлбарлах үндэслэлгүй юм.
Талуудын ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсон буюу гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх үүрэг дуусгавар болсон, гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээн авч, гүйцэтгэлийн 15%-ийн барьцаа төлбөрөөр хангуулах үүрэг дуусгавар болсон тул ажлын хөлснөөс суутгасан 17 940 158 төгрөгийг хариуцагч ЭТ ХХК-иас гаргуулж ХТ ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрхи үндэслэлээр ЭТ ХХК-иас 17 940 158 төгрөгийг гаргуулж, ХТ ХХК-д олгож, ХТ ХХК-ийн хохирол 26 416 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЭТ ХХК-иас 17 940 158 /арван долоон сая есөн зуун дөчин мянга нэг зуун тавин найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХТ ХХК-д олгож, нэхэмжлэлээс хохирол 26 416 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ХТ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭТ ХХК-иас 247 650 /хоёр зуун дөчин долоон мянга зургаан зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХТ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА