Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 05

 

Б.Сүлдээ, С.Лхагвадорж, Д.Дашжамц,

Б.Жадамба нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

        Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч Л.Алтан, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

      Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолтой, Б.С, С.Л, Д.Д, Б.Ж нарт холбогдох эрүүгийн 1935001960160 дугаартай, 2 хавтас хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа, прокурор Х.Энхтуул нар оролцов.

           1.Монгол Улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Увс аймгийн Улаангом Политехник коллежид 1 курст суралцдаг, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, 2 ахын хамт Зүүнхангай сумын Баянгол багт оршин суух бүртгэлтэй, одоогоор Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах оюутны дотуур байранд оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.С

         2. Монгол улсын иргэн, 2004 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, Зүүнхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9а бүлэгт суралцдаг, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, 2 дүүгийн хамт Зүүнхангай сумын Жаргалант багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, С.Л

          3. Монгол улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 17 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Зүүнхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10а бүлэгт суралцдаг, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Зүүнхангай сумын Жаргалант багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д.Д

              4. Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, 2 дүүгийн хамт Зүүнхангай сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.Ж

             Өсвөр насны шүүгдэгч Б.С, Д.Д, С.Л нарыг бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг байрлах Д.Х-ийн хашаанд байсан автомашин дээр ачсан хохирогч Ө.Д-ийн ямааны ноолуураас тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэн 4.095.000 төгрөгийн үнэ бүхий ноолуур хулгайлсан, Б.Ж уг хулгайлсан ноолуурыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

        Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тайж овогт Б.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, өсвөр насны шүүгдэгч Тайж овогт Б.С, Элжгэн овогт С.Л, Тэргүүн тайж овогт Д.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Ж-ыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Д.Да, С.Л, Б.С нарт ял оногдуулахыг тэнсэж, тус бүрт 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хугацаа тогтоож,

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д хяналт тавих үүргийг түүний оршин суугаа газрын шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4.7 килограмм ноолуур, Ц.Л-ээс хураан авсан 500’000 төгрөг, өсвөр насны шүүгдэгч Б.С-ээс хурааж авсан 202’000 төгрөг, өсвөр насны шүүгдэгч С.Л-оос хурааж авсан 180’000 төгрөг, битүүмжилсэн Мустанг-5 загварын мотоциклийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-т олгож, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариулгүй, зэвтэй, 1 ширхэг хутгыг устгаж шийдвэрлэсэн байна.

        Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичиж байна.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4.7 килограмм ноолуур, Ц.Л-ээс хурааж авсан 500.000 төгрөг, өсвөр насны шүүгдэгч Б.С-ээс хурааж авсан 202.000 төгрөг, өсвөр насны шүүгдэгч С.Л-оос хурааж авсан 180.000 төгрөг, битүүмжилсэн Мустанг-5 загварын мотоциклийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-т олгож, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариулгүй, зэвтэй 1 ширхэг хутгыг устгаж /шийтгэх тогтоолд бичигдсэнээр/ шийдвэрлэсэн байна.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж хуульчилжээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг өсвөр насны Б.С, С.Л, Д.Д нарын хууль ёсны төлөөлөгч төлж барагдуулсан учир гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт этгээдээс хурааж улсын төсөвд оруулах нь зүйтэй юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт этгээдийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олж тогтоох, хамгаалах ажиллагааг явуулж, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нөхцөл боломжийг хангасан байхад шүухээс хуулийг нэг мөр ойлгож хэрэглэхгүй байгаа нь учир дутагдалтай, нөгөө талаас шүүхийн практикт албадлагын арга хэмжээг өөр өөрөөр шийдвэрлэх буруу жишиг тогтож байна.

          Иймд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн бүх шаардлагыг хангасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргаагүй байх тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:”...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд хэргийг буцааж өгнө үү”гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй  болгуулахаар  гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.С, С.Л, Д.Д, Б.Ж нарт холбогдох эрүүгийн 1935001960160 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

           Увс аймгийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Б.С, Д.Д, С.Л нарыг бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг байрлах Д.Х-ийн хашаанд байсан автомашин дээр ачсан хохирогч Ө.Д-ийн ямааны ноолуураас тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэн 4.095.000 төгрөгийн үнэ бүхий ноолуур хулгайлсан, Б.Ж уг хулгайлсан ноолуурыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан гэх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

      Анхан шатны шүүх Б.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, өсвөр насны шүүгдэгч Б.С, С.Л, Д.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцохдоо дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол..” гэж гэмт хэргийн бүрэлдэхүүний хэд хэдэн шинжийг тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна.

      Увс аймгийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1935001960160 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллаглагчаар татах тухай” прокурорын тогтоол /1-р хх-ийн 188-189-р тал/-оор Б.Ж-ыг шүүгдэгч Б.С, С.Л, Д.Д нарын хулгайлсан 39 килограмм ноолуурыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, уг тогтоолыг яллагдагч Б.Ж-д танилцуулан, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

       Гэтэл прокуророос түүнийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, улмаар шүүх уг 2 үйлдэлд буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Ж-ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан гэх үйлдэлд яллагдагчаар татаагүй атлаа уг үйлдэлд ялласан нь буруу болжээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дээрхи алдааг шүүхээс нөхөн гүйцэтгэж залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

       Шүүгдэгч Б.С, С.Л, Д.Д, Б.Ж нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байгаа тул энэ удаа прокурорын эсэргүүцэлд дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

     Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Б.Ж-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний аль шинжийг хангаж байгаа талаар анхаарах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.С, С.Л, Д.Д, Б.Ж нарт холбогдох эрүүгийн 1935001960160 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Увс аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Б.С,С.Л, Д.Д, Б.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэсүгэй.

         Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.