| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
| Хэргийн индекс | 111/2022/0008/З |
| Дугаар | 111/ШШ2022/0008 |
| Огноо | 2022-03-17 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 111/ШШ2022/0008
Хариуцагч гомдлын шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангийн дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Л.М холбогдох “Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Л.Мэндбаярын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0144545 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Л.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 70440522 дугаартай утаснаас холбогдож Прокурорын гомдлын дагуу ирж тайлбар өгнө үү гэсний дагуу хүрэлцэн очиж Баянхонгор аймаг дахь Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаартай Прокурорын дүгнэлттэй танилцлаа.
Иргэн Э.Эрээмаа /вп82010609/ нь 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр хүү Б.Баярсүрэн /вю06211034/-Г биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргасан байна.Тус өргөдлийн дагуу Хяналтын улсын байцаагч Л.Мэндбаяр миний бие Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу 20 нэгж буюу 20 000 /хорин мянга/ төгрөгөөр торгож, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, бүртгэлийн 64 дугаарт бүртгэсэн билээ.
Прокурорын дүгнэлтийн дагуу Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 64 дугаартай зөрчлийн материалыг шалгахад 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр иргэн Э.Эрээмаа нь хүү Б.Баярсүрэн /вю06211034/ -г биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл ногдуулж шийдвэрлэхдээ Шийтгэлийн хуудас, өргөдлийн маягт /ЗХБ-З/ -д хүү Б.Баярсүрэн /вю06211034/ гэж хүүхдийн мэдээллийг зөв бичсэн боловч эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /ЗХБ-22/, зөрчлийн бүртгэлийн нүүр зэрэг баримтад охин Т.Мөнхнасан /вю05322702/ гэж хүүхдийн мэдээллийг буруу бичсэн байна.
Мөн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /ЗХБ-22/-Д охин Т.Мөнхнасан /вю05322702/, 16 насанд хүрсэн хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр гэж бичсэн нь буруу мэдээлэл байна. /Охин Т.Мөнхнасан нь Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн материалын 57 дугаарт бүртгэгдсэн мэдээлэл байна/. гэжээ.
Өргөдөл гаргагч Э.Эрээмаагийн хүү Б.Баярсүрэн нь регистрийн вю06211034 дугаартай, 2006 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр төрсөн, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 16 нас хүрсэн болно.
Иймд Хяналтын улсын байцаагч Л.Мэндбаяр миний бие иргэн Э.Эрээмаагийн өргөдлийн дагуу Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нотлох баримтыг бүрдүүлэхдээ “эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /ЗХБ-22/” -д иргэний мэдээллийг алдаатай бичсэн байна.Тиймээс Баянхонгор аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор Н.Амгалангийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангийн дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Л.М холбогдох “Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Л.М 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0144545 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлт гаргажээ.
Хариуцагч Л.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа өөрийн үйлдсэн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0144545 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болохоо дурдсан байна.
Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангийн дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Л.М холбогдох “Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Л.М 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0144545 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.
ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ