Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2026/0003

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ЗХЮТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар

Нэхэмжлэгч: “ЗХЮТ” ХХК

Хариуцагч: Үндэсний Аудитын газар

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 727 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 128/2025/0548/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ЗХЮТ” ХХК-аас Үндэсний Аудитын газарт холбогдуулан “Үндэсний аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 192/АО160186 СНАГ-2024/01-НА-НА дугаартай актыг хүчингүй болгуулах-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 727 дугаар шийдвэрээр: “Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.20-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЗХЮТ” ХХК-аас Үндэсний Аудитын газарт холбогдуулан гаргасан “Үндэсний аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 192/АО160186 СНАГ-2024/01-НА-НА дугаартай актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

3.1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд Оролцогчийг сонсох 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэснийг зөрчсөн буюу “ЗХЮТ” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдэд мэдэгдээгүй.

2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч хошууч Д.Д-н гүйцэтгэх ажиллагааны танилцуулгад Төлбөр төлөгч “ЗХЮТ” ХХК-н өмчлөлд байх тодорхой дугаар бүхий автомашинуудыг битүүмжилж дуудлага худалдаанд оруулсан мөн Ашигт малтмал газрын тосны газарт 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4/707 тоот албан бичгээр Г 11 талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний эрхийг түдгэлзүүлсэн, төлбөр төлөгч хуулийн этгээдийн захирал ZH****-ийн гадаад зорчих эрхийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2-153/30115 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн тухайгаа мэдэгдсэн байна. Энэ нь тухайн захиргааны актыг гаргахад “ЗХЮТ” ХХК-ны үйл ажиллагаа бүрэн зогссон компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байхгүй байсныг хангалттай нотолж байгаа юм.

Захиргааны ерөнхий хуулийн 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэснийг илтэд зөрчсөн буюу эрх бүхий этгээд байхгүй учир эрх бүхий этгээдээс тайлбар санал аваагүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл Сонсох ажиллагаа явуулах 27.2 сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ гэснийг илтэд зөрчсөн. Үндэсний аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэлд мэдэгдлийг гардуулж өгсөн гэх хэсэгт СНАГ-ын захирал, тэргүүлэх аудитор Ц.Н Аудитын менежер И.Э Ахлах аудитор Ш.Н гэх нэрс байх боловч гарын үсэг зурагдаагүй байна. Мөн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл нь дугааргүй Бүрэлдэхүүнийг зөвшөөрөх эсэх дээр гарын үсэг байхгүй төлөөлөгч Бгэх хэсэгт мөн гарын үсэг байхгүй сүүлийн хуудсанд сонсох ажиллагааны оролцогч хэсэгт мөн гарын үсэг байхгүй байгаа зэрэг нь тухайн үйл ажиллагаа хууль бусаар явагдсаныг хангалттай нотолж байна.

“ЗХЮТ” ХХК нь тус шүүхэд үндэсний аудитын газрын акттай холбогдуулан удаа дараа нэхэмжлэл гаргаж байсан боловч шүүгч С.Ганбат нь нэхэмжлэгч “ЗХЮТ” ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд хэн болох талаар тайлбар баримт байхгүй байна гэх үндэслэлээр удаа дараа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан мөртлөө “ЗХЮТ” ХХК-г төлөөлөх эрхгүй цагийн орчуулагч хийж байсан Бгэх хүнийг мөн тус компанид орон тооны бус нягтлан хийж байсан О нарыг тус компанийг төлөөлөх эрхтэй мэтээр илт нэг талыг барьсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйл Оролцогч баримт бичигтэй танилцах эрх 32.1 Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно. Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйл Аудитад хамрагдагчийн тайлбар, саналыг сонсох 19.1 Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн дүнгийн улмаас аудитад хамрагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд энэ талаар санал, хүсэлт, тайлбар, гомдол гаргах боломжийг олгоно гэснийг мөн зөрчсөн.

Г ХІ талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Ашигт малтмал газрын тосны газар болон “ЗХЮТ” ХХК-н хооронд шинэчлэн байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний 15 дугаар зүйл 15.3 Санхүүгийн хяналт 15.3.2 дахь заалт 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 493 дугаар аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөөр 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 2022 оны 08 дугаар сарын 08 ны өдрийн 854 дугаартай аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөөр 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл тус тус олгосон байхад Үндэсний Аудитын газар 2022 оны хайгуулын үйл ажиллагаанд нийцлийн аудит хийж зөрчил илрүүлсэн гэж байгаа нь ойлгомжгүй.

Шүүгч хэргийн оролцогч, гэрчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар захиргааны хэргийн шүүх болон шүүх хуралдаанд дуудан ирүүлнэ гэж заасны дагуу Б, Б.О нарыг дуудан ирүүлж “ЗХЮТ” ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэхийг тодруулж болох байсан. БО нар нь “ЗХЮТ” ХХК-д ямар ч хамааралгүй гэдгээ өөрсдөө шүүхэд илэрхийлсэн ийм байхад шүүх тэднийг тус компанийг төлөөлөх эрхтэй мэтээр шийдвэр гаргасан нь илт хууль зөрчсөн үйлдэл гэж бидний зүгээс үзэж байна.Дээрхи хуулийн заалтаас үзвэл Анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат нь илт нэг талыг барьсан шийдвэр гаргасан болох нь тодорхой харагдаж байгаа юм. 2018, 2019, 2020 онуудад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “ЗХЮТ” ХХК-ны Арилжааны банкнуудад байх банкин дахь хадгаламж болон харилцах дансыг Битүүмжилсэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн, Ашигт малтмал газрын тосны газарт 2018 оны 08 сарын 07-ны өдөр 4/120 72 дугаартай албан бичгээр “ЗХЮТ” ХХК-н 5098297 захиран зарцуулах эрхийг шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн тухай мэдэгдсэн албан бичиг, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд “ЗХЮТ” ХХК-н захирал Zh***** -нд 2020 оны 08 сарын 25-ны өдрийн 18280734/04 тоот төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч “ЗХЮТ” ХХК-ний менежер Батаад хүлээлгэн өгч захирал Zh*****-д дамжуулж өгөхийг даалгасан байдаг. Энэ нь тухайн цаг үеэс эхлэн “ЗХЮТ” ХХК-ны үйл ажиллагаа бүрэн зогссон компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүнгүй болсныг маш тодорхой харуулж байгаа юм.

            4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б-н давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: " 3-т "Нэхэмжлэгч "ЗХЮТ" ХХК-аас Үндэсний аудитын газарт холбогдуулан Үндэсний аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Төлбөр барагдуулах тухай" 192/А0160186 СНАГ-2024/01-НА-НА дугаартай актыг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно" гэж дурдсан атлаа шийдвэр гаргахдаа МУ-ын Иргэний хуульд заасан гэрээ, гэрээний үүргийн харилцааг "ЗХЮТ" ХХК зөрчсөн гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан тул гомдолтой байна. Нэхэмжлэгчийн зүгээс хууль зөрчиж гаргасан захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага анхан шатны шүүхэд гаргасан, харин гэрээний үүргийн биелэлт зөрчсөн эсэх талаарх маргааныг хянуулах гэж нэхэмжлэл гаргаагүй болно. Гэрээний үүргийн маргааныг харьяаллын дагуу Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх шийдвэрлэдэг. Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-ээс 52.5.6-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, хууль зөрчиж гаргасан захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

"Үндэсний аудитын газар 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр "Төлбөр барагдуулах тухай" 192/А0160186 СНАГ-2024/01-НА-НА дугаартай акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 25-р зүйлийн 25.1.2, 26-р зүйлийн 26.1, 27-р зүйлийн 27.2.1, 27.3, 27.4, 29-р зүйлийн 29.1, 29.2, 32-р зүйлийн 32.1, 43-p зүйлийн 43.1-43.4, 46-р зүйлийн 46.1 дэх заалтуудыг зөрчиж гаргасан байхад Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 23, 25, 26-д дурдсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Захиргааны ерөнхий хуулийн 17-р зүйлийн 17.1-т "Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд өөрийн төлөөлөгчийг оролцуулж болно", 17.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогчийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх бөгөөд итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна" гэж хуульчилсан. Анхан шатны шүүхийн тодорхойлсон "ЗХЮТ" ХХК-ийн Монгол дахь төлөөлөгч Б, Б.О нарт дээрх хуулийн шаардлага хангасан ямар ч итгэмжлэл байхгүй бөгөөд Бгэгч нь орчуулагч Өвөрмонгол иргэн, Б.О гэгч нь тухайн компанид ажиллаж байгаад ажлаас халагдсан МУ-ын иргэн юм. Сонсох ажиллагааны материал дотор ядаж дээрх 2 хүний иргэний үнэмлэх, оршин суух эрхийн үнэмлэхийн зураг ч авагдаагүй, дээрх 2 хүнийг хууль зөрчиж оролцуулсан эсэх нь ч эргэлзээтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т "Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна", 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж тус тус хуульчилсан. Хэргийн материалд авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын А/80 дугаар тушаалаар 2020 оны 08-р сарын 11-ний өдрөөс 2022 оны 01-р сар хүртэл "ЗХЮТ" ХХК-д олгосон маратори буюу үйл ажиллагаагаа зогсоохыг зөвшөөрсөн зөвшөөрөл, Монголын худалдаа аж үйлдвэрлэлийн танхимаас олгосон 02/36 тоот Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээн дээр Анхан шатны шүүхээс ямар ч дүгнэлт өгөөгүй. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнд ... "Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 02-р сарын 20-ний өдрийн 28/384 тоот "2020-2023 онуудад цар тахлын улмаас хилийн боомтуудыг түр хаасан, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан талаархи мэдээлэл тогтоогдож байх тул Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна" гэж дурдсан байдаг.

Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, дүгнэлт, шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан нотлох баримтыг няцаасан ямар ч дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн 128/ШШ2025/0727 дугаартай шийдвэр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, оролцогчдын маргаагүй асуудлаар буюу Ашигт малтмал газрын тосны газар нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч "ЗХЮТ" ХХК-тай "Г ХІ" талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны бүтээгдэхүүн хуваах гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн, хариуцагч захиргааны актыг гаргахдаа хуульд нийцүүлсэн, сонсох ажиллагааг хуулийн дагуу хийсэн эсэх дээр мэтгэлцэж байхад шүүх хэргийн оролцогч бус, нэхэмжлэгчийн Ашигт малтмал газрын тосны газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээн дээр дүгнэлт өгөөд байгаа нь өмгөөлөгчийн зүгээс хууль зөрчиж гаргасан шийдвэр гэж дүгнэж байна.

Үүнээс гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гарган өгсөн 2024 оны 12-р сарын 17-ний өдрийн "Сонсох ажиллагааны мэдэгдэл"-д дээр дурдсан "ЗХЮТ" ХХК-г төлөөлөх эрхгүй этгээдүүд болох Б, Б.О нараар гарын үсэг зуруулсан байдаг. Харин 2024 оны 12-р сарын 24-ний Сонсох ажиллагаа явуулсан талаарх тэмдэглэл дээр "ЗХЮТ" ХХК-г төлөөлөх эрхгүй этгээдүүд болох Б, Б.О нар оролцоогүй, гарын үсэг зурж баталгаажуулаагүй байхад Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 26-д "Дээрхээс үзвэл, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна гэж үзэв" гэж дурьдсан нь хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй, нотлох баримтад тулгуурлаагүй шийдвэр үзэж байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 24-р заалт огт бичигдээгүй байгаад анхаарлаа хандуулахыг хүсье” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-н давж заалдах гомдлын агуулга:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ", 11.5-д "Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ", 32 дугаар зүйлийн 32.1-д "Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ", 34.1-д "Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн хэрэгт хамааралтай, ач дотоод итгэлээр үнэлнэ", 34.2-т "Нотлох баримтыг тухайн холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ", 120 дугаар зүйлийн 120.3-д буруу хэрэглэсэн "Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль бу үх ан анхан шатны бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүү шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй" гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу хэрэгт ач холбогдол бүхий хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтыг цуглуулах, цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэн нарийвчилсан хуулийн зохицуулалттай уялдаа холбоотойгоор хуулийг зөв хэрэглэх үүргийг анхан шатны шүүх хүлээсэн бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2025/0727 дугаар шийдвэрийг гаргасан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа тул шүүхийн шийдвэрт заагдсан үндэслэл тус бүрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байгаа болно.

1. Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.20-д "гэрээлэгч нь техникийн осол, саатал, алдагдал урт хугацаанд үргэлжлэн санхүүгийн хүнд байдалд орсон нь тогтоогдсон, шүүхийн шийдвэр болон улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоосон, давагдашгүй хүчин зүйл, бусад шалтгаанаар хайгуул, бүтээн байгуулалт, ашиглалт, экспортын үйл ажиллагааг зогсоохдоо газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан мэдэгдэх", 38 дугаар зүйлийн 38.3-т "Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээлэгчийн үйл ажиллагаа нэг жилээс дээш хугацаагаар саатсан бол төрийн захиргааны төв байгууллага хайгуул, ашиглалтын хугацаан дээр уг хугацааг сунган тооцно", Талуудын хооронд байгуулагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний 3.1-д "Энэхүү гэрээтэй холбогдуулан төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ", 3.1.3-д "гэрээлэгчийн газрын тосны хайгуул, ашиглалтын болон санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих", 23 дугаар зүйлийн 23.2-т "Давагдашгүй хүчин зүйл", 23.2.1-д "Давагдашгүй хүчин зүйл" гэж гал түймэр, гоц халдварт өвчний тархалт, гарцаагүй осол, зарласан буюу зарлаагүй дайн, үймээн, самуун, үер, хүчтэй шуурга, газар хөдлөлт болон байгалийн бусад гамшигт үзэгдлийг ойлгоно", 23.2.2-т "давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний аль нэг тал энэхүү гэрээний нөхцөлийг биелүүлээгүй тохиолдолд гэрээг зөрчсөнд тооцохгүй", 23.3-т "Хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоох", 23.3.1-д "гэрээлэгч нь техникийн осол, саатал, алдагдал гарч, удаан хугацаанд санхүүгийн хүнд байдалд орсон нь тогтоогдсон, шүүхийн шийдвэр болон эрх бүхий этгээдийн актаар үйл ажиллагааг зогсоосон, давагдашгүй хүчин зүйл болон бусад шалтгаанаар хайгуул, бүтээн байгуулалт, ашиглалт, экспортын үйл ажиллагаа зогссон тохиолдолд төрийн захиргааны байгууллагад энэ талаар нэн даруй мэдэгдэнэ", 23.3.2-т "Монгол Улсад эдийн засгийн хямрал үүсэх, төсөл үр ашиггүй болох, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ унах, гэрээлэгчийн үйл ажиллагаатай холбогдуулан орон нутгийн эсэргүүцэл бий болох зэрэг тохиолдолд талуудын хүсэлтээр газрын тосны хайгуул, ашиглалтын хугацааг түр зогсоож болно. Хайгуул, ашиглалтын хугацааг түр зогсоохтой холбогдсон асуудлыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ", 23 дугаар зүйлийн 23.3.3-д "үйл ажиллагааr зогсоосон хугацаагаар хайгуулын болон ашиглалтын хугацааг сунгаж тооцно" гэж тус тус заажээ.

Дээрх хууль болон гэрээний зохицуулалтын дагуу гэрээний биелэлт, хайгуул, ашиглалтын болон санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлэхээр зохицуулсан байх ба гэрээлэгчид онц байдал, давагдашгүй хүчин зүйл учирсан тохиолдолд гэрээг зөрчсөнд тооцохгүй, шүүхийн шийдвэр болон эрх бүхий этгээдийн актаар үйл ажиллагааг зогсоосон, давагдашгүй хүчин зүйл болон бусад шалтгаанаар хайгуул, бүтээн байгуулалт, ашиглалт, экспортын үйл ажиллагаа зогссон тохиолдолд хайгуулын болон ашиглалтын хугацааг сунгаж тооцох зохицуулалтыг тусгасан боловч анхан шатны шүүхээс давагдашгүй хүчин зүйлд талаар хууль болон гэрээнд журмын дагуу төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй байх тул бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тухайн жилд гүйцэтгээгүй хайгуулын ажлын доод хэмжээгээр төлбөр төлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь дор дурдсан үйл баримтуудаар няцаагдана.

Хэрэгт авагдсан ... баримтуудаас "ЗХЮТ" ХХК-д гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл учирсан болох нь илэрхий, тодорхой байтал төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй гэх үндэслэлээр гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үүссэн эсэхэд дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

Харин ч гэрээнд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагуудаас 38 дугаар зүйлийн 38.3-т "Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээлэгчийн үйл ажиллагаа нэг жилээс дээш хугацаагаар саатсан бол төрийн захиргааны төв байгууллага хайгуул, ашиглалтын хугацаан дээр уг хугацааг сунган тооцно" гэж заасныг хэрэгжүүлэн гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйл ажиллагаа саатсан болохыг тогтоож тусгай зөвшөөрлийн хугацааг 1 жил 6 сараар сунган тооцсон нь илэрхий, тодорхой байтал энэ талаар анхан шатны шүүхээс хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой талаас дүгнэж, хуулийг зөв хэрэглээгүй болохыг анхаарч үзэхийг хүсье.

Газрын тосны хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага анхан шатны баримтад үндэслэн гэрээлэгчийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу гүйцэтгэсэн ажил, хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтын болон санхүүгийн тайланг хянан шалгаж, дүгнэлт гаргасан тайлангаа төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ", 37.2-т "Энэ хуулийн 37.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн тайлан, дүгнэлтэд төрийн аудитын байгууллага аудит хийж, баталгаажуулна", 37.3-д "Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 37.2-т заасан аудитыг гүйцэтгэхдээ хараат бус шинжээч, мэргэжилтэн, аудитын хуулийн этгээдийг оролцуулж болно", 37.4-д "Гэрээлэгч хяналт шалгалтын ажилд шаардагдах мэдээ, мэдээлэл, тайлан материалыг бүрэн гаргаж өгнө" гэж тус тус заажээ.

Газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын үйл ажиллагааны 2022 оны өртөг нөхөгдөх зардалд хийсэн хяналт, шалгалтын тайланд манай компанийн асуудлаар "Гэрээлэгч компани 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 22/12 дугаар албан бичгээр түр зогсолт авах хүсэлт ирүүлж, УУХҮЯ-ны 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/200 дугаар тушаалаар ГТТХ-ийн 8 дугаар зүйлийн 8.1.5. 38.3, Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны салбарын асуудал хариуцсан мэргэжлийн зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай хуралдааны тэмдэглэлийг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 1 жил 6 сарын хугацаагаар сунгасан" талаар дурджээ.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу дагуу төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн тайлан, дүгнэлтэд төрийн аудитын байгууллага аудит хийж, баталгаажуулах эрх үүсэх талаар зохицуулсан байх ба хариуцагчаас ямар шалтгааны улмаас 2 жил 6 сар гаруй хугацааны даруй гэнэтийн байдлаар аудит хийсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй бөгөөд Газрын тосны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан үндэслэл бүрдсэн эсэх нь эргэлзээтэй байна.

Нөгөө талаараа талуудын хооронд байгуулагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д "Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно" гэж заасан захиргааны гэрээний шинжийг хангаж байгаа ба гэрээний нэг тал болох төрийн захиргааны байгууллагуудаас хууль, журмаар олгогдсон чиг үүрэг, эрх хэмжээнийхээ хүрээнд давагдашгүй хүчин зүйлийг тооцож, тогтоосон цаг хугацаанд 2022 оны хайгуулын ажлын доод зардлыг баталгаажуулаагүй гэх үндэслэлээр зөрчилд тооцож, акт тогтоож нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл болохыг давж заалдах шатны шүүхээс анхаарч өгнө үү.

Мөн акт гарах үндэслэл болсон Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2023 оны 08 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны А/162 дугаар тушаалаар баталсан аудитын жилийн төлөвлөгөө зэрэг эрх зүйн баримт бичгүүд нь хэрэгт авагдаагүй, энэ талаар талууд танилцах, уг шүүх дүгнэх боломжгүй, аудитын төрөл, хэлбэрийн аль ангилал /Санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн, нийцлийн, нэгдсэн, хамтарсан, зэрэгцээ, баталгаажуулах, мэдээллийн технологийн болон бусад хэлбэр/-д хамаарч байгааг анхан шатны шүүхээс тогтоогоогүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Нэхэмжлэгчээс Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д "Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн дүнгийн улмаас аудитад хамрагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд энэ талаар санал, хүсэлт, тайлбар, гомдол гаргах боломжийг олгоно." гэж заасныг хэрэгжүүлээгүй буюу компанийн удирдлагад мэдэгдээгүй гэсэн агуулгаар маргасан байх хэдий ч Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 25-д "Нэхэмжлэгч "ЗХЮТ" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөл эрхтэй этгээд болох Zh***** Ho БНХАУ-д амьдардаг Монгол Улсад оршин суудаггүй тул захиргааны байгууллагын үйл ажиллагаанд компанийн төлөөлөгчийг томилон оролцуулах боломжгүй мөн тус компанийг төлөөлөн Ашигт малтмал, газрын тосны газрын үйл ажиллагаанд оролцож байсан гэх нэхэмжлэгч компанийн монгол дахь төлөөлөгч Б, Б.О нарыг оролцуулан сонсох ажиллагааг явуулсан гэх хариуцагч нарын тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна. Учир нь тус иргэд нь нэхэмжлэгч компанид ямар ч хамааралгүй байсан бол тус ажиллагаанд оролцоод явах боломжгүй юм", 26-д "Дээрхээс үзвэл, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна гэж үзэв гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Монгол Улсын Иргэний хууль, Компанийн тухай хуульд тус тус зааснаар компанийг дотоод, гадаадад итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь компанийн гүйцэтгэх захирал байдаг ба зөвхөн гүйцэтгэх захирлаас эрх олгосны үндсэн дээр тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээхээр итгэмжлэлээр бусад этгээдүүд захиргааны эрх зүйн харилцаанд оролцдог.

Гэтэл анхан шатны шүүхээс Б, Б.О нарыг нэхэмжлэгч компанитай харилцан хамааралтай эсэхийг шалгаж тодруулахгүйгээр зөвхөн сонсох ажиллагаанд оролцсон гэдгээр нь маргаж буй нэхэмжлэгчийн үндэслэлийг шууд няцааж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Газрын тосны тухай хуулийн 37 дугааp зүйлийн 37.4-д заасны дагуу Гэрээлэгч нь хяналт шалгалтын ажилд шаардагдах мэдээ, мэдээлэл, тайлан материалыг бүрэн гаргаж өгөх талаар үүрэг болгосноос үзэхэд зөвхөн сонсох ажиллагаанд оролцох бус, санхүүгийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд бүрэн оролцох агуулгаар хуульчилсан байна.

Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д "Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө”, 21 2-т "Шапгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно гэж зааснаар акт тогтоох зайлшгүй шаардлага үүссэн эсэх, эсвэл албан шаардлага өгөх боломжтой байсан эсэх асуудлуудыг шаардлагатай байна" гэж тус тус заажээ.

Хавтаст хэргийн 146-151 дүгээр хуудаст авагдсан 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн "Албан шаардлага, төлбөрийн актын бүртгэл, хяналтын хуудас"-ын Үндэслэл болгосон эрх зүйн заалтад Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг үндэслэсэн буюу албан шаардлага өгөх хуулийн зохицуулалтыг үндэслэж байсан атлаа ямар шалтгааны улмаас шууд акт тогтоож "ЗХЮТ" ХХК-ийн Г ХІ талбайн 1,240,000.00 ам.доллар буюу 4.271,304,000.00 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байх ба акт болон албан шаардлага өгөх хэрэгцээ шаардлагыг анхан шатны шүүхээс зөв үнэлж тогтоож, шалгаагүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2025/0727 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар маргаан бүхий актыг нэг сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж, 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж тус тус зааснаар хэрэв маргаан бүхий акт хууль бус болох нь мөн уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тус тус тогтоогдсон тохиолдолд шүүх уг актыг хүчингүй болгох, харин хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, тэрхүү нэмж тодруулан зүйлийн цар хүрээ нь шүүхийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шинжлэх, судлах боломжоос хэтэрсэн болох нь тогтоогдсон тохиолдолд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаж буй захиргааны актыг /шийдвэрийг/ тодорхой хугацаа зааж түдгэлзүүлж шийдвэрлэх үүрэгтэй

3. Нэхэмжлэгч “ЗХЮТ” ХХК-аас Үндэсний аудитын газарт холбогдуулан “... Үндэсний аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 192/АО160186 СНАГ-2024/01-НА-НА дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... 2022 онд давагдашгүй хүчин зүйлийн улмаас тусгай зөвшөөрлийн дагуу хайгуулын үйл ажиллагаа явуулж чадаагүй байхад маргаан бүхий захиргааны актаар тухайн жилд гүйцэтгээгүй хайгуулын ажлын доод хэмжээгээр төлбөр тогтоосон, ... хяналт шалгалтын явцад нэхэмжлэгчээс итгэмжлэл олгогдсон этгээдүүдийг оролцуулаагүй ...” гэж тайлбарлан маргажээ.

            3.1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-д “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан.

            3.2. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна”, Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д “Салбар, төлөөлөгчийн газрын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна”, 62 дугаар зүйлийн 62.3-д “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж заасан.

            3.3. Хариуцагчаас анхан шатны шүүхэд болон давж заалдах шатны шүүх хуралдаанд “… нэхэмжлэгч компанийн Монгол дахь төлөөлөгч Б, Б.О нарыг оролцуулан сонсох ажиллагааг явуулсан” гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “ЗХЮТ” ХХК-аас эдгээр иргэдэд олгосон итгэмжлэл авагдаагүй, хяналт шалгалтын явцад шалгагдагч этгээд болох “ЗХЮТ” ХХК-ийн төлөөлөх эрхтэй этгээдийг оролцуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

3.4. Гэтэл анхан шатны шүүхээс “... Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч “ЗХЮТ” ХХК-ийн Монгол дахь төлөөлөгч Б, Б.О нарт “Сонсох ажиллагаа явуулах тухай” мэдэгдлийг гардуулж, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр сонсох ажиллагаа явуулж, сонсох ажиллагааны тэмдэглэлийг үйлдсэн байна, … Учир нь тус иргэд нэхэмжлэгч компанид ямар ч хамааралгүй байсан бол тус ажиллагаанд оролцоод явах боломжгүй юм” гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцээгүй байна.

            3.5. Мөн Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно”, 4.1.4-т “"шалгагдагч этгээд" гэж төсвийн байгууллага, тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд болон хуульд заасны дагуу төрийн аудит хийгдэх аливаа этгээдийг;” 19.1-т “Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн дүнгийн улмаас аудитад хамрагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд энэ талаар санал, хүсэлт, тайлбар, гомдол гаргах боломжийг олгоно”, 31 дүгээр зүйлийн 31.1-т “Төрийн аудитын байгууллагын албан хаагч дараах үүрэг хүлээнэ:”, 31.1.1-т “шалгагдагч этгээдэд аудитын төрөл, зорилго, аудит хийх хамрах хүрээ, хугацаа, талуудын эрх, үүргийн талаар танилцуулах;”, Газрын тосны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т “Гэрээлэгч хяналт шалгалтын ажилд шаардагдах мэдээ, мэдээлэл, тайлан материалыг бүрэн гаргаж өгнө” гэж тус тус заасан байна.

3.6. Энэ тохиолдолд хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгч “ЗХЮТ” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдийг бүрэн зөв тодорхойлж, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулалгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь Төрийн аудитын тухай хуулийн 19.1-т “Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн дүнгийн улмаас аудитад хамрагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд энэ талаар санал, хүсэлт, тайлбар, гомдол гаргах боломжийг олгоно” гэж заасан эрхийг эдлүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, Төрийн аудитын тухай хууль  болон Газрын тосны тухай хуульд заасны дагуу шаардагдах мэдээ, мэдээлэл, тайлан материалыг бүрэн гаргах, тайлбар, нотолгоо гаргах боломжоор хангасан гэж үзэх үндэслэлгүй байна.

3.7. Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно”, 4.1.14-т “бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж ... газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гэрээлэгчийн хооронд байгуулсан гэрээг” ойлгохоор, 9 дүгээр зүйлийн 9.1.8-д “… /газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь/ гэрээлэгчийн тухайн жилийн хөрөнгө оруулалт, зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан газрын тосны тайланг хянаж нэгтгэх”, 11 дүгээр зүйлийн 11.2.14-т “/гэрээлэгч нь/ санхүүгийн тайлан, өртөг нөхөгдөх зардлын тайлан, газрын тос хуваах тооцоог ... үнэн зөв гаргаж, төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх”-өөр тус тус заасныг маргааны үйл баримтуудад холбогдуулан авч үзвэл, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь бүтээгдэхүүн хуваах гэрээний нэг тал бөгөөд гэрээлэгчийн өртөг нөхөгдөх зардлын тайланг хүлээн авч, хянах үүрэгтэй, уг хянасан тайланг мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “өртөг нөхөгдөх зардлыг төрийн аудитын байгууллагаар баталгаажуулна ...” гэж заасны дагуу төрийн аудитын байгууллага баталгаажуулахаар байна.

3.8. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Эрдэс баялаг, эрчим хүчний яамны 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаартай аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг “ЗХЮТ” ХХК-д 3 жил 4 сарын хугацаатайгаар олгож, 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөөр “ЗХЮТ” ХХК-ийн Г XI талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах хугацааг 3 жилээр, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 232 дугаартай аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөөр 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 493 дугаар аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөөр 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 854 дугаартай аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөөр 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөөр 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл тус тус олгосон байна.

3.9. Энэ тохиолдолд нэхэмжлэгч “ЗХЮТ” ХХК-д Г XI талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах хугацааг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 854 дугаартай аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөөр олгосон байхад хариуцагчаас “ЗХЮТ” ХХК-ийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлгүй байсан нөхцөл байдлыг анхаараагүй байх бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэрийг нэхэмжлэгч хэзээ хүлээн авсан, уг хүлээн авсан хугацаанаас жилийн эцэс хүртэл үйл ажиллагаа явуулах боломжтой байсан эсэхийг бүрэн дүүрэн тодруулаагүй, энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь буруу байна.  

3.10. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байсан болон үйл ажиллагаа явуулахаар төсөвлөгдсөн байсан зардлыг зарцуулах боломжтой байсан эсэх,  зарцуулах боломжгүй байсан нь дан ганц нэхэмжлэгчид хамааралтай зөрчил дутагдал мөн эсэхэд хариуцагч дүгнэлт хийгээгүй, эдгээр нөхцөл байдлууд тодорхой бус, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.

            3.11. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Аудитын тайлан баталгаажуулах тухай” А/116 дугаар тушаалын хавсралт[1] Бүлэг 1-ийн 1.10-д хайгуулын үйл ажиллагаанд хууль тогтоомж, бүтээгдэхүүн хуваах гэрээний заалттай нийцэхгүй гэсэн асуудлуудыг тусгасан байх боловч нэхэмжлэгч “ЗХЮТ” ХХК-ийн талаар тусгагдаагүй, хөрөнгө оруулалтгүйн улмаас хайгуулын ажил гүйцэтгэх боломжгүй болсон гэж тодорхойлсон байх боловч үүнийг хэзээ хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй байна.

            3.12. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “... Монгол Улсын Их Хурлын Төсвийн Байнгын Хорооны 2023 оны 08 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2023 оны А/162 дугаар тушаалаар баталсан Аудитын жилийн төлөвлөгөөг үндэслэн аудитын тайлан хийж гүйцэтгэсэн” гэж тайлбарласан боловч энэ талаарх холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй, харин Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн аудитын төлөвлөгөө[2] авагдсан байна.

            3.13. Иймд шүүх бүрэлдэхүүний олонх хариуцагч Үндэсний аудитын газар нь маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 192/АО160186 СНАГ-2024/01-НА-НА дугаартай актыг гаргахдаа Газрын тосны тухай хууль болон Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу “ЗХЮТ” ХХК-ийг оролцуулаагүй, тусгай зөвшөөрөл сунгагдсан хугацаа, гардан авсан хугацаатай холбоотой баримтыг тодорхойлж, тухайн жилд үйл ажиллагаа явуулах боломжтой байсныг тодорхойлж, эрх зүйн дүгнэлт хийгээгүй, ямар шалтгаан үндэслэлээр үйл ажиллагаа явуулаагүй болохыг баримтаар тогтоогоогүй, тодорхой бус байх тул шүүхээс энэхүү үндэслэлд дүгнэлт хийж шийдвэр гаргах боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжийн хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар маргаан бүхий Үндэсний аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 192/АО160186 СНАГ-2024/01-НА-НА дугаартай актыг дахин шинэ акт гаргах хүртэл нэг сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3.14. Хариуцагчаас тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий акт хүчингүй болохыг мөн хариуцагчаас дахин шинэ акт гаргах тохиолдолд тухайн актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзвэл нэхэмжлэгчээс хуульд заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргах боломжтойг тус тус дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 727 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан “... Үндэсний аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 192/АО160186 СНАГ-2024/01-НА-НА дугаартай актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл нэг сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг дурдсугай” гэсэн заалтыг нэмсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                                    Н.ДОЛГОРСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

 

[1] Хэргийн 1 дэх хавтас, 155-159 дэх талууд

[2] Хэргийн 2 дахь хавтас, 65-79 дэх талууд