Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 1364

 

 

 

 

 

 

 

 

 

С.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/01375 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Бд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 6 630 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Жаргал,

Хариуцагч: Ж.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Мөнхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Бтай 2018 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Миний бие зээлийн гэрээний дагуу өдөр бүр 120 000 төгрөг буцаан авахаар тохиролцсон боловч зээлээ авсанаас хойш надад өдөр бүр төлөх ёстой 120 000 төгрөгийг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний хугацааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байна. 2018 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх 2 сарын хүүд 1 000 000 төгрөг, алданги нь 3 дугаар сарын 08-ны өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацааных 630 000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан бөгөөд хүү тооцох эрх нь байгаа. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алдангийн гэрээг бичгээр хийсэн. Зээлийн гэрээг зээлдэгч Ж.Б нь өөрөө гараар бичсэн дээр маргаан байхгүй юм. Иймд үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 1 000 000 төгрөг, алданги 630 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.М нь Дүнжингарав худалдааны төвийн лангуу түрээслэгч нарт өдрийн зээл буюу сарын хүүтэй зээл өгч зээлээ өдөрт нь буцаан авахаар мөнгө зээлүүлдэг ажил эрхэлдэг мөнгө хүүлэгч юм. Хариуцагч Ж.Бын охин Б.Туяа нь Дүнжингарав худалдааны төв дээр лангуу түрээслэн ажиллуулдаг байсан ба анх 2017 оны эхээр С.Мэс 4 000 000 төгрөг зээлж 3 сарын хугацаатай төлж барагдуулсан. Үүний дараа 5 000 000 төгрөгийн зээл авсан ба сүүлийн зээл болох 6 500 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сард аваад 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлж дуусгах ёстой байсан ч хугацаандаа төлж чадаагүй учраас 3 830 000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. Ингээд зээлээ төлөх боломжгүй үед нь Нарантуул зах дээр лангуу ажиллуулдаг Б.Туяагийн ээж Ж.Б нь өөрийн бараанаас зээлийн төлбөрт тооцож өгч төлдөг байсан. Б.Туяа нь Дүнжингарав худалдааны төвд лангуу түрээслэхээ больж, энэ тухайгаа нэхэмжлэгч С.Мд хэлээд одоогоор зээлээ төлөх боломжгүй байна гэхэд С.М нь үлдсэн мөнгөнийхөө 830 000 төгрөгийг одоо өгчих 3 000 000 төгрөгийг бага багаар нь боломжоороо өгчихөө гэж хэлсэн. Ингээд 2017 оны 12 дугаар сард хариуцагч нь 330 000 төгрөгийн барааг Б.Туяагийн зээлийн үлдэгдэл төлбөрт тооцон өгсөн ба үлдэгдэл 3 500 000 төгрөгийн зээлийн өр төлбөр Б.Туяа дээр үлдсэн. Бараа тооцож өгсөний дараа С.М нь Ж.Б дээр дахин ирээд “... та надаас 5 000 000 төгрөг зээлээд охиныхоо өрнөөс 500 000 төгрөг хасуулчих, би таньд 4 500 000 төгрөг өгөөд та надад 5 000 000 төгрөгнөөс хүү бодож төлнө, би охинд чинь 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэг байсан ч таньд 5 хувийн хүүтэй зээлүүлье" гэж хэлсэн. Ж.Б 5 хувийн хүүтэй төлж чадахгүй гэхэд 4 хувийн хүүтэй зээлье гэхэд хагас жилийн дотор төлчих гэсэн. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Ж.Б нь гадаа бараа ирээд яарч байсан учраас гэрээг уншилгүй гарын үсэг зурсан. Охин Б.Туяагийн өрнөөс 500 000 төгрөг хасуулж байгаа тул зээлийн гэрээний нэмэлт нөхцөл дээр зээлийг бэлнээр хүлээн авсан гэж бичсэн байдаг. Ж.Б Чи миний дансруу мөнгөө шилжүүлээгүй шүү дээ гэж хэлэхэд С.М Би таньд гэрээ хийсэн өдрөө мөнгөө бэлнээр өгсөн гэж гүтгэсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нар цагдаагийн хамтаар очиход цайны газрын камер нь зөвхөн касс руугаа хардаг байсан учраас нэхэмжлэгч, хариуцагч нарын сууж байсан ширээний бичлэг байгаагүй. Ингээд дэд ахлагч Э.Пүрэв-Очир Ж.Быг харьяа иргэний хэргийн шүүхэд хандах хэрэгтэй гэж хэлээд салсан. Нэхэмжлэгч С.М нь эргүүлийн цагдаа Э.Бат-Эрдэнэд Мөнгөө цайны газар дотор өгсөн гэж нэг яриад, дэд ахлагч Э.Пүрэв-Очирт болохоор Мөнгөө цайны газраас гараад өгсөн гэж огт өөр зөрүүтэй хэлдэг. Цагдааг явсны дараа С.М барааг чинь хурааж авна гэхэд Ж.Б хуулиар шийдүүлнэ гэж маргасаар салсан байдаг. Ингээд нэхэмжлэгч С.М өгсөн гээд байгаа мөнгө зээлээ дахин нэхэлгүйгээр нөгөөдөр нь буюу 1 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд хандсан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.М анхнаасаа шүүхэд хандах зорилгоор зээл авсан гэж бичүүлж авсан зээлийн гэрээг байгуулж, Б.Туяагийн өр төлбөрийг өөрийн гэсэн бараа, лангуутай Ж.Баас гаргуулах баримт материал бүрдүүлсэн. Учир нь Б.Туяагийн үлдэгдэл өр төлбөр болох 3 830 000 төгрөгийн сарын 10 хувийн хүүг 3 сараар бодож, нийт зээлийн өрийг гаргахад 5 000 000 орчим төгрөг болж байгаа юм. Б.Туяа нь лангуугүй болж, түрээсийн үйл ажиллагаа явуулахаа больж, мөн өөр дээрээ ямар нэгэн эд хөрөнгөгүй учраас нэхэмжпэгч С.М нь охин Б.Туяад зээлүүлсэн мөнгөө авч чадахгүй болоод ирмэгц охины ээж Ж.Баар төлүүлэхээр анхнаасаа санаатай худал хэлж мөнгө зээлүүлэх санал тавин, зээлийн гэрээнд гарын үсэг зуруулан, иргэний үнэмлэхийг нь канондуулж хаягыг нь тодорхойлоод шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч зээлдүүлэгч нь зээлийг бодитойгоор зээлдэгчид олгоогүй тул зээлийн гэрээг байгуулагдсанд тооцохгүй. Иймд нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнийн гаргасан нэхэмжпэл бүхэлдээ үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С.М нь охин Б.Туяад зээлүүлсэн мөнгөө авч чадахгүй болоод ирмэгц охины ээж Ж.Баар төлүүлэхээр анхнаасаа санаатай худал хэлж мөнгө зээлүүлэх санал тавин, зээлийн гэрээнд гарын үсэг зуруулан, иргэний үнэмлэхийг нь канондуулж хаягийг нь тодорхойлоод шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч зээлдүүлэгч нь зээлийг бодитойгоор зээлдэгчид олгоогүй тул зээлийн гэрээг байгуулагдсанд тооцохгүй. Мөн С.М нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан зээлийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүй явуулж зээлийн гэрээ байгуулсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалт, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу С.М, Ж.Б нарын хооронд 2018 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулж гаргасан тайлбартаа: Хариуцагч нь С.Мөнх-Эрдэнийг гүтгээд байна. Хэлж ярьж байгаа зүйлүүдээ нотлох үүрэгтэй. Хэлж байгаа зүйлүүд нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Б.Туяатай байгуулсан зээлийн гэрээ гэж байгаа бол хэрэгт нотлох баримтаар гаргаад өгсөн бол хуульд нийцнэ. Ээж охин хоёр гэдгийг шүүх дээр ирээд мэдсэн. Хавтаст хэрэгт байгаа зээлийн гэрээг нотлох баримтаас хасуулъя хүсэлт гаргаад эсвэл сөрөг нэхэмжлэл гаргаад хэрэгсэхгүй болгоё гэж яриад байна. Бид бодитоор зээлийн гэрээний дагуу мөнгө өгсөн. Ийм учраас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан хуулийн шаардлага хангасан. Зээлийн гэрээний 5.1-д зааснаар 5 000 000 төгрөгийг бэлнээр хүлээж авлаа гээд гарын үсэг зурсан. Энэ гарын үсэг нь сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа Ж.Б гэсэн гарын үсэгтэй тохирч байгаа. Хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд л хэргийг шийдэж өгнө үү. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.Баас зээлийн гэрээний үүрэгт нийт 6 600 000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Мд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 30 000 төгрөгийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч Ж.Бын нэхэмжлэгч С.Мд холбогдуулан гаргасан зохигчдын хооронд 2018 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 150 төгрөг, хариуцагчээс сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Баас120 550 нэхэмжлэгч С.Мд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотлох баримтыг буруу үнэлж, хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний 5.1 дэх хэсэгт "Нарантуул 1 ОУХТөв Шашны агуулах №215 түрээсэлж ажиллуулдаг, 5 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авлаа Ж.Б" гэсэн бичвэрийг үйлдэж, хариуцагч Ж.Б нь гарын үсэг зурсан тул зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь дан ганц гэрээний заалтаар тухайн үйл баримт нотлогдохгүй бөгөөд мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн болох нь мөнгө бэлнээр хүлээлгэн өгсөн баримт эсхүл дансны хуулга, мөн бусад нотлох баримтаар нотлогдож байж зээлдүүлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийн мөнгөө шилжүүлж, зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэх учиртай. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь мөнгийг дансаар шилжүүлсэн дансны хуулга байхгүй байхад гэрээнд мөнгийг дансаар шилжүүлсэн гэж заасан л бол гэрээ байгуулагдсан гэсэн үг гэж үзэж буйгаас огт ялгаагүй байна. Мөн хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахдаа 5 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, өдөрт 120 000 төгрөг буцаан төлөхөөр 43 хоногийн хугацаатай зээлэхээр тохиролцож гэрээ дээр гараараа бичсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгчээс шүүхэд гарган өгсөн байгаа гэрээн дээр сарын хүү нь өөр буюу 10 хувь гэж бичсэн, 43 гэсэн хоногийг 50 хоног гээд баллаж дээр нь засч бичсэн, 2018 оны 03 сарын 07-ны өдрийг хүртэл гэдгийг мөн засч баллаж бичсэн хуурамч зээлийн гэрээ байдаг. Хариуцагчийн өмгөөлөгчөөс энэхүү хуурамч зээлийн гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.3-т заасны дагуу нотлох баримтаас хасуулах хүсэлт өгсөн боловч шүүх хүлээж аваагүй. Хуурамч нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүхээс хариуцагчийг тайлбар, татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн атлаа мөнгө өгөөгүй байж өгсөн мэтээр ярьж буй нэхэмжлэгчийн тайлбарыг нотлогдсон мэтээр дүгнэж, шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс гагцхүү зээлийн гэрээний дээрх заалтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ нэхэмжлэгчээс Ж.Бд мөнгө шилжүүлсэн гэдгийг бодитойгоор нотлох баримт байхгүй, мөн хариуцагчаас бүхий л учир шалтгаанаа тайлбарласаар байхад мөнгийг үнэхээр шилжүүлж, гар дээр нь өгсөн эсэхэд анхаарал хандуулахгүйгээр ердөө л гэрээнд заасан гэсэн үндэслэлээр хэт нэг талын баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т "Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно" гэж заасан бөгөөд энэхүү заалтын дагуу зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлдэгчид мөнгийг шилжүүлж өгсөн болох нь бичгийн болон бусад нотлох баримтаар давхар нотлогдож байх учиртай. Гэтэл зээлийн гэрээнд мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэж бичээд гарын үсэг зуруулсан нь мөнгө өгсөн гэдгийг бодитойгоор нотолж чадахгүй бөгөөд энгийн ухамсрын түвшинд ямар ч хүн гэрээгээ байгуулж, гарын үсэг зурсаны дараагаар гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж мөнгө, эд хөрөнгийг шилжүүлж, хүлээн авах нь ойлгомжтой юм. Анхан шатны шүүхээс дүгнэсэнчлэн гэрээнд гарын үсэг зурсан л бол та мөнгийг авсан байна, төлөх үүрэгтэй гэж үзэх нь мөнгө хүүлэгчдийг өөхшүүлж, хууль мэдэхгүй энгийн ард иргэдийг улам хохирооход хүргэх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ч санаатайгаар тусдаа мөнгө бэлнээр хүлээлгэн өгсөн баримт үйлдээгүй, их хэмжээний мөнгийг дансаар шилжүүлээгүй, мөн зээлийн гэрээнд мөнгийг бэлнээр хүлээлгэн өгнө ч биш бүр хүлээн авлаа гэж тусгаж хариуцагчаар гарын үсэг зуруулсан нь нэхэмжлэгч анхнаасаа ямар санаатайгаар Ж.Бд гэрээ байгуулахыг санал болгосныг илтгэж байна. Нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнийн Хаан банкны 5065158761 тоот дансны хуулгаас харахад гэрээ байгуулсан 2018 оны 1 сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн данснаас хариуцагч руу зээл олгосон гүйлгээ байхгүй, нэхэмжлэгч 5 сая төгрөгийг данснаасаа бэлнээр авсан ч гүйлгээ байхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч бэлнээр өгсөн гээд байгаа зээл нь хаанаас, ямар эх үүсвэрээс авсан гэдэг нь тодорхойгүй байдаг. Мөн шүүх хуралдаан дээр хэргийн бүх үнэн мөнийг мэдэж буй гэрч Б.Туяа мэдүүлэхдээ н.Туяа хөрөнгө мөнгөгүй учраас өөрийнх нь н.Мөнх-Эрдэнэд өгөх зээлийг нэхэмжлэгч ээжээс нь авахаар ээжтэй нь зээлийн гэрээ байгуулсан. Учир нь ээж нь нэр дээрээ хашаа байшинтай. Мөн нэхэмжлэгч зээл олгох үедээ ямагт нэг хүнтэй хамт явж зээлээ олгодог, зээлийн гэрээг 1 хувь хийдэг гэх мэтчилэн ач холбогдолтой олон зүйл мэдүүлснийг шүүх хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан "...хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" шаардлагыг хангаагүй байх тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/01375 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Ж.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 630 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2018 оны 1 сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч С.М нь 5 000 000 төгрөгийг зээлдүүлэх, хариуцагч Ж.Б нь уг мөнгөн хөрөнгийг 2 сарын хугацаанд, сарын 10 хувийн хүүтэй төлөх, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй байгуулсан байна. /хх-ийн 4 дүгээр тал/

 

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр  зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан. Талуудын байгуулсан гэрээнд “5 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авлаа Ж.Б” гэж тэмдэглэгдсэн байна. Хариуцагч зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг аваагүй гэж маргасан боловч тэрээр уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь зөв. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

            Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон тул анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр 5 000 000 төгрөг, хүү 1 000 000 төгрөг, алданги 600 000 төгрөг, нийт 6 600 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

            Хариуцагч нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчөөгүй, хуулийн үндэслэлтэй.

                   

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/01375 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО                                            

                                                          ШҮҮГЧ                                  М.НАРАНЦЭЦЭГ                                                                                                           

                                                                                                       Г.ДАВААДОРЖ