Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/00534

 

 

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/00534

 

 

 

Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/01826 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1676 дугаар магадлалтай,

Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Монгол мах экспо ХХК, Бишрэлт пропертиз ХХК, Веллмарт ХХК нарт холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 32,178,607,980.57 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат, Л.Болдхүү, хариуцагч Монгол мах экспо ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганхөлөг, Бишрэлт пропертиз ХХК, Веллмарт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болд-Эрдэнэ, өмгөөлөгч Л.Отгондорж, Б.Цэнгүүн, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь хариуцагч Монгол мах экспо ХХК, Бишрэлт пропертиз ХХК, Веллмарт ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,178,607,980.57 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/01826 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.5, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол Мах Экспо ХХК-аас 32,178,607,980 төгрөг 57 мөнгө гаргуулж, нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол Мах Экспо ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний зээлийн барьцаанд барьцаалсан эд хөрөнгүүд болох:

1. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б-ММЭ-ИХ 2017-190 дугаартай барьцааны гэрээгээр /Ирээдүйд бий болох хөрөнгө/ барьцаалсан шинээр худалдан авч байгаа тоног төхөөрөмжүүд болон төслийн хүрээнд худалдан авч буй бүх эргэлтийн хөрөнгүүд,

2. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Б-ММЭ-ҮХ 2017-191 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр /ипотек/ барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүд Үүнд:

2.1. Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт 18104, Хүнсчдийн гудамж, 75/1 тоот хаягт байршилтай 428 м.кв талбайтай контор, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /УБД:2201037216, ГД:000322787/,

2.2. Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт 18104, Хүнсчдийн гудамж, 75/1 тоот хаягт байршилтай 356 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө /УБД:2201037212, ГД:000458233/,

2.3. Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт 18104, Хүнсчдийн гудамж, 75/1 тоот хаягт байршилтай 356 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө /УБД:2201037213, ГД:000458235/,

3. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Б-ММЭ-ГЭ 2017-193 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээгээр барьцаалсан Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо хаягт байрлалтай 11,000 м.кв газар /Г:2201051708, ГД:000317558, НТД:1853/0050, 18632309104771/ эзэмших эрх,

4. Хамтран хариуцагч Бишрэлт пропертиз ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Б-ММЭ-ҮХ 2017-192 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр /ипотек/ зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүд Үүнд:

4.1. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 19 тоотод хаягт байршилтай, 2870 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 60 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2206020532, ГД-000584235/,

4.2. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав 1 дүгээр гудамж, 23 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай 3585 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, аялал зуучлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2206028061, ГД:000584086/

4.3. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Зайсангийн тойруу гудамж, 17 тоот хаягт байршилтай, 4018 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө /Ү-2206020533, гэрчилгээний №000579965/

4.4. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 15 тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, 3444 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2206020535, ГД:000579964/

5. Хамтран хариуцагч Бишрэлт пропертиз ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Б-ММЭ-ҮХ 2018-85 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр /ипотек/ барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүд, Үүнд:

5.1. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 9 тоот хаягт байршилтай 40 хувийн гүйцэтгэлтэй, 1722 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Ү-2206020531, ГД:000584236/,

5.2. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалан /13271/ Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж, 63 тоот хаягт байршилтай, 4558,12 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2204040261, ГД:000448047/

6. Хамтран хариуцагч Веллмарт ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Б-ММЭ-ГЭ 2018-86 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээгээр барьцаалсан Баянзүрх дүүрэг, Ботаникийн цэцэрлэгийн зүүн хойд талд 12 дугаар хороонд байрлалт 1000 м.кв талбайтай газрыг эзэмших эрх зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161,437,708.99 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Монгол Мах Экспо ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 53,812,363.33 төгрөг, хамтран хариуцагч Веллмарт ХХК-аас 53,812,363.33 төгрөг, хамтран хариуцагч Бишрэлт пропертиз ХХК-аас 53,812,363.33 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШЗ2020/01251 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1676 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/01826 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 32,178,607,980.57 төгрөг гаргуулж гэснийг 29,949,426,744.31 төгрөгийг гаргуулж гэж, олгосугай гэснийг олгож, үлдэх 2,229,181,236.26 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын 53,812,363.33 гэснийг 49,968,361 төгрөг гэж тус тусад нь өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Монгол мах экспо ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.27-ны өдрийн 1676 дугаар магадлалд 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлагдсан байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,229,181,236.26 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон боловч гэрээ хэзээнээс цуцлагдсан тухай хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн улмаас шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадсангүй гэж үзэж байна. Тодруулбал, шүүхээс "...хэрэгт авагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээлдэгчид хүргүүлсэн 2019.05.23-ны өдрийн 3/626 тоот албан бичгийн агуулга нь гэрээг цуцалсан, үүргийг тасалбар болгож шаардсан агуулгагүй байх... гэж дүгнэсэн нь хэргийн бусад үйл баримтад нийцээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д ...Аль нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх ёстой... гэж заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс 2019.02.04-ний өдөр, 2019.05.01-ний өдрүүдэд "...гэрээний 10.1-д заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл болон бусад төлбөрийг төлүүлэхийг үүгээр мэдэгдэж байна.., гэж хугацаатай мэдэгдэл удаа дараа өгч, улмаар 2019.05.26-ны өдрийн 3/626 дугаартай мэдэгдлээр гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үлдэгдэл санхүүжилтийг олгохоос татгалзсан. Талуудын 2017.11.15-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-ний 2.1.7-д ...зээл олголтыг зогсоох гэж зээл олгохыг бүрмөсөн зогсоож Банк нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцлан зээлийн үндсэн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүүг хугацаанаас нь өмнө шаардах эрх үүсэх, Банканд учирсан хохирлыг зээлдэгчээс нэхэмжлэх үр дагавар бүхий үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно... гэж заасан. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг шүүхэд нэхэмжлэл гаргах цаг хугацаанаас өмнө буюу 2019.05.26-ны өдрөөс цуцлагдсан гэж үзнэ. Иргэний хуульд зааснаар гэрээг цуцалснаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болно. Иймд гэрээ цуцлагдсан хугацаанаас хойш ямар нэгэн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2019.05.26-наас хойш хүүгийн төлбөрт нийт 1,276,712,890 төгрөг тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн энэ цаг хугацаанд хариуцагчийн үйл ажиллагаа ч Монгол Улсын Засгийн газрын 2017.11.27-ны өдрийн 318 тогтоолоос болж доголдсон бөгөөд уг төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсэж зээлийн эргэн төлөх төлбөрийн хуваарь зөрчигдөх болсон. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 2019.05.26 өдрөөс хойш бодогдсон хүүний 50 хувь буюу 638,356,445 төгрөгийг хасч магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.27-ны өдрийн 1676 дугаартай магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Магадлалд Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд хангасан нь үндэслэл бүхий болоогүй, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан нөхцөл байдлыг зөв үнэлээгүй гэсэн дүгнэлтийг хийж, үүрэг гүйцэтгүүлэгч Монгол Улсын Хөгжлийн банкнаас гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК нь хариуцагч Монгол мах экспо ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 32,178,607,980 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийг хариуцагч нар эс зөвшөөрч, Монгол мах экспо ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болдбаатар Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ... нэхэмжлэгчийн нэхэмжилж буй дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тиймээс хүүнээс нь багасгаж өгөх талаар арга хэмжээ авч өгөөч гэж, хамтран хариуцагч Бишрэлт пропертиз ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсамбуу Бишрэлт пропөртиз" ХХК нь үүрэг хүлээгээгүй учраас ямар нэгэн хариуцлага яригдахгүй. Хөрөнгөө барьцаалсан асуудлын хувьд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх асуудал нь Бишрэлт пропертиз ХХК-ийн оролцоотой оролцоогүйгээр хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдэгдэх асуудал учраас Бишрэлт пропертиз ХХК нь хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэсэн хүлээн зөвшөөрөхгүй гэж, хамтран хариуцагч Веллмарт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Батзориг Бишрэлт пропертиз ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбартай ижил саналтай байна гэж тус тус маргажээ. Монгол Улсын Хөгжлийн банк ХХК, "Монгол мах экспо ХХК-ийн нарын хооронд 2017.11.15-ны өдөр байгуулагдсан З-ММЭ-ЗҮ 2017-189 дугаар Зээлийн гэрээ-гээр зээлдүүлэгч нь 37,498,770,000 төгрөгийг, жилийн 12,44 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлдэгчид зээлдүүлэхээр тогтож, гэрээнд заасан зээлийг хэсэгчлэн олгох зохицуулалтын дагуу 2 удаагийн олголтоор нийт 31,896,957,843 төгрөгийг олгосон, гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон. Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болно. Зохигчдын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 3.1.11 дахь хэсэгт зээлийн нэмэгдүүлсэн хүүг 20 хувь байхаар тусгасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй юм. Талуудын хооронд байгуулагдсан 2017.11.15-ны өдрийн З-ММЭ-ЗҮ 2017-189 "Зээлийн гэрээ-ний хугацаа 2022.12.13-ны өдөр дуусах бөгөөд уг гэрээний 10.1 -д Банк нь Зээлдэгч гэрээний 8.1, 8.3, 8.4-т заасан үүргээ зөрчсөн тохиолдолд эсхүл дор дурдсан зөрчил гаргасан тохиолдолд тухайн үүргийн зөрчлийн шинж байдлаас шалтгаалан зөрчил арилгах талаар нэмэлт хугацаа тогтоох буюу тогтоохгүйгээр өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан, зээл болон гэрээнд заасан бусад төлбөрийг хугацаанаас нь өмнө эргүүлэн төлөхийг шаардаж, Банканд учирсан хохирлыг Гэрээ, хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагч эс зөвшөөрч нэмэгдүүлэн шаардах эрхгүй гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй гэж заасан. Иймд хариуцагчийн татгалзал, тайлбар болон давж заалдах шатны шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсэгтээ дурдсан шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан" гэсэн дүгнэлт үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа тогтоож, гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж байсан хэдий ч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлэхээ илэрхийлж байсан. Мөн хариуцагчийн зүгээс 2020 оны 3-5 дугаар саруудад Эвлэрлийн гэрээ байгуулж зарим барьцаа хөрөнгийг солих асуудлыг тавьж байсан болно. Хэдийгээр гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй хэдий ч нөгөө тал хүлээн зөвшөөрөхгүй маргах, гэрээг үргэлжлүүлэхийг хүссэн тохиолдолд гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөх шаардлагатай юм. Тиймээс гэрээний үүргийг хугацаанаас өмнө шаардсан нь гэрээг цуцлагдсан гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу 2019.12.20-ны өдрөөс хойших хугацааны гэрээний үүргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар шаардах эрхтэй гэж үзнэ. Монгол Улсын Хөгжлийн банк нь 2019.12.20-ны өдрийн 2/1663 дугаар албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийг гаргахдаа шүүхээс үзэж байгаа шиг ийнхүү нэхэмжлэл гаргаснаараа зээлийн гэрээг цуцалж байгаагаа огт илэрхийлээгүй, гагцхүү шүүхийн албан ёсны шийдвэрээр зээлийн гэрээг дуусгавар болгуулж, өөрт учирсан хохирлоо хариуцагчаас гаргуулах тухай хүсэл зоригоо илэрхийлсэн болно. Зээлдэгчид зээлийн гэрээг цуцлах талаар анхааруулж байсан ба гэрээг цуцалсан тухай огт мэдэгдээгүй болно. Монгол Улсын Хөгжлийн банк нь Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны эцсийн үр дүн бөгөөд зөрчигдсөн эрхийн хамгаалалтын илэрхийлэл нь шүүхийн шийдвэр болдог гэдэг эрх зүйн тулгуур зарчмыг удирдлага болгон, нэхэмжлэл гаргаснаараа бус, харин шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүхээр шийдвэр гаргуулан зээлийн гэрээгээ дуусгавар болгуулах нь зүйтэй гэж үзсэн. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргахдаа Монгол Улсын Дээд шүүхийн 2016.02.01-ний өдрийн Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлоход анхаарах зарим асуудал-ын талаар гаргасан 1 дүгээр зөвлөмжийг удирдлага болгон:

Нэгдүгээрт, Иргэний хэрэг үүсгүүлж Хөгжлийн банкны зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрөөр хамгаалуулахаар шүүхэд хандаж өргөдөл гаргасан болно.

Хоёрдугаарт, Нэхэмжлэл нь зээлийн гэрээ болон хуульд заасан үндэслэлээр манай банкны эдлэх эрхийн үүднээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд гаргаж буй шаардлага, мөн зөрчигдсөн эрхийг маань шүүхээр хамгаалах хэрэгсэл гэж ойлгон уг хэрэгслийг ашиглан хариуцагчийн гэм бурууг тогтоолгон, зөрчигдсөн эрхээ шүүхийн шийдвэрээр хамгаалуулж, шүүхийн шийдвэрээр учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр хандсан болно. Шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч талын хүсэл, санаачилгаар шүүх хуралдаан хуралдаж чадалгүй, удаа дараа хойшилж байсан тул Монгол Улсын хөгжлийн банк 2020.05.17-ны өдрөөр зээл, зээлийн хүүгийн тооцооллоо тасалбар болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн билээ. Анхан шатны шүүх Хөгжлийн банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан бичгээр гаргах шаардлагыг хангасан, 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан, нэхэмжлэлийн үнийг зөв тодорхойлсон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна гэж үзээд, хүлээн авч мөн хуулийн 72 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг хариуцагч нарт гардуулан, хариу тайлбар өгөх хугацааг нь тогтоон өгч шүүх хуралдааныг хойшлуулж байсан болно. Монгол Улсын Хөгжлийн банк нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-22, 24-29, 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлүүдэд заасны дагуу зээлдэгчээс гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй, зээлийн төлбөрөө төлөөгүйгээс үүссэн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй. Иймд гэрээ цуцлагдсан тул гэрээний үүрэг шаардах эрхгүй гэх давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлал үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул давж заалдах шатны шүүхийн 1676 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь хариуцагч Монгол мах экспо ХХК, Бишрэлт пропертиз ХХК, Веллмарт ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,178,607,980.57 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Монгол Мах Экспо ХХК-аас 32,178,607,980 төгрөг 57 мөнгө гаргуулж, нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д олгож, хариуцагч Монгол Мах Экспо ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний зээлийн барьцаанд барьцаалсан эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 29,949,426,744.31 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Монгол мах экспо ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч хариуцагч нар нэхэмжлэлийн үнийн дүнг зөвшөөрч, уг хүсэлтээ шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагч Бишрэлт пропертиз ХХК-ийн хүсэлтэд: Монгол Улсын Хөгжлийн Банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Мах Экспо ХХК, Бишрэлт Пропертиз ХХК болон Веллмарт ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Манай Бишрэлт Пропертиз ХХК нь Монгол Улсын Хөгжлийн Банк ХХК-аас хяналтын журмаар гаргасан гомдолд дурьдсан үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Харин дээрх зээлийг төлж барагдуулахдаа манай Бишрэлт Пропертиз ХХК нь 2017 оны 11-р сарын 15-ны өдөр Б-ММЭ-ҮХ 2017-192 дугаар бүхий Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу барьцаанд буй Бишрэлт Пропертиз ХХК-ийн өмчлөлийн хөрөнгүүдээс хөрөнгийн үнэлгээний дүнд үндэслэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хангуулахаар шийдвэрлэснийг үүгээр илэрхийлж байна. гэжээ.

 

Хариуцагч Монгол мах экспо ХХК-ийн хүсэлтэд: Монгол Улсын Хөгжлийн Банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Мах Экспо ХХК, Бишрэлт Пропертиз ХХК болон Веллмарт ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Манай Монгол Мах Экспо ХХК нь Монгол Улсын Хөгжлийн Банк ХХК-аас хяналтын журмаар гаргасан гомдолд дурьдсан үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгааг үүгээр илэрхийлж байна. гэжээ.

 

Хариуцагч Веллмарт ХХК-ийн хүсэлтэд: Монгол Улсын Хөгжлийн Банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Мах Экспо ХХК, Бишрэлт Пропертиз ХХК болон Веллмарт ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг хүрүүлж байна. Манай Веллмарт ХХК нь Монгол Улсын Хөгжлийн Банк ХХК-аас хяналтын журмаар гаргасан гомдолд дурьдсан үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгааг үүгээр илэрхийлж байна. гэжээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хүсэлт нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заажээ.

 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хариуцагч нар нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хариуцагч нар нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч, хяналтын гомдлоосоо татгалзсан тул зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/01826 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1676 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч Монгол мах экспо ХХК, Бишрэлт пропертиз ХХК, Веллмарт ХХК нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 32,178,607,980.57 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч нар зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 11,303,856.18 төгрөг, хариуцагч Монгол Мах Экспо ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 3,349,733 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН