Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/284

 

 

2023          08             02                                  2023/ШЦТ/284

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбахишиг

Улсын яллагч Т.Төгөлдөр

Хохирогч Г.Г

Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Эт холбогдох эрүүгийн 2325000000306 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Дулааны цахилгаан станцын зуухны хэсэгт зуух цэвэрлэгээний хэсгийн ахлагч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сум, Яргуйт баг, Толгодын 21-57 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн,

Боржигон овогт Амарсанаагийн Э /РД:ФД88012411/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Э нь 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот багийн нутаг 6-2 дугаар байрны гадна хохирогч Г.Гтой үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа 3 удаа цохиж эрүүл мэндэд нь дээд урууланд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

    Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч А.Эын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,    

-хохирогч Г.Гмэдүүлсэн: Зодуулах үед дээд нэг шүдний паалан хагарсан. Би 4 шүдээ Солонгост хийлгэж байсан. 2 талын шүдэнд бэхэлдэг юм билээ. Гэтэл нэг талын бэхэлгээ суларсан. Эмчид үзүүлэхэд бүгдийг нь дахин хийх шаардлагатай гэсэн. 14 хоног ажилдаа явж чадаагүй. Нүүр хавдартай байсан. Үргэлжлүүлээд ээлжийн амралтаа авсан. Одоо шүдний эмчилгээний төлбөр, ажилгүй байсан 14 хоногийн хугацааны цалин, эм эмчилгээний зардал нийт 8,948,000 төгрөг нэхэмжилж байгаа. Тэгээд бас хэлэхэд, ажил дээр яриад яваад байх шаардлагагүй гэж хэлмээр байна гэх мэдүүлэг,

 

     эрүүгийн 2325000000306 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан,талуудаас шинжлэн судалсан:

-хохирогч Г.Гмэдүүлсэн ... Миний бие 2023 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 08 цагт ажлаасаа суугаад ажлын газрын залуу Галхүү, Ганзориг, Балжинням нарын хамтаар Ганзоригийн гэр болох Яргуйт багт байдаг гэрт нь 1 литрийн архи хувааж уугаад город орж ирэх гээд явж байхад манай ажпын газрын Э гэх залуу миний гар утас руу залгаад ажил яриад уурлаад байсан. Тэгээд намайг хаана байгаа талаар асуухад нь би Согоот баг 6-2 дугаар байрны гадаа байна гэж хэлсэн. Тэгтэл удалгүй Э хүрч ирээд “чи муу хэзээ ийм болчихсон юм” гэж хэлээд миний нүүр лүү гараараа цохисон.Би зөрүүлээд Эыг хальт цохитол Этай хамт ирсэн танихгүй залуу нь хамт нийлээд намайг зодож эхэлсэн. Би нүүрээ хамгаалаад доош тонгойсон. Тэгээд миний уруул болон хамраас цус гарсан. Э болон тухайн залууг Галхүү салгасан. Би өөрийнхөө гар утсаар бичлэг хийсэн. Тэгээд байж байтал удалгүй манай эхнэр болон аав зодоон болсон газар ирсэн. Тэгээд миний бие цагдаад өргөдөл гаргаж шалгуулахаар болсон юм.... Эхлээд Э ямар ч байсан миний уруул руу цохисон тэгээд нөгөө залуу нь хажуунаас нь ирээд миний бөгс цээж нурууны хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Би өглөө ажлаас буусан болохоор нойргүй яваад архи уугаад нэлээн муудсан байсан. Э өмнө нь 2020 оны ойролцоо надтай хамт архи ууж байгаад миний нүүр лүү цохиж зодож байсан. Би тухайн үед нь нэг газар ажилладаг гэдэг утгаар цагдаад дуудлага өгч шалгуулаагүй. А.Э манай цехийн бригадын даргаар ажилладаг... Миний бие шүдний зураг 35,000 төгрөгөөр авхуулсан, эм тарианы мөнгө 513,000 төгрөг нийт баримтаар 548,000 төгрөгийг, мөн 14 хоног ажилгүй байсны цалин 1,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн үед зодоон болоход Э миний баруун дээд хиймэл соёоны гадна талын паланг нь хагалчихсан үүнийг засаж янзлуулахад миний үүдэн 6 хиймэл шүдийг хамтад нь янзлахгүй бол болохгүй гэж “Эрдэнэ Дент” эмнэлгийн эмч тодорхойлолт хийж өгсөн. Үүний дагуу би хиймэл шүдээ янзлуулах 6,900,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Нийтдээ 8.948,000 төгрөгийг Эаас нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг /хх-н 6-8-р тал/

 

-хохирогч Г.Гнийгмийн даатгалын лавлагаа, эмийн зардлын E  баримтууд, шүдний эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 17-20-р тал/

 

- Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05-р сарын 15-ны өдрийн 417 дугаартай...Г.Гбиед дээд урууланд шарх, духанд зулгаралт, зүүн нүдний урд булан, баруун хөлийн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээд урууланд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Духанд зулгаралт, зүүн нүдний урд булан, баруун хөлийн гуянд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-н 25-27-р тал/

 

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 33-35-р тал/

-Шүүгдэгч А.Эын яллагдагчаар мэдүүлсэн... 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хамт ажилладаг Галсандоржтой үл ялих зүйл дээрээс болж маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж гэмтэл учруулсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй. Хэргийн талаар маргаан байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 43-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч А.Э нь 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот багийн нутаг 6-2 дугаар байрны гадна хохирогч Г.Гтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа 3 удаа цохиж эрүүл мэндэд нь “дээд урууланд шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

      

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирлын баримт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч А.Эын үйлдлийн улмаас Г.Гбиед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Г.Галсаэндоржийн мэдүүлсэн... Тэгтэл удалгүй Э хүрч ирээд “чи муу хэзээ ийм болчихсон юм” гэж хэлээд миний нүүр лүү гараараа цохисон би зөрүүлээд Эыг хальт цохисон тэгтэл Этай хамт ирсэн танихгүй залуу нь хамт нийлээд намайг зодож эхэлсэн. Би нүүрээ хамгаалаад доош тонгойсон. Тэгээд миний уруул болон хамраас цус гарсан. Э болон тухайн залууг Галхүү салгасан..... гэх мэдүүлэг, Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05-р сарын 15-ны өдрийн 417 дугаартай...Г.Гбиед дээд урууланд шарх, духанд зулгаралт, зүүн нүдний урд булан, баруун хөлийн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээд урууланд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Духанд зулгаралт, зүүн нүдний урд булан, баруун хөлийн гуянд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл ,эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

 

         Шүүгдэгч А.Эын, хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч А.Э нь 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн орчимд хохирогч Г.Гтой үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа 3 удаа цохиж эрүүл мэндэд нь “дээд урууланд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эмчлилгэний төлбөр 548,000 төгрөг гаргуулах саналтай гэж,

- шүүгдэгч  өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ. Гэм буруугаа хүлээж байна. Миний буруу. Эмчилгээний төлбөр 548,000 төгрөгийг төлнө гэж тус тус дүгнэлт гаргасан.      

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,       

    шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, хэргийн нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч эм, эмчилгээний болон бусад зардал, ажилгүй байсан хугацааны цалин нийт 8,948,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч хохирогчид учирсан эм эмчилгээний төлбөрт нийт 548,000 төгрөгийг шүүх хуралдааны үед бүрэн төлсөн байна.

Хохирогчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 1,500,000 төгрөгийн шаардлагыг нотлох баримт болох эмнэлгийн магадлагаа, ажил олгогчоос олговол зохих болон олгосон цалингийн хэмжээ зэрэг баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх Иргэний хуульд заасны дагуу цалингийн зөрүүг тооцох боломжгүй байна.

Түүнчлэн “Эрдэнэ Дент” эмнэлгийн эмчийн тодорхойлолтыг үндэслэн хиймэл шүдээ янзлуулах зардал 6,900,000 төгрөг нэхэмжилснийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь шинжээчийн дүгнэлтэд шүдний гэмтлийн талаар дурдаагүй, үзлэгээр гэмтэл илрээгүй байна.

Иймд хохирогчийн нэхэмжлэлийн 8,400,000 төгрөгний хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч шүүгдэгчийн үйлдлийн улмаас хиймэл шүдээ дахин хийлгэх шаардлагатай болсон, эсхүл дахин хийлгэсэн болохоо баримтаар нотолж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заалаа.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай гэж,

.-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Би ээлжийн амралтаа аваад Солонгос явж ажилладаг. Энэ удаа УБ хотод ажил хийхээр тохирсон байгаа. Торгох ял оногдуулна уу гэж тус тус санал гаргасан.

Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн тухайд: Шүүгдэгч, хохирогч нарын бие биенээ харилцан хүндэтгэх, ажил, амин хувийн асуудлыг ялгаж салгах, ажлын шаардлага ёс зүйн хэм хэмжээг ойлгож ухамсарлах ухаарал хангалтгүй, шалтгаангүй архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, нийгэм, олны дунд биеэ бүдүүлэгээр авч явдаг, бусдын эрх ашгийг үл ойшоодог бие хүний төлөвшилгүй байдал нөлөөлсөн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Амарсанаагийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  4 /дөрвөн/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8,400,000 төгрөгний хэсгийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ