Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2020/01103

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        04         27                                          181/ШШ2020/01103         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Бман ХХК ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Авен ХХК

Хариуцагч: Э.А нарт холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 25 838 890 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, өмгөөлөгч Д.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Бман ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Авен ХХК нь 2019 оны 04 сарын 26 ны өдөр 1 мерт өрөмдлөгийг 4300 төгрөгөөр тооцон өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлэхээр манай компанид захиалга өгсөн. Уг ажлын захиалгын дагуу манай компани Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд байрлах Таван Толгой ХК-ийн талбайд 2019.04.28-ны өдрөөс 2019.05.09-ны өдрийн хооронд 4290 метр, 2019.05.14-с 2019.05.17-ны хооронд 1223 метр, 2019.05.20-ны өдрөөс 2019.05.24-ны өдрийн хооронд 3 блок газар, нийт 6393 метр өрөмдлөгийн ажил хийж захиалагч талд хүлээлгэн өгсөн. Нийт ажлын хөлс НӨАТ-гүйгээр 27 489 900 төгрөг болсноос 4 000 000 төгрөгийг Авен ХХК төлсөн боловч үлдэгдэл төлбөр болох 23 489 900 төгрөгийг одоог хүртэл манай талд шилжүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс анх гэрээ байгуулахдаа үнийн дүнг НӨАТ ороогүй дүнгээр тохиролцсон боловч одоо НӨАТ орсон дүнгээр буюу 25 838 890 төгрөгийг нэхэмжилж байна.

Авен ХХК нь гэрээний дагуу хийж гүйцэтгүүлсэн ажпын хөлсөө одоог болтол бүрэн төлөхгүй, үйл ажиллагаа нь тогтвортой явагдаж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа учраас тус компанийн захирал Э.А-ээс ажлын хөлсөө гаргуулан авах эрхтэй гэж үзэж байна. Иймд ажлын гүйцэтгэлийн хөлс болох 25 838 890 төгрөгийг Авен ХХК, тус компанийн захирал Э.А нараас тэнцүү гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. 

Хариуцагч Авен ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Таван толгой ХК-ийн талбайд 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 05 сарын 17-ны хооронд 1223 метр, мөн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 24-ний хооронд 3 блок газар ажил гүйцэтгэсэн гэж байна. Хэргийн материалаас харахад 7, 9 дүгээр талд “захиалагч тал: Энгүүмэл аргун” гэсэн байна. Энгүүмэл аргун ХХК нь манай Авен ХХК-тай ямар ч хамаарал байхгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд нотлох баримтын талаар тодорхой зааж өгсөн. Тиймээс хавтас хэргийн 7 дугаар талд байгаа баримт нь эх хувь биш, зураг дарсан учир энэ нь үнэлэх боломжгүй. Тиймээс 7, 9 дүгээр талд байгаа баримтыг манай талаас хүлээн зөвшөөрөхгүй. 8 дугаар талд байгаа актын хувьд хүлээн зөвшөөрч байгаа. Ажил хийлгэсэн нь үнэн. Тооцоо нийлсэн актын тухайд захирал нь эхнэртэйгээ ярилцаагүйгээр гарын үсэг зурсан. Бодит байдал дээр тооцоо нийлсэн зүйл огт байдаггүй, ярьж байгаад гарын үсэг зурсан байдаг. Тиймээс ярилцаад зурсан гэсэн нь үнийн дүнгээс хасагдах ёстой гэж харж байна. Тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү гэсэн учир компанид холбогдох хэсгийг бид хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч В.А  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлдбартаа: Э.А-д холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлд гүйцэтгэх захирал гэж байгаа. Гүйцэтгэх захирал нь компанийг төлөөлж гарын үсэг зурж байгаа. Иргэний хуулийн 63 дугаар зүйлд заагдсан байна. 63.2-д төлөөлөгч төлөөлүүлэгчээс гаргасан бүрэн эрхийн хүрээнд түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэсэн. Тиймээс Э.А гэх хүн компанийг төлөөлж гарын үсэг зурсан болохоос компанийг төлөөлж хариуцлагыг хүлээх үндэслэл байхгүй гэв.

                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Бман ХХК нь хариуцагч Аргунвенчурс ХХК, Э.Анарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 25 838 890 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           

            Авен ХХКнь 2019 оны 04 сарын 26-ны өдөр Бман ХХК-тай Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд байрлах Таван Толгой ХК-ийн талбайд 1 мерт өрөмдлөгийг 4 300 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохиролцож талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч Авен ХХКнь гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар, хариуцагч Э.Ань ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг төлөх үүрэг үүсээгүй гэж тус тус маргаж байна.

 

Гүйцэтгэгч Бман ХХК нь 2019.04.28-ны өдрөөс 2019.05.09-ны өдрийн хооронд 4290 метр, 2019.05.14-ний өдрөөс 2019.05.17-ны өдрийн хооронд 1223 метр, 2019.05.20-ны өдрөөс 2019.05.24-ний өдрийн хооронд 3 блок газар, нийт 6393 метр өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж, захиалагч Аргунвенчурс ХХК-д хүлээлгэн өгч, захиалагч Авен ХХКнь ажлын хөлс 27 489 900 төгрөгийг төлөхөөс 4 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 23 489 900 төгрөгийн төлбөрийг төлөөгүй болох “Өрөмдлөгийн ажил хүлээлцсэн акт” /хх-8-9х/, “Тооцооны үлдэгдэлийн баталгаа” /хх-10х/, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Аргунвенчурс ХХК-ийн захирал Э.Ань “Тооцооны үлдэгдэлийн баталгаа”-нд гарын үсэг зурж, компанийн тамгыг дарсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “захирал эхнэртэйгээ ярилцаагүй, нягтлан бодох бүртгэлийн баримтуудыг тулгаж үзэлгүйгээр гарын үсэг зурсан” гэх тайлбар нь тооцоо нийлсэн актыг болон гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг үгүйсгэх үндэслэл болохгүй байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу ажлын хөлсийг НӨАТ-гүйгээр тохиролцсон нь гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцнэ.

 

Ажлын хөлсийг төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд НӨАТ-ын нэмж төлөхөөр талууд гэрээгээр тохиролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хуульд НӨАТ-ыг хариуцлагын үүрэг байхаар зохицуулаагүй тул Бман ХХК нь ажлын хөлсийн үлдэгдэл төлбөрт НӨАТ тооцож нэхэмжлэх эрхгүй байна.

 

Иргэн Э.Ань гэрээний нэг тал биш, гэрээгээр үүрэг хүлээгээгүй талаар зохигч маргаагүй.

 

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасан. Компани ажлын хөлсөө төлөөгүй, үйл ажиллагаа нь тогтвортой явагдаж байгаа эсэх нь тодорхойгүй гэх үндэслэл нь хувьцаа эзэмшигчээс компанийн төлбөрийг шаардах хууль зүйн үндэслэл болохгүй юм.

 

Иймд Авен ХХК-иас ажлын хөлс 23 489 900 төгрөгийг гаргуулж “Бман” ХХК-д олгож, “Бман ХХК-ийн нэхэмжлэлээс 2 348 990 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг болон иргэн Э.А-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Авен ХХК -иас 23 489 900 /хорин гурван сая дөрвөн зуун наян есөн мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бман ХХК -д олгож, нэхэмжлэлээс иргэн Э.А-д холбогдох хэсэг болон 2 348 990 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Бман ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 144 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Авен ХХК -иас 275 399 /хоёр зуун далан таван мянга гурван зуун ерөн есөн/ төгрөгийг гаргуулж Бман ХХК -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ОЮУНТУЯА