Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/289

 

 

 2023         08            04                                  2023/ШЦТ/289

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбахишиг

Улсын яллагч Т.Төгөлдөр

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дт холбогдох эрүүгийн 2325000000368 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ШУТИС- ийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, аав, ээжийн хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн 1-15-52 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Бурдууд овогт Баярын Д /РД:ФД02290913/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны шөнийн 02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "W" нэртэй баарны гадна Б.Амаргалдаж, улмаар хохирогч М.А нь салгах гэхэд нүүрэн тус газарт нь цохиж хохирогчийн эрүүл мэндэд  хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч Б.Дын мэдүүлсэн: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

 

       Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:

-хохирогч М.Амэдүүлсэн... 2023 оны 07 дугаар сарын 09-ний шөнө 23 цаг 40 минутын орчим найз О хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "W" нэртэй бааранд орсон. Отгонцэцэг бид хоёр бааранд ороод бүжиглэнгээ хүний 2, 2 ширхэг пиво уусан. Шөнийн 02 цагийн үед баарнаас гарах үед цүнхээ шалгатал миний гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь баарнаас гарч сүүлд танилцсан эрэгтэйгээс утсаа асуух гээд очтол тэр эрэгтэйтэй маргалдж байсан урт үстэй, согтуу эрэгтэй миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Тэр эрэгтэйд хамар руугаа цохиулсны дараа миний хамарнаас цус гарч маш их өвдсөн. Мөн маргааш нь "W" нэртэй бааранд утсаа хайгаа очтол би утсаа бааранд орхисон байсан. Миний хамар хугарсан байдалтай байна. Миний хамар руу цохисон урт үстэй эрэгтэйг урьд өмнө харж байгаагүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 9-р тал/

 

-гэрч Б.О мэдүүлсэн... 2023 оны 07 дугаар сарын 09-ний шөнө 23 цаг 45 минутын орчим найз Анужингийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багт үйл ажиллагаа явуулдаг "W" бааранд орсон. Бааранд ороод Анужин бид хоёр ганц нэг шил пиво уусан ба Анужин нэлээнт согтчихсон. Харин би биеэ авч явах чадвартай хэвийн байсан. Шөнө 02 цагийн үед баар хаах үеэр Анужин бид хоёр гэртээ харихаар болж цүнхээ автал дотор нь байсан Анужингийн iphone 11 маркийн гар утас алга болсон байсан. Анужин цүнхэндээ гар утсаа байхгүй байгааг мэдээд Амраа гэдэг залуугаас асуухаар намайг орхиод баарнаас түрүүлж гарч явсан. Удалгүй намайг араас нь гартал баарны гадна Амраа танихгүй урт үстэй эрэгтэйтэй маргалдсан байдалтай зогсож байсан ба Анужин Амраагийн дэргэд очсон. Энэ үед урт үстэй эрэгтэй Амрааг цохитол Анужин санаандгүй голоор нь ороод хамар руугаа цохиулчихсан. Анужин урт үстэй эрэгтэйд хамар руугаа цохиулсны дараа хамраас нь нэг хэсэг цус гараад байсан. Бас Анужин хамраа бариад өвдөөд байна гээд байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/

 

-гэрч Б.Сын мэдүүлсэн...Манай найз Д надад хэлэхдээ 2023 оны 07 дугаар сарын 10-ний шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагааг явуулдаг "W" баарны гадаа хүнтэй юм ярьж маргалдж байгаад санаандгүй голоор нь орж ирсэн танихгүй эмэгтэйн хамар руу гараараа цохиод хугалчихсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/

 

-гэрч  мэдүүлсэн... 2023 оны 07 дугаар сарын 10-ны шөнө 02 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багт үйл ажиллагаа явуулдаг “\Л/А\/Е” баарны гадна автомашины зогсоолны дэргэд хүнтэй юм яриад зогсож байтал нэлээн согтуу, урд үстэй, 20 орчим насны эрэгтэй баарнаас ганцаараа гарч ирээд над руу “чи хэн юм бэ, хөөе” гэх мэтээр орилж дайрсан. Энэ үед би уг эрэгтэйтэй маргалдсан ба удалгүй баарнаас найзын найз Анужин гэдэг зүс таних охин гарч ирээд надад би гар утсаа алга болгочихлоо гэсэн утгатай үг хэлээд дэргэд ирээд зогстол урт үстэй эрэгтэй гараараа над руу хажуугаас савж цохисон. Тэгэхээр нь би хойшоо алхтал миний дэргэд зогсож байсан Анужин гэх эмэгтэйн нүүр рүү цохисон. Үүний дараа Анужингийн хамраас цус гараад тогтохгүй байсан. Хэсэг хугацааны дараа Анужин миний хамар хугарчихсан юм шиг байна, өвдөөд цус гоожоод байна гээд цагдаа руу дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/

-Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 07-р сарын 21-ний өдрийн 614 дугаартай... М.Абиед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-н 18-21-р тал/

 

-Шүүгдэгч Б.Дын яллагдагчаар мэдүүлсэн... Надад Амараа гэх эрэгтэйтэй зодолдсон зүйл байхгүй. Дөнгөж маргалдаж эхэлж байсан чинь Анужин гэх танихгүй эмэгтэй дундуур орж ирээд нүүр рүүгээ цохиулчихсан. Би уг нь Амараа гэх эрэгтэйг цохих гэж байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Үйл баримт: Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны шөнийн 02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт "W" баарны гадна Б.Амаргалдаж байхдаа дундуур нь орсон М.Анүүрэн тус газарт нь цохиж биед нь “хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

      

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Б.Дын үйлдлийн улмаас М.Абиед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, Б.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно

 

         Шүүгдэгч Б.Д нь хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

          Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон, гэм буруугаа хүлээж, хохирогчид учирсан хохирлыг даруйхан төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

      

              2.Эрүүгийн хариуцлагын талаар.

     

      Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.            

        Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогч М.А нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна, эмчилгээний зардал 100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, шүүгдэгч “хохирлыг даруйхан төлнө” гэж илэрхийлсэн байх тул  шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохуулахаар заалаа.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                              ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даас 100,000 төгрөг гаргуулан хохирогч М.Ад олгуулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

      

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ