| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2023/0291/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/297 |
| Огноо | 2023-08-09 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/297
2023 08 09 2023/ШЦТ/297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг
Улсын яллагч Ж.Батбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн 2325000000330 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сум Дулаан-Уул багийн нутаг гэх газарт улсын дугаартай Тоёота кролла маркийн тээврийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж даваа өөд өгсөж явсан улсын дугаартай Зил-131 маркийн ачааны авто машиныг мөргөсөн зам тээврийн осол гаргасны улмаас улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Б нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч М.Бын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна.Маш харамсаж,болсон байдалд итгэхгүй байна гэх мэдүүлэг,
эрүүгийн 2325000000330 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан,талуудаас шинжлэн судалсан:
-Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл/ зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай /хх-ийн 9-р тал/
-Хэргийн газарт үзлэг хийсэн тухай... Зам тээврийн осол болсон гэх газар нь Орхон аймаг Жаргалант сумын Дулаан-Уул багийн Их хөшөөтийн даваа гэх газар байлаа. Үзлэгт замын зохицуулагч байцаагч Э.Б, ахлах шинжээч хошууч Ч.Гг нарыг оролцуулан зам тээврийн осол болсон гэх газарт үзлэг явуулахаар тогтов. Үзлэгийг зам тээврийн осол болсон газрыг гадна талаас эхэлж явуулахаар тогтов. Хэргийн газрын үл хөдлөх цэгээр “сэлэнгэ самбар” нэртэй шонг татав. Уг зам тээврийн осол болсон гэх газар нь ертөнцийн зүгээр баруун талаас зүүн тал руу өгсүүр замын эргэлттэй хэсэг байлаа. Замын зорчих хэсэг нойтон үзэгдэх орччин чөлөөтэй, замын нийт өргөн 7.20 метр, гэрэлтүүлэггүй байлаа.Замын зорчих хэсэгт улсын дугаартай Зил 131 загварын тээврийн хэрэгсэл, улсын дугаартай Тоёота королла загварын тээврийн хэрэгсэл хоорондоо мөргөлдсөн байлаа... гэх тэмдэглэл /хх-ийн 9-18-р тал/,
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хх-ийн 19-22-р тал/
-Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-23-р тал/
-Тээврийн хэрэгсэлүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-28-р тал/
-эд зүйл /эд мөрийн баримт/-ыг хураан авсан /жолооны үнэмлэх/ тэмдэглэл /хх-ийн 30-р тал/
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бгийн мэдүүлсэн...Мын Б, амь хохирогч Цын Б нар нь оюутан байхаасаа эхлэн 4 жил үерхэж хамт амьдарч байсан гэр бүлийн харилцаатай хүмүүс юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Мын мэдүүлсэн:.. 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Их хөшөөтийн даваа гэх газар даваа өгсөөд явж байсан юм. Тухайн даваа нь наад талдаа огцом эргэлттэй газар байсан чинь гэнэт өөдөөс суудлын жижиг тэрэг урсгал сөрч орж ирээд мөргөлдсөн юм. Осол болсны дараа нуруу өвдөөд хөдөлж чадахгүй байсан бөгөөд хэсэг хугацааны дараа машинаас хамт явсан хүнтэй хамт буугаад улсын дугаарыг нь тухайн уедээ анзаарч хараагүй, суудлын жижиг тэрэг дээр очоод жолоочийг нь гаргасан. Хаалга нь онгойхгүй юмаар хөшиж байж онгойлгосон бөгөөд жолооч нь ухаан балартсан байсан. Тухайн жолоочоос ахиад хүн байгаа эсэхийг асуухад миний хажууд нэг хүн байгаа гэж хэлэхээр нь машины нөгөө талд гарахад эмэгтэй хун байсан бөгөөд ямар ч хөдөлгөөнгүй, хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар нь нас барсан гэж ойлгосон. Тэгээд харъяа эмнэлэг,
цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би 2022 оны 06 дугаар сараас хойш 04-11 СБА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг 24.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод мөнгийг нь өөрийнхөө боломжоороо цувуулж өгч байсан юм. Тэгээд 2022 оны 11 дүгээр сард 04-11 СБА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хзрэгслийг өерийнхөө гар дээр хүлээн авч, 1 сая төгрөгийг үлдэгдэлтэй байж байгаад 2023 оны 05 дугаар сард осол болохоос өмнө шилжүүлж, төлбөр, тооцооны ямар нэгэн үлдэгдэлгүй болсон. 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд авто тэзврийн үзлэг оношлогоо болохоор байсан учир үзлэгт орж, нэрээ шилжүүлэхээр явах замдаа уг осол гарсан юм. Мөн Гнь миний найз бөгөөд төлбөр мөнгийг нь төлж дуусаагүй байсан учир өерийн нэр дээр шилжүүлэг хийгдээгүй байсан. Би осол болсны дараа 04-11 СБА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг ослын газраас Орхон аймгийн журмын хашаанд зөөвөрлөхөд 1,000.000 төгрөгийн зардал гарсан. Нийтдээ 25.000,000 төгрөг гарсан байна. Мөн дээр журмын хашааны мөнгө хэдэн төгрөгийг гарахыг хэлж мэдэхгүй байна. Би ослын шалтгаан нөхцөлийг нь ойлгоод 25.000.000 төгрөгөөс 20.000.000 төгрөгийг нь нэхэмжилж байна. Би сар болгон 1.500.000 төгрөг зээлэнд төлдөг. Уг машиныг авахын тулд зээл авсан байсан юм. 04-11 СБА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр ачаа бараа зөөж амьдралаа залгуулж байсан юм.....гэх мэдүүлэг /хх-ийн 48-50-р тал/
-гэрч Э.Гын мэдүүлсэн... 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн үед найз Мын хамт Орхон аймаг, Говил багт байх Даваа ахын хашаанд байсан ЗИЛ-131 маркийн 04-11 СБА улсын дугаартай машинаа аваад Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгон руу явахаар Орхон аймгийн төвөөс гарсан юм. ЗИЛ-131 маркийн 04-11 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг найз М жолоодож явсан. Ингээд Орхон аймгийн Жаргалант сумын хөшөөтийн давааруу өгсөж явсан чинь урдаас саарал өнгийн суудлын жижиг тэрэг урсгал сөрж орж ирсэн. Энэ үед М бид хоёр “хүүе урдаас машин ороод ирлээ” гэж хэлэхийн завдалгүй бид нарын машины урдаас ирээд мөргөсөн. Найз М машин ороод ирлээ гэж хэлээд машинаа баруун гар тал руу дарсан боловч уг суудлын жижиг тэрэг урдаас ирээд хоорондоо мөргөлдөж зогссон. Мөргөлдөх үед би урд салхины шилийг мөргөсөн. М машинаа унтраагаад бид хоёр машинаас буугаад харах үед уг суудлын жижиг тэрэг аймаар болчихсон, бидний машины доогуур орчихсон юм шиг харагдаж байсан, бид хоёр уг суудлын жижиг тэргийн жолооч талаар нь очих үед жолоочийн суудал дээр үл таних нэг залуу сууж байсан ба ухаангүй болсон юм шиг байхаар нь М бид хоёр жолоочийн хаалгыг онгойлгож би уг залууг гараараа татаж “зүгээр үү яасан бэ?” гэж хэлсэн чинь ухаан ороод ямар нэг зүйг хэлэхгүй байсан. Би уг залуугаас “хэдүүлээ явж байгаа юм бэ? өөр хүн байгаа юм уу?” гэж асуусан чинь хоёулаа явж байгаа гэж хэлсэн. Уг машины дотор талд байх эд зүйлсүүд нь урд хэсэгрүү шидэгдсэн урд талын суудал дээр хүн сууж байгаа эсэх нь харагдахгүй байхаар нь М бид хоёр машины дотор талд байсан эд зүйлсийг гаргаж байх үед жолооч талын эсрэг суудал дээр эмэгтэй хүн суусан машины эд ангид хавчуулагдаж, дарагдсан, хөдлөхгүй байсан. Энэ үеэс бидний хажуугаар өнгөрч явсан машин зогсоод дотроос нь нэг эмэгтэй гарч ирээд цагдаа болон түргэн тусламж дуудаж байсан... М нь ойролцоогоор 10-20 км цагийн хурдтай явж байсан байх сайн хараагүй.Бид хоёр Хөшөөтийн даваа руу Жаргалант сум талаасаа өгсөж явж байсан Баруун талын урсгалаар явж байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р тал/
-гэрч Б.Мын мэдүүлсэн:...2023 оны 05 дугаар ссарын 20-ны өдрийн орой 18 цагийн үед Ганбаатарын хамт Зил 131 маркийн 04-11 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Орхон аймгаас Сэлэнгэ аймгийн бугант тосгон руу явахаар гарсан. Ингээд Орхон аймгийн Жаргалант сумын Хөшөөтийн даваа руу өгсөж явтал давааны тойрог хэсэг дээр урдаас жижиг суудлын тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд хурдтай ороод ирсэн, энэ үед би тоормозоо гишгээд баруун гар тал руу жолооны хүрдээ дарсан боловч уг машинтай мөргөлдөж осол гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р тал/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 483 дугаартай... М.Бын биед зүүн мөрний үеэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Зүүн мөрний үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн гарын сарвуунд зулгаралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.... гэх дүгнэлт /хх-ийн 70-71-р тал/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаартай... .Амь хохирогч Цт овогтой Бын /рд:ИЭ01241302/ цогцост хийсэн задлан шинжилгээгээр гавал тархины ил гэмтэл, гавлын хүнхрээ ба суурь яс, нүүрний яснуудын үйрч бяцарсан хугарал, их тархины эдийн суурь хэсгийн няцрал, их тархи, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, хуйхны дотор гадаргууд цус хуралт, зүүн шанаа, зүүн чихний гэдсэнд шарх, зүүн гарын атгаал ясны ил хугарал, баруун гарын бугалга, 2 ташаа, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, нүүр, зүүн мөр, бугалга, шуу, 2 гарын сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь хатуу зүйлийн, нидрэгдэх, цохих, цохигдох хүчний үйлчлэлээр, олон удаагийн үйлчлэлээр, ямар ч байрлалд байхад үүсгэгдэх боломжтой шууд үхэлд хүргэсэн шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас барсан байх тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Амь хохирогчид үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас барсан... гэх дүгнэлт /хх-ийн 76-82-р тал/
-2023 оны 06 дугаар арын 08-ны өдрийн дугаартай ... 2023 оны 06 сарын 08-ны өдрийн Орхон аймгийн Замын цагдаагийн тасгийн 40/05-326 дугаартай албан бичиг Бын М нь “В” ангилалтай , Мын Б нь “В” ангилалтай нар нь жолоодох эрхийн үнэмлэх нь хүчинтэй байна. “Тоуоtа Соrollа” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5.3амын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт. шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино. 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймаг Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг дэвсгэр Их хөшөөтын давааны орчимд “3ил-131 маркийн 04-11 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Б.Мыг даваа өгсөж явахад нь “Тоуоtа Соrollа” маркийн 22-02 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Б нь эсрэг урсгалд орж зам тээврийн ослын улмаас “Тоуоtа Соrollа” маркийн 22-02 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 22 настай Ц.Бын амь нас хохироосон гэж үзэхээр байна... гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 84-85-р тал/
-Тоёота королла аксио тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн118-121-р тал/
-“Ашид билгүүн” ХХК-ний 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 363 дугаартай “Зил131 автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээ 7,351,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 130-132-р тал/
-Орхон аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 19 дугаартай”.... улсын дугаартай Зил131 авто тээврийн хэрэгслийн деталь хэсгүүдийг засварлаж гэмтлийн үнэлгээ тогтоох дахин ашиглах боломжтой гэж үзлээ” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 138-144-р тал/
-Орхон аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаартай”... Тоёота королла аксио140 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварлах дахин ашиглах боломжгүй.Улсын бүртгэлээс хасуулах нь зүйтэй...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 151-158-р тал/
-шүүгдэгч М.Бяллагдагчаар мэдүүлсэн... 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр эхнэр Ц.Бын хамтаар Улаанбаатар хотоос Орхон аймагт ирж хоёр хоноод Хөвсгөл аймагт аав, ээж дээрээ хоночихоод цаашаагаа хадав аав, ээжийнхээ гэр болох Завхан аймагт очих зорилготой явж байсан юм. Би тухайн өдөр өөрийнхөө эзэмшлийн “Тоуоto Axio” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ явж байгаад Орхон аймаг Жаргалант сумын их Хөшөөтийн даваа уруудаж явтал эргэлт таарахаар нь тормоз гишгэтэл машин гулгаж эсрэг урсгал руу орсон. Нэг сэрээд хартал машинтай мөргөлдсөн байсан. Тэгээд машинаасаа буусан. Эхнэр маань миний хажууд буюу урд суучихсан явсан. Эхнэрийгээ хартал хамарнаас нь цус гарсан байдалтай ухаангүй байх шиг харагдсан. Би тухайн үед айж сандараад балмагдаад эхнэрийгээ дуудаад гарыг бариад автал гар нь бүлээхэн байсан. Хэсэг хугацааны дараа онцгой байдал, эмнэлэг, цагдаагийн алба хаагч нар ирсэн. Эхнэрийг алба хаагч нар машинаас буулгасан. Тэгээд шууд Орхон аймгийн эмнэлэг дээр ирцгээсэн. Даваа уруудаж явахад хоёр эргэлт байсан, гурав дахь эргэлт нь огцом эргэлт байсан учраас бага хурдтай л явсан. Яг хэдэн км цагийн хурдтай явсан талаар санахгүй багцаалдвал 40 орчим км цагийн хурдтай явсан. Тухайн үед бороо орж байсан учраас хурдтай явах боломжгүй. Би 2018 онд Хөвсгөл аймагт Батлан хамгаалахын туслах нийгэмлэгийн жолооны курсыг төгссөн. Би өөрийнхөө Тоуоto Axio маркийн улсын дугаарын тээврийн хэрэгслийг 2 жил барьж байна. Жолоо барих эрхийн үнэмлэхтэй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Би эхнэрийнхээ буяны ажилд аав, ээж, ах дүү нарынхаа хамтаар Завхан аймаг руу явж оролцсон. Талийгаачийн аав, ээж буюу хадам аав, ээжид манай аав, ээж хоёр оршуулгын зардал мөнгийг өгсөн. Зам тээврийн осол миний буруутай үйлдлийн улмаас болсон гэж үзэж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ санаатайгаар замын осол гаргаагүй. Осол гарсанд их харамсаж байна, надад маш их хэцүү байна. …гэх мэдүүлэг /хх-ийн 93-95-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч М.Б нь 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн орчим Орхон аймгийн Жаргалант сум Дулаан-Уул багийн нутаг Их хөшөөтийн даваа гэх газарт улсын дугаартай Тоёота кролла маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хамтран амьдрагч Ц.Бын хамт зорчиж явахдаа эсрэг урсгалд орж өөдөөс өгсөж явсан Б.Мын жолоодсон “3ил-131” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осол гаргасны улмаас Ц.Б нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас барж, Э.Грын “3ил-131” маркийн улсын дугаартай автомашинд 7,351,000 төгрөгийн хохирол учирчээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл бэхжүүлсэн гэрэл зураг, ослын газрын зураглал,хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт,тээврийн хэрэгслүүд болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл,мөрдөгчийн магадлагаа зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч М.Бүйлдлийн улмаас Ц.Бын амь нас хохирч, Э.Ганбаатарын эзэмшлийн “3ил-131” маркийнулсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 7,351,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Батзаяагийн... Мөнх-Очирын Б, амь хохирогч Ц Б нар нь оюутан байхаасаа эхлэн 4 жил үерхэж хамт амьдарч байсан гэр бүлийн харилцаатай хүмүүс юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байхгүй....” гэх мэдүүлэг, гэрч Б.Мын мэдүүлсэн.... Орхон аймгийн Жаргалант сумын Хөшөөтийн даваа руу өгсөж явтал давааны тойрог хэсэг дээр урдаас жижиг суудлын тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд хурдтай ороод ирсэн, энэ үед би тоормозоо гишгээд баруун гар тал руу жолооны хүрдээ дарсан боловч уг машинтай мөргөлдөж осол гарсан... жолоочийн эсрэг талын суудал дээр нэг эмэгтэй хүн байсан. Уг хүн ямарч хөдөлгөөнгүй машины кабин хэсэгт дарагдсан, дээрээс нь том машины гупер төмөр дарсан байдалтай байсан...гэх мэдүүлэг, гэрч Э.Гын мэдүүлсэн.....Ингээд Орхон аймгийн Жаргалант сумын хөшөөтийн давааруу өгсөж явсан чинь урдаас саарал өнгийн суудлын жижиг тэрэг урсгал сөрж орж ирсэн, энэ үед М бид хоёр “хүүе урдаас машин ороод ирлээ” гэж хэлэхийн завдалгүй бид нарын машины урдаас ирээд мөргөсөн...гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 483 дугаартай... М.Ббиед зүүн мөрний үеэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Зүүн мөрний үеэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн гарын сарвуунд зулгаралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. ...гэх дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаартай... .Амь хохирогч Ц овогтой Бын цогцост хийсэн задлан шинжилгээгээр гавал тархины ил гэмтэл, гавлын хүнхрээ ба суурь яс, нүүрний яснуудын үйрч бяцарсан хугарал, их тархины эдийн суурь хэсгийн няцрал, их тархи, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, хуйхны дотор гадаргууд цус хуралт, зүүн шанаа, зүүн чихний гэдсэнд шарх, зүүн гарын атгаал ясны ил хугарал, баруун гарын бугалга, 2 ташаа, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, нүүр, зүүн мөр, бугалга, шуу, 2 гарын сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь хатуу зүйлийн, нидрэгдэх, цохих, цохигдох хүчний үйлчлэлээр, олон удаагийн үйлчлэлээр, ямар ч байрлалд байхад үүсгэгдэх боломжтой шууд үхэлд хүргэсэн шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас барсан байх тул гэмтлийн зэрэг тогтоохгүй... гэх дүгнэлт, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Орхон аймгийн автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэг, шинжээчийн дүгнэлтүүд, ослын шалтгааны талаар тогтоосон мөрдөгчийн магадлагаа, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.
Зам тээврийн ослын шалтгааны талаар мөрдөгчийн тогтоосон 2023 оны 06 сарын 08-ны өдрийн Орхон аймгийн Замын цагдаагийн тасгийн 40/05-326 дугаартай ....Бын М нь “В” ангилалтай Мөнх-Очирын Б нь “В” ангилалтай 1235408 нар нь жолоодох эрхийн үнэмлэх нь хүчинтэй байна гэх. “Тоуоtа Соrollа” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5.3амын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт. шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино. 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан байна....гэх магадлагаа, ослын газар хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтыг шүүгдэгч М.Б нь танилцсан ба гомдол гаргаагүй, хэргийн үйл баримтын талаар маргаагүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.БЗамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдлөгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл болон хохирогч нас барсан байдлын хоорондхи шууд шалтгаант холбоотой байдал нь шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэл болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч М.Ббуруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн болгоомжгүй гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд: Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа. Хохирогчид оршуулгын зардал 18,000,000 төгрөг төлсөн. Иргэний нэхэмжлэгч 7,300,000 төгрөг төлнө. Холбогдож чадахгүй байна гэж,
Шүүгдэгч:Хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маш их харамсаж байна гэж тус тус дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
-хэрэгт авагдсан шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
- шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, эд хөрөнгийн хохирол төлөгдсөн, шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэж, ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар тэнсэх гэж,
- шүүгдэгчийн өмгөөлөгч:хуульд заасан доод хэмжээгээр тэнсэнэ үү гэж тус тус санал гаргасан байна.
Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Шүүгдэгч М.Бгэм буруутай үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирч, иргэний нэхэмжлэгч Б.Мын эд хөрөнгөд 7,351,000 төгрөгийн хохирол учирсан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Батзаяа шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн ба оршуулгын зардал 18,000,000 төгрөг бүрэн төлөгдсөн байна.
Шүүгдэгч М.Бас нь иргэний нэхэмжлэгч Б.Мын тээврийн хэрэгсэлд учирсан хохирол төлбөр болох нийт 7,351,000 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Мын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасаж, хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг,7.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг мэдэгдсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар М.Бд оногдуулсан эрх хасаж, тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Бас 7,351,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.М/ Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо Нарны зам хоргооллын 74-87 тоот, ФА92101951/-д олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч,тэдгээрийн өмгөөлөгч,төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ