Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2020/00085

 

 

 

 

 

 

 

                      2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2020/00085

          Төв аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, Б.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А. Ш-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Ж-д холбогдох

Нэр төрөө сэргээлгэх, хариуцагчид уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээлгэх, бусад зардалд 400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, хариуцагч С.Ж, гэрч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“А.Ш намайг айлын 2 эр үхэр хулгай хийж махны ченжэд өгөх гэж байгаад эзэнд нь баригдсан гэж Баян-Өнжүүл сумын Бүрд багийн айл өрх, Сэргэлэн сумын Бөхөгийн го орчмын айл өрхөөр худал мэдээлэл тарааж миний нэр хүндэд ноцтой хандлаа. Нэрийг нь бүтэн нэрээр нь сайн мэдэхгүй С.Мөөгий, Ч.Цагаан нар энэ талаар С.Жаргалсайханаас сонссон гэж манай ах дүү болох М.Ганбаатар, Д.Мөнхчулуун нарт хэлсэн байна. Би 2019 оноос 9 дүгээр сарын 28-ны өдөр С.Ж-тай уулзахаар гэрт нь очиход эхнэр Л.Ганцэцэг нь манайд хүн ирж ярьсан, манай айлын М.Баттулга түүний эхнэр бид 4 сонссон. Хэн хэлснийг нь хэлээгүй. Мөн 2-3 хүнд хэлснээр хүлээн зөвшөөрсөн. Нөхөр С.Ж эзгүй байсан уулзуулаарай гэсэн одоо хүртэл ирж уулзаагүй. Би 2200 сонгогчтой Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 44 ажилтантай албан газрын дарга хүн. Гэтэл С.Ж ямар нэгэн баримт нотолгоогүй зүйлээр миний нэр төрд халдсанд гомдолтой учир нэр төрөө сэргээлгэх, хариуцагчид уг мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр няцаах үүрэг хүлээлгэх, сэтгэл санаа, унаа бусад зардалд 400,000 төгрөг гаргуулах хүсэлттэй байна” гэжээ.

Хариуцагч С.Ж нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“С Жминий бие нь 9 сард Төв аймгийн Дэнжид байдаг М ахын гэрт очсон болно. Гэрт очоод хууч хөөрч ярьж сууж байхад М

ах Ш танайд очсон гэсэн дээр говийн айлын нүүж явсан малаас 2 үхэр хулгай хийж хатан дээр зарах гэж байгаад баригдаад нөгөө хүмүүст нь зодуулсан гэсэн. Нүүр ам нь гайгүй байна уу? гэж асуусан. Надаас тэгэхээр нь би мэдэхгүй үхэр сураглаж явсан гэж хэлсэн. Тэгээд тэднийхээс гараад гэртээ ирсэн. Тэгээд хажуу айлын хүмүүс болох

Тулга, Мөнгөө, Мөөгий гэх 3 хүнд сонин болгож Мягмар ахынд очсон чинь Ш гуай нүүдлийн айлын 3 үхэр хулгай хийж зарж байгаад баригдаад зодуулсан гэнэ надаас нүүр ам нь гайгүй байна уу гэж асууж байна гэж ярьсан болно. Тийм болохоор би энэ хүний талаар яриагүй болно. Мөн хүнээс сонссон яриаг хажуу айлын хүндээ сонин болгож ярьсан болно” гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Ш нь хариуцагч С.Ж-д холбогдуулан нэр төрөө сэргээлгэх, хариуцагчид уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гаргасан шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусад зардалд 400,000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 -т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар нэхэмжлэгч тал нь нэр төр сэргээлгэх, уг мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр няцаах үүрэг хүлээлгэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч тал нь 400,000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч А.Ш-д төлж барагдуулах нөхцөлөөр талууд харилцан тохиролцож, эвлэрэх хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болохоор заасан.  

Зохигч талуудын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдын эвлэрэн хэлэлцсэн шаардлагын хэмжээгээр зохигчдод хуваарилан шийдвэрлэлээ.

Энэ тогтоол хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус мэдэгдвэл зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар нэхэмжлэгч А.Ш нь нэр төр сэргээлгэх, уг мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр няцаах үүрэг хүлээлгэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч С.Ж нь сэтгэл санааны хохиролд 400,000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч А.Ш-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А.Ш-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ж-аас улсын тэмдэгтийн хураамжид 6,325 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ш-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ЦОЛМОН

                                           ШҮҮГЧИД                         Д.МӨНХБҮРЭН

                                                                                         Б.ТҮВШИНЖАРГАЛ