| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2023/0292/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/302 |
| Огноо | 2023-08-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/302
2023 08 11 2023/ШЦТ/302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг
Улсын яллагч Ж.Батбаатар
Хохирогчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран
Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Баасанжав нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бт холбогдох эрүүгийн 2325000000283 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Зэвт цамхаг” ХХК-д туслах ажилтан хийдэг, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Даваат баг, Манханы 1-5 тоотод оршин суудаг, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Чүлтэм овогт М Б /РД: 0/
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч М Б нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө 03 цаг 30 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин баг “Эрдэнэт сувилал” цогцолборын зүүн талын авто зам дээр 0 улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 19.4 “Жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас хохирогч Э.С мөргөж, дээгүүр нь гаран эрүүл мэндэд нь “баруун 1, зүүн 2,4,5,6,7,8,9-р хавирганы хугарал, зүүн уушгины бүрэн бус авчилт, цээжний хөндийд шингэн хуралдалт, бүсэлхийн 2,3,4-р нугалмын хажуугийн сэртэн, бүсэлхийн 2,3,4,5-р нугалмын арын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 3,4-р нугалмын гулсалт, баруун, зүүн 2,3,4,5 дугаар хавирганы цууралт, бүсэлхий, зүүн ташаа, баруун шагайн зулгаралт, зүүн ташаа, зүүн тохойд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч М.Бын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
эрүүгийн 2325000000283 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан,талуудаас шинжлэн судалсан:
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-н 10-14-р хуудас/
-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 15-р тал/
-Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 17-р тал/
-Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 18-19-р тал/
-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн:...Бичлэгийг нээж үзэхэд дэлгэцийн баруун дээд буланд 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 03:29:20 гэсэн бичиглэлтэй бичлэг эхлэх үед “Эрдэнэт сувилал цогцолбор”-ын талаас их гэрэл асаалттай тээврийн хэрэгсэл ирж байх бөгөөд 03:29:25 сеукндэд уг тээврийн хэрэгсэл баруун гар тийш эргэх үйлдэл хийх үедээ газар сууж байгаа хохирогч Э.С мөргөж дээгүүр нь гарч тээврийн хэрэгслийн хурд саарч байна....гэх тэмдэглэл /хх-ийн 20-р тал/
-Эд зүйл /эд мөрийн баримт/-ыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 23-р тал/
-хохирогч Э.С мэдүүлсэн... 2023 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос манай А ирсэн. Тэгээд Оюут багийн 2-1 дүгээр байранд амьдардаг найз Б гэрт А, Э, М нарын хамтаар 5-уулаа 0,75 литрийн 3 шил архи хувааж уусан. 04 дүгээр сарын 28-ны 03 цаг өнгөрөөгөөд Б гэрээс гараад гэрлүүгээ харих санаатай 2-1 дүгээр байрны ертөнцийн зүгээр баруун талд “Эрдэнэт сувилал цогцолборын” зам дагуу такси барих гээд зам дээр зогсож байтал гэнэт миний дотор муухайраад тэгээд би “Эрдэнэт сувилал цогцолбор” руу харсан байрлалтай бөөлжөөд газар сууж байтал түс тас болоод явчихсан. Тэгсэн миний дээгүүр машин гарсан. Уг машин надаас нэлээн холдож зогссон. Тэгэхлээр нь би орилсон чинь жолооч гэх залуу машинаас бууж ирэхээр нь би эмнэлэг цагдаа дууд болохоо байчихлаа гэж хэлсэн.Тэгээд цагдаа түрүүлж ирээд араас нь түргэн тусламжын ажилтан ирээд намайг эмнэлэгт хүргэсэн. 3-4 метрийн зайтай зогссон хэргийн газрыг орхиж явсан зүйл байхгүй. Миний бие баримтаар эмчилгээний зардалд одоогоор 3,643,257 төгрөг, цаашид ажилдаа орох үе хүртэл цалингаа буруутай этгээдээс нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг /хх-н 27-р хуудас/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05 дугаар сарын 12-ны өрийн №6220 дугаартай…Э.С биед баруун 1, зүүн 2,4,5,6,7,8,9-р хавирганы хугарал, баруун, зүүн уушгины бүрэн бус авчилт, цээжний зүүн хөндийд шингэн хуралдалт, бүсэлхийн 2,3,4-р нугалмын хажуугийн сэртэн, бүсэлхийн 2,3,4,5-р нугалмын арын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 3,4-р нугалмын гулсалт, /нугалмын гулсалт засах мэс заслын дараах байдал/, баруун 2,3,4, зүүн 2,3,4,5-р хавирганы цууралт, бүсэлхий, зүүн ташаа, баруун шагайн зулгаралт, зүүн ташаа, зүүн тохойд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэсэн дүгнэлт / хх-ийн 37-38-р хуудас/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өрийн №89 дугаартай ...Э.С /0/-ийн биенээс авсан гэх цусанд 1,55 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана.” гэх дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өрийн №90 дугаартай ... М.Б /0/-ийн биенээс авсан гэх цусанд этилийн спирт илэрсэнгүй гэх дүгнэлт /хх-ийн 47-48-р хуудас/
-“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаартай ....Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэг /хх-ийн 54-60-р хуудас/
-2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн /дугааргүй/... Явган зорчигч Энхтөрийн С /РД:0/ нь: Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсхүл зорчих хэсгийн захаар (тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар) цуварч явна. Явган зорчигч зорчих хэсгийн захаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийн эсрэг, харин хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй буюу мотоцикл, мопед, унадаг дугуй хөтөлж яваа хүн хөдөлгөөний чигийн дагуу явна. 5.11 Чиглэлийн тээврийн хэрэгсэл, таксигаар үйлчлүүлэх хүмүүс болон замын дагуух тээврийн хэрэгслээр зорчих хүмүүс зориулалтын хүлээлгийн талбай дээр, ийм талбай байхгүй бол зорчих хэсгийн хашлаганы гадна талд (явган хүний зам дээр буюу хөвөөний гадна захад), хайс, хашилтгүй хэсэгт хүлээх бөгөөд тээврийн хэрэгсэл ирж бүрэн гүйцэд зогссон үед зорчих хэсэг рүү орохыг зөвшөөрнө. Тээврийн хэрэгслээс буусны дараа зорчих хэсгийг нэн даруй чөлөөлнө. 5.12.6 Аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно гэсэн зүйл заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
-0 улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч М Б /РД:0/ нь: Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн зүйл заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна... гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 63-65-р тал/,
-“Цагаан шонхор жигүүр” НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23/71 дугаартай... Явган зорчигч Э.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.2 “Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино. Мотоцикл, мопед, унадаг дугуй түрж яваа хүн тээврийн хэрэгслийнхээ гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуурыг халхлахгүй явна”, мөн дүрмийн 5.12 “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
“Тоёота приус-20” маркийн 0 улсын дугаартай автомашины жолооч М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 19.4 “Жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. “Тоёота приус-20” маркийн 0 улсын дугаартай автомашины жолооч М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 19.4 дэх заалтыг тус тус зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна....гэх дүгнэлт /хх-ийн 77-79-р тал/
-Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 87-р тал/
-Хохирогч Э.Сэс гаргасан эмчилгээ, хохирлын баримтууд /хх-ийн 89-117-р тал/
-Шүүгдэгч М.Бын сэжигтнээр мэдүүлсэн: Миний бие 0 улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явдаг юм. 2023 оны 04 дүгээр сарын 28-ний үүрээр таксинд явж байгаад Уурхайчин баг ДГТ-2 гадаа үйлчлүүлэгч буулгаад ертөнцийн зүгээр зүүн тийш “Эрдэнэт" сувиллын уулзвараар баруун гар тийш буюу урагшаа эргэх үйлдэл хийхдээ зүүн гар талаас буюу хойноос ойртон ирж яваа тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг хараад эргэх үйлдэл хийтэл гэнэт түр тар хийгээд явчихсан. Гайхаад машинаа зогсоогоод толинд хартал замын хажууд хүн хэвтэж байсан. Машинаас буугаад тухайн ах дээр очоод та зүгээр үү гэж асуухад ахдаа цамцаа өгөөд толгойн доор хийгээд дэрлүүлээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би цагдаад мэдэгдэж мөн түргэн тусламж дуудсан юм. Тухайн ах дээшээ харсан байрлалтай, мөн зам дээр бөөлжсөн архи согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн их согтуу байсан... яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би мөрдөгчийн магадлагаа хүлээн зөвшөрөхгүй байна.Мэргэжлийн байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргууах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 32, 141-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдлоо.
ҮЙЛ БАРИМТ: М.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө 03 цаг 30 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг “Эрдэнэт сувилал” цогцолборын зүүн талын авто зам дээр 0 улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад зам дээр бөөлжөөд явган суусан Э.С дайрч биед нь баруун 1, зүүн 2,4,5,6,7,8,9-р хавирганы хугарал, баруун, зүүн уушгины бүрэн бус авчилт, цээжний зүүн хөндийд шингэн хуралдалт, бүсэлхийн 2,3,4-р нугалмын хажуугийн сэртэн, бүсэлхийн 2,3,4,5-р нугалмын арын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 3,4-р нугалмын гулсалт, /нугалмын гулсалт засах мэс заслын дараах байдал/, баруун 2,3,4, зүүн 2,3,4,5-р хавирганы цууралт, бүсэлхий, зүүн ташаа, баруун шагайн зулгаралт, зүүн ташаа, зүүн тохойд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл хохирол учруулсан байна
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлт, хохирол төлбөрийн баримтууд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан, хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Хэрэгт нотлох баримтаар авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05 дугаар сарын 12-ны өрийн №6220 дугаартай…Э.С биед баруун 1, зүүн 2,4,5,6,7,8,9-р хавирганы хугарал, баруун, зүүн уушгины бүрэн бус авчилт, цээжний зүүн хөндийд шингэн хуралдалт, бүсэлхийн 2,3,4-р нугалмын хажуугийн сэртэн, бүсэлхийн 2,3,4,5-р нугалмын арын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 3,4-р нугалмын гулсалт, /нугалмын гулсалт засах мэс заслын дараах байдал/, баруун 2,3,4, зүүн 2,3,4,5-р хавирганы цууралт, бүсэлхий, зүүн ташаа, баруун шагайн зулгаралт, зүүн ташаа, зүүн тохойд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...”гэх дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Э.С мэдүүлсэн...04 дүгээр сарын 28-ны 03 цаг өнгөрөөгөөд Б гэрээс гараад гэрлүүгээ харих санаатай 2-1 дүгээр байрны ертөнцийн зүгээр баруун талд “Эрдэнэт сувилал цогцолборын” зам дагуу такси барих гээд зам дээр зогсож байтал гэнэт миний дотор муухайраад тэгээд би “Эрдэнэт сувилал цогцолбор” луу харсан байрлалтай бөөлжөөд газар сууж байтал түс тас болоод явчихсан....гэх мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэрэг нотлох баримтууд зөрүүгүй байна.
Шүүгдэгч М.Бын энэ үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шинжтэй байна.
Шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсний улмаас хүний биед амь насанд нь аюултай хүнд хохирол учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн үйлдэл бөгөөд үйлдэл хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоотой байдал ийнхүү нотлогдсон тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол гэмтэл учирчээ.
Харин, шүүгдэгчийг “Замын хөдөлгөөний дүрмийн 19.4 “Жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэж шинжээчийн дүгнэлтэд заасныг үндэсллэлгүй гэж үзэв.
Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн хэт болгоомжгүй үйлдэл, өөрөөр хэлбэл, шөнө дунд үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй үед согтуугаар автомашин зорчих замын зорчих хэсэг дээр явган сууж бөөлжиж байсан үйлдэл нь шууд нөлөөлсөн байх бөгөөд, Замын хөдөлгөөний дүрэмд заасан явган зорчигчийн үүргийг зөрчсөн талаар шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23/71 дугаартай дүгнэлтэд “...Явган зорчигч Э.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.2 “Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино”, 5.12 “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэжээ. Энэ тохиолдолд жолоочийг “Замын хөдөлгөөний дүрмийн 19.4-д зааснаар буруутгах нь үндэслэлгүй юм.
Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг “05 цагийн орчим” гэж заасан нь үндэслэлгүй байна. Хяналтын камерын бичлэгээр осол 03:29:25 секундэд гарсан болох нь тогтоогдсоныг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Бын үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч М.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө 05 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг “Эрдэнэт сувилал” цогцолборын зүүн талын авто зам дээр 0 улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зөрчсөний улмаас хохирогч Э.С дайрч эрүүл мэндэд нь “баруун 1, зүүн 2,4,5,6,7,8,9-р хавирганы хугарал, зүүн уушгины бүрэн бус авчилт, цээжний хөндийд шингэн хуралдалт, бүсэлхийн 2,3,4-р нугалмын хажуугийн сэртэн, бүсэлхийн 2,3,4,5-р нугалмын арын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 3,4-р нугалмын гулсалт, баруун, зүүн 2,3,4,5 дугаар хавирганы цууралт, бүсэлхий, зүүн ташаа, баруун шагайн зулгаралт, зүүн ташаа, зүүн тохойд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардлыг төлсөн. Хохирогч цалингийн нэхэмжлэлээс татгалзсан тул бусад төлөх төлбөргүй гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн. Хэрэг гарахад хохирогчийн буруу нөлөөлсөн. Хохирол төлсөн гэж,
-хохирогчийн өмгөөлөгч: Шүүгдэгч эмчилгээний зардлыг төлсөн. Цалин нэхэмжилсэн хэсгээс татгалзсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг зааж өгнө үү гэж тус тус дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, хохирогчийн буруутай байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөд байдлуудыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж 2 жил тэнсэх гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж тус тус санал гаргасан.
Шүүгдэгчийн гэм буруугийн хэмжээ, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгчийг оногдох эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Хохирол төлбөрийн талаар: Хохирогч Э.С эрүүл мэндэд учирсэн гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал 3,643,000 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан, хохирогч цалин нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц №1200507 дугаартай жолооны үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чүлтэм овогт М Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт шүүхээс оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар М.Бт оногдуулсан эрх хасаж, тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн 5,498,662 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц М.Бын жолооны үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ