Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 151/ШШ2020/00146

 

 

 

     

 

  2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 151/ШШ2020/00146

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод суманд байрлах ТХ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр багт байрлах “Ат” ХХК-д холбогдох

Татварын өр 4,904,957.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа, хариуцагчийн төлөөлөгч А.Б, прокурор Э.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төв аймгийн Зуунмод суманд барилгын материал бэлтгэх болон уур, агааржуулагчийн хангамжийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “““““““““““ ХХК-аас 2013 оны 140825 дугаартай татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын актаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар 1,575,000 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 1,465,000 төгрөг, хүн амын орлогын албан татвар 200,000 төгрөг, торгууль 1,164,600 төгрөг, алданги 131,871.80 төгрөг; 2014 оны 140010506 дугаартай татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын актаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар 156,600 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 16,600 төгрөг, торгууль 4,980 төгрөг, алданги 16,605.60 төгрөг, нийт 4,904,957.40 төгрөгийн татварын өр барагдуулахыг шаардаж, Татварын ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “татварын алба, татварын улсын байцаагч татварын өр төлөх хугацааг дор дурдсанаар тогтооно”, 57 дугаар зүйлийн 57.1.2-т “хяналт шалтгалтаар илэрсэн нөхөн татвар, түүнд ногдох алданги, торгуулийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоног”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана”, 16.1.1-д “тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар төлөгч өөрөө төсөвт төлөх”, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ” /мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “суутгагч” гэж албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг/, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан  татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ” гэсэн заалтуудыг зөрчиж суутган авсан болон улсын төсөвт төлөх албан татварыг төлөөгүй.

Татварын албанаас татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэн “А” ХХК-ийн захирал А.Б-д 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр DNP191001005486 дугаартай мэдэгдэх хуудсыг гардуулж, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр DBNP191206101009 дугаартай мэдэгдэх хуудсыг Хаан банкны Төв салбарт хүргүүлж харилцах дансны гүйлгээг хаасан.

... Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажилласан боловч татварын өр бүрэн барагдахгүй байгаа тул Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу  “А” ХХК-аас 4,904,957.40 төгрөгийн татварын өр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

Прокурор Э.Билгүүн нь төрийг төлөөлөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тус аймаг дахь Татварын хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 617 дугаартай нэхэмжлэлийг тус аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Уг нэхэмжлэлийн шаардлага нь “А” ХХК-аас татварын хяналт шалгалтаар нийт 4,904,957.40 төгрөг гэж тогтоосон байна. Үүнийг холбогдох баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна. Уг төлбөрийг “А” ХХК төлөөгүй байгаа нь тогтоогдож байна. Иймд уг нэхэмжлэлийн шаардлага 4,904,957.40 төгрөгийг “А” ХХК-аас гаргуулах шаардлагыг бүрэн дэмжиж байна” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“3857883 регистрийн дугаартай “А” ХХК нь 2013 оны 140825 дугаартай татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын актаар ногдуулсан, мөн 2014 оны 140010506 дугаартай татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын актаар ногдуулсан нийт 4,904,957.40 төгрөгийн татварын өрийг одоо болтол барагдуулаагүй болно. Эдгээр өр үүсэх болсон шалтгаан нь 2011 онд үйл ажиллагаа явуулж байхдаа хийсэн ажил маань алдагдалтай байж тэрнээс болж өр үүссэн. Үүнээс хойш эдгээр өрийг дарах ямар ч боломжгүй байсан ба дахин ажил авах тусгай зөвшөөрөл байхгүй тул тендерт орох боломжгүй болсон.

Ингээд компани дахин үйл ажиллагаа явуулаагүй. 2014 оноос хойш байнга Х тайлан өгч байсан. би өөрөө төсвийн газар Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургуульд ажилд орж ажилласан. Энд ажиллах хугацаандаа хүүхдийн сургалтын төлбөр бас бусад яаралтай хэрэгцээнд зориулж цалингийн зээл авсан. Бага цалинтай тул цалингаа зээлэнд өгөөд илүү мөнгө гардаггүй байсан тул энэ татварын өрийг дарж чадахгүй байсан.

Уг нь энэ өрийг дарах юмсан гэсэн эрмэлзэл байгаа боловч компанийн өмчлөлд үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө байхгүй. Одоо би өөрөө өндөр насны тэтгэвэрт гарсан. Миний тэтгэврийн сард авдаг хэмжээ 335,000 төгрөг болно. Одоо би тэтгэврийн зээлтэй тул төлөх боломжгүй байна. 02 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэврийн зээл маань тэглэгдэж, хүчингүй болохоор сар бүр 100,000 төгрөгийг тогтмол төлөх хүсэлтэй байна. Хэрвээр Засгийн газар банкуудад дахин зээл олгох шийдвэр гаргавал тэр үед нь тэтгэврийн зээл авч төлнө. Иймд миний хүсэлтийг хүлээн авч дахин шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтсийн хариуцагч “А” ХХК-д холбогдох 4,904,957.40 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүх хүлээн авч, тухайн сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэжээ. /хх-1-2/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,

мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг, хариуцагч нь татгалзлын үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд зохигч талуудад эрхийг тайлбарлаж, үүргийг танилцуулж, мэтгэлцэх эрхээр хангасан болно.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ нь иргэний хэрэг үүсгэснээс хойш буюу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон.

2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтыг эхлүүлсэн бол уг хяналт шалгалтыг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн дагуу үргэлжлүүлэн, хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 8 дугаар зүйлд “... 3 дугаар зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртэлх хугацаанд 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж тус тус зохицуулсан байх тул тус маргааныг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтыг баримтлан шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.          

Нэхэмжлэгч Төв аймгийн ““““““““““ нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан 2013 оны 140825 дугаартай татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын актаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар 1,575,000 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 1,465,000 төгрөг, хүн амын орлогын албан татвар 200,000 төгрөг, торгууль 1,164,600 төгрөг, алданги 131,871.80 төгрөг; 2014 оны 140010506 дугаартай татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын актаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар 156,600 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 16,600 төгрөг, торгууль 4,980 төгрөг, алданги 16,605.60 төгрөг, нийт 4,904,957.40 төгрөгийн татварын өр барагдуулахыг шаардаж, хариуцагч “А” ХХК-ийн захирал А.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд маргах зүйлгүй, актаар ногдуулсан татварын өр болон газрын төлбөрийн дүнг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч татварын өршөөлийн хуульд зааснаар алданги, торгуулийн хэсгийг төлөхгүй гэж маргаж байна./хх-14/

“А” ХХК-ийн захирал А.Б нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Би татварын улсын байцаагчийн актад маргах зүйлгүй. Компани нь үйл ажиллагаа явуулдаггүй. Би өндөр насны тэтгэвэрт байдаг. Тэтгэврээсээ цувуулаад төлнө” гэж тайлбарлаж байгаа ч компанийн өрийг иргэн А.Бтэтгэврээрээ төлж барагдуулахаар зөвшөөрснийг хариуцагчийн зөвшөөрөл гэж тооцох боломжгүй юм. Учир нь, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ”, 9.2.Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, 9.3.Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж зааснаас үзэхэд компанийн төлөх өр төлбөрийг компани өөрөө хариуцах үүрэгтэй байна.

Төв аймгийн ““““““““““ нь:

-“А” ХХК-ийн 2008-2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн

байдлыг анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан, тэнцэл, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, гэрээ, төрийн сангийн зарлагын гүйлгээний мэдээлэл, дансны хуулга, нэмэгдсэн өртгийн албан татварын падааны судалгаа зэрэг баримт материалд үндэслэн шалгалт явуулж, нэмэгдсэн өртгийн албан татвар 1,575,000 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 1,465,000 төгрөг, хүн амын орлогын албан татвар 363,100 төгрөг, хүү, торгууль, алдангид 1,296,000 төгрөг, нийт 4,699,100 төгрөгийг ногдуулсан 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 140825 дугаартай Татварын улсын байцаагчийн акт үйлдэж, актаар тогтоосон төлбөрийг 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дотор төлж барагдуулахыг “А” ХХК-д хариуцуулсан /хх-7-9/;

-“А” ХХК-ийн 2013-2014 оны 8 дугаар сарын албан татвар ногдуулалт, төлөлтийн санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн өргөдөл, хүсэлтийн дагуу шалгалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татвар 156,600 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 16,600 төгрөг, торгууль 4,980 төгрөг, алданги 16,605.60 төгрөг, хүү 469.80 төгрөг, нийт 195,255.40 төгрөгийг ногдуулсан 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 140010506 дугаартай Татварын улсын байцаагчийн актаар үйлдэж, актыг гардуулж, өр төлбөрийг 15 хоногийн дотор төлж барагдуулах, актыг зөвшөөрөхгүй бол гардуулснаас хойш 30 хоногийн дотор Татварын албаны дэргэдэх маргаан таслах зөвлөл болон шүүхийн байгууллагад хандах эрхийг тайлбарлаж, актад татварын улсын байцаагч болон хариуцагчийн төлөөлөгч гарын үсэг зурсан болох нь тогтоогдож байна. /хх-10-12, 14/

Хариуцагч “А” ХХК нь татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч, Татварын албаны дэргэдэх маргаан таслах зөвлөл болон шүүхэд гомдол гаргаагүйгээс акт нь хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд актаар тогтоосон татварын өр төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрсөнд тооцох тул актаар тогтоосон өр төлбөрийг барагдуулах үүргийг хариуцагч “А” ХХК хүлээнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 173,700 төгрөгийг газрын төлбөрт шаардаж байгааг тайлбарлаж, нэхэмжлэгч газар эзэмшсэний 2013-2016 оны төлбөрийг төлөөгүй, төлөхөө хүлээн зөвшөөрсөн, төлбөрийн хэмжээнд маргаагүй болно.

Хариуцагч “А” ХХК нь 2019 оны эцсийн байдлаар хариуцагч нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 140825 дугаартай  Татварын улсын байцаагчийн акт, 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 140010506 дугаартай Татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварт нийт 1,731,600 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт нийт 1,481,600 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого /суутган-1/-д нийт 200,000 төгрөг, алдангид 148,477.40 төгрөг, торгуульд 1,169,580 төгрөг, 2013-2016 оны газрын төлбөрт 173,700 төгрөг, бүгд 4,904,957.40 төгрөгийн өр төлбөртэй болох нь  хэрэгт авагдсан татварын улсын байцаагчийн актууд, татварын орлогын дансны мэдэгдэл, татварын тооцооллын жагсаалт, талуудын тайлбараар  

нотлогдож байна. /хх-5 ар тал, 7-14/

Төв аймгийн ““““““““““ нь татвар төлөлтөд хяналт тавих үүргээ биелүүлж Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.2-т заасны дагуу “А” ХХК-д татварын өр, төлбөрийг төлөх улсын байцаагчийн актыг гардуулсан, танилцуулсан болон мэдэгдэх хуудсыг зохих журмын дагуу хүргүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-4-14/

Хариуцагч “А” ХХК нь дээрх улсын байцаагчийн актууд, мэдэгдэх хуудсанд дурдсан хугацаанд татварын өрийг төлөөгүйгээс Татварын ерөнхий хуулийн 61

дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хугацаандаа төлөөгүйгээс татварын өрөнд тооцогджээ. 

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “А” ХХК-ийн эд хөрөнгийн лавлагаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан бичгэн тайлбар, “А” ХХК-ийн 2015, 2016, 2017 оны тайлант хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй гэсэн татварын тайлан, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Хаанбанк” ХХК-ийн Төв, Зуунмод дахь тооцооны төвд  явуулсан дансны гүйлгээг зогсоох тухай мэдэгдэх хуудас, Төв аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мэдэгдэх хуудас, мэдэгдэх хуудас гардуулсан тухай Татварын улсын байцаагчийн тэмдэглэл нь Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагаа хийгдсэн болохыг нотолж байна.

Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж заасан.

Иймд Төв аймгийн ““““““““““ нь Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар хугацаандаа төлөөгүй татварын өрийг барагдуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах эрхтэй байх тул хариуцагч “А” ХХК-аас татварын өр төлбөрт шаардсан 4,904,957.40 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.   

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд харин Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцож гаргуулан төрийн сангийн орлого оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-аас татварын өр төлбөрт 4,904,957.40 төгрөг /дөрвөн сая есөн зуун дөрвөн мянга есөн дуун тавин долоон төгрөг дөчин мөнгө/-ийг гаргуулж Төв  

     аймгийн ““““““““““т олгосугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн ““““““““““ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар “А” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 93,429 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.МӨНХБҮРЭН