| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2019/01151/и |
| Дугаар | 151/ШШ2020/00421 |
| Огноо | 2020-03-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 151/ШШ2020/00421
| 2020 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 151/ШШ2020/00421 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .......... байрлах .... банк ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......... тоотод байрлах .......... ХХК .......
Хариуцагч: ...... Сан-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 525,838,081.92 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, Ц.Байгалмаа, хариуцагч ........ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагвадорж, ........сан-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ........ банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
........ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 94/02 дугаартай зээлийн гэрээ байгуулан 500,000,000 төгрөгийн зээлийг сарын 0.58%-н хүүтэй, 120 сарын хугацаатайгаар анх зээл авсан. Гэрээний хугацаа 2026 оны 12 сарын 20-нд дуусахаар байсан. ........ХХК нь 2019 оны 02 сараас эхлээд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа, зээл төлөхөөс удаа дараа татгалзснаас үүргийн зөрчил үүссэн. Иймд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн 525,838,081.92 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
........ХХК-ийн ........ банк ХХК-тай байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 94/02 дугаартай Зээлийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №94/02 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний үүргийн гүйцэтгэлд батлан даалт гаргаж, нөхөх үүрэг хүлээн ........сан-тай 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр БДГ-№94/02 дугаартай Батлан даалтын гэрээг байгуулсан тул ........сан-аас нөхөх хариуцлага хүлээлгэхээр хамтран хариуцагчаар татан оролцуулж, гэрээний 2.1-д заасан үүргээ биелүүлж 60% -ийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрхийн хүрээнд хамтран хариуцагчаар татсан ........сан-аас татгалзаж байна. ........сантай байгуулсан гэрээний хугацаа дууссан, манай талаас гэрээ байгуулахдаа зээлийн гэрээнээс бага хугацаа тогтоосон нь алдаатай болж гэж үзэж байна.
Ийм учраас хариуцагч ........ХХК-аас үндсэн зээлийн төлбөр 496,155,903 төгрөг, хүүгийн төлбөр 29,477,011.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 189,467.21 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 525,838,081.92 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ........ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагвадорж нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
........ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 94/02 зээлийн гэрээ байгуулан Жайка төслийн зээлээс 500 сая төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй 10 жилийн хугацаатай, эхний 2 жил зээлийн хүү төлөх нөхцөлтэй зээл авсан. Манай ........ХХК нь анх өөрийн үл хөдлөх хөрөнгөгүй байсан учир ........сан-аас 2 жилийн хугацаатай 300 сая төгрөгийн батлан даалт гаргуулж, үлдсэн 200 сая төгрөгийн зээлийн түр барьцаанд итгэмжлэлээр болон өөрсдийн хөрөнгийг барьцаалсан.
Манай компанийн хувьд авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулсан. ........ банк ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан зээлээ төлөхгүй санаатай зугтах, төлөхөөс санаатай татгалзаагүй. Манай компани ........ банк ХХК-аас авсан зээлээр барилгаа барьж, үлдэгдэл санхүүжилтийг өөрсдийн нөөц бололцоогоор барьж 2017 оны 3 дугаар сард дуусгасан. Компанийн хувьд эргэлтийн хөрөнгө тоног төхөөрөмж авах мөнгийг барилгад зарцуулснаар мах ангилан савлах үйлдвэрийн төсөл бүрэн хэрэгжих боломжгүй болсон. Үүнтэй холбоотойгоор бид өөрсдийн барьсан үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлэн холбогдох зардал /цахилгаан, дулаан, хог/-аа, 2019 оны 01 дүгээр сар хүртэл зээл, зээлийн хүүг төлж ирсэн. Тухайн орчин өөрөө иргэдийн худалдан авах чадвар муутайгаас бид ........ банк ХХК-д 2019 оны 01 дүгээр сард зээл, зээлийн хүүг цаашид төлөх боломжгүй болсон талаарх хүсэлтээ өгсөн учраас хүү төлөхгүй гэж үзэж байна.
Мөн 2017 оны 8 дугаар сард үндсэн зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгөө суллуулж авах талаар хүсэлт гаргасан боловч барьцаанаас суллаж өгнө гэсээр, одоог хүртэл өгөөгүй байна. Зээлийн түр барьцаанд тавьсан Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 83 дугаар байр, 04 тоотод байрлах 42,75 мкв 2 өрөө байрны эзэн нь нас барсан зэргээс шалтгаалан зээлийн түр барьцаанд барьцаалсан ... хөрөнгүүдийг яаралтай чөлөөлүүлэх хүсэлтэй байна.
........ банк ХХК-д зээлээр санхүүжүүлсэн барилгаа үндсэн зээлийн барьцаанд 2018 оны 8 дугаар сарын 22-нд 706 сая төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. ........ банк ХХК-д нийт 778,4 сая төгрөгийн үндсэн зээлийн барьцаа барьцаалсан болно. Компанийн хувьд зээл авах үед ажиллуулж байсан үдийн цай хөтөлбөр 2017 онд цуцлагдсан, мөн банкны зээлээр барьцаалсан үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлого зээл төлөх хэмжээнд хүрэхгүй зэрэг шалтгаанаас зээл төлөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагч ........сан-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
........хорооны 2016 оны 11 сарын 16-ны өдрийн шийдвэрээр ........ банк ХХК-ийн харилцагч ........ХХК-ийн 500,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийн 60 хувьд 24 сарын хугацаатай үйлдвэрийн барилгыг ашиглалтад орсны дараа нэмж барьцаалах нөхцөлтэйгөөр батлан даалт гаргаж, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр БДГ-91/02 дугаартай, 24 сарын хугацаатай батлан даалтын гэрээг байгуулсан. Тухайн үед 218 сая төгрөгийн үнийн дүн бүхий 11 зүйлийн барьцаа байсан.
Зээлдэгч үйлдвэрийн барилгаа барьж дуусган 2017 оны 8 дугаар сарын 01-нд ........ банк ХХК-тай барьцааны гэрээ байгуулан барьцаалсан байна. Барьцааны зүйлийн харилцан тохиролцсон үнэлгээ нь 389,063,551.0 төгрөг, барьцаагаар хангагдах шаардлага буюу үүргийн гүйцэтгэлийг хангах үнийн дүн 272,344,486.00 төгрөг гэж гэрээнд тусгажээ.
Мөн ........сан-аас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/605а тоот алба бичгээр гэрээгээр хүлээх үүрэггүй болсон тухай ........ банк ХХК-д мэдэгдэж байсан.
Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасан Хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл-ээр батлан даалтын гэрээгээр ........ банк ХХК-ийн өмнө хүлээх үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч хариуцагчаар татагдсан манайхаас татгалзаж байгаа учир нэмж тайлбарлах зүйл байхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ........ банк ХХК нь хариуцагч ........ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 496,155,903 төгрөг, зээлийн хүү 29,477,011.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 189,467.21 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 525,838,081.92 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ........сан-г хамтран хариуцагчаар татан, нэхэмжлэлийн шаардлагын 60 хувьтай тэмцэх хэмжээгээр нөхөх хариуцлага хүлээнэ гэж тайлбарлан шаарджээ /хх-1-2, 88-89, 102/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж, мөн зүйлийн 26.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах... эрхтэй гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь хэнийг эрхээ зөрчсөн хариуцагч этгээд болохыг тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хамтран хариуцагч ........сан-аас татгалзаж, зээлийн гэрээний үүрэгт 525,838,081.92 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хариуцагч ........ХХК-д холбогдуулан тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч ........ банк ХХК-ийн хариуцагч ........ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Зээлийн гэрээний үүргийг хангуулах
Нэхэмжлэгч ........ банк ХХК нь хариуцагч ........ХХК-д 500,000,000 төгрөгийг жилийн 7 /сарын 0,58/ хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай мах ангилан савлах, хадгалах үйлдвэрийн төсөл /JBIC-ийн төсөл/-ийн зориулалтаар, эхний 24 сарын хугацаанд үндсэн зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлж, зөвхөн хүү төлөхөөр, 25 дахь сараас буюу 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт хуваарийн дагуу төлөлт хийхээр, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцсон ЗЕХ94/02 дугаартай зээлийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулж, гэрээний зүйл болох 500,000,000 төгрөгийг ........ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-гээр зээлийн хүүг 8 хувь болгон нэг хувиар нэмэгдүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн, гэрээний бусад нөхцлийг хэвээр байхаар харилцан тохиролцон гэрээг бичгээр үйлдэж, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан тул талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Хариуцагч ........ХХК нь талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан ЗЕХ94/02 дугаартай зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4, 2.1.5, 2.2.1-д зааснаар гэрээнд заасан хугацаанд зээл болон түүний хүүг буцаан төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүрэгтэй байх бөгөөд гэрээний уг заалтууд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасан гэрээнд заасан хугацаанд зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, хүү төлөх, төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр гэрээнд заах, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй талаарх заалтуудтай нийцэж байна.
Зээлийн гэрээний үүргийн зөрчил үүсэхээс өмнө буюу 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд зээлдэгч ........ХХК нь үндсэн зээлээс 3,844,379 төгрөг, зээлийн хүүд 82,462,314.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,835.92 төгрөг, нийт 86,308,547.25 төгрөгийг зээлдүүлэгч ........ банк ХХК-д төлжээ. /хх-25-26/
Хариуцагч ........ХХК нь 2019 оны хоёр дугаар сараас хойш зээл болон зээлийн хүүг төлөөгүй, зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн тооцоолол, зээлийн дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигч нар энэ талаар маргаагүй байна. /хх-ийн 7-12, 21-26/
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар зээлдэгч ........ХХК нь үүргийг тогтоосон хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.
Хариуцагч ........ХХК нь зээл, түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, удаа дараа зөрчин, мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.5-д заасан зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон, цаашид зээлийн төлөх боломжгүй болсон нөхцөл байдал үүссэн байх тул нэхэмжлэгч ........ банк ХХК нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.5-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө нь цуцлах шаардлага гаргаж, энэ талаар зээлдэгч ........ХХК-д удаа дараа мэдэгдэж байсныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, хариуцагч нь зээлийг төлөх боломжгүй болсон тухай мөн мэдэгдсэн болох нь зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба талууд мөн энэ талаар маргаагүй болно. /хх-ийн 9-10/
........ХХК нь гэрээний үүргийг зээл эргэн төлөх хуваарьт заасан 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс төлөөгүй буюу энэ хугацаанаас үүрэг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байх ба зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс хойш 9 сарын дараа нэхэмжлэгч ........ банк ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гаргаагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэсэн зохицуулалтад нийцжээ. Гэрээнээс татгалзсанаар талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн харилцааг цаашид үргэлжлүүлэхгүй дуусгавар болгох үр дагавар үүсдэг. /хх-ийн 1-2, 136, 204-206 дугаар хуудас/
Иймд хариуцагч ........ХХК нь 2019 оны 2 дугаар сараас зээлийн хуваарьт төлөлтийг хийгээгүй гэдгээ зөвшөөрсөн боловч, зээлийг төлөх боломжгүй гэдгээ 2019 оны 01 дүгээр сард ........ банк ХХК-д мэдэгдсэнээс хойшхи хүүг төлөхгүй гэж маргаж байх хэдий ч нэхэмжлэгчтэй хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоохоор харилцан тохиролцсон, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, эсхүл шүүхэд гэрээг цуцлах эсвэл гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч ........ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлийг төлж чадахгүй гэдгээ мэдэгдсэнээс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээхгүй хэмээх тайлбар үндэслэлгүй тул хариуцагчид үндсэн зээлээс гадна зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хууль болон гэрээний үндсэн дээр үүсчээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан ЗЕХ№94/02 дугаартай зээлийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ЗЕХ№94/02 дугаартай зээлийн гэрээний үүрэгт хариуцагч ........ХХК-аас зээлийн үлдэгдэл төлбөр 496,155,903 төгрөг, зээлийн хүү 29,477,011.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 189,467.21 төгрөг, нийт 525,822,081.92 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ........ банк ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах
Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ гэж, мөн 12.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаас гадна Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна, түүнчлэн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх ... гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 94/02 дугаартай барьцааны гэрээ, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ЗЕХ94/02 дугаартай барьцааны гэрээгээр зээлдэгч ........ХХК-ийн үүсгэн байгуулагч Л.Бадарчийн болон бусад этгээдийн өмчлөлийн үл хөдлөх болон хөрөнгө хөрөнгийг дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулж, барьцааны гэрээг нотариатчаар гэрчлүүлж, хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй. /хх-13-17, 35-37, 91-101/
Нэхэмжлэгч ........ банк ХХК нь хариуцагч ........ХХК-д 500,000,000 төгрөгийг олгохдоо үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 94/02 дугаартай барьцааны гэрээгээр:
1.Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт байрлах Ү-2205029741 улсын бүртгэлийн дугаартай орон сууц-63,000,000 төгрөг,
2. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт байрлах Г-2204021221 улсын бүртгэлийн дугаартай газар-18,000,000 төгрөг,
3. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт байрлах Г-2204024869 улсын бүртгэлийн дугаартай газар-18,000,000 төгрөг,
4.Төв аймгийн Зуунмод суманд байрлах Ү-1427002805 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц-22,500,000 төгрөг,
5. Төв аймгийн Зуунмод суманд байрлах 18646283501247 нэгж талбарын дугаартай эзэмшлийн газар
6. Төв аймгийн Зуунмод суманд байрлах Ү-1427001919 улсын бүртгэлийн дугаартай орон сууц-35,000,000 төгрөг,
7. Төв аймгийн Зуунмод суманд байрлах Ү-1427000719 улсын бүртгэлийн дугаартай орон сууц-17,500,000 төгрөг,
8. Төв аймгийн Зуунмод суманд байрлах Ү-1427002182 улсын бүртгэлийн дугаартай авто зогсоол-5,000,000 төгрөг,
9. Төв аймгийн Зуунмод суманд байрлах 18646287736859 нэгж талбарын дугаартай эзэмшлийн газар, нийт 9 үл хөдлөх хөрөнгийг харилцан тохиролцсон үнэ 292,000,000 төгрөг, үүргийн гүйцэтгэлийн хангах үнийн дүн 179,000,000 төгрөг гэж,
1.0098УНП улсын дугаартай LEXUS470 маркийн автомашин-16,800,000 төгрөг,
2.5888ТӨВ улсын дугаартай Toyota Harier маркийн автомашин-7,650,000 төгрөг,
3.2087ТӨВ улсын дугаартай Toyota Allion маркийн автомашин-4,350,000 төгрөг,
4.9781УНҮ улсын дугаартай Hyandai Mighty маркийн автомашин-6,600,000 төгрөг,
5.нийтийн хоолны тоног төхөөрөмжүүд-4,500,000 төгрөг, нийт 5 хөрөнгийг харилцан тохиролцсон үнэ 133,000,000 төгрөг, үүргийн гүйцэтгэлийн хангах үнийн дүн 39,900,000 төгрөгөөр харилцан тохиролцож, барьцаанд бариулжээ. /хх-13-15/
Зээлийн үлдэх 300,000,000 төгрөгийн зээлд барьцаа хөрөнгөгүй тул жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилготой ........сан-ийн ........хорооны шийдвэрээр батлан даалтыг үйлдвэрийн барилгыг ашиглалтад орсны дараа нэмж барьцаалах тусгай нөхцлөөр батлан даалтын гэрээ байгуулахаар болжээ. ........сан нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн БДГ-94/02 дугаартай батлан даалтын гэрээг ........ банк ХХК, ........ХХК нартай байгуулан, зээлдүүлэгч ........ банк ХХК, зээлдэгч ........ХХК нарын хооронд байгуулагдсан дээрх ЗЕХ94/02 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч нь биелүүлээгүй тохиолдолд түүний өмнөөс үндсэн зээлийн 60 хувийг төлөх үүргийг 24 сарын буюу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэхээр хугацааг тохирч, батлан даалтын үйлчилгээний шимтгэл хураамжид 6,000,000 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт авагдсан батлан даалтын гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 18-20, 105/
Нэхэмжлэгч ........ банк ХХК, хариуцагч ........ХХК нарын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 94/02 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах хэлбэр болгож, зээлийн хөрөнгөөр шинээр баригдсан үл хөдлөх хөрөнгүүд болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт байрлах Ү-2204089230 улсын бүртгэлийн дугаартай 231.1 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг харилцан тохиролцсон үнэ 389,063,551 төгрөг, үүргийн гүйцэтгэлийн хангах үнийн дүн 272,344,486 төгрөгөөр харилцан тохиролцож, мөн хаягт байрлах Ү-2204089231 улсын бүртгэлийн дугаартай 188.5 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг харилцан тохиролцсон үнэ 317,345,216 төгрөг, үүргийн гүйцэтгэлийн хангах үнийн дүн 222,141,651 төгрөгөөр харилцан тохиролцож, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ЗЕХ№94/02 барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-16-17/
Батлан даагч ........сан, зээлдүүлэгч ........ банк ХХК, зээлдэгч ........ХХК нарын байгуулсан 94/02 дугаартай Батлан даалтын гэрээгээр батлан даагчийн хүлээсэн үүрэг 24 сарын хугацаа дууссан үндэслэлээр гэрээ дуусгавар болсон, нэхэмжлэгч ........ банк ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/605а гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болж байгаа тухай албан тоотоор мэдэгдсэн, батлан даалтын гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгч нь зээл төлөх үүргээ биелүүлээгүйгээс зээлийн гэрээний үүргийн зөрчил үүссэн, зээлийн хөрөнгөөр шинээр баригдсан үл хөдлөх хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаанд бариулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. /хх-18-20, 137, 139-142/
Хариуцагч ........ХХК нь ........ банк ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн барьцааны зүйл болох үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг түр барьцаа байсан бөгөөд зарим хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч нь нас барсан, барьцаа хөрөнгийн үнэлгээ нь зээлийн гэрээгээр хангагдах үүргээс илүү өндөр үнэлгээтэй гэж тайлбарлан барьцааны гэрээний үүргээс чөлөөлүүлнэ гэж маргаж байх боловч энэ тухай сөрөг нэхэмжлэл гаргаагүй, өмчлөгч этгээдээс олгосон итгэмжлэлийн талаар маргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлын үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. /хх-40-42/
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдаж, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахад түүнээс гаргасан нэхэмжлэлийг шүүхээс хангасан тохиолдолд барьцааны зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдана гэж зохицуулсан бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.
Хариуцагч ........ХХК зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үндэслэл болно. Иймд хариуцагч ........ХХК нь зээлийн гэрээний дагуу үүссэн өр төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх хөрөнгийг хуульд заасан журмаар албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Үүргийн зөрчлөөс үүссэн хохирлыг гаргуулах
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч ........ банк ХХК-аас хариуцагч ........ХХК-ийг гэрээний үүргээ зөрчснөөс шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын үйлчилгээнд 16,000 төгрөгийн хохирол учирсан гэж шаардаж, холбогдох нотлох баримт хэрэгт авагдсан байна /хх-1, 6/.
Иймд хариуцагчаас гэрээний үүргийн зөрчлөөс үүссэн хохиролд 16,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэгтгэн дүгнэвэл, хариуцагч ........ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагч ........ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч ........ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 525,838,081.92 төгрөг /таван зуун хорин таван сая найман зуун гучин найман мянга наян нэгэн төгрөг ерэн хоёр мөнгө/-ийг гаргуулан нэхэмжлэгч ........ банк ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ........ банк ХХК нь хамтран хариуцагч ........сан-аас татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ........ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 94/02 дугаартай болон 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ЗЕХ94/02 дугаартай барьцааны гэрээнд заасан барьцааны эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, төлбөрийг барагдуулахыг шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар хариуцагч ........ХХКийн эзэмшлийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоосон арга хэмжээ нь энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,857,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,857,340 төгрөгийг хариуцагч ........ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч ........ банк ХХК-д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119 4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН