Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2026/0015

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

      С.А-н нэхэмжлэлтэй

              захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Зоригтбаатар,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Нэхэмжлэгч: С.А

Хариуцагч: Прокурорын ёс зүйн зөвлөл

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 733 дугаар,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, Ж.Э хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С, Д.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2024/0791/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 733 дугаар шийдвэрээр:

            Прокурорын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэгч С.Аийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

2. Давж заалдах гомдлын агуулга:

2.1. “Шүүх Прокуророын тухай хууль, Прокурорын ёс зүйн дүрэм, Прокурорын Ёс зөвлөлийн ажиллах журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

Маргаан бүхий Прокурорын ёс зүйн зөвлөлийн 06 дугаартай дүгнэлтээр нэхэмжлэгч С.Аийг Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3 “Прокурор хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараах ёс зүйн хэм хэмжээг баримтална;” дахь хэсгийн 2.3.5 “прокурорт хандаж гаргасан байгууллага, иргэдийн хүсэлт, гомдол, мэдээлэлд анхааралтай хандаж, хуульд заасан хугацаанд шийдвэрлэж байх;”, 2.3.8 “прокурор гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотолж байх, хэрэв гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг нотолж чадахгүйд хүрвэл хариуцлага хүлээдэг байх;” дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж буруутгасан.  Прокурорын ёс зүйн дүрмийн 3.1-д “Прокурорын ёс зүйн зөрчил гэж энэ дүрмээр тогтоосон прокурорын ёс зүйн хэм хэмжээг санаатай буюу санамсаргүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.” гэж, мөн дүрмийн 2.3, 2.3.1-2.3.13 дахь заалтад прокурор зөвхөн хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн хэм хэмжээг тус тус нэрлэн заасан ба Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно”, Прокурорын тухай хуулийн Хоёрдугаар бүлгийн “Прокурорын үйл ажиллагаа”-ны 11-25 дугаар зүйлд прокурорын хяналтын чиг үүрэг гэдэгт зөрчлийн хэрэг бүртгэлт, эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүргүүдийг хамаатуулсан байна.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т “нэхэмжлэгч нь “БЦ” ХХК-аас гаргасан гомдлын дагуу Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 5.4-д зааснаар Хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгжээс шалгалт хийж, танилцуулга хийгдээгүй буюу бэлтгэгдээгүй байхад 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/2600 тоот мэдэгдэх хуудсаар хариу өгсөн нь тус журмын 3.2-т заасантай нийцэхгүй” гэх дүгнэлтээр нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Прокурорын тухай хууль, Прокуроын ёс зүйн дүрэм, Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.А нь хуулиар тодорхойлсон дээрх прокурорын хяналтын чиг үүрэгтэй нь холбоогүй, “БЦ” ХХК-аас прокурорын ёс зөрчилтэй холбогдуулж гаргасан гомдлыг Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын хувьд Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 3.2.3 “гаргасан гомдол нь прокурорын ёс зүйтэй холбогдолгүй болох нь шалгалтаар тогтоогдвол зөвлөлийн хуралдаанаас өмнө гомдол, хүсэлтийг шийдвэрлэх”, 3.2.4. “шалгалтын дүнг харгалзан шалгалтын материалыг харьяаллын дагуу өөр байгууллага, албан тушаалтанд шалгуулахаар шилжүүлэх;”-т тус тус заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой Прокурорын ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээ байхгүй, үүнийг ёс зүйн зөрчил гэж үзэх, тайлбарлах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Мөн “БЦ” ХХК-аас ирүүлсэн гомдлыг Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст шалгуулахаар шижлүүлсэн нь тус компанийн эрх зүйн байдлыг дордуулаагүй бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрвөл Улсын ерөнхий прокурор, цаашлаад шүүхэд хандах боломжтой талаар Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журамд тодорхой зохицуулсан.

. Нэхэмжлэгч С.Аийг зөрчсөн гэж буруутгасан Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.8-д заасан “прокурорын шийдвэр” гэх ойлголтод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.34, Прокурорын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “... тогтоол, даалгавар, зөвшөөрөл, шаардлага, мэдэгдэл, дүгнэлт, санал, эсэргүүцэл, хүсэлт, нэхэмжлэл, тайлбар, гомдол ...” гэх эрх зүйн хэлбэрүүдийг хамааруулахаар заажээ. Харин “БЦ” ХХК-аас ирүүлсэн прокурорын ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдолд Прокурорын ёс зүйн дүрэм, Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журамд заасны дагуу гомдлыг шийдвэрлэж, харьяаллын дагуу шилжүүлсэн талаар мэдэгдсэн 2020 оны 8/2600 тоот “Хариу мэдэгдэх хуудас”-ыг “прокурорын шийдвэр” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.5 дахь заалтаар иргэдээс гаргасан өргөдөл, гомдолд анхааралтай хандаж хуульд зааасан хугацаанд нь шийдвэрлэж байх талаар ёс зүйн хэм хэмжээг тухайлан заасан ба нэхэмжлэгчийн хувьд “БЦ” ХХК-аас 2020 оны 10 сарын 25-ны өдөр гаргасан гомдлыг хуульд заасан 20 хоногийн дотор буюу 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шийдвэрлэж хариу өгсөн болох нь тогтоогдож байгаа тул уг ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж буруутгах боломжгүй гэж үзэж байна.

2.2. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн тухайд:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0446 дугаартай шийдвэрээр хянан шийдвэрлэгдсэн захиргааны хэрэгт хариуцагч Прокурорын ёс зүйн зөвлөлөөс “... “БЦ” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Прокурорын ёс зүйн зөвлөлд хандаж гомдол гаргасны хүлээн авч, прокурор ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаарх шалгалтыг хийлгэхээр ажлын албанд шилжүүлсэн байна. Ажлын алба нь Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 5.4 дэх хэсэгт заасан хугацааны дотор холбогдох шалгалтыг явуулж дууссан дүнг Зөвлөлийн даргад танилцуулсан. Зөвлөлийн дарга журмын 3.2-т зааснаар гомдлыг шийдвэрлэж, 2020 оны 8/2600 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл, Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд зөвлөлийн хуралдаанаас өмнө гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн болно. Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаас шилжүүлсэн гомдлыг Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтэс хүлээн аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шалгаж шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн” гэх тайлбарыг өгч байсан.

Мөн “БЦ” ХХК-аас 2020 онд гаргасан гомдолд Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн ахлах прокурор Д.Д шалгалтыг хийсэн ба нэхэмжлэгчээс тухайн үед ажлын албанаас шалгалт хийгээд танилцуулсан хэмжээнд 2020 оны 8/2600 дугаартай мэдэгдэх хуудсаар хариу өгч байсан талаарх тайлбар нь ахлах прокурор Д.Д-н 2024 оны 03дугаар сарын 05-ны өдөр, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрүүдэд үйлдсэн тэмдэглэлд тусгагдсан. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн ахлах прокурор Д.Дгээс 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаан дээр “тухайн үед ёс зүйн зөвлөлийн хурлаар оруулах гомдолд л бичгээр танилцуулга бэлтгэдэг байсан, шалгалтын ажиллагаа бүрэн дуусаагүй байхад Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаас өөрөө санаачлан материалыг татаж хянаад 8/2600 дугаартай хариу мэдэгдэх хуудсыг гаргасан” гэх зөрүүтэй тайлбарыг хэлсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс дээрх тайлбар, нотлох баримтын зөрүүтэй байдлыг тодорхой болгохын тулд “БЦ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтын шаардлага хангуулан авах хүсэлтийг гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа зөвхөн хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэлж, “БЦ” ХХК-ийн гомдолд Хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгжээс шалгалт хийж, танилцуулагдаагүй байхад хариу мэдэгдэх хуудсаар хариу өгсөн гэж нэхэмжлэгчийг буруутгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөх боломжгүй байна.

Эдгээр үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 733 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч С.Аээс Прокурорын ёс зүйн зөвлөлд холбогдуулан

“Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж С.А-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

4. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

            4.1. Хэрэгт “БЦ” ХХК-ийн захирал Б.Бээс 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01/04 дугаар албан бичгээр Монгол Улсын ерөнхийлөгчид хандан “Улсын ерөнхий прокурорын орлогч С.А нь прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаар ажиллахдаа үндэслэлгүй шийдвэр гаргасан ...” гэх агуулга бүхий гомдол гаргасан байх бөгөөд тус гомдлыг Прокурорын ёс зүйн зөвлөлийн Ажлын албаны ахлах прокурор Д.Д хүлээн авч, шалгалтын ажиллагааг явуулан Прокурорын ёс зүйн зөвлөл 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн маргаан бүхий 06 дугаартай дүгнэлтийг гаргасан байна.

            4.2. Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 3.2-т “Зөвлөлийн дарга нь гишүүний эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 3.2.1-д “прокуророос ёс зүйн зөрчил гаргасан талаарх гомдлыг хүлээн авч танилцан энэ журмын 1.9-д заасан чиг үүрэг бүхий нэгжид шилжүүлж шалгуулах”, 3.2.3-д “гаргасан гомдол нь прокурорын ёс зүйтэй холбогдолгүй болох нь шалгалтаар тогтоогдвол зөвлөлийн хуралдаанаас өмнө гомдол, хүсэлтийг шийдвэрлэх;”, 5.4-т “Хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгж нь гомдол, хүсэлтийг шалгахаар хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор зөрчлийг шалгах, нотлох ажиллагааг дор дурдсанаар шалгаж, тогтооно:”, 5.4.1-д “гомдол, хүсэлтийг шалгах (зөрчил гарсан газар дээр нь танилцах, гомдол гаргагч, бусад этгээдээс тайлбар авах, бичиг баримт, нотлох баримтыг шинжлэн судлах, бэхжүүлж авах зэргээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийж материалжуулна)”, 5.4.2-т “албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс нотлох баримт шаардан гаргуулах, тайлбар авах, хавтаст хэргээс хуулбар хийх, шалгалтын материалыг тухайн прокурорт танилцуулж тэмдэглэл үйлдэх, хариу тайлбар авах”, 5.4.3-д “тухайн зөрчилд холбогдон шалгагдаж буй прокурорт түүний буруутгаж буй баримт сэлт материалыг танилцуулах, нотолгоо баримт гаргаж өгөх боломжоор хангах, ажиллагааны явцтай танилцах, хариу тайлбар өгөх боломжоор хангах”, 5.6-д “Шалгалт хийж буй прокурор нь Прокурорын тухай хууль, Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх асуудлыг нарийвчлан шалган тогтоож, баримтжуулсан байна. Шалгалт хийж буй прокурор нь гомдол, хүсэлтийг шалгах ажиллагаа дуусмагц шалгалтын дүнгийн талаар танилцуулга бэлтгэж зөвлөлийн даргад танилцуулна” гэж тус тус заасан.

4.3. Журмын дээрх зохицуулалтаас үзэхэд прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга нь ёс зүйн зөрчил гаргасан талаарх гомдлыг хүлээн авч танилцаад, Хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгжид шилжүүлж, гомдол, хүсэлтийг шалгахаар хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор зөрчлийг шалгах, нотлох ажиллагааг шалгах ажиллагаа явуулж, шалгалтын дүнгийн талаар танилцуулга бэлтгэж зөвлөлийн даргад танилцуулах бөгөөд ийнхүү гаргасан гомдол нь прокурорын ёс зүйтэй холбогдолгүй болох нь шалгалтаар тогтоогдвол зөвлөлийн дарга нь бүрэн эрхийн хүрээнд зөвлөлийн хуралдаанаас өмнө гомдол, хүсэлтийг шийдвэрлэхээр зохицуулжээ.

4.4. Анхан шатны шүүхийн “... С.А нь “БЦ” ХХК-аас гаргасан гомдлын дагуу Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 5.4-д зааснаар хяналт шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгжээс шалгалт хийж, танилцуулга хийгдээгүй буюу бэлтгэгдээгүй байхад 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №8/2600 тоот мэдэгдэх хуудсаар хариу өгсөн нь тус журмын 3.2-т заасантай нийцэхгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, энэхүү дүгнэлт үндэслэлийг давж заалдах шатны шүүхээс үгүйсгэж, няцаах боломжгүй байна. Учир нь:

            4.5. Хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “БЦ” ХХК-аас “Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М, П.Э, Д.П нарыг Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн” гэсэн үндэслэлээр шалгуулахаар Прокурорын ёс зүйн зөвлөлд хандан гомдол гаргаж, тус гомдлыг Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх С.А 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/2600 дугаар хариу мэдэгдэх хуудсаар “Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М, П.Э, Д.П нарт холбогдуулан гаргасан гомдлын дагуу ёс зүйн зөвлөлийн ажлын албанаас холбогдох шалгалтыг явуулахад прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно” гэсэн хариуг өгсөн байна.

4.6. Уг хариуг эс зөвшөөрч “БЦ” ХХК-аас Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргад холбогдуулан “Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/2600 дугаар хариу мэдэгдэх хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М, П.Э, Д.П нарт холбогдуулан гаргасан гомдлыг Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмаар тогтоосон үндэслэл, журмын дагуу шалгаж шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

4.7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2021/0446 дугаар шийдвэрээр “... БЦ ХХК-иас 3 прокурорт холбогдуулан гомдол гаргасан бөгөөд хэрэгт авагдсан Прокурорын ёс зүйн зөвлөлд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн материалаас үзвэл Нийслэлийн прокурорын газрын прокурор Б.Мд холбогдох гомдлыг шалгаж шийдвэрлэсэн баримт байхгүй, Б.М прокурорын байгууллагаас гарсан гэх боловч энэ талаарх баримтыг хавсаргаагүй нь болон шалгалтын талаар танилцуулга бичиж Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргад танилцуулаагүй зэрэг нь журмын дээрх заалтад нийцээгүй гэж үзлээ. Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга прокурорын сахилга, ёс зүйтэй холбогдуулан гаргасан гомдол прокурорын ёс зүйтэй холбогдолгүй болох нь шалгалтаар нотлогдсон тохиолдолд хуралдаанаас өмнө гомдлыг шийдвэрлэхээр байхад нэхэмжлэгч БЦ ХХК-д өгсөн хариу мэдэгдэх хуудсанд прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж зөвлөлийн хуралдаанаас гарах шийдвэрийг гаргасан гэж үзэхээр байна. Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга прокурор Б.Мтай холбоотой нэмэлт шалгалт хийлгүүлж нэхэмжлэгч компаниас гаргасан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М, П.Э, Д.П  нарт холбогдох гомдол нь ёс зүйтэй холбогдолгүй талаар үндэслэл бүхий хариу өгөх, эсвэл шалгалтын дүнг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэх талаарх тус зөвлөлийн ажиллах журамд заасан бүрэн эрхийнхээ хэрэгжүүлээгүй буруутай гэж үзлээ” гэсэн үндэслэлээр  хариуцагч Прокурорын ёс зүйн зөвлөлөөс дахин шинэ акт гарах хүртэл Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/2600 дугаар хариу мэдэгдэх хуудасны биелэлтийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

4.8. Маргаан бүхий дүгнэлтээр “... прокурорын ёс зүйтэй холбогдуулан гаргасан гомдлыг шалгах чиг үүрэг бүхий ажлын албаар бүрэн шалгуулж, иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдолд анхааралтай хандаж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлт, Б.Бийн гомдол тайлбараар тогтоогдож байна, ...”БЦ” ХХК-ийн захирал Б.Бийн гаргасан гомдлыг шалгасан материалтай урьдчилан танилцаж, зөвлөлийн хуралдаанаас өмнө хариу мэдэгдэх хуудсаар түүнд хариу өгсөн үйл баримтыг прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн эсэх асуудлаар явуулсан шалгалтын дүнг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй” гэсэн дүгнэлт, үндэслэлээр Улсын ерөнхий прокурорын орлогч С.А нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаартай зарлигийн нэгдүгээр хавсралтаар баталсан Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 2.3.5, 2.3.8 дахь хэсэгт заасан хэм хэмжээг тус тус зөрчсөн гэж дүгнэснийг үндэслэлгүй, хууль бус болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.9. Өөрөөр хэлбэл, Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга прокурорын сахилга, ёс зүйтэй холбогдуулан гаргасан гомдол прокурорын ёс зүйтэй холбогдолгүй болох нь шалгалтаар нотлогдсон тохиолдолд хуралдаанаас өмнө гомдлыг шийдвэрлэхээр байхад зөвлөлийн хуралдаанаас гарах шийдвэрийг гаргасан нь буруу болохыг шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт дүгнэсэн, уг шүүхийн шийдвэрийг үндэслэн Прокурорын ёс зүйн зөвлөлийн маргаан бүхий 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлт гарсан байх тул уг дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлд заасан үндэслэлээр шүүх маргаан бүхий дүгнэлтийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

4.10. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... прокурорын хяналтын чиг үүрэгтэй нь холбоогүй, ... журмын 3.2.3, 3.2.4-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой Прокурорын ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээ байхгүй, үүнийг ёс зүйн зөрчил гэж үзэх, тайлбарлах үндэслэл байхгүй” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

4.11. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2024 оны 03 дугаар сарын 05, 3 дугаар сарын 11-ний өдрүүдийн тэмдэглэлээр нэхэмжлэгчид шалгалтын материалыг танилцуулахаар хандсан болох нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн “... шалгалтын материалыг бүрэн танилцуулаагүй, тайлбар, мэдүүлэг гаргах эрхийг хязгаарласан” гэсэн агуулга бүхий тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн  120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 733 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                                    А.САРАНГЭРЭЛ

  ШҮҮГЧ                                                                     Э.ЗОРИГТБААТАР

   ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ