Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 78

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Д.Агар,

хохирогч Б.Батсайхан, Г.Амартүвшин, Т.Билэгсайхан,

шүүгдэгч И.Чинбат, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Харуулчин овогт Ичинноровын Чинбатад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625013671 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Харуулчин овогт Ичинноровын Чинбат, халх, 1969 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Завхан аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, автын механикч мэргэжилтэй, Цагдаагийн ерөнхий газрын шуурхай штабад ерөнхий зохицуулагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цэргийн хотхоны 5-2 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ХВ69100971 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч И.Чинбат нь Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабын ерөнхий зохицуулагчаар ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглан, давтан үйлдлээр 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хохирогч Б.Батсайханаас хүү Б.Борхүүг нь Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө гэж хуурч мэхлэн 2.000.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр сургуульд өгөх хандивын мөнгө гэж 200.000 төгрөг, мөн сургалтанд ашиглаад өгье гэж 800.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютер зэргийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан гэмт хэрэг,

Мөн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабын байранд хохирогч Т.Билэгсайханаас албан тушаалын байдлаа ашиглаж, хуурч мэхлэн 2.000.000 төгрөгийн зээл нэрээр залилан мэхлэж авсан гэмт хэрэг,

Мөн 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Г.Амартүвшингийн хүү Б.Эрхэмбаярыг “Тэмүүжин өрлөг” дунд сургуульд оруулж өгнө гэж 1.500.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабын байранд 500.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “сурагчийн дүрэмт хувцасны мөнгө” гэж 516.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч И.Чинбат шүүхийн хэлэлцүүлэгт: “Би Батсайхан, Билэгсайхан, Амартүвшин нараас 7 сая гаран төгрөгийг хуурч мэхлэх байдлаар авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хохирогч нарт учруулсан хохирлыг заавал төлж барагдуулна” гэв,

Хохирогч Б.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт: “Би шүүгдэгч Чинбатаас мөнгөө авчихвал гомдолгүй. Зөөврийн компьютерээ оруулаад 3 сая төгрөг нэхэмжилж байна” гэв,

Хохирогч Г.Амартүвшин шүүхийн хэлэлцүүлэгт: “Би Чинбатаас 2.516.000 төгрөгөө авмаар байна. Манай хүүхдийг сургуульд оруулж өгнө гээд худал хэлж хүүхдээр тоглосонд нь гомдоод байна. Би 7 дугаар ангийн хүүхдээ гайгүй сургуульд оруулах гэж цагдаагийн хүн болохоор нь итгээд мөнгөө өгсөн. Чинбат өөрөө бас нялх хүүхэдтэй. Би Чинбатад итгээд хүүхдээ сургуулиас нь гаргасан байсан. Тэгээд Чинбатын хэлсэн зүйл бүтэхгүй болохоор нь хүүхдээ буцаагаад сургуульд нь оруулах гэхэд авахгүй гэсэн. Тэгээд хүүхдээ гэрээс хол өөр сургуульд явуулж байгаа. Одоо хүүхдээ хол сургууль руу зөөхөд маш их хэцүү болсон” гэв,

Хохирогч Т.Билэгсайхан шүүхийн хэлэлцүүлэгт: “Анх Чинбат надаас мөнгө авахдаа, ах нь гадаад руу сургуульд явах гээд байна. Банкны зээлээ төлчихвөл банкнаас мөнгө авах юм. Ахдаа 3 хоногийн хугацаатай мөнгө зээлээч гэхэд нь хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 2 сая төгрөгийг өгсөн. Одоо хүүхдийн сургуулиас сургалтын төлбөр нь нэхэгдээд манай хүүхдийг хичээлд нь суулгахгүй байна. Чинбат миний мөнгийг өгнө гээд дандаа худлаа ярьдаг. Би Чинбатыг хуулийн хүн болохоор нь итгэсэн. Би маш их гомдолтой байна” гэв,

Гэрч Т.Амарсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...миний 8809**** гэсэн дугаарын утас руу 8512**** гэсэн дугаараас залгаад танай барьцаалан зээлдүүлэх газар зээл гаргаж байгаа юм уу гэхээр нь зээл гаргаж байгаа гэж хэлтэл, ах нь танай зээлийн газраас цалингийн зээлээ төлүүлээд, эргүүлээд цалингийн зээл нэмж аваад буцаагаад мөнгийг чинь төлнө гэхээр нь болно. Танд барьцаа ямар хөрөнгө байгаа юм гээд асуутал надад одоогоор барьцаа хөрөнгө гээд байх зүйл алга, би Цагдаагийн ерөнхий газарт ажилладаг. Чи манай ажил дээр хүрээд ирээч, нүүр нүүрээ харалцаж байгаад больё гэсэн. “...нөгөө хүнтэй уулзахад цагдаагийн дүрэмт хувцастай дэд хурандаа цолтой 45 орчим насны ах байсан. Тэр ах өөрийгөө Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабт ажилладаг гэж хэлээд, ах нь цалингийн зээлийнхээ өрийг өгөөд, дээрээс нь нэмж зээл авах гэж байгаа юм. Би гадагшаа сургалтанд явахаар болчоод байгаа юм. Ахад нь дахин ийм боломж олдохгүй учир яаралтай мөнгө хэрэг болчоод та хоёроос тусламж хүсэж байна гэхээр нь Билэгсайхан эгч зээл авах гэж байгаа бол заавал барьцаа хөрөнгө шаардлагатай байдаг учир зээл өгөх боломжгүй гээд хэлтэл, ах нь банкны эдийн засагчтай уулзаад зээл авахаар болчоод байгаа юм. Харин үлдэгдэл зээлээ төлчвөл боломж гарсан. Би өөрөө ийм том газар ажилладаг юм чинь, юу гэж чиний мөнгийг өгөхгүй алга болох юм. Ахдаа энэ удаа тус болчих ах нь зээлээ авчаад чиний мөнгийг 2 хоногийн дотор өгнө гээд Билэгсайхан эгчид хэлсэн. Тэгээд Билэгсайхан эгч бид хоёр хоорондоо ярилцаад, энэ хүн цагдаагийн байгууллагад ажилладаг. Одоо ажил төрлөө хийж байгаа юм чинь арай ч мөнгийг маань аваад залилахгүй байлгүй дээ гэж бодоод И.Чинбат гэдэг хүнд 2.000.000 төгрөгийг тэр өдрөө зээлүүлсэн. “...Энэ нь хүн анхнаасаа Билэгсайхан эгчийн мөнгийг залилан мэхлэж авах санаатай байсан юм шиг байна лээ. Анх банкнаас зээл авах гэж байгаа гэж мөнгө авсан боловч ямар ч зээл хөөцөлдөөгүй байсан байна лээ. Мөн авсан мөнгөө өгөхгүй нь тулд элдэв бусын худал зүйл зохиож ярьдаг болсон. “...И.Чинбат нь анх манай эгчид хэлэхдээ ах нь гадагшаа сургалтанд ажлынхаа шугамаар явж байгаа юм. Гэхдээ явах зардлаа алба хаагчид өөрсдөө гаргаж байгаа юм. Хэрвээ энэ сургалтандаа явчаад ирвэл ах нь тушаал дэвших болно. Цаашдаа та нарт ч хэрэг болно. Уг сургалтанд явах гэхээр мөнгөгүй болчоод аргаа бараад зээл авах гэж байгаа юм. Би банкинд 2.000.000 төгрөгийн өртэй байгаа юм. “... ах нь та хоёроос албан тушаалаа ашиглаад зээл авах гэж байгаа юм биш. Гэхдээ би ийм том ажил төрөл хийдэг байж юу гэж чамаас мөнгө залилаж авах юм. Би банкныхаа эдийн засагчтай уулзаад зээлийнхээ талаар тохирчсон байгаа. 2 хоногийн дотор чамаас авсан мөнгөө эргүүлээд төлнө. Хүүнд нь 100.000 төгрөг нэмж өгнө. Ахдаа итгэ гээд гуйгаад байхаар нь Билэгсайхан эгч зөвшөөрөөд 2.000.000 төгрөгийг зээлүүлсэн. Анх зээл өгөхдөө цаасан дээр өөрийнх нь гараар бичүүлсэн. Уг зээлийн утган дээр 2 хоногийн дотор зээлийг төлж дуусгаж, хүүнд нь 100.000 төгрөг өгөх болно. Мөн зээлийн хугацаа хэтэрвэл хүү алданги тооцож буцаан өгөх болно гэж бичүүлсэн. Тэгээд Чинбат нь зээлээ хугацаанд нь өгөхгүй болохоор нь Билэгсайхан эгч энэ хүн мөнгөө өгөхгүй удах юм шиг байна. Ямар ч гэсэн наториатоор ороод албан ёсоор батлуулахгүй бол болохгүй юм шиг байна гээд 10 хоногийн дараа Чинбаттай уулзаад наториат орж зээлийн гэрээгээ хийсэн юм…” гэсэн мэдүүлэг. /хх76-78/,

Гэрч Б.Батхуяг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тэр хүнтэй уулзахад энгийн хувцастай өөрийгөө Чинбат гэж танилцуулаад, ах нь Цагдаагийн ерөнхий газарт ажилладаг гээд ажлынхаа газрынхаа үнэмлэхийг үзүүлчээд, би танай хүүхдийг "Тэмүүжин өрлөг" дунд сургуульд оруулаад өгч чадна. Уг сургуулийн захирал нь надтай хамт нэг сургуульд сурч байсан. Бид дотно харилцаатай хүн байгаа юм. Та хоёрын асуудлын талаар найздаа хэлээд сургуульд хүүхдийг чинь оруулахаар болсон учир эхний ээлжинд 1.500.000 төгрөг болж байгаа гэхээр нь эхнэр бид хоёр гайхаад, ийм хурдан болгочиж байгаа юм уу гэхэд тиймээ би та хоёрыг ирэх замд чинь найздаа хэлээд бүтээчихсэн гэж хэлэхээр нь нэгэнт хүнээс юм гуйчаад дээрээс нь өөрийнхөө цагдаа үнэмлэхийг үзүүлээд албан тушаалаа хэлсэн учир арайч бид хоёрыг залилчихгүй байх гэж бодоод 1.500.000 төгрөгийг АТМ-аас авч И.Чинбатад өгсөн. Хэзээ дараа нь уулзах уу гээд асуутал ах нь хүүхдийн чинь асуудлыг нэг мөр болгочоод буцаад ярья гэж хэлчээд явсан. “...Ах нь ОХУ-руу сургалтанд явахаар болтол сургалтын төлбөр дутаад мөнгөний хэрэг болчоод байна. Нэгэнт та хоёр надаас юм гуйсан учир би ч бас та хоёроос энэ удаа мөнгө зээлье, ахынх нь цалин энэ 09 дүгээр сарын 15-нд буухаар нь та хоёрт буцаагаад өгье" гэсэн. “...Тухайн үед надад мөнгө байхгүй байсан учир эхнэрийн алтан бөгж, ээмгийг ойрхон "ломбарданд" тавиад 500.000 төгрөг болгоод И.Чинбатад өгсөн. Тэрнээс хойш 7 хоногийн дараа И.Чинбат нь миний гар утас руу залгаад "танай хүүхдийн сургуулиас сурагчийн дүрэмт хувцасны мөнгө гээд 516.000 төгрөгийг нэхэж байна. Энэ мөнгийг нь аваад манай ажил дээр хүрээд ир, бас сургуулийнх нь багштай нь та хоёрыг уулзуулна" гэхээр нь эхнэр бид хоёр 516.000 төгрөг бэлдээд ажил дээр нь ирэхэд өрөөндөө ганцаараа сууж байсан. Тэгээд би И.Чинбатаас нөгөө багш нь хаана байгаа юм гээд асуутал, "сургуулийн багшид нь ажил гараад ирсэнгүй. Намайг мөнгийг нь хураагаад аваарай гэж хэлэхээр нь "дүрэмт хувцасны 516.000 төгрөгийг И.Чинбатад хүлээлгэж өгсөн. Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр И.Чинбат нь миний гар утас руу залгаад хүүхдээ аваад "Тэмүүжин өрлөг" дунд сургуульд дээр хүрээд ир гэхээр нь эхнэр хүү бид гурав "Тэмүүжин өрлөг" дунд сургуулийн гадаа И.Чинбаттай уулзсан. Тэгтэл И.Чинбат нь та гурав хүлээж байгаарай гэж хэлчээд сургууль руу орчоод удалгүй гарч ирэхдээ цаасан дээр тушаал гэсэн бичиг үзүүлээд, тэр цаасан дээр 6 хүүхдийн нэрийг жагсааж бичээд, тэр дунд нь манай хүү Батхуяг овогтой Эрхэмбаяр гэсэн нэр байсан. Тэгээд уг тушаалаа тайлбарлахдаа танай хүүхэд сургуульд орсон гэсэн тушаалын хуулбар нь энэ байна 9 дүгээр сарын 12-ны өдөр сурагчид тангараг өргөх учир тэр өдөр хүүгээ дагуулаад ирээрэй гэж хэлэхээр нь эхнэр бид хоёр итгээд яваад өгсөн. Тэгээд 9 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө..."Тэмүүжин өрлөг" дунд сургууль дээр очоод уг сургуулийн захирлын нарийн бичиг гэсэн хүнтэй уулзаад танай сургууль тангараг өргөх ёслол болох уу, нэмэлтээр танай сургууль хүүхэд авсан юм уу гэхэд тийм зүйл байхгүй. Манай сургуульд хүүхдүүд тангараг өргөдөггүй. Манай сургууль нэмэлтээр сургуульд хүүхэд аваагүй. Хичээлийн шинэ жил эхлээд авах ёстой хүүхдүүдээ аваад жигдэрсэн. Ямар нэгэн захирлын тушаалаар хүүхэд аваагүй гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр И.Чинбат гэдэг хүнд залилуулсан гэдгээ мэдсэн...” гэсэн мэдүүлэг. /хх84-85/,

Яллагдагч И.Чинбат мэдүүлэхдээ: “...Батхуяг гээд залуутай уулзахад та манай хүүг "Тэмүүжин өрлөг" сургуульд оруулаад өгчих гээд надад бэлнээр 1.500.000 төгрөг өгчөөд явсан юм. Тэгээд би "Тэмүүжин өрлөг" дунд сургуулийн захиралтай нь уулзахад энэ жил манайх сургуульдаа элсэлт аваад дууссан учир нэмж хүүхэд авах боломжгүй. Дараа жил элсэлт авах учир тэр үед дүүгээ дагуулаад ирээрэй гэж хариу өгсөн. Би Батхуягын хүүг сургуульд оруулж өгч чадахгүй болсон талаараа хэлж чадаагүй юм. Яагаад гэхээр хүүхдийг нь сургуульд оруулж өгнө гэж хэлж мөнгө авчаад санаа зовоод байсан юм. Батхуяг бид хоёрын хооронд одоогоор өр авлагын асуудал байгаа юм. Би хүүхдийг нь сургуульд оруулж өгч чадаагүй учир мөнгийг буцааж өгөх гэж байгаа юм. Батхуягтай уулзахад би хүнээс асуухад 3.000.000 төгрөг болдог гэж сонсож байсан. Бид нарт 1.500.000 төгрөгийн боломж байна гэхээр нь за за наад мөнгө болно гэж хэлээд авсан. Миний хувьд "Тэмүүжин өрлөг" дунд сургуульд таньдаг хүн бол байхгүй. Уг сургуулийн захирал нь цэргийн хүн байдаг учир миний бие нь адилхан цэргийн байгууллагад ажилладаг учир дүрэмт хувцастайгаа ороод хүүхэд сургуульд оруулмаар байна гээд гуйхад бүтнэ байх гэж бодоод Б.Батхуягаас хүүхдийг чинь сургуульд оруулаад өгч чадна гэж мөнгө авсан. Тухайн үед надад мөнгөний хэрэгцээ гараад Батхуягаас мөнгө нэмж авсан юм. Анх офицеруудын ордны урд талын автобусны зогсоол дээр Батхуягтай уулзахдаа хүүг чинь "Тэмүүжин өрлөг" дунд сургуульд оруулж өгнө гэж хэлээд бэлнээр 1.500.000 төгрөг, Ажлын газар Цагдаагийн ерөнхий газрын урд тал уулзаад Тэмүүжин өрлөг сургуульд орохын тулд дүрэмт хувцас худалдаж авах ёстой байдаг юм гэж хэлээд 516.000 төгрөг, мөн Батхуягт "Ах нь гадагшаа сургалтанд явахаар болсон" чамд мөнгөний боломж байна уу, байгаа бол надад түр 500.000 төгрөг зээлээч гэж хэлээд авсан. “...Батхуяг надаас хүүхэд маань сургуульд орсон уу гэж асуугаад байхаар нь гэртээ байхдаа компьютер дээр хуурамчаар захирлын тушаал гэж бичиж гаргаад, уг тушаал дээрээ Батхуягын хүүхдийг сургуульд орсон талаар бичсэн юм. Тэгээд би уг захирлын тушаал гэсэн хуурамч бичгээ Батхуягт үзүүлчээд ураад хаясан юм. Батхуяг нь байн байн над дээр ирээд хүүхэд маань сургуульд орсон уу гээд асуугаад байхаар нь хүүхэд чинь сургуульд орсон гэж итгүүлэх зорилгоор "Тэмүүжин өрлөг" дунд сургуулийн захирлын тушаалын хуурамчаар бичиж гаргаад Батхуягт үзүүлсэн…” гэсэн мэдүүлэг. /хх99-101/,

Яллагдагчаар И.Чинбат мэдүүлэхдээ: “...Миний бие нь иргэн Б.Батсайхан, Т.Билэгсайхан, Г.Амартүвшин нараас тодорхой хэмжээний мөнгийг авсан нь үнэн. Иргэн Б.Батсайхан нь 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр намайг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Ломбардны" газарт явж байхад өөрөө над дээр ирээд "Та манай хүүг Хууль сахиулахын их сургуульд оруулж өгч чадах уу, хахууль мөн шаардлагатай мөнгийг нь би өгье" гэхээр нь би ганц нэг хүнтэй уулзаад бүтээхийг бодьё гэж хэлээд салж яваад тухайн өдрийнхөө үдээс хойш Батсайхантай "Хууль сахиулахын" их сургуулийн гадна уулзаад 2.000.000 төгрөгийг бэлнээр авсан юм. Тэгээд би Батсайханы хүү Борхүүг "Хууль сахиулахын" их сургуульд оруулж өгөхөөр болж уг сургуульд ажилладаг Мөнхбат гэдэг хүнээс нэг хүүхэд танай сургуульд оруулмаар байна гэхэд боломжгүй гэдэг хариу сонссон боловч энэ талаар Батсайханд хэлээгүй. Хүүхэд чинь сургуульд орно гэж хэлээд худлаа хэлээд яваад байсан юм. Тэгээд Батсайханд мөнгийг нь буцаан өгье гэж бодсон боловч мөнгөний боломж олдохгүй байсаар байгаад ийм асуудал болсон. Энэ асуудал бол цэвэр миний буруу байгаа юм. Мөн Батсайханаас зөөврийн компьютерыг нь хэрэглээд өгье гэж хэлээд авсан. Мөн "Хууль сахиулахын" их сургуулийн захиргаанаас нь сонсогчийн хандивын мөнгө нэхээд байна гэсэн нэрийдлээр 200.000 төгрөг нэмж авсан. Нийтдээ Батсайханаас бэлнээр 2.500.000 төгрөг, нэг жижиг зөөврийн компьютер зэргийг авсан. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ажил дээрээ байхдаа "Зээл" чөлөөлнө гэсэн зарын дагуу Т.Билэгсайхан гэх хүнтэй утсаар холбогдоод ажил дээрээ дуудаж уулзаад 2.000.000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлж авсан. Би уг зээлсэн мөнгөө хугацаандаа төлж чадалгүй, хугацаа алдаж Т.Билэгсайхан гэх хүнд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Иргэн Амартүвшин болон Батхуяг нарын хүү Эрхэмбаярыг нь "Тэмүүжин өрлөг" дунд сургуульд оруулж өгнө гэсэн нэрийдлээр 1.500.000 төгрөгийг авсан. Мөн дээрээс нь нэмж 500.000 төгрөгийг зээлж авсан. Мөн сурагчийн дүрэмт хувцасны мөнгө гэж худал хэлээд 516.000 төгрөгийг авсан. Ийм л асуудлуудад холбогдсон юм. “...Ингэж мөнгө нэмж авахдаа дээрх хүмүүсийг итгүүлэх зорилгоор өөрөө бичиг цаас үйлдэн үзүүлж итгэл түрүүлсэн. Уг бичгэн дээрээ "Хууль сахиулахын" их сургуулийн захирлын тушаалын хавсралт, Мөн "Тэмүүжин өрлөг" дунд сургуулийн захирлын тушаал гэсэн хуурамч бичиг хэвлүүлж үзүүлсэн. “...Би Батсайханаас зөөврийн компьютерийг нь авчаад тэр өдөртөө хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хажууханд байдаг "Ломбарданд" 150.000 төгрөгийн барьцаанд тавиад буцаан авч чадаагүй юм…” гэсэн мэдүүлэг. /хх104-107/,

Хохирогч Б.Батсайханы мэдүүлэг /хх-7/, И.Чинбатын баталгаа /хх-41, 57/, эд зүйлийн үнэлгээ /хх-53/, хохирогч Т.Билэгсайханы мэдүүлэг /хх63-65/, хохирогч Г.Амартүвшины мэдүүлэг /хх67-70/, хохирогч Б.Батсайханы мэдүүлэг /хх72-75/, гэрч Т.Амарсайханы мэдүүлэг /хх76-78/, гэрч Б.Батхуягийн мэдүүлэг /хх84-85/, гэрч Ч.Оюунгэрэлийн мэдүүлэг /хх-87/, гэрч Г.Чинболдын мэдүүлэг /хх-89-90/, гэрч Н.Олонбаярын мэдүүлэг /хх-91/, И.Чинбатын ял шалгах хуудас /хх-110/, Яллагдагч И.Чинбатын хувийн байдлыг тогтоосон баримт /хх-117/, яллагдагч И.Чинбатын мэдүүлэг /хх104-107/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч И.Чинбат нь Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабын ерөнхий зохицуулагчаар ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглан, давтан үйлдлээр 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хохирогч Б.Батсайханаас хүү Б.Борхүүг нь Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө гэж хуурч мэхлэн 2.000.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр сургуульд өгөх хандивын мөнгө гэж 200.000 төгрөг, мөн сургалтанд ашиглаад өгье гэж 800.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютер зэргийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан болох нь,

Мөн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабын байранд хохирогч Т.Билэгсайханаас албан тушаалын байдлаа ашиглаж, хуурч мэхлэн 2.000.000 төгрөгийг зээл нэрээр залилан мэхлэж авсан болох нь,

Мөн 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Г.Амартүвшингийн хүү Б.Эрхэмбаярыг “Тэмүүжин өрлөг” дунд сургуульд оруулж өгнө гэж 1.500.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабын байранд 500.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “сурагчийн дүрэмт хувцасны мөнгө” гэж 516.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч И.Чинбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч И.Чинбатыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч И.Чинбат нь хохирогч нарт нийт 7.516.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул уг төлбөрийг түүнээс гаргуулж хохирогч Т.Билэгсайханд 2.000.000 төгрөг, хохирогч Б.Батсайханд 3.000.000 төгрөг, хохирогч Г.Амартүвшинд 2.516.000 төгрөгийг тус тус олгохоор шүүх шийдвэрлэсэн болно.

Шүүх шүүгдэгч И.Чинбатад ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлөөгүй, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч И.Чинбат нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал боловч хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлөөгүй нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүхээс шүүгдэгч И.Чинбат эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Харуулчин овогт Ичинноровын Чинбатыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар И.Чинбатаас эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар И.Чинбатад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар И.Чинбатын ар гэрийн хувьд ногдох хөрөнгөнөөс нийт 7.516.000 /долоон сая таван зуун арван зургаа мянга/ төгрөгийг гаргуулж үүнээс хохирогч  Т.Билэгсайханд 2.000.000 төгрөг, хохирогч Б.Батсайханд 3.000.000 төгрөг, хохирогч Г.Амартүвшинд 2.516.000 төгрөгийг тус тус олгосугай.
  2. . Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол И.Чинбатад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ШИНЭБАЯР