Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 07

 

 

Б.М нарын 7 хүний 

нэхэмжлэлтэй, “Х” ХХК-д 

холбогдох иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Л.Наранбаяр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир

Нэхэмжлэгч Н.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нар оролцов. 

 

 Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 51 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гын давж заалдах гомдлоор Б.М, Н.Э, Д.О, С.Т, Г.Б, Г.Бат, Б.Ш нарын “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай” Х ХХК-д холбогдох иргэний хэргийг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч С.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 6 дугаар сараас тус компанид Олборлолтын хэлтэст жолоочоор ажиллаж байгаад 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 20/17 тоот захирлын тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэжээ. Гэтэл надад 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээг цуцлах санал тавилгүй ба сул зогсолтын үед буюу 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг компаниас төлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гэрээний хугацаа сунгагдан явж байсан мөн байнгын ажлын байр гэдгийг нотолж байгаа юм. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 189 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэв. 

 

Нэхэмжлэгч Д.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оны 3 дугаар сараас тус компанид Засварын хэлтэст хүнд машин механизмын засварчин, ээлжийн ахлагчаар тасралтгүй ажилласан. Дээрх хугацаанд зөрчил дутагдал гаргаж сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Би 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хамт олны хурлаар байгууллагын дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүнээр сонгогдон одоог хүртэл ажилтнуудынхаа эрх ашгийг хамгаалан ажиллаж байгаа. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 20/17 тоот захирлын тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажлаас чөлөөлсөн тушаалд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэж заажээ. 

Хэрэв компани байнгын ажлын байр биш гэж үзээд гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлийг зааж байгаа бол 2017 оны 5 дугаар сард бус 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусмагц гэрээг сунгахгүй болсноо мэдэгдэж улмаар тушаал гаргах байсан. Надад 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээг цуцлах саналыг тавиагүй ба сул зогсолтын үед буюу 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг компаниас төлж байсан нь байнгын ажлын байранд гэрээний хугацаа сунгагдаж байсныг нотолж байна. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 189 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон   эрүүл   мэндийн   даатгалыг   дэвтэрт   нөхөн   бичилт   хийхийг   даалгасан 

шийдвэрийг гаргаж өгнө үү гэв. 

 

Нэхэмжлэгч Н.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011 оны 8 дугаар сараас эхлэн тус компанид Олборлолтын хэлтэст ээлжийн ахлагч, дампын оператороор ажиллаж байгаад 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 20/17 тоот захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэж ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй. Жил бүрийн 10 сарын 31-ний өдрөөс хойш сул зогсолтын байдалтай байлгаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож бидний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж байгаад хавар болж ажил эхлэх үед гэрээг 6 сарын хугацаатай байгуулах, сунгах маягаар ажиллуулж ирсэн. Ажлын байр бол хөдөлмөрийн хуульд зааснаар байнгын ажлын байр ба өвөлдөө компани бидний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг хариуцан бөглүүлж байдаг нь байнгын ажлын байр гэдгийг нотолно.

Хэрэв компани гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлийг зааж байгаа бол 2017 оны 5 дугаар сард бус 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусмагц Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар гэрээг сунгахгүй болсноо мэдэгдэж улмаар тушаал гаргах байсан. 

Гэтэл надад 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээг цуцлах саналыг тавиагүй ба сул зогсолтын үед буюу 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг компаниас төлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гэрээний хугацаа сунгагдан явж байгааг нотолж байна. Би 2016 оны 08 дугаар сарын 03-аас байгууллагын дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Энэ ажилтай холбоотой намайг ажлаас халсан гэж үзэж байна. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 189 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэв. 

 

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оны 4 дүгээр сараас 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус компанид Өрмийн хэлтэст өрөмдөгч, ээлжийн ахлагчаар ажиллаж байгаад 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 17/17 тоот захирлын тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас халагдсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Жил бүрийн 10 сарын 31-ний өдрөөс хойш сул зогсолтын байдалтай байлгаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож бидний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж байгаад хавар ажил эхлэх үед гэрээг 6 сарын хугацаатай байгуулах, сунгах маягаар ажиллуулж ирсэн. Ажлын байр нь хөдөлмөрийн хуульд зааснаар байнгын ажлын байр ба өвөлдөө компани бидний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг хариуцан бөглүүлж байдаг нь үүнийг нотолж байна. Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэжээ. Гэтэл надад 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээг цуцлах саналыг тавиагүй ба сул зогсолтын үед буюу 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг компаниас төлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацаа сунгагдан явж байгааг нотолж байна. 

Намайг 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж ирсэн, 2016 оны 8 дугаар сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 хоног ажил тасалсан зэрэг ноцтой зөрчил гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэжээ. Гэтэл дээрх зөрчлүүдэд тухай бүрт нь зохих шийтгэлийн арга хэмжээ ногдуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д сахилгын зөрчил гарснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна, 131 дүгээр зүйлийн 131.3-т сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэж заасан байна. Дээрх хуулийн заалтаас үзэхэд тушаалд дурдсан зөрчлүүдэд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх ба сахилгын нэг зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулж болохгүй гэсэн байна. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 189 хоногийн цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 2014 оны 6 дугаар сараас эхлэн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус компанид Олборлолтын хэлтэст дампын оператороор тасралтгүй ажилласан. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 16/17 тоот захирлын тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 8.3 дахь хэсэгт зааснаар ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажлаас чөлөөлсөн тушаалд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэжээ. Бид бүгд 6 сарын хугацаатай гэрээ байгуулдаг ба жил бүрийн 10 сарын 31-ний өдрөөс хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож бидний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж байгаад хавар ажил эхлэх үед гэрээг 6 сарын хугацаатай сунгаж ажиллуулдаг тул хөдөлмөрийн хуульд зааснаар байнгын ажлын байр гэдгийг давхар нотолж байна. Хэрэв компани байнгын ажлын байр биш гэж үзээд гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлийг зааж байгаа бол 2017 оны 5 дугаар сард бус 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусмагц гэрээг сунгахгүй болсноо мэдэгдэж улмаар тушаал гаргах байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 31-нд дуусмагц компанид цуцлах санал тавиагүй тул уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсан гэж ойлгож байгаа. Намайг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шөнийн ээлжинд ажиллаж байхдаа аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн, 2016 оны 7 дугаар сард 4 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зэрэг ноцтой зөрчил гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэжээ. Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шөнийн ээлжинд ажиллаж байхдаа аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн үндэслэлээр надад 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр сануулах арга хэмжээ 2016 оны 7 дугаар сард 4 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн үндэслэлээр 2 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д сахилгын зөрчил гарснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна, 131 дүгээр зүйлийн 131.3-т сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэж заасан байна. Дээрх хуулийн заалтаас үзэхэд тушаалд дурдсан зөрчлүүдэд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх ба сахилгын нэг зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулж болохгүй гэсэн байна.

Иймд хуулийн дагуу шийдвэрлэж намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан 189 хоногийн цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Г.Бат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 6 дугаар сараас эхлэн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус компанид Олборлолтын хэлтэст дампын оператороор тасралтгүй ажиллаж байгаад 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 15/17 тоот захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас халагдсныг зөвшөөрөхгүй байна. Ажлаас чөлөөлсөн тушаалд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэжээ. Жил бүрийн 10 сарын 31-ний өдрөөс хойш сул зогсолтын байдалтай байлгаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож бидний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж байгаад хавар ажил эхлэх үед гэрээг 6 сарын хугацаатай сунгаж ажиллуулж ирсэн. Хэрэв компани байнгын ажлын байр биш гэж үзээд гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлийг зааж байгаа бол 2017 оны 5 дугаар сард бус 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусмагц гэрээг сунгахгүй болсноо мэдэгдэж улмаар тушаал гаргах байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц компанид цуцлах санал тавиагүй учир уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсан гэж үзэж байгаа. Намайг 2016 оны 6 дугаар сард шөнийн ээлжинд ажиллаж байхдаа подемоо буулгаагүй хөдөлгөөнд оролцсон, 2016 оны 7 дугаар сард 2 өдөр ажил тасалсан, 2016 оны 9 дүгээр сард овоолттой шороо дайрч машины банкийг цоолж 380 л түлш асгасан зэрэг удаа дараа зөрчил гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэжээ. Гэтэл дээрх зөрчлүүдэд тухай бүрт нь зохих шийтгэлийн арга хэмжээ ногдуулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаас үзэхэд тушаалд дурдсан зөрчлүүдэд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх ба сахилгын нэг зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулсан байна. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Б.Ш нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 5 дугаар сараас тус компанид Өрмийн хэлтэст туслах өрөмдөгчөөр ажиллаж  байгаад 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 18/17 тоот захирлын тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 8.3 дахь хэсэгт зааснаар ажлаас халагдсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Жил бүрийн 10 сарын 31-ний өдрөөс дараа оны 4 дүгээр сарын 26 хүртэл сул зогсолтын байдалтай байлгаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож бидний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж байгаад хавар ажил эхлэх үед гэрээг 6 сарын хугацаатай сунгаж ажиллуулж ирсэн. Ийнхүү ажил олгогч нь өөрийн давуу байдлыг ашиглаж бидний удаа дараагийн шаардлагыг хүлээж авалгүй зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулан ажиллуулж ирсэн нь ажилчдын эрх ашиг болон хуулийг зөрчиж байгаа үйлдэл юм. Ажлын байр бол хөдөлмөрийн хуульд зааснаар байнгын ажлын байр ба өвөлдөө компани бидний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг хариуцан бөглүүлж байдаг нь байнгын ажлын байр гэдгийг нотолж байна. Хэрэв компани байнгын ажлын байр биш гэж үзээд гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлийг зааж байгаа бол 2017 оны 5 дугаар сард бус 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусмагц гэрээг сунгахгүй болсноо мэдэгдэж улмаар тушаал гаргах байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэжээ. Гэтэл надад 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээг цуцлах саналыг тавиагүй ба сул зогсолтын үед буюу 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг компаниас төлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гэрээний хугацаа сунгагдан явж байгааг нотолж байна.

Намайг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж ажилдаа согтуу ирсэн, 2016 оны 10 дугаар сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 хоног ажил тасалсан зэрэг ноцтой зөрчил гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэжээ. Гэтэл дээрх зөрчлүүдэд тухай бүрт нь зохих шийтгэлийг ногдуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д сахилгын зөрчил гарснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна, 131 дүгээр зүйлийн 131.3-т сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэж заасан байна. Дээрх хуулийн заалтаас үзэхэд тушаалд дурдсан зөрчлүүдэд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх ба сахилгын нэг зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулж болохгүй гэсэн байна. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан 189 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Х” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нэр бүхий иргэдийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хүлээн авах боломжгүй гэж үзэж байгаа тул дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Энэ 2017 оны 5 сарын 05-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаал бол ямар нэгэн зөрчилд хариуцлага тооцож ажлаас халсан тушаал биш. Сахилгын арга хэмжээг өөр тушаалаар авсан байгаа. Дээрх ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Өмнөх оны хөдөлмөрийн гэрээнүүдэд сунгагдсан гэсэн тэмдэглэл хийгдсэн гэж байна. Гэрээг ямар байдлаар хэрэгжүүлэх нь талуудын гэрээ байгуулах эрх чөлөө юм. Гэрээ ямар байдлаар хийгдэх нь талуудын асуудал. Нийгмийн даатгал төлөгдсөн нь гэрээ үргэлжилсэн гэсэн үг биш. Хамтын хэлэлцээрт зайлшгүй оролцох, үр дүнд хүрэхийг хууль тогтоогчид хуульчилж өгсөн байгаа. Нэхэмжлэгч талын дурдаж байгаа 3.5 гэсэн заалтыг дурдсан хамтын гэрээ нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон. Иймээс хамтын гэрээний дагуу нийгмийн даатгалыг төлж байсан. Хөдөлмөрийн гэрээг автоматаар сунгагдсан гэж үзэж болохгүй. Хөдөлмөрийн гэрээг ажилтан тус бүртэй байгуулсан байгаа. Энэ ажилчдын хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Өвлийн улиралд сул зогсолт гэж ярьж болохгүй. Сул зогсолт гэдэг бол ажилтныг ажлаар хангах үүрэг хүлээсэн үед ажил олдохгүй байгааг хэлнэ. Ажил олдохгүй гэдгээ мэдээд Х ХХК-нь хөдөлмөрийн гэрээгээ ажилчидтайгаа 6 сарын хугацаагаар байгуулж байгаа юм. Жилийн жилд хөдөлмөрийн гэрээнүүд сунгагдаж явсан учраас гэрээ сунгагдсан гэж ойлгоно гэж байна. Гэрээ сунгагдаж явсан зүйл байхгүй. Гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээг 6 сараар дахин байгуулж явсан. 5 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр гэж заасан нь гэрээ байгуулж буй хугацааг хэлж байгаа юм. Энэ нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дахин гэрээ байгуулахгүй гэсэн тушаал юм. Саналаар биш хуульд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгахыг заасан. Ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байж гэрээг сунгагдсанд тооцно. Гэтэл энэ хүмүүс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ямар ч ажил хийгээгүй. Нийгмийн даатгалыг нөхөн төлөх гэдэг нь хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдаад явж байгаа асуудал биш. Хамтын гэрээнд заасны дагуу нийгмийн даатгалыг төлсөн. Одоо энэ хамтын гэрээ дуусгавар болсон байгаа. Шүүх аливаа хуулийн этгээдийг хууль зөрчсөн эсэхийг тогтоодог. Х ХХК-нь хууль зөрчсөн асуудал байхгүй. Ямар ч Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болох нь гэрээ байгуулахад л мэдэгдэж байдаг. Энэ хугацаанаас өмнө цуцлагдсан бол гэрээ байгуулсан талуудын эрх ашгийг зөрчсөн гэж үзнэ. Гэтэл эдгээр хүмүүстэй байгуулсан гэрээ нь 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулагдсан учраас хөдөлмөрийн гэрээ дууссан. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар Х ХХК-ийн хуулиар хүлээсэн үүрэг дуусгавар болсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон байхад сул зогсолт гэж ойлгож болохгүй. Х ХХК-нь Ц ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хөрс хуулалтын болон олборлолтын ажлыг явуулдаг. Энэ ажлыг дулааны улиралд явуулах ёстой. Өвлийн улиралд явуулах боломжгүй учраас хөдөлмөрийн гэрээг богино хугацаагаар байгуулдаг. 6 сараас илүү хугацаагаар гэрээ байгуулвал хүйтний улиралд ил гадаа ажиллах боломжгүй, техник төхөөрөмж ажиллах боломжгүй, зам мөстдөг зэргээс үзэхэд энэ компани өвөл ажиллах боломжгүй. Х ХХК-ийн ажил бол улирлын чанартай ажил юм. Иймээс эдгээр ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Компанийн үйл ажиллагаа 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зогссон учраас эдгээр ажилчид ажил гүйцэтгэх боломжгүй байсан. Энэ гэрээ анх заасан хугацаагаар сунгагдсан гэсэн үйл баримт тогтоогдоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан байгаа. Компани өвлийн улиралд нийгмийн даатгал төлж байсан нь хөдөлмөрийн гэрээ сунгагдсан гэсэн үйл баримт биш. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар Нийгмийн даатгалд дор дурдсан ажилтан албан журмаар даатгуулна: 1/өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн даатгал төлнө гэж байгаа. Ажил хаялтыг зогсоох арга хэмжээний эсрэг оруулсан 3.5 гэсэн заалтыг оруулсан байна. Гэхдээ энэ хамтын гэрээ хүчин төгөлдөр бус болсон. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох нь ажлаа гүйцэтгэж байгаа үед нь хамаарна. Энэ хүмүүс ажил гүйцэтгэж байгаагүй. Хөдөлмөрийн   гэрээ   дууссан   тохиолдолд   энэ   асуудал   хамаарахгүй.  Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 63 дугаар шийдвэрт: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.М, Б.Ш нарыг Х ХХК-ийн өрөмдөгчийн ажилд, Н.Э, Г.Б, Г.Бат, С.Т нарыг тус компанийн жолоочийн ажилд, Д.Оыг тус компанийн засварчны ажилд тус тус эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х ХХК-аас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нэхэмжлэгч Б.Мт 5986644 төгрөг, нэхэмжлэгч Б.Шд 5133524 төгрөг, Н.Эд 6865108 төгрөг, Г.Бд 4020308 төгрөг, Г.Батд 3893076 төгрөг, С.Тт 3829332 төгрөг, Д.От 11586132 төгрөгийг тус тус гаргуулан олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлж, дэвтэрт зохих журмын дагуу сар тутамд шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Х ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 41314124 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 364521 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо:  Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр давж  заалдах гомдол гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “...ажилтан ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байгаа бол анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 31-нд дуусмагц үргэлжлүүлэн ажиллаагүй талаар нэхэмжлэгч тал маргаагүй. Гэтэл анхан шатны шүүх хуулийг үндсэн агуулгаас нь зөрүүтэйгээр хэрэглэн “хөдөлмөрийн гэрээ ... сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй” хэмээн шийдвэрлэж хариуцагчийн эрх зүйн байдлыг хууль зүйн үндэслэлгүйгээр дордуулсанд гомдолтой байна. Нэхэмжлэгч нар анхан шатны шүүхэд 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажилдаа эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд энэ шаардлагаа ямар нэгэн байдлаар өөрчлөөгүй, эсхүл нэмэгдүүлээгүй байтал ажилд нь эгүүлэн тогтоох шаардлагыг нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар журамлан тогтоосон иргэний хэргийн оролцогчийн эрхийг иргэний хэргийн шүүх өмнөөс нь хэрэгжүүлэн энэхүү шийдвэрийг гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М, Н.Э, Д.О, С.Т, Г.Б, Г.Бат, Б.Ш нар нь “Х” ХХК ажлаас үндэслэлгүй халлаа, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл шаардлага гаргасныг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нар болон хариуцагч Х ХХК-ийн хооронд хөдөлмөрийн  эрх  зүйн   харилцаа   үүссэн,  2017   оны   05  дугаар  сарын 05-ны  өдөр “хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 31-ны өдөр дууссан, сахилгын ноцтой зөрчил гаргасан“ гэсэн үндэслэлүүдээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлсөн тушаалуудаар нотлогдож байна. /хх-32-38,145,153,160,167,173,180,188/

Хариуцагч Х ХХК нь ажлын онцлогоос хамаарч ажилчидтай 2016 оны 04 сарын 26-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц ажил олгогч гэрээг сунгах эсэх талаар санал тавиагүй, 2016 оны 12 сараас 2017 оны 05 сар хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт бичилт хийсэн, нэхэмжлэгч Н.Э, Д.О, Г.Б, С.Т, Б.М нарын нийгмийн даатгалын дэвтрийн даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтөд  Х ХХК-д ажилд орсон, чөлөөлсөн тухай тэмдэглэл хийсэн зэрэгт дүгнэлт хийхэд нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн гэрээний хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар  6 сарын хугацаагаар сунгагдсан гэж үзэхээр байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон” гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-44-50/

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 31-нд дууссан гэдэг боловч үүнийгээ нотлох баримтаар нотолж чадаагүй төдийгүй  ажил олгогч мөн өдрөөс хойш ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэрийг 6 сар 5 хоногийн дараа гаргаж  өгсөн, энэ хугацаанд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг төлж дэвтрүүдэд хийсэн бичилт, нэхэмжлэгч нарын тайлбарууд болон нийгмийн даатгалын дэвтрүүдийн хуулбараар няцаагдаж байх ба  Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар 43.3-т заасан “Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөр нь өгөх үүрэгтэй” гэх заалттай нийцэхгүй байна.   

Түүнчлэн хариуцагч байгууллага нэхэмжлэгч Г.Бат, Г.Б, Б.М, Б.Ш нарыг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч нар хөдөлмөрийн сахилга зөрчсөн тохиолдол бүрт сахилгын шийтгэл хүлээсэн байхад компани ажлаас халах үндэслэлдээ “сахилгын ноцтой зөрчил гаргасан” гэж заасан нь нэг зөрчилд давхар арга хэмжээ авагдаж байна гэж үзээд  зөвшөөрөхгүй гэжээ. 

Хэрэгт Х ХХК-ийн захирлын 2016 оны 06 сарын 21-ний өдрийн 34/16 дугаар тушаалаар Б.М, Б.Ш нарт 7, 8 сарын үндсэн цалингийн 20 хувь, 06 дугаар сарын 27-ны өдрийн 41/16 дугаар тушаалаар  Г.Батд 6 сарын үндсэн цалингийн 10 хувиар, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 53/16 дугаар тушаалаар 2 сар үндсэн цалинг 20 хувиар тус тус бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-40, 2-р хавтаст хэргийн 116,117-р тал/ 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гэдгийг гэрээний талууд ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг “ноцтой” гэж үзэх талаар тохиролцож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах учиртай.  

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж хуульчилжээ.    

Гэтэл Б.М нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд  “ноцтой” зөрчлийг нэрлэн заагаагүй, нэхэмжлэгч нар нь сахилгын зөрчил гаргасан үйлдэл бүртээ сахилгын шийтгэл хүлээж байсан нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах  үндэслэл болохгүй байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын шаардлагын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хариуцагч Х ХХК шүүхийн 51 дугаар шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа талаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 64530 төгрөг төлжээ. Хариуцагч шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хуулийн зохицуулалт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасан байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 300000 төгрөгийг нэмж гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 51 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

Хоёр. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 64530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн  300000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд  шүүхэд гомдол гаргах эрхтэй.

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  О.БААТАРСҮХ

                                       ШҮҮГЧИД                                   Л.НАРАНБАЯР

                                                                                           Д.БАЙГАЛМАА