| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2023/0301/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/309 |
| Огноо | 2023-08-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/309
2023 08 23 2023/ШЦТ/309
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Ж.Батбаатар
Хохирогч Ц.Б
Шүүгдэгч Х.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ат холбогдох эрүүгийн 2325000000355 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.А нь согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ш” баарны гадна 2023 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хохирогч Ц.Бийг хэрүүл өдлөө гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд “дээд зүүн нэгдүгээр шүдний булгаралт, дээд зүүн хоёрдугаар шүдний ганхалт, дээд баруун нэгдүгээр шүдний хугарал, хүзүү цээж, зүүн мөр, зүүн чихний урд хэсэгт цус хуралт, баруун гарын тохойнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Х.Аын мэдүүлсэн: Үнэн зөв мэдүүлсэн, гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
-хохирогч Ц.Бийн мэдүүлсэн: Тухайн үед архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Сайн санахгүй байгаа. Миний буруу байсан юм шиг байна лээ.3,180,000 төгрөг болж байгаа. Гэвч нэг шүд нь миний эмчлүүлж байсан унасан шүд байсан тул уг шүдний эмчилгээний төлбөр 700,000 төгрөгийг хасаад 2,400,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэх мэдүүлэг,
эрүүгийн 2325000000355 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан, талуудаас шинжлэн судалсан:
-Эд мөрийн баримтаар /хяналтын камерын бичлэг бүхий хуурцаг/ тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12-р тал/
- хяналтын камерын бичлэг бүхий саарал өнгийн дискинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-18-р тал/
-хохирогч Ц.Бийн мэдүүлсэн ... Би 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн орчимд дээд сургуулийн найзуудтайгаа уулзаад архи, пиво уугаад нилээн согтоод бид нар /орой цагийг нь санахгүй байна/ “Ш” гэх бааранд найзуудтайгаа орж байснаа санаж байна. Тэрнээс хойшхи зүйлийг санахгүй байгаа бөгөөд шөнө цагдаа дээр такси барьж /99222575/ ирээд ухаан орсон. Би хэнд, хаана зодуулсанаа санахгүй байна архи уугаад тасарсан байсан. Би шүднүүддээ эмчилгээ хийлгэж хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р тал/
-гэрч Э.Эын мэдүүлсэн:.. 2023 оны 06 дугаар сарын 27-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багт үйл ажиллагаа явуулдаг “Ш” бааранд найз А, хуурай дүү Ц нарын хамт орсон. Тэгсэн дүүгээ үлдээгээд бид хоёр өөр тийш явчихаад эргээд ирсэн чинь хохирогч гэх залуу замын хажууд зогсож байсан. Нэлээн халамцуу байдалтай хүн болгон руу л үсчээд байсан. Нэг пивоны шил барьчихсан бид хоёрт агсрах шинжтэй байсан. Тухайн үед хэн хэндээ асуудал үүсгэхгүй салцгаая гэхэд Аын сууж байсан талын цонхон дээр хүрч ирээд ам зөрөөд муудалцсан. Эхэндээ тэр залуугаас салах гэж нэлээн ярилцсан боловч салж өгөөгүй. Машинаа хөдлөх гэхээр хөл гар нь машин доогуур орчих байх гэж айгаад хөдлөхгүй зогсож байсан. Аыг хэл үгээр өдөөд ээжийг нь янхан гичий гээд эхэлсэн А уурлаад тэр хоёр зодолдсон. Би эрүүл байсан. А нэг лааз пиво уучихсан байсан. Аыг хэрүүлээр өдөөд байхад тэвчээд дуугай байгаад байсан. Дараа нь ээжийг нь янхан гичийгээр дуудаад эхэлсэн чинь А уурлаад эхэлсэн. Хоорондоо барилцаж аваад газар унагаж цохих гэтэл би найзынхаа гарыг бариад болиулсан.Тэгсэн тэр залуу больчихгүй найзыг маань өдөөд байсан. А эргэж очоод нүүр тус газар нь мөргөчихсөн. Тэгэээд бид хоёр яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/
- Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 07-р сарын 03-ны өдрийн 570 дугаартай...Ц.Бийн биед дээд зүүн нэгдүгээр шүдний булгаралт, дээд зүүн хоёр дугаар шүдний ганхалт, дээд баруун нэгдүгээр шүдний хугарал, хүзүү, цээж, зүүн мөр, зүүн чихний урд хэсэгт цус хуралт, баруун гарын тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтлүүд байна. Дээд зүүн нэгдүгээр шүдний булгаралт, дээд зүүн хоёр дугаар шүдний ганхалт, дээд баруун нэгдүгээр шүдний хугарал, хүзүү, цээж, зүүн мөр, зүүн чихний урд хэсэгт цус хуралт, баруун гарын тохойнд зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-н 30-31-р тал/
-Шүүгдэгч Х.Аын яллагдагчаар мэдүүлсэн... Энэ миний буруу би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 06 дугаар сарын 27-ны орой найзууд Э, Нико хоёрын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ш” баарны гадна уулзаад дотогш орж би нэг лааз пиво уусан. Баарнаас 23 цаг 40 минутын үед гарч ирээд гадаа машин дотор хүн хүлээж байсан. Тэгээд би машинаас бууж бие засах гэтэл үл таних залуу хүрч ирчихээд намайг хараад байхаар нь би юуг нь хараав гэчихээд машиндаа суусан. Машиндаа суугаад хөдлөх гэтэл миний сууж байсан хаалганы зүүн талын цонхны хажуу талд ирчихээд тамхи асууснаа “хэн болчихоод та нар ингээд байгаа юм би та нарыг танина” шүү гэхээр нь би машинаас бууж ирээд арагш нь түлхээд нэг удаа алгадаж аваад холдуулсан. Буцаад машиндаа суух гэтэл пивоны шилээр араас далайгаад цохих гэж байсныг найз Э хараад ардаас чинь цохилоо гэхээр нь эргэж хараад ноцолдож барьцалдаж авсан.Манай найз Э намайг тэр залуугаас салгаад боль гэхэд араас нөгөө залуу ямар янхны үр болчихоод та нар ингээд байгаа юм гэхээр нь очоод нүүр хэсэгт нь мөргөөд хаячихсан юм. Машиндаа суугаад явах гэтэл ардаас би та нарыг танина. Маргааш уулзах газраа уулзана гээд орилж хашгираад үлдсэн. Маргааш нь би өөртэй нь холбоо бариад намайг цагдаад өгсөн гэхээр нь би цагдаатай нь холбогдоод өөрөө ирж уулзсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би дахин ийм үйлдэл гаргахгүй. Би хохирогчид хохирлыг бүрэн барагдуулж өгнө.Хохирогчийг би дагуулж шүдний эмнэлэгээр яваад эмчилгээнд орох цаг хугацаагаа тохиролцсон.....гэх мэдүүлэг /хх-ийн 41-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч Х.А нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг “Ш” баарны гадна 2023 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хохирогч Ц.Бийг хэрүүл өдлөө гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь“дээд зүүн нэгдүгээр шүдний булгаралт, дээд зүүн хоёрдугаар шүдний ганхалт, дээд баруун нэгдүгээр шүдний хугарал, хүзүү цээж, зүүн мөр, зүүн чихний урд хэсэгт цус хуралт, баруун гарын тохойнд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирлын баримт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Аын үйлдлийн улмаас Ц.Бийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Ц.Бийн мэдүүлсэн... Би 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн орчимд дээд сургуулийн найзуудтайгаа уулзаад архи, пиво уугаад нилээн согтоод бид нар /орой цагийг нь санахгүй байна / “Ш” гэх бааранд найзуудтайгаа орж байснаа санаж байна... Миний буруу байсан юм шиг байна лээ... гэх мэдүүлэг, гэрч Э.Эын мэдүүлсэн...Эхэндээ тэр залуугаас салах гэж нэлээн ярилцсан боловч салж өгөөгүй. Машинаа хөдлөх гэхээр хөл гар нь машин доогуур орчих байх гэж айгаад хөдлөхгүй зогсож байсан. Аыг хэл үгээр өдөөд ээжийг нь янхан гичий гээд эхэлсэн А уурлаад тэр хоёр зодолдоод мөргөчихсөн.. гэх мэдүүлэг, Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 07-р сарын 03-ны өдрийн 570 дугаартай... Ц.Бийн биед дээд зүүн нэгдүгээр шүдний булгаралт, дээд зүүн хоёр дугаар шүдний ганхалт, дээд баруун нэгдүгээр шүдний хугарал, хүзүү, цээж, зүүн мөр, зүүн чихний урд хэсэгт цус хуралт, баруун гарын тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтлүүд байна. Дээд зүүн нэгдүгээр шүдний булгаралт, дээд зүүн хоёр дугаар шүдний ганхалт, дээд баруун нэгдүгээр шүдний хугарал, хүзүү, цээж, зүүн мөр, зүүн чихний урд хэсэгт цус хуралт, баруун гарын тохойнд зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана....гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргахгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл ,эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Х.Аын, хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Х.А нь согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шугир” баарны гадна 2023 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хохирогч Ц.Бийг хэрүүл өдлөө гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эмчилгээний төлбөр 2.400.000 төгрөг гаргуулах саналтай гэж,
- шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ. Гэм буруугаа хүлээж байна. Миний буруу. Эмчилгээний төлбөр 2,400,000 төгрөгийг төлнө гэж тус тус дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, хэргийн нөхцөл байдал, үйлдлийн шинж, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч эмчилгээний баримтаар 3,180,000 төгрөг нэхэмжилсэн боловч 1 шүд нь хуучин гэмтэлтэй эмчлэгдэж байсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2,400,000 төгрөг нэхэмжлэнэ гэснийг хангаж шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах нь зүйтэй.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: 800,000 төгрөгний торгох ял оногдуулах саналтай гэж,
-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. Хохирлыг төлөх болно. Торгох ялын хэмжээг багасгаж оногдуулна уу гэж тус тус санал гаргасан.
Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн тухайд: Архи согтууруулах ундааны хэтрүүлсэн хэрэглээ, нийгмийн харилцаанд оролцохдоо хүлээцтэй, тэвчээртэй байх сэтгэл зүйн төлөвшил суугаагүйтэй холбоотой гэж дүгнэх үндэслэлтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Хийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ат 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ат шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ааас 2,400,000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Б /Орхон аймаг Баян-Өндөр /-т олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 780,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ