| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2023/0306/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/319 |
| Огноо | 2023-08-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/319
2023 08 30 2023/ШЦТ/319
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Г.Анх-Ирээдүй
Хохирогч И.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батболд
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гид холбогдох эрүүгийн 2325000000360 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Г.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт 6-5 дугаар байрны урд талын авто зам дээр Тоёота приус 20 маркийн 0 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож, зам тавьж өгнө...” гэсэн заалт, мөн дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчиж гарцаар гарч явсан явган зорчигч И.Аптансувдыг мөргөж “баруун хөлийн дотор хавчаар яс болон тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч Г.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Тэр өдөр ажил ихтэй яаруу явж байгаад ийм юм болсон. Жолоодох эрхгүй үедээ машин барьж явсан гэх мэдүүлэг,
-Хохирогч И.Аын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Зүүн хөлний гэмтэл илрээд байгаа. Хагалгаанд орсны дараа хаван буугаад босох гэхэд зүүн хөл чичрээд зогсож чадахгүй байсан. 7 сарын 26-нд MRI хийлгэхэд хугарал оношлогдсон. Хамрын таславчийн хугарлаа эмчлүүлж чадаагүй байгаа. Эдгээр гэмтлүүдийг эмчлүүлэхэд гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Шүүгдэгч 6,388,050 төгрөг авсан. Зарцуулалтын тайлангаа гаргаж амжаагүй гэх мэдүүлэг,
-эрүүгийн 2325000000360 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан, талуудаас шинжлэн судалсан:
-Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл/ зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай/ /хх-ийн 7-р тал/
-Г.Гийн согтуурлыг шалгасан тухай 0,00 гэх баримт /хх-ийн 8-р тал/
-Сэжигтний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 9-10-р тал/
-Согоот багийн замын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-13-р тал/
-Эд мөрийн баримтаар / камерын бичлэг бүхий дүрс бичлэгийн хуурцаг/ тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14-р тал/
-хохирогч И.Аын мэдүүлсэн... Тухайн өдрийн ...14 цаг 10 минут болж байхад ажлаасаа гараад ертөнцийн зүгээр зүүн зүгт замын урд хэсгийн явган хүний замаар алхаад явж байгаад Согоот багийн 6-5 дугаар байрны урд авто замын явган хүний гарцаар гарч байхад саарал өнгийн жийп машины хажууд цагаан өнгийн машин нилээн цаана хол явж байгаа харагдаж байсан. Гэтэл удалгүй гарцны тал хэсэгт явж байхад цагаан өнгийн приус загварын машин хурдтай ирээд мөргөчихсөн. Хэсэг хугацааны дараа би газарт хэвтчихсэн баруун хөл доод хэсгээр болон толгой ихээр өвдөөд хүмүүс шуугилдаад байхаар нь би мөргүүлчихлээ гэдгээ ойлгосон. Мөн удалгүй түргэний машин ирээд хүлээн авах тасагт хүргэгдэн ирээд хөлний зураг авхуулахад баруун хөлний шагай хэсгийн 2 савхан яс хугаралттай мөн бяцралттай байна гээд гэмтлийн тасагт хэвтүүлж 2023 оны 06 дугаар сарын 15-ны өглөө 09 цаг 40 минутаас 10 цаг 50 минутын хооронд хагалгаанд ороод гарсан. Саарал өнгийн машин бол миний араар гарсан харин тухайн үед мөргүүлэхдээ бол цагаан өнгийн машиныг мөргөчихлөө гэж бодож байсан юм. Гэтэл хяналтын камерын бичлэгээ үзтэл саарал өнгийн машины ард явж байсан машин гүйцэж түрүүлж гарч ирээд намайг мөргөсөн байна лээ.Тэгэхээр миний гарцаар гарч байхдаа харсан цагаан өнгийн машин намайг мөргөөгүй юм байна. Миний хувьд гомдолтой байгаа.Би хэвийн хөдөлмөрөө эрхлээд явж байгаад жолоочийн хариуцлагагүй байдлаас болж эрүүл мэндээр хохирчоод байж байна. Мөн миний сард олдог цалин мөнгө байхгүй болсон. Хэзээ буцаад хэвийн байдалдаа орохыг мэдэхгүй байгаа учраас надад учирсан хохирол болон цалингүй байх хугацааныхаа цалинг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-н 17-18-р тал/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өрийн №532 дугаартай… И.Аын биед баруун хөлийн дотор хавчаар яс болон тахилзуур ясны далд хугарал, тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хуйхан дор, зүүн чихний ар хэсэг, хүзүүний зүүн хэсэг, баруун гарын бугалга, зүүн гарын тохой, зүүн гуя өвдөг, баруун хөлийн шилбэнд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Баруун хөлийн дотор хавчаар яс болон тахилзуур ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна...” Тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хуйхан дор, зүүн чихний ар хэсэг, хүзүүний зүүн хэсэг, баруун гарын бугалга, зүүн гарын тохой, зүүн гуя, өвдөг, баруун хөлийн шилбэнд цус хуралт, нуруунд зулгаралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдэх, шинэ гэмтлүүд ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-25-р тал/
- Тоёота Приус-икс дабль-20 загварын 4320 ОРХ дугаартай автотээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тогтоосон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-38-р тал/
- 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай ...Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 16.1- д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл. гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гаргах шалтгаан болсон...” гэх мөрдөгчийн магадлагаа /хэргийн 41-43 дугаар хуудас/
-Шүүгдэгч Г.Гийн сэжигтнээр мэдүүлсэн... Тэгээд өнөөдөр барилга дээрээс цагаан өнгийн приус 20 маркийн 43-20ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Жаст ойл ШТС-ын цаад талд баригдаж байгаа барилга дээр очиж хоол идэхээр яваад буцах болоход тухайн тээврийн хэрэгслийг жолоодох жолооч байхгүй болохоор нь би өөрөө жолоодоод явж сайгаад Согоот багийн 6-5 дугаар байрны урд талын явган хүний гарц руу дөхөж явахад миний хажуу талын нэгдүгээр эгнээнд цагаан өнгийн прадо билүү ланд крузер маркийн машин явж байсан. Тэгээд явган хүний гарц руу дөхөж ирэхэд гэнэт нэг эмэгтэй хүн гараад ирэхээр нь тормос гишгэсэн боловч гулгаж очоод тухайн гарцаар гарч байсан эмэгтэйг мөргөчихсөн. Машинаас бууж очоод мөргүүлсэн хүнээс зүгээр байгаа талаар асуухад босохгүй болохоор нь эмнэлэг дуудаад түргэний машин ирэхээр нь түргэний машинд суулгаж өгөөд цагдаа нарыг ирэхийг хүлээгээд байж байхад цагдаагийн байгууллагын алба хаагч нар ирсэн. Миний бодож байгаагаар 40 километр цагийн хурдтай явж байсан боловуу гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р тал/
- Тоёота Приус 20 маркийн 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 57-р тал/
-Эд зүйл хүлээн авсан / хохирогчийн гаргасан баримтууд/ тэмдэглэл /хх-ийн 71-р тал/
-Хохирогч И.Аын гаргаж өгсөн хохирлын баримтууд, гэрэл зураг /хх-ийн 73-75-р тал/
-Хохирогч И.Аын хэвтэн эмчлүүлсэн тухай Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 79-97-р тал/
Шүүгдэгч Г.Гоос хохирогч И.Аад хохирол төлсөн баримтууд зэргийг нотлох баримтуудаар шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.
ҮЙЛ БАРИМТ: Г.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт 6-5 дугаар байрны урд талын авто зам дээр Тоёота приус 20 маркийн 0 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч И.Аптансувдыг мөргөж баруун хөлийн дотор хавчаар яс болон тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ослын газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, эмнэлгийн болон хохирол төлбөрийн баримтууд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан, хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Г.Гийн үйлдлийн улмаас хохирогч И.Аын биед хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл/ зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай/, сэжигтний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Согоот багийн замын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Эд мөрийн баримтаар /камерын бичлэг бүхий дүрс бичлэгийн хуурцаг/ тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогч И.Аын мэдүүлсэн... Тухайн өдрийн ...14 цаг 10 минут болж байхад ажлаасаа гараад ертөнцийн зүгээр зүүн зүгт замын урд хэсгийн явган хүний замаар алхаад явж байгаад Согоот багийн 6-5 дугаар байрны урд авто замын явган хүний гарцаар гарч байхад саарал өнгийн жийп машины хажууд цагаан өнгийн машин нилээн цаана хол явж байгаа харагдаж байсан. Гэтэл удалгүй гарцны тал хэсэгт явж байхад цагаан өнгийн приус загварын машин хурдтай ирээд мөргөчихсөн...гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өрийн №532 дугаартай… И.Аын биед баруун хөлийн дотор хавчаар яс болон тахилзуур ясны далд хугарал, тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хуйхан дор, зүүн чихний ар хэсэг, хүзүүний зүүн хэсэг, баруун гарын бугалга, зүүн гарын тохой, зүүн гуя өвдөг, баруун хөлийн шилбэнд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Баруун хөлийн дотор хавчаар яс болон тахилзуур ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна...”гэх дүгнэлт,өвчний түүхийн хуулбар,хохиролын баримтууд зэргээр бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.А-д “жолооч тухайн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн түр үнэмлэх, түр зөвшөөрөлтэй байх”, 16.1-д “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож, зам тавьж өгнө...” гэсэн заалт, мөн дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчсөн,
өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн үйлдэл бөгөөд үйлдэл хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоотой байдал нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй. Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол гэмтэл учирчээ.
Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн талаар хийсэн мөрдөгчийн магадлагаа,ослын газар хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчид учирсан гэмтлийн талаархи шинжээчийн дүгнэлт зэрэг баримтыг шүүгдэгч Г.Г нь танилцсан ба гомдол гаргаагүй, хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт” Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж,
6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Г.Гийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Г.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн орчимд Согоот багийн нутаг дэвсгэрт 6-5 дугаар байрны урд талын авто зам дээр Тоёота приус 20 маркийн 0 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч И.Аптансувдыг мөргөж “баруун хөлийн дотор хавчаар яс болон тахилзуур ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардлыг төлсөн тул бусад төлөх төлбөргүй гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батболдд: Шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн. Хохирлыг бүрэн төлсөн гэж,
-хохирогч И.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч эмчилгээний зардлыг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг зааж өгнө үү гэж тус тус дүгнэлт гаргажээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, хохирол төлбөрийг төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч болгоомжгүй байдлаас гэмт хэрэг үйлдсэн, хохиролд 6,300,000 төгрөг төлсөн, хамт амьдардаг өндөр настай аав нь хүнд өвчтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү гэж тус тус санал гаргасан.
Шүүгдэгчийн гэм буруугийн хэмжээ, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгчийг оногдох эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Хохирол төлбөрийн талаар: Хохирогч И.Аын эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд нийт 6,388,050 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан байх ба хохирогч төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна. Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зайлшгүй зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заалаа.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хулууд овгийн Галбадрахын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Г.Гасландоржид шүүхээс оногдуулсан тэнсэж, хязгаарлалт тогтоосон шийдвэрийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар Г.Гид оногдуулсан эрх хасаж, тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ